| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0333/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/341 |
| Огноо | 2023-09-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/341
2023 09 21 2023/ШЦТ/341
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,
улсын яллагч Ж.Батбаатар,
шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325000000424 дугаартай хэргийг 2023 оны 09 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөц мэргэжилтэй, ........ газарт цэвэрлэгч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Орхон аймаг, Баян- Өндөр сум, 0 баг 0-0-0 тоотод оршин суудаг, урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар 500,000 төгрөгөөр торгох ял эдэлж байсан, хэрэг хариуцах чадвартай, У овогт Б-ын Н /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь үргэлжилсэн үйлдлээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт аялал жуулчлалын цогцолборын Найрамдал Эрдэнэс зуслангийн 8 дугаар ээлжийн эрхийн бичиг өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Т.Г-ийг төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн хүү Б.Б-н эзэмшлийн Хаан банкны 0000000000 дугаарын дансаар 378,000 төгрөг,
2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хохирогч А.Г-ыг төөрөгдөлд оруулж 378,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Ц.Б-г төөрөгдөлд оруулж 378,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 07 дугаар сарын 25-ны хохирогч С.Б-г төөрөгдөлд оруулж 378,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Д.Иыг төөрөгдөлд оруулж 378,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Н.О-ийг төөрөгдөлд оруулж 378,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хохирогч С.С-г төөрөгдөлд оруулж 378,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Г.Б-г төөрөгдөлд оруулж 378,000 төгрөг тус тус шилжүүлэн авч бусдад нийт 3,024,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
- шүүгдэгч Б.Н мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
- Хохирогч Т.Г- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хамаатны ах болох О-аар дамжуулан Найрамдалын Эрдэнэс зуслангийн эрхийн бичиг авахаар болж Б- гэх хүний 000000000 дугаарын данс руу нэг хүүхдийн эрхийн бичгийн мөнгө болох 378.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 27-ний өдөр эрхийн бичгийг О- ах очиж авсан байсан. Тэгээд 07 дугаар сарын 29-ний өдөр манай хүү зусланд очоод эрхийн бичгээ үзүүлтэл хуурам байна гээд манай хүү над руу залгасан. Тэгээд хуурамч эрхийн бичиг авч залилуулснаа мэдээд дахиад зуслангийн дансанд мөнгө тушааж байж хүүхдээ амраасан. Тэр талаар нь огт мэдэж байгаа зүйл байхгүй байна. Манай хамаатны О-ы хамт ажилладаг хүн бид нарт олж өгнө гэж мөнгө авсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 13х/,
- Насанд хүрээгүй гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллгаанд: “...Би 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Найрамдалын Эрдэнэс зусланд үеэлүүдийн хамт амрахаар очоод аавын авч өгсөн амралтын эрхийн бичгийг шалгуултал хуурамч эрхийн бичиг байна гээд хэлэхээр нь аавтай яриад дахиж эрхийн бичиг 378.000 төгрөгөөр худалдан авч байж амарсан. Б- гэх хүний данс руу мөнгө шилжүүлсэн юм шиг байна лээ. Тэр талаар нь би сайн мэдэхгүй байна. Манай аав л надад авч өгсөн. Аав мэдэж байгаа байх. Б-н Д гэх хүүхдийн нэр дээр давхацсан эрхийн бичиг байсан. Б- гэх хүнээс өөр хүнээс авсан хүүхэд байсан. Нийт 21 хүүхэд байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 15х/,
- Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Урд жилүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа Сэлэнгэ амралт аялал жуулчлал цогцолборын газраас эмнэлэг сувиллын байранд тухайн амралт аялал жуулчлал цогцолборын газраас эмнэлэг сувиллын байранд тухайн амрах гэж байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүд өөрийн биеэр ирж хүүхдүүдийнхээ мэдээллийг бүртгүүлж, төлбөр тушаасан баримтаа хавсаргаж эрхийн бичгээ авдаг байсан юм. Энэ жилийн хувьд цахимаар бүртгэл явуулсантай холбогдуулан 1 цехэд 3 ширхэг эрхийн бичиг хүргүүлсэн. Нийт 500 ширхэг эрхийн бичгийн 250 ширхэгийг нь цахимаар нээлттэйгээр борлуулсан ба үлдсэн 250 ширхэгийг цех нэгжүүдэд тараасан. Сэлэнгэ амралт аялал жуулчлал цогцолборын газраас уг эрхийн бичгүүдийг зарж борлуулах ёстой. Аж ахуй үйлчилгээний цехийн ажилтанд уг эрхийн бичгийг зарж болохгүй Н- нь аж ахуй үйлчилгээний цехэд үйлчлэгч хийдэг. Бямбамаа нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хэвлэл мэдээлэл маркетингийн ажилтан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 18х/
-Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 07 дугаар сарын 29-ний өглөө Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Сэлэнгэ амралт, аялал жуулчлал цогцолборын газрын Найрамдал Эрдэнэс зуслан дээр нийт 10 гаруй хүүхдийн эрхийн бичиг хуурамч гарсан ба эцэг эхчүүд нь гомдол гаргасны дагуу уг хүүхдүүдийн авсан эрхийн бичгийг шалгаж үзэхэд 1 хүүхдийн хүчинтэй эрхийн бичгийг нь хуулбарлаж нийт 10 гаруй хүүхдийн нэр, зураг, регистрийн дугаарыг солиод хэвлээд гаргачихсан байсан... Ихэнх хүүхдүүд нь Улаанбаатар хотоос ирсэн хүүхдүүд байсан тул эцэг эхчүүдтэй нь утсаар яриад дахиж төлбөрөө төлөөд хүүхдүүдээ амраах эрхийн бичиг үүсгээд амраасан байгаа...
...Таны явуулсан албан бичгийн дагуу А-ын Г /РД:/, Н-ийн М /РД:/, Б-ын П /РД:/, С-ийн М /РД:/, Б-ийн А /РД:/, Б-ийн Б /РД:/, Э-ын Т /РД:/, Б-ын Ц /РД:/, Г-ийн Д /РД:/, Э-ийн Н /РД:/ нарыг шалгаж үзэхэд эрхийн бичиг худалдаж авахаар ямар нэгэн хүсэлт илгээгээгүй байсан... Найрамдлын Эрдэнэс зуслангийн 8 дугаар ээлжний эрхийн бичгээс Б-ын Н- /РД:/, 0000000 утасны дугаартай иргэн ямар нэгэн захиалга хийгээгүй бөгөөд ямар ч эрхийн бичиг худалдаж аваагүй байсан... гэсэн мэдүүлэг /1хх-ийн 21-23х/,
- Гэрч Б.О- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би ........-ын ...... цехэд үйлчлэгчийн ажил хийдэг. Энэ жил манай үйлдвэрийн зүгээс 1 цехэд 3 зуслангийн эрхийн бичиг хуваарилсан. Тухайн үед би өөрийнхөө цехээс 2 эрхийн бичиг авч хүүхдүүдээ явуулсан. Манай дүү хүүхдүүд Найрамдал Эрдэнэс зусланд амрах гэсэн юм, эрхийн бичиг олоод өгөөч гэхээр нь би хамт ажилладаг Н-эс зуслангийн эрхийн бичиг олж өгч чадах уу гэж асуухад Н- болно гэж хэлсэн болохоор итгээд нийт 7 хүүхдийн нэр дээр зуслангийн эрхийн бичиг 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр захиалга өгсөн. Ингээд 7 хүүхдүүдээ 2023 оны 07 дугаар сарын 29-ний өглөө Найрамдал Эрдэнэс зусланд явуулсан боловч зуслан дээр очоод эдгээр хүүхдүүд над руу утсаар яриад бид нарын авсан зуслангийн эрхийн бичиг болохгүй, нэр давхацсан байна гэж ярьсан. Тэгэхээр нь би Н- рүү утсаар залгахад утас холбогдох боломжгүй байсан тул ярьж чадаагүй. Ингээд тэр өдөр 7 хүүхдүүдийнхээ төлбөрийг дахин төлж хүүхдүүдээ амраасан. ...Манай дүү Г.Д нь Н-эс худалдаж авсан зуслангийн эрхийн бичгээр амарч чадаагүй. ...Би 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Б.Б- гэсэн 0000000000 Хаан банкны данс руу эдгээр хүүхдүүдийн мөнгийг шилжүүлсэн. Утга хэсэг дээр нь хүүхдүүдийн нэр регистрийн дугаар 8 дугаар ээлж гэж шилжүүлсэн... Г-ийн Д /РД:/, 2.