Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1457

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2020/01457

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, дугаар хороо,  дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж,  дугаар байрны  тоотод оршин суух Хатагин овогт Түмэнжаргалын Бгийн нэхэмжлэлтэй

       

       Хариуцагч Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Дунд гол өөрийн байранд байрлах “СЭХҮТ” ТӨААТҮГ-т холбогдох 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/07 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, 2019 оны үр дүнгийн урамшуулал 640.000 төгрөг гаргуулж, ажилд эргүүлэн тогтоолгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянав.

 

      Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Зоригоо, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Миний бие анх 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр “СЭХҮТ” ТӨААТҮГ-т ажилд орж “Хөдөлмөрийн гэрээ”- байгуулан, өнөөдрийг хүртэл ажилласан.

         Гэтэл тус байгууллагын хүний нөөц, архивийн мэргэжилтэн албан тушаалд туршилтын 3 сарын хугацаатайгаар ажиллуулах тушаал гаргасан.

         Би ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл болон зөрчил дутагдал гаргаж байгаагүй болно.

        Гэтэл ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар гэжээ. Энэ зүйл нь тодорхойгүй ба эрх зүйн үндэслэлгүй байна.

       Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн заалт өөрөө “Хөдөлмөрийн гэрээ”-ний хугацааг заасан зүйл ба мөн эрх зүйн үндэслэлгүй.

       Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсгийн заалтад талууд харилцан тохиролцоно гэсэн байх бөгөөд надад энэ тушаалыг шууд танилцуулсан нь үндэслэлгүй байна.

       Хариуцагч "СЭХҮТ" ТӨААТҮГ-ын захирлын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/01 дугаартай тушаалаар “Албан хаагчдын ажлын цаг ашиглалт, сахилга хариуцлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд авах арга хэмжээний тухай" гэсэн тушаалын хавсралтын 11 дэх хэсэгт Хэлтсийн дарга нар нь ажилтны ёс зүй, мэдлэг боловсрол, ур чадвар, хариуцсан ажилдаа хандах хандлагыг харгалзан зарим ажилтны ажлын байр, албан тушаалыг өөрчлөх асуудлыг судлан саналаа удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэх, зарим ажилчдыг сэлгэн ажилуулах", тушаалын 3 дахь хэсэгт “тухайн сарын гүйцэтгэсэн ажлын тайлангаа сар бүрийн 25-ны өдрөөр тасалбар болгон боловсруулж. хэлтсийн даргадаа танилцуулан цалин тооцоолохоос өмнө байгууллагын удирдлагад танилцуулж байх гэсэн нь “СЭХҮТ” ТӨААТҮГ-ын захирал Ц.Цэрэн өөрийн гаргасан А/01 дугаартай тушаалаа зөрчсөн.

        Иймээс нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хууль, Байгуулгын дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг зөрчсөн ноцтой зөрчил гаргаагүй байхад “Хөдөлмөрийн гэрээ”-гээр ажилладаг ажилтанг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтыг баримтлалгүйгээр хууль бусаар ажлаас чөлөөлж, өөр ажилд томилсоныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

       Мөн нэхэмжлэгч 2019 оны үр дүнгийн урамшуулал 640.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Зоригоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      Ажилтан Т.Б 2019 оны 3 дугаар сард хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусгаад ажилдаа орох хүсэлт гаргаснаар хуучин эрхэлж байсан ажил буюу Магадлагаа нотолгооны мэргэжилтэн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад газрын захирлын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар Магадлагаа нотолгооны мэргэжилтэн албан тушаалаас чөлөөлж, тус байгууллагын Захиргаа, удирдлагын хэлтсийн Хүний нөөц, архивын мэргэжилтэн албан тушаалд томилогдсон.

        Т.Бөртийг тус албан тушаалд томилохдоо захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж. уг ажилтан магадлагаа нотолгооны мэргэжилтэн албан тушаалд удаан хугацаагаар ажилласан хэдий боловч ажлын байрны тодорхойлолтын дагуу хүлэмжийн хийн ялгаралтын бууралт, магадлагаа нотолгооны чиглэлээр хийгдэх тооцоо, судалгааны туршилт болон бусад ажлуудыг хариуцан гүйцэтгэх, байгууллагын орлого бүрдүүлэлтэд хувь нэмэр оруулан ажиллах чиг үүрэгтэй боловч хариуцсан ажлын ямарч үр дүн байхгүй, ажиллах хугацаандаа нэг ч удаагийн магадлагаа нотолгооны чиглэлийн ажил гүйцэтгээгүй, тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсролын түвшин хангалтгүй гэж үзэж, сул цалин авч ажилладаг ажилтан учир ажлын идэвхийг сайжруулах зорилгоор албан тушаалыг өөрчлөн, Хүний нөөц, архивын мэргэжилтнээр томилж, ажлын байрыг өөрчлөх гэж байгаа тухай өөрт нь танилцуулахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн.

