Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/43

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Н.Баасанжав,

Шүүгдэгч Д.Дагважанцан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч холбогдох эрүүгийн 2324000430053 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багт оршин суух хаягтай, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор 8 сарын хорих ял, 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, ИЦ79091870 регистрийн дугаартай, Барга овогт Доржсүрэнгийн Дагважанцан

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Дагважанцан нь 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих  багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж улмаар гэрийнхээ гадаа байрлах аарц дарах зориулалт бүхий чулуу руу түлхэн унагааж хохирогч С.Дуламсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Дагважанцан нь 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих  багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Дуламсүрэнтэй маргалдаж улмаар гэрийнхээ гадаа байрлах аарц дарах зориулалт бүхий чулуу руу түлхэн унагааж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэргийн үйл баримт нь:

Хохирогч С.Дуламсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нөхөртэйгөө сумын төв орж ирээд ажил амжуулж байгаад орой буцаад гэртээ очсон. Бид нарыг гэртээ очоод байж байтал манай нөхрийн талын хүмүүс ирээд манай нөхөр бага зэрэг архи уусан. Манайд ирсэн хүмүүс явсан хойно манай хонь ногооны хашаа руу орох гээд байхаар хүүхдээ дуудаад хонь руу явуулсан.Тэр үед манай хүүхдүүд голын эрэг дээр тоглож байсан болохоор хонио анзаараагүй байх. Тэгээд дуудахад манай хүү Эрдэнэ-Очир ирсэн. Манай хүү Эрдэнэ-Очир ирэхэд манай нөхөр хүүдээ хандаад “миний хүү хонио эргүүлэхгүй яасан юм бэ” гэж хэлхээр нь би нөхөртөө хандаад “анзаараагүй, дуулаагүй юм байлгүй дээ” гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид 2 хүүхдээсээ болоод жоохон маргалдсан. Тэгтэл манай нөхөр намайг гэрийн гадаа байхад зэрэгцээд зогсож байгаад түлхсэн, тэгтэл би аарц даруулдаг чулуун дээр унасан. Тэгээд манай нөхөр гэр рүүгээ орсон би араас нь ороод цагдаад дуудлага өгсөн. Энэ хэргийн улмаас миний биед 2 хавирга цуурсан гэмтэл тогтоогдсон. Би эмнэлэгт хэвтээгүй, тэр өдөр үзүүлээд, даралтын эм уугаад гэртээ харьсан.  Манай нөхөр намайг түлхээд би аарц дардаг чулуун дээр унаж гэмтэл авсан. Манай нөхөр намайг цохиж зодсон зүйл байхгүй. Манай нөхөр ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл ямар нэгэн гаргаж өгөх баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх 17-18/,

Насанд хүрэнгүй гэрч Д.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын сүүлээр байсан яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Тэр өдөр манай гэрт аавын төрлийн хүн гэрт ирсэн. Тэр хүн бэлгэнд манай аавд архи өгсөн, тэр архиа манай аав тэр ах хоёр хувааж уусан. Тэгтэл манай хонь айлын ногооны хашаа руу орох гээд байхаар нь аав, ээж 2 намайг хонио эргүүлээд ир гээд явуулсан. Би хонио эргүүлээд хойш туучхаад гэр рүүгээ ирж байтал манай 2 дүү доор тоглож байхаар тэр 2-г аваад ирж байтал намайг дуудсан. Би гэртээ гүйгээд иртэл “аав намайг хонио яагаад айлын хашаа руу оруулж байгаа юм” гээд уурласан. Тэгээд хартал манай хонь дахиж айлын хоньтой нийлэх гэж байхаар нь би дахин хонь руугаа явсан. Намайг явахад манай аав ээж 2 гэрийн үүдэнд зогсоод үлдсэн. Би хонь дээрээ очоод айлын хонийг цааш туучхаад гэртээ иртэл аавыг цагдаа нар ирээд аавыг аваад явж байсан. Юу болсон талаар сайн мэдээгүй. Цагдаа нар доороос аавыг аваад явж байгаад ирээд ээжийг аваад явсан байсан. Би хониноосоо ирээд гэртээ ороогүй, гадуур байж байгаад адуундаа явсан...” гэх мэдүүлэг /хх 37-39/,