С-ий М /РД:/, 3. Б-ийн Б /РД:/, 4.Э-ын Т /РД:/, 5. Э-ийн Н /РД:/ нар нь миний төрсөн дүү Б.О-ы нөхөр болох Л.Э-ийн хамаатны хүүхдүүд байгаа юм, тэгээд намайг Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т ажилладаг болохоор 2023 оны 07 дугаар сард надтай утсаар холбогдож Найрамдлын эрдэнэс зусланд амрах эрхийн бичиг олоод өгөөч гэхээр нь би надад бол олдохгүй гэхдээ хүмүүсээс асууж үзье гэж хэлсэн. Тэгээд би өөрийн ажлын газрын Б.Н-эс яагаад ч юм юу ч бодолгүй эрхийн бичиг олдох уу гэж асуусан чинь мөнгийг нь шилжүүлчих болно гэж надад хэлсэн. Тэгээд би Л.Э-эй холбогдож мөнгийг нь Б.Н-ийн өгсөн данс руу шилжүүлүүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлсэн хойно Б.Н нь жижиг цаасан дээр хэвлэсэн эрхийн бичгийг өгсөн. А-ын Г /РД:/, Н-ийн М /РД:/, Б-ын П /РД:/, Б-ий А /РД:/, Б-ын Ц /РД:/ нар нь манай ажлын С болон Ш нараар дамжуулж Б.Н-тэй холбогдож эрхийн бичиг авсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 27, 30х/
- Гэрч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Н-эс яагаад хуурамч эрхийн бичиг өгсөн талаар асуухад би мэдэхгүй хүнд өгсөн. Тэр хүнтэйгээ ярьж байгаад болно гээд байхаар нь чи хүн луйвардаагүй юм бол өөрийнхөө дансыг шалгуулчих гэж хэлтэл дансныхаа хуулгыг үзүүлье гээд гарч яваад тэр чигээрээ алга болсон. Ингээд 07 сарын 31-ны өглөө Н- намайг дансаа өгчих гэж хэлэхээр нь би хаан банкны данс явуултал тэр дор нь 378,000 төгрөг хийчихсэн байсан... “Найрамдлын-Эрдэнэс зуслан дээр очоод бичиг баримтаа шалгуулахад хуурамч бичиг баримт гэдгийг мэдсэн ...” гэсэн мэдүүлэг, /1хх-н 40-42х/,
- Иргэн Б-ийн Б-н Хаан банкны 000000000 тоот Депозит дансны дэлгэрэнгүй мэдээлэл, /1хх-н 123-125х/,
- Б-ын Н-н 000000000 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 173х/
- Насанд хүрээгүй хохирогч А.Г- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 07 дугаар сарын 26-ний өдөр Эрдэнэт үйлдвэрийн харъяа Найрамдалын Эрдэнэс зусланд найз П-ын хамт амрахаар болсон. Тэгээд амрах эрхийн бичгийг манай найз П-ын ээж таньдаг хүнээрээ яриулж Н- гэх хүнээс эрхийн бичиг авахаар болж эрхийн бичиг авсан. Тэгээд П- бид хоёр 07 дугаар сарын 29-ний өдөр зусландаа амрахаар очоод эрхийн бичгээ шалгуултал хуурамч эрхийн бичиг болж таараад өөр хүүхдийн нэр дээр давхцаж таарсан. Тэгээд П- бид хоёр дахиж эрхийн бичгийн мөнгө болох 378.000 төгрөгөө дахин төлж байж зусланд амарсан. П-ын ээж Х нь хүнээр дамжуулан захиална гэж байсан болохоор Х эгч рүү 378.000 төгрөгөө шилжүүлсэн юм. Тэгээд Х эгч Б гэх хүний данс руу мөнгө шилжүүлсэн гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 181х/,
- Хохирогч Ц.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 07 дугаар сард Найрамдалын Эрдэнэс зусланд өөрийн охин болох Б.Цэндмааг явуулах зорилгоор эрхийн бичиг хайж байсан. Тэгээд нэг ангид хамт сурдаг байсан. Одоо Эрдэнэт Үйлдвэрт ажилладаг С /000000/-тай холбогдсон чинь манайд ажилладаг нэг эмэгтэйд зуслангийн эрхийн бичиг байгаа гэсэн асуугаад өгье гэсэн бөгөөд удалгүй байгаа гэнээ мөнгөө хийчих гэж байна гэхээр нь С-н эзэмшдэг Хаан банкны 000000000 дугаартай данс руу тухайн хүнд өгөх байсан 30.000 төгрөгтэй нийлүүлээд өөрийн эзэмшлийн Хаан банкны 000000000 дугаартай данснаас 408.000 төгрөг шилжүүлсэн. С- таньдаг хүнээсээ 378.000 төгрөгөөр авахаар тохиролцсон байсан гэсэн. Манай найз С- 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр миний шилжүүлсэн байсан 378.000 төгрөгийг Хаан банкны 000000000 дугаартай данснаас миний эзэмшдэг Хаан банкны 000000000 дугаартай данс руу буцаан шилжүүлсэн. Манай хүүхдэд өгсөн эрхийн бичиг нь 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр очиход хуурамч байсан. Тэгээд дахиж хуурамч амрах эрхийн бичигтэй хүүхдүүдийг 378.000 төгрөгийн төлбөрөө хийчихвэл амраана гэхээр нь Найрамдалын Эрдэнэс зуслангийн Худалдаа хөгжпийн банкны данс руу 378.000 төгрөгийг дахин шилжүүлж хүүхдээ амраасан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 200х/,