        Т.Б албан хэрэг хөтлөлт, ажлын байрны эмх цэгц, өөрийгөө дайчлах чадвар, ажлын идэвх, санаачилга сул ажилтан тул шинэ албан тушаалд томилж байгаа учир туршилтын хугацаа тоггоох шаардлагатай гэж үзэн ажил олгогчоос Хүний нөөц, архивын мэргэжилтэн албан тушаалд туршилтын 3 сарын хугацаатайгаар томилж шаардлагын түвшинд ажил үүргээ хэвийн гүйцэтгэсэн тохиолдолд үргэлжлүүлэн үндсэн ажилтнаар ажиллуулах шийдвэрийг гаргасан.

         Мөн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Албан хаагчдын ажлын цаг ашиглалт, сахилга хариуцлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд авах арга хэмжээний тухай А/01 дугаартай тушаал батлагдан гарч, тушаалын хавсралтын 11 дэх хэсэгт "хэлтсийн дарга нар ажилтны ёс зүй, мэдлэг боловсрол, ур чадвар, хариуцсан ажилдаа хандах хандлагыг харгалзан зарим ажилтны ажлын байр, албан тушаалыг өөрчлөх асуудлыг судлан саналаа удирдлагад танилцуулж, шийдвэрлүүлэх, зарим ажилчдыг сэлгэн ажиллуулах" гэж зааснаар нэхэмжлэгчийг шууд удирдлагаар ханган ажилладаг Судалгаа, төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга тус ажилтны ажлаа гүйцэтгэх арга барил, ажлын үр дүнгийн талаар саналаа бичгээр байгууллагын захиралд уламжилж, саналыг харгалзан Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, захирал биечлэн уулзаж Т.Бөртийн албан тушаалыг өөрчилсөн.

        Тэрээр Т.Б 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Захирлын зөвлөлийн гишүүдтэй захирлын өрөөнд өөрийн биеэр уулзаж, туршилтын хугацааны цалинг хүлээн зөвшөөрөхгүй, 700.000 төгрөгийн цалинг авмаар байгаагаа хэлж, бичгээр өргөдөл гаргасан.

        Ингээд Т.Бөртийн өргөдлийг шийдвэрлэхдээ туршилтын 3 сарын хугацааг 1 сар болгон өөрчилж, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс үндсэн ажилтнаар томилон цалинг нэмэгдүүлэх шийдвэрийг ажил олгогч гаргаж өөрт нь мэдэгдсэн.

         Гэвч нэхэмжлэгч өргөдлийн хариугаа авахгүй, үүссэн асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх боломжтой байхад шүүхэд нэхэмжлэл гаргасанд байгууллагын удирдлагын хувьд харамсалтай байна.

         Түүнчлэн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс нэхэмжлэгч ажил үүргээ огт гүйцэтгээгүй, өнөөдрийг хүртэл ажлаа дур мэдэн тасалж байгаа нь ажил олгогчтой байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-гээ ноцтой зөрчсөн тул ажлаас халах хангалттай үндэслэл болж байна.

       Т.Бөрт тусгай мэдлэг шаардсан, онцгой ажил дээр ажиллахад тэнцэхгүй, газрын захирал бүрэн эрх, хууль тогтоомжийн хүрээнд тушаалаа гаргаж, хэдийгээр байгууллага төрийн өмчит байгууллага боловч улсын төсөв, дээд газруудаас нэг ч төгрөгийн санхүүжилт авдаггүй, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  

       Нэхэмжлэгч Т.Б, хариуцагч “СЭХҮТ” ТӨААТҮГ-т холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/07 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, 2019 оны үр дүнгийн урамшуулал 640.000 төгрөг гаргуулж, ажилд эргүүлэн тогтоолгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийг тусгай мэдлэг шаардсан ажил дээр хангалтгүй ажилласан, өөр ажилд шилжүүлнэ гэхэд зөвшөөрсөн, ажлаа хугацаандаа хийгээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.     

 

      Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад,

 

      Хариуцагч байгууллага, нэхэмжлэгч Т.Бтэй 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулж, Судалгаа төсөл хөтөлбөрийн хэлтсийн Магадлагаа нотолгооны мэргэжилтэний ажилд томилсон болох нь гэрээ, захирлын тушаалаар тогтоогдож байна.

     

      Хариуцагч 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/07 дугаартай тушаалын “Тушаах” хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 231.1, 37 дугаар зүйлийн 37.1.1, “СЭХҮТ” ТӨААТҮГ-ын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.7.5, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн гэрээ”-г дуусгавар болгож ажлаас чөлөөлжээ.

 

       Хуульд зааснаар ажил олгогчийн санаачлагаар “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлахад, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай ба хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх нөхцөл болдог бөгөөд “Хөдөлмөрийн гэрээ”, “Хөдөлмөрийн дотоод журам”, “Хөдөлмөрийн хууль”-д заасны дагуу ажил олгогч үндэслэл бүхий тушаал гаргах ёстой.