Гэрч С.Цэцэгжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би дуудлага мэдээлэлд очиж ажилласан. Хүүхдийн эрх зөрчигдөж байж болзошгүй байна гэж хэлээд намайг уг дуудлага мэдээлэлд явуулсан. Уг дуудлага мэдээллийн дагуу очиход эхнэр Дуламсүрэн гэх хүн гэртээ хэвтэж байсан, нөхөр нь машинаа унаад явсан гэж байсан. Тэгээд эхнэр нь гэдэс дотор өвдөөд, толгой эргээд байна гэж хэлээд та нартай хамт яваад эмнэлэг орно гэж байсан. Юу болсон талаар асуухад нөхөр бид 2 хүүхдүүдээс болж муудалцаад манай нөхөр намайг түлхчихсэн гэсэн. Тэгээд бид нар эхнэр С.Дуламсүрэн гэх хүнийг машиндаа суулгаад гэрээс нь зүүн зүг рүү яваад нөхрийнх нь машин байсан газар очоод нөхөр Д.Дагважанцаныг аваад манай нэг цагдаа машиныг нь унаад цагдаа дээр ирсэн. Цагдаа дээр ирээд жижүүрт нөхөр Д.Дагважанцаныг хүлээлгэж өгөөд, эхнэр С.Дуламсүрэнг аваад эмнэлэгт хүлээлгэж өгсөн. Тухайн үед С.Дуламсүрэнгийн биед ямар нэгэн ил харагдах гэмтэл бэртэл харагдаагүй. Бие өвдөөд байна гэхээр нь сумын нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр хүлээлгэж өгсөн. Гэдэс дотор нь өвдөөд, толгой өвдөөд байна гэж хэлж байсан. Тухайн үед нөхөр Д.Дагважанцан нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тухайн үед намайг асуухад хүүхдүүдээ цохиж зодсон зүйл байхгүй байсан. Хонь малаа харсангүй гэж хэлээд уурлахаар нь би хүүхдүүдээ өмөөрөөд ийм зүйл болчихлоо гэж хэлээд Дуламсүрэн гэдэг эмэгтэй гэртээ хэвтэж байсан...” гэх  мэдүүлэг /хх 44/

 Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 000000236 дугаартай “...С.Дуламсүрэнгийн биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой зүүн 8, 10-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. С.Дуламсүрэнгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, /хх 27/, рентгений зураг, гомдол хүлээн авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх 19-22/  тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Дагважанцаны “...2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр би өөрийн эхнэр Дуламсүрэнгийн хамт сумын төв орж ирээд ойр зуурын ажил амжуулж байгаад үдээс хойш буцаад гэр рүүгээ харьсан. Гэртээ хариад байж байтал манайд хамаатны ах Энхтайван ирээд манайд цай хоол идэж уугаад, нэг шил архи задлаад Энхтайван ах бид 2 уусан. Энхтайван ах их уугаагүй би бараг ганцаараа уусан. Тэгээд манайд ирсэн хүмүүс яваад манай гэрийнхэн үлдсэн. Эхнэр бид 2 гэртээ байж байгаад гараад манай хонь айлын ногооны хашаа руу орох гээд, бас айлын хоньтой нийлэх гэж байхаар том хүү Эрдэнэ-Очирыг дуудсан. Хүү Эрдэнэ-Очирыг гэртээ ирэхээр нь би “хонь малаа харахгүй, голын эрэг дээр тоглоод яваад байна, хонь айлын хоньтой нийллээ, айлын ногооны хашаа руу орлоо” гээд загнасан. Тэгтэл манай эхнэр “сонсоогүй л юм байгаа биз дээ” хүүхэд битгий загнаад бай гэж хэлээд эхнэр бид 2 жоохон маргалдсан. Тэгээд эхнэр бид 2 маргалдаад гэрийн үүдний урд талд зогсож байгаад би эхнэрээ түлхсэн чинь уначихсан. Тэгэхээр нь би орхичхоод гэртээ орсон. Гэртээ ороод байж байтал эхнэр араас орж ирээд үглээд байхаар нь гэрээсээ гараад машинаа унаад яваад өгсөн. Гэрээсээ гараад гэрийн доод талд байх хотонд байж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэгтэй тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гээд нотлох баримтаар үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Дагважанцанд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Дагважанцан нь хохирогчийг чулуу руу түлхэн унагасан үйлдэл нь хохирогч С.Дуламсүрэнгийн биед учирсан зүүн 8, 10-р хавирганы хугарал гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч Д.Дагважанцаны дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Дагважанцаны бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Дуламсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

Иймд шүүгдэгч Д.Дагважанцаныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй,  хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч С.Дуламсүрэнгийн “...Би нөхөр Д.Дагважанцанд ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хохиролгүй тул холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтээр нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх шүүгдэгч Д.Дагважанцанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч  нь  цагдан  хоригдсон  хоноггүй,  түүнээс  гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дагважанцанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Барга овогт Доржсүрэнгийн Дагважанцаныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дагважанцаныг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дагважанцанд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дагважанцан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Д.Дагважанцан нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дагважанцанд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ӨЛЗИЙХИШИГ