- Хохирогч Г.Э- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Найрамдалын Эрдэнэс зусланд охиноо амраахаар болоод эрхийн бичиг худалдан авахаар Б- гэх хүний 000000000 дугаарын Хаан банкны данс руу 378.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 27-ны орой эрхийн бичгийн зургийг манай хамаатан болох О-аар дамжуулан явуулсан. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр охин зуслан дээрээ эрхийн бичгээ шалгуултал хуурамч эрхийн бичиг гэж байна гээд над руу залгасан. Тэгээд дахиж зуслангийнх нь данс руу 378.000 төгрөг тушааж байж охиноо амраасан. Тэр талаар нь огт мэдэж байгаа зүйл байхгүй байна. Манай хамаатны О-ы хамт ажилладаг хүн бид нарт олж өгнө гэж мөнгө авсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 224х/,
- Насанд хүрээгүй гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 07 дугаар сарын 29-ний Найрамдалын Эрдэнэс зусланд үеэлүүдийн хамт амрахаар очоод ээжийн авч өгсөн амралтын эрхийн бичгийг шалгуултал хуурамч эрхийн бичиг байна гээд хэлэхээр нь ээжтэй яриад дахиж эрхийн бичиг 378.000 төгрөгөөр худалдан авч байж амарсан. Б- гэх хүний данс руу мөнгө шилжүүлсэн юм шиг байна лээ. Тэр талаар нь би сайн мэдэхгүй байна. Манай ээж л надад авч өгсөн. Ээж мэдэж байгаа. Зөндөө давхардсан эрхийн бичигтэй хүүхдүүд байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 226х/,
- Хохирогч С.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Манай охин Б Найрамдалын Эрдэнэс зусланд амарна гээд 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр эрхийн бичиг олчихлоо та надад мөнгө өгөөч гэхээр нь би өөрийнх нь данс руу 450.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд манай охин 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр зусландаа очоод эрхийн бичгээ шалгуултал хуурамч эрхийн бичиг байна гээд авсан хүнээсээ мөнгөө буцааж аваад зуслангаасаа дахиж эрхийн бичиг авч байж амарсан. Тэр талаар нь би мэдэхгүй байна. Манай охин Б зарын дагуу худалдаж авсан юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 246х/,
Насанд хүрээгүй гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 07 дугаар сарын 25-ны Найрамдалын Эрдэнэс зусланд амрахаар очоод зарын дагуу 000000000 данс руу шилжүүлж худалдаж авсан амралтын эрхийн бичгийг шалгуултал хуурамч эрхийн бичиг байна гээд хэлэхээр нь худалдаж авсан А- гээд хүн рүү ярьж мөнгөө аваад зуслангаас эрхийн бичиг авч байж амарсан. А- гээд тэр хүн хуурамч эрхийн бичиг надад өгсөн байсан. Тэгээд А- болохоор Б- гэх хүний данс руу мөнгө шилжүүлж худалдаж авсан гэж надад хэлсэн. Бараг арав гаран хүүхэд Д- гэдэг хүүхдийг эрхийн бичиг дээр хуулбарласан байна гэдэг шалтгаанаар хуурамч эрхийн бичиг байна гэж байсан. А- гэх хүн 94252988 гэсэн дугаартай байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 249х/,
