Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 1370

 

 

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/01370

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00967 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Б-ад холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 55 006 500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй,

2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ17/06/10 тоот зээлийн гэрээний 1.4, 2.5 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Батсайхан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Золзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б- нь 2017 оны 6 сарын 30-ны өдөр А ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 45 000 000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, гэрээний хавсралтын дагуу төлөх нөхцөлтэй зээлж авсан. М.Б- нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо 22б-р байр, 28 тоот 40 м.кв орон сууцны зориулалттай Ү-2201007324 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд  бүртгүүлж харилцах дансаараа дамжуулан мөнгөө авсан.

Гэтэл тэрээр зээлийг төлбөрийн хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Иймд М.Б-аас 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн зээл 45 000 000 төгрөг, хүү 12 513 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48 130 төгрөг, нотариатын зардал 8 500 төгрөг нийт 57 570 130 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгаж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хариуцагч М.Б- нь 1 хувийн зээлийн шимтгэлийг төлөх боломжгүй талаараа манай байгууллагад бичгээр хүсэлт гаргасны дагуу манай ББСБ нь шимтгэлийг хасаж, зээлийг олгосон. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх гэж заасныг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь манай ажиллагаанд хамааралгүй заалт юм гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улс орны эдийн засгийн хямралтай байдлаас шалтгаалан манай компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж борлуулалт удааширсантай холбоотой зээлийнбүрэн төлөлт хийж чадаагүй. Манай зүгээс нэхэмжлэгч талтай эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлтэй байгаа бөгөөд 50 000 000 төгрөгийг хоёр хувааж төлөх саналтай байна.

Хариуцагч нь “А” ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 45 000 000, төгрөгийг 30 хоногийн 3.9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл “А” ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчийн Худалдаа хөгжлийн банкны 417000499 тоот харилцах дансанд 44 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ тухай зээлдэгч байгууллагад зээлээ бүрэн олгоогүй тухай хандахад зээлийн гэрээний 1-д заасан зээлийн үйлчилгээний шимтгэлийн хураамж авсан гэж тайлбарласан. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээний дагуу зээлээ бүрэн олгоогүй атлаа үндсэн зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь шаардах нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд “А” ХХК-ийн зээлийн гэрээний 1.1 дэх заалт нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх гэж заасныг зөрчсөн байх тул зээлийн гэрээний 1.4, 2.5-т дахь заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 55 006 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 2 563 630 төгрөгийн шаардлагыг, хариуцагч М.Б-ын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ17/06/10 тоот зээлийн гэрээний 1.4, 2.5 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Б- нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасан Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо 22б байр 28 тоот хаягт байрлах 40 м.кв гурван өрөө М.Б-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 559 190 төгрөгийг, хариуцагч М.Б-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Б-аас улсын тэмдэгтийн хураамжинд 503 190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Зээлдэгч нь “А” ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/06/10 тоот зээлийн гэрээний дагуу 45 000 000 төгрөгийг зээлдүүлэгч болох М.Б-ад өгөх үүргийг хүлээсэн ба “А” ХХК-ийн зүгээс 2017 оны 06 дугаар сарын 30-ний өдөр 44 550 000 төгрөгийг М.Б-ын Худалдаа Хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн. Зээлдүүлэгч нь гэрээнд заасан мөнгөн хөрөнгө буюу 45 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэлгүй дутуу шилжүүлсэн нь хэрэгт авагдсан дансны шилжүүлгийн баримтаар нотлогдох тул хуульд заасны дагуу зээлийг олгоогүй гэж үзэх үндэслэлтэй.

Талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн БГ 17/06/10 тоот барьцааны гэрээний 1 дүгээр зүйлд "...Энэхүү гэрээгээр талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 30-ний өдөр байгуулсан БГ 17/06/10 тоот зээлийн гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон барьцаалуулагч өөрийн хууль ёсны эрхийн дагуу барьцаалах эрхтэй үл хөдлөх хөрөнгө түүнтэй холбоотой эрхийг энэхүү гэрээний дагуу барьцаалахтай холбогдсон харилцааг зохицуулна..." гэсэн ба талуудын хооронд БГ 17/06/10 тоот зээлийн гэрээ байгуулагдаагүй тул барьцаагаар хангагдсан үүрэг үүсээгүй. Иймд талуудын хооронд байгуулагдсан ЗГ17/06/10 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг БГ 17/06/10 тоот барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан хөрөнгөөр хангуулах үндэслэлгүй.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Золзаяа миний өмгөөлөгчөөр оролцож буй иргэн Г.Гантуяагийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэхээр товлогдсон ба “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Б-ад холбогдох хэргийн шүүх хуралдаантай давхацсан бөгөөд энэ тухай хүндэтгэн үзэх шалтгаанаа баримтаар нотлож, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийн хамт 2018 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхэд хүргүүлсэн.

Шүүх уг хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дах хэсэгт зааснаар шийдвэрлээгүй, захирамж гаргалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Мөн Хариуцагчийн төлөөлөгч миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүндэтгэн үзэх шалтгаанаа баримтаар нотолж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн боловч шүүхийн зүгээс тэгш эрхийн болон шүүхэд мэдүүлэх эрхийг минь ноцтой зөрчсөн, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломж олгоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч М.Б-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57 570 130 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний 1.4, 2.5 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Шүүх хариуцагчид нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гардуулан өгч, тайлбар гаргах хугацааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар 14 хоногоор тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарласан. Анхан шатны шүүх хариуцагч талаас гаргасан шүүх хуралдаан хойшлуулах, өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах хүсэлтүүдийг удаа дараа хангаж, товлогдсон шүүх хуралдааныг нийт 3 удаа хойшлуулж байжээ. Иймд 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсныг буруутгах боломжгүй. Үүнээс гадна анхан шатны шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдсэн бөгөөд Г.Гантуяагийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны товыг дараа нь мэдсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх үндэслэлгүй гэж дүгнэснийг зөв гэж үзнэ.

 

Талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь 45 000 000 төгрөгийг, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, сарын 3.9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлдэгчид зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. Уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлдэгч нь зээлийг тохиролцсон хүүгийн хамт буцаан төлөх үүргийг үүсгэсэн, мөн зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Дээрх зээлийн гэрээгээр талууд нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр зээлийн барьцаанд М.Б- нь өөрийн өмчлөлийн Ү-2201007324 дугаарын улсын бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 22б байрны 28 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг барьцаалагчтай байгуулсан. Уг барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, барьцаалагч нь дээрх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй өмчлөгч болох талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. 

 

Хариуцагч нь зээлийн хүү 2 462 500 төгрөг төлсөн бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн үйл баримтуудын хувьд талууд маргаагүй.

 

Хариуцагч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

 

Гэрээний 1.4, 2.5 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийн үйлчилгээтэй холбоотой шимтгэлийг 1,0 хувиар тооцож зээлийн үлдэгдлээс төлөх нөхцлийг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байна.

 

Зээлдүүлэгч нь зээлийн ажиллагааг зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлж буй тул зээлдэгч нь стандарт нөхцөлтэй гэрээнд нэгдэж орсон тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх  хэсэгт зааснаар зарчимд харш нөхцлийг түүнд хохиролтой тохиолдолд уг нөхцөл хүчин төгөлдөр бус байх юм. Дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй гэх агуулгаар анхан шатны шүүх зээлийн гэрээний 1.4, 2.5 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хууль хэрэглээгүйг зөвтгөх боломжтой гэж дүгнэлээ.

 

Анхан шатны шүүх зээлийн гэрээ цуцлагдаж дуусгавар болсон өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар зээлдэгчийн төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр 45 000 000 төгрөг, зээлийн хүү 9 998 000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас гэрээг цуцалсантай холбоотой хохиролд нотариатын зардал болох 8 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч  шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөлт оруулав. Нэхэмжлэгч нь хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй юм.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00967 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “453.1” гэсний ард “227 дугаар зүйлийн 227.1”, “хариуцагч М.Б-ын...” гэсний өмнө “Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1” гэж тус тус нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 435 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.НАРАНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧИД                                           Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                        Э.ЗОЛЗАЯА