 

      Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийг хүлэмжийн хийн ялгаралтын бууралт, магадлагаа нотолгооны чиглэлээр хийгдэх тооцоо, судалгааны туршилт бусад ажлуудыг хариуцан гүйцэтгэх, байгууллагын орлого бүрдүүлэлтэнд хувь нэмрээ оруулан ажиллах чиг үүрэгтэй боловч хариуцсан ажлын үр дүн байхгүй, ажиллах хугацаандаа нэг ч удаагийн магадлагаа нотлогооны чиглэлийн ажил гүйцэтгээгүй тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсролын түвшин хангалтгүй, ажлаа дур мэдэн тасалсан гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн боловч түүнтэй байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.7, 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамааруулсан эсэх нь тодорхойгүй, мэдлэг ур чадвар, ажлын үр дүн, үнэлгээг ямар шалгуур үзүүлэлт, шалгалтаар үнэлсэнээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанчлан татгалзлын үндэс болж байгаа байдлын талаараа баримтаар үгүйсгэж, нотлож чадахгүй байна.

 

      Тодруулбал, хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудаас нэхэмжлэгч гэрээнд заасан ажил үүргээ хугацаандаа бүрэн биелүүлж байсан нь Судалгаа төсөл хөтөлбөрийн хэлтсийн Магадлагаа нотолгооны мэргэжилтэн Т.Бгийн 2019 оны 7, 10 дугаар саруудын Ажлын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны Ажлын товч гүйцэтгэл, 2020 оны 01, 02 дугаар саруудын Ажлын тайлан зэргээр нотлогдож байна.

 

     Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн явцад “нэхэмжлэгч өөр ажилд томилохыг зөвшөөрсөн” гэх тайлбарыг гаргасан боловч 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн “СЭХҮТ” ТӨААТҮГ-ын дарга Ц.Цэрэнд хандан гаргасан Т.Бгийн өргөдөлд “намайг ажлаас чөлөөлж, ажилд томилох тушаал гаргахдаа ажилтан миний ажлын үзүүлэлтийг үндэслэлгүй, саналыг минь асуугаагүй гарсан шийдвэр тул гомдолтой байна”,

 

   2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ЗЗХ/01 дугаартай “СЭХҮТ” ТӨААТҮГ-ын Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс харахад “Шийдвэрлэсэн нь: №5 хэсэгт ажилтан Т.Бгийн ажлын гүйцэтгэл, биелэлт, ажлаас чөлөөлөх талаар тухайн өдрийн хэлэлцэх асуудалд хэлэлцэгдээгүй, дээрх тушаалыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй нь түүний бичсэн өргөдөл, Хурлын тэмдэглэлээр тогтоогдож, хариуцагч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид өргөдлийг хариуг бичгийн хэлбэрээр өгсөн нь баримтаар нотлогдохгүй байна.

 

     Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлж болно” гэсэн заалтыг ажил олгогч зайлшгүй шаардлага, тодорхой үндэслэлээ дурдалгүйгээр зөрчиж, улмаар тушаалдаа мөн хуулийн ямар заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй, нэхэмжлэгч ажлаа үнэнч шударга хийгээгүй болон ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдохгүй, ажил олгогчийн санаачлагаар өөр ажилд шилжүүлсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байх тул ажилд эгүүлэн тогтоох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

        Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ”...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар ажилгүй байсан үеийн олговорыг олгох нь зүйтэй.

 

        Нөхөн олговрыг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн “Дундаж цалин хөлс тодорхойлох тухай журам”-ын дагуу ажилтны  сүүлийн 3 сард авч байсан цалингийн дунджаар тодорхойлохоор байна.

           

        Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2019 оны 10 дугаар сарын цалин 581.739 төгрөг, 11 дүгээр сарын цалин 895.000 төгрөг, 12 дугаар сарын цалин 905.000 төгрөгнөөс тооцоход, сүүлийн гурван сарын цалинг нэмээд, гуравт хуваахад 2.381.739:3=793.913 төгрөг/ нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин/, дундаж цалингаа ажлын өдрүүдийн дундажаар хуваахад 793.913:21.5= 36.926 төгрөг / нэг өдрийн цалин/

       

      Ажлаас чөлөөлөгдсөн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх ажлын  52 хоног буюу 36.926 /нэг өдрийн цалин/ х 52 /хоног/ = 1.920.152 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

          

      Нэхэмжлэгч 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаа 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзээд, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.   

 

      Нэхэмжлэгч 2019 оны үр дүнгийн урамшуулал 640.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдах зүйтэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

      

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн үр дүнгийн урамшуулал гаргуулах шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 23.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 46.152 төгрөгийг гаргуулан, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.