Насанд хүрээгүй хохирогч А- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Б надаас Найрамдалын Эрдэнэс зусланд амрах эрхийн бичиг байгаа юу гэж надаас 07 дугаар сарын 20-д гаргаад асуусан. Өмнө би найзуудтайгаа амрахаар зуслангийн эрхийн бичиг захиалаад авчихсан байсан. Тэгээд Б надаас гуйгаад байсан болохоор нь манай найзын ээж О-тай холбогдож дахиад Б эрхийн бичиг захиалсан. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 27-ны орой надад эрхийн бичиг нь болсон шүү гээд О- эгч надад канондож авч ирж өгсөн. Тэгээд тэр эрхийн бичгийн зургийг нь дараад найз Б рүү явуулсан. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Б бид хоёр зусланд амрахаар очиход Бийн эрхийн бичиг хуурамч болж таарсан. Тэгээд Б дахиж мөнгө өгч байж амарсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 3-4х/,
- Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би уг дансыг 2022 онд анх нээлгэж байсан. Анх нээлгэхэд охиндоо зориулж нээлгэсэн. Охин маань насанд хүрээгүй гээд данс нээхгүй гэхээр нь би өөрийн нэр дээр нээлгэж өгч байсан. Одоо би ашигладаггүй охин маань ашиглаж байгаа...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 10х/,
-Хохирогч Д.И мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр танил дүүгийн ах болох О-аар дамжуулан Найрамдалын Эрдэнэс зуслангийн эрхийн бичиг авахаар болж Б- гэх хүний 000000000 дугаарын данс руу хоёр хүүхдийн эрхийн бичгийн мөнгө болох 756.000 төгрөг шилжүүлсэн юм. Мөнгө шилжүүлэхдээ нөхөр бид хоёр тус тусад нь мөнгө буюу 378.000 төгрөгөөр шилжүүлсэн. Тэгээд Э гээд хадам эгчид код ирэхээр нь болчихлоо гэж бодоод хүүхдүүдээ явуулсан юм. Тэгээд 07 дугаар сарын 29-ний өдөр манай хоёр хүүхэд зусланд очоод эрхийн бичгээ үзүүлтэл хуурамч байна гээд над руу залгасан. Тэгээд хуурамч эрхийн бичиг авч залилуулснаа мэдээд дахиад зуслангийн дансанд мөнгө тушааж байж хүүхдээ амраасан. Тэр талаар нь огт мэдэж байгаа зүйл байхгүй байна. Манай хамаатны О-ы хамт ажилладаг хүн бид нарт олж өгнө гэж мөнгө авсан байсан. Хэд хэд дамжиж хүнээс авсан байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 30х/,
- Насанд хүрээгүй гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 07 дугаар сарын 29-ний Найрамдалын Эрдэнэс зусланд үеэлүүд болон төрсөн эгчийн хамт амрахаар очоод аав ээжийн авч өгсөн амралтын эрхийн бичгийг шалгуултал хуурамч эрхийн бичиг байна гээд хэлэхээр нь ээжтэй яриад дахиж эрхийн бичиг 378.000 төгрөгөөр худалдан авч байж амарсан. Б- гэх хүний данс руу мөнгө шилжүүлсэн юм шиг байна лээ. Тэр талаар нь би сайн мэдэхгүй байна. Манай ээж л надад авч өгсөн. Ээж мэдэж байгаа. 15 гаран хүүхэд хуурамч эрхийн бичигтэй байсан. Б-н Д гэх хүүхдийн нэр дээр давхацсан байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-32х/,
- Хохирогч Н.О- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би ач хүү П-д Эрдэнэтийн Найрамдалын Эрдэнэс зусланд амраахаар болоод уг зуслангийн амрах эрхийн бичгийг өөрийн дүү болох Г-с эрхийн бичиг олоод өгөх хүн байна уу ач хүүгээ амраах гэсэн юм гэсэн чинь би Эрдэнэт үйлдвэрт ажилладаг Ш гээд найзаасаа асуугаад өгье гэж хэлсэн. Тэгээд 2,3 хоногийн дараа манай найз хүнээс асуусан чинь болно гэнэ мөнгө шилжүүлчих гээд Б- гэх хүний 000000000 дугаарын дансыг өгөхөөр нь П-ын ээж Х өөрийн данснаасаа 378.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд удаагүй байж байтал П-ын найз Гэрэлт-Од гээд хүүхэд цуг явахаар болохоор нь би дахиад асуусан чинь болно гээд дахиад Г-ын 378.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тэгээд эрхийн бичгээ 2023 оны 07 дугаар сарын 28-ний өдөр Эрдэнэт хотод очиж эрхийн бичгээ аваад зусландаа 29-ний өдрийн өглөө очтол хуурамч эрхийн бичиг байна 7 дугаар ээлжийн эрхийн бичиг байна гээд П- над руу залгасан. Тэгээд зусланд дахиж тэр өдөр нь 378.000 төгрөг шилжүүлж байж хүүхдээ амраасан. Шүрээ гээд манай дүүгийн найз цаанаа Номин- Эрдэнэ гэдэг хүнээс эрхийн бичиг авсан юм байна лээ...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 53х/,
- Хохирогч С.С- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын сүүлээр найз Р-той холбогдож Найрамдалын Эрдэнэс зуслангийн эрхийн бичиг олдох боломжтой юу хүүхдээ амраамаар байна гээд асуусан чинь би хамт ажилладаг хүнээсээ асуучихаад хэлье гэж надтай ярьсан. Тэгээд буцаад надад хэлэхдээ болчихлоо хүүхдийнхээ овог нэр зураг төлбөр шилжүүлээрэй гээд Б- гэх хүний Хаан банкны данс хэлж өгөхөөр нь би чиний данс руу шилжүүлчихье гэж хэлээд Р-ийн дансыг аваад шилжүүлсэн. Тэгээд манай охин М Зусландаа амрахаар очиход хуурамч эрхийн бичиг байна. Д гээд хүүхдийн олон давхардсан эрхийн бичиг байна гэж холбогдохоор нь залилуулчихсан байна гэж мэдсэн. Тэгээд би дахиад 378.000 төгрөг төлж хүүхдээ амраасан. Тэр талаар нь огт мэдэж байгаа зүйл байхгүй байна. Р цаашаа өөр хүнээс захиалж авсан. Тэр талаар Р-оос асуувал мэдэх байх. Р-той 00000000 гэсэн дугаараар холбоо барьж болно. Улаанбаатар хотод байдаг юм цаашаа дамжуулж авсан хүн нь Эрдэнэтэд байдаг хүн юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 75х/,
- Насанд хүрээгүй гэрч Н.М- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 07 дугаар сарын 29-ний Найрамдалын Эрдэнэс зусланд амрахаар очоод ээжийн авч өгсөн амралтын эрхийн бичгийг шалгуултал хуурамч эрхийн бичиг байна гээд хэлэхээр нь ээжтэй яриад дахиж эрхийн бичиг 378.000 төгрөгөөр худалдан авч байж амарсан. Б- гэх хүний данс руу мөнгө шилжүүлсэн юм шиг байна лээ. Тэр талаар нь би сайн мэдэхгүй байна. Манай ээж л надад авч өгсөн. Ээж мэдэж байгаа байх. Бараг 20 орчим хүүхэд Д- гэдэг хүүхдийг эрхийн бичиг дээр хуулбарласан байна гэдэг шалтгаанаар хуурамч эрхийн бичиг байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 77х/,
- Гэрч Г.Я- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тэгээд 2 хоногийн дараа Н- руу зуслангийн эрхийн бичиг олдохгүй байна гэж чат бичихэд Н- би өөрөө зуслангийн эрхийн бичиг олчихсон гэж чат бичсэн. Ингээд хэсэг хугацааны дараа манай нөхрийн дүү болох М- гэдэг залуу надтай утсаар яриад та надад 1 хүүхдийн зуслангийн эрхийн бичиг олоод өгөөч надтай хамт ажилладаг ах хүүхдээ Найрамдал-Эрдэнэс зусланд явуулах гэсэн юм гэж ярихаар нь би тухайн үед Н- зуслангийн эрхийн бичиг олоод байсан гэж санаад 07 сарын 23-ны өдөр Н- лүү утсаар яриад 1 хүүхдийн зуслангийн эрхийн бичиг байна уу гэж асуухад Н- эхлээд хүнээс асуугаад эргээд хэлье гэж ярьсан боловч 20 минутын дараа өөрөө залгаад 1 хүүхдийн эрхийн бичиг байна авах уу гэж ярихаар нь авъя гээд ямар дансанд мөнгөө хийх вэ гэж асуухад Н- дансны дугаараа чатаар явуулъя гэж хэлсэн. Тэгээд миний чат руу хаан банкны 000000000 тоот Б- гэсэн хүний данс явуулахаар нь би тэр дансыг нь дүү М-ийн чат руу явуулсан. Дүү М- Б- гэсэн дансыг ажлынхаа газрын ах болох Р- ах руугаа чатаар явуулж Р- ах нь өөрөө Б- гэсэн хүний данс руу мөнгөө хийсэн байсан. Тэгээд 2023 оны 07 сарын 29-ны өглөө намайг хөдөө байхад дүү М- над руу утсаар яриад таны олсон өгсөн зуслангийн эрхийн бичиг чинь хуурамч байна. Энэ ямар учиртай юм бэ гэж асуухаар нь би сайн хэлж мэдэхгүй байна. Зуслангийн эрхийн бичиг авсан хүнтэйгээ яръя гэж хэлсэн. Тэгээд Н-ий утас руу нь залгахад холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэр өдөр Н-тэй ямар ч холбоо барих боломжгүй байсан тул дүү М- нь ажлынхаа газрын ах болох Р-той ярьж байгаад дахиад зуслангийн эрхийн бичгийн төлбөр болох 378,000 төгрөгийг үйлдвэрийн дансанд тушаагаад хүүхдээ амраасан байсан. 2023 оны 07 сарын 31- ны өдөр ажил эхлээд Н-тэй утсаар яриад чам руу шилжүүлсэн мөнгөө авъя гэж хэлтэл Н- ажил тарахаас өмнө шилжүүлье гэж хэлээд орой миний данс руу 378,000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 79х/,
Хохирогч Г.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2023 оны 07 дугаар сард манай охин болох М- нь Найрмдалын Эрдэнэс зусланд амрах эрхийн бичиг олдохгүй байна гээд нэг найзынхаа ээжээс авахаар болсон юм байна лээ. Тэгээд эрхийн бичиг олчихлоо гээд 378.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр зусландаа амрахаар очиход манай охин М-эд хуурамч эрхийн бичиг өгсөн байсан. Тэгээд найзын нь ээж би нөгөө хүнтэйгээ учраа олно гээд манай охины мөнгийг өгч тухайн зусланд амраасан байсан. Манай охин тэгээд 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 05-ний өдрийн хооронд Найрамдалын Эрдэнэс зусланд амарсан. Шилжүүлсэн мөнгийг манай охины найзынх нь ээж буцааж авсан байх. Манай охиныг ямар ч л байсан зусланд амраасан байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 103х/,
- Насанд хүрээгүй гэрч С.М- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Найрамдлын Эрдэнэс зуслангийн эрхийн бичиг онлайнаар захиалах гэсэн чинь авч амжаагүй байхад дуусчихсан. Тэгээд Д- гэх найзын ээж нь Эрдэнэт үйлдвэрт ажилладаг гэхээр нь ээжээс нь асуулгасан чинь ажлын газрын хүнээс асуухад 2 ширхэг зуслангийн эрх байна гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би 1 ширхэг эрхийн бичгийг нь авъя гээд 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкны 000000000 дугаартай Б- Б- гэх нэртэй данс руу 378,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр миний зурагтай хувийн мэдээлэлтэй зуслангийн эрхийн бичгийг найз Д-ын ээжээр нь дамжуулж авсан. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Найрамдлын Эрдэнэс зусланд амрахаар очоод зуслангийн эрхийн бичгээ шалгуулахад хуурамч байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 105х/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Н нь үргэлжилсэн үйлдлээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт аялал жуулчлалын цогцолборын Найрамдал Эрдэнэс зуслангийн 8 дугаар ээлжийн эрхийн бичиг өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Т.Г-ийг төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн хүү Б.Б-н эзэмшлийн Хаан банкны 0000000000 дугаарын дансаар 378,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хохирогч А.Г-оос 378,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Ц.Б-гээс 378,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 25-ны хохирогч С.Б-гээс 378,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Д.Иоос 378,000 төгрөг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Н.О-ээс 378,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хохирогч С.С-гаас 378,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Г.Б-гаас 378,000 төгрөг тус тус шилжүүлэн авч бусдад нийт 3,024,000 төгрөгийн хохирол учруулж залилсан үйл баримт болжээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Б.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн түүнийг бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, уг торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
оногдуулсан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн таблет 1 ширхэгийг улсын орлого болгохоор Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Б-ын Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 1,500,000 төгрөгийн торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн таблет 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