Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 279

 

Э.Гт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ариунболд,

шүүгдэгч Э.Гын өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Гын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 1807006430240 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Эийн Г, 1996 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн оператор мэргэжилтэй, “...” ХХК-д савлагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .../;

Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” халуун усны хажуу талын шороон зам дээр өөрийн эзэмшлийн ... УНТ улсын дугаартай “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д  заасан согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3-т заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. ... гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч С.Бийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

...... дүүргийн прокурорын газраас: Э.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Эийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар Э.Гын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хулуинй ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гт оногдуулсан 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Гт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Э.Гын №1085590 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лиценкийн төвд хүргүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Б нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Г гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би хэргийг анхнаасаа хүлээн зөвшөөрч, хэргийг шалгаж байх явцад хүндрэл саад учруулаагүй. Мөн хэргийн газраас холдоогүй. Хохирогчид эмчилгээний зардал болон бусад гарах зардлыг бүрэн төлсөн. Хохирогч болон түүний ар гэрээс гомдол санал байхгүй. Би бүтэн өнчин бөгөөд төрсөн ах дүү байхгүй. Би гэртээ эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань 6 сартай жирэмсэн, гэртээ ажилгүй байдаг бөгөөд 3 настай болон 1 настай хүүхдээ харж гэртээ байдаг. Би өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Эрүүгийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Ажил эрхэлж гэр бүлээ авч явдаг байсан. Хохирогчийн биед гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна. Иймд ар гэр, хувийн байдлыг минь харгалзан үзэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн талаар маргаагүй. Учир нь, хавтас хэрэгт авагдсан баримтаар хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон. Харин шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тэнсэх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал болон хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт “Иргэний журмаар хохирол нэхэмжлэх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх талаар ярилцсан учраас шүүгдэгчид холбогдох хэргийг хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлтүүдийг удаа дараа тавьж байсан учраас шүүгдэгч оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тэнсэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж заасантай нийцэхгүй байна. Анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар Э.Гын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял буюу хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэж байна. Иймд шүүгдэгч Э.Гаас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” халуун усны хажуу талын шороон зам дээр өөрийн эзэмшлийн ... УНТ улсын дугаартай “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалт “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглох, мөн дүрмийн 12.3 заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэснийг тус тус зөрчиж явган зорчигч С.Бийг автомашинаар мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Бийн “...Тэгээд “...” халуун усны гадаа газарт байсан жижиг цементэн дээр суугаад тамхи татаад жоохон доошоо тонгойс хийгээд сууж байтал гэнэт ар дал хэсгээр нэг юм түс гээд л мөргөчихсөн тэгээд шууд ухаан алдаад уначихсан. ...” гэх /1хх 18-19/,

гэрч Э.Тэмүүлэнгийн “...гаднаас Г орж ирээд би хүн дайрчихлаа гэхээр нь манай хоёр найзтай хамт манай эхнэр тэр гурав гараад явчихсан. ...Намайг гарч очиход дайруулсан хүн машинаас ойролцоогоор 2 метрын зайд байсан. Г манайд орж ирэхдээ халамцуу байсан. ...” гэх /1хх 25-26/,

гэрч Э.Болормаагийн “...Тэгээд хэрэг болсон газар руу харахад халуун усны цаана гэрэл муутай газар хүн юм уу нэг бөндгөр хар юм газар хэвтчихсэн хажууд нь жолооч талын хаалга онгорхой гэрлүүд нь асаалттай машин байсан. ...” гэх /1хх 27-28/,

гэрч Т.Ариунсанаагийн “...Халуун ус руу явж байхад халуун усны үүд орчимд нэг эмэгтэй хүн сууж байсан. Тэгээд би найзындаа ороод юм яриад сууж байтал гаднаас Г сандарсан байдалтай ороод ирсэн. Тэгээд найз нь хүн шүргэчих шиг боллоо гэхээр нь би найз Тэмүүлэнтэй хамт яваад очсон. Нэг эгч газарт сууж байсан. ...” гэх /1хх 30/,

шүүгдэгч Э.Гын “...Би өмнө нь удаа дараа гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх /1хх 207-208/ мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “...Жолооч Э.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: А/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг, мөн дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Харин явган зорчигч С.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...” гэх 28 дугаартай дүгнэлт, /1хх 200/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “...1.С.Бийн биед цээжний зүүн 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганы хугарал, баруун 4, 5 дугаар хавирганы далд хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал, хэвлийн зүүн гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэх №08шэ/593 дугаартай дүгнэлт, /1хх 35/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “...1. С.Бийн биед цээжний зүүн талын 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирга нугалмын хажуу шугамаар, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавирга суганы урд шугамаар, баруун талын 4, 5, 6 дугаар хавирганы суганы урд шугамаарх зөрүүтэй хугарал, цээжний хөндийн цусан хураа 760мл, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, цээжний зөөлөн эдийн няцрал, хэвлий зүүн гуянд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учирчээ. Тухайн гэмтэл нь амь насанд аюултай тул “Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан” 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 тоот тушаалаар баталсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 1239 дугаартай /1хх 222/ шинжээчийн дүгнэлтүүд, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл% эс үйлдэхүйг илрүүлсэн тухай “...2. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /драггер/ багажаар хэмжилт хийхэд хяналтын төхөөрөмжийн заалт 1.11% гарсан. ...” гэсэн тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /1хх 5-8/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /1хх 9-12/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Гыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн түүний Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд түүнд тухайн зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйлд заасан хамгийн бага хэмжээний ялыг оногдуулжээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Э.Гын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй, анхан шатны шүүхээс оногдуулсан ялын хэмжээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул шүүгдэгч Э.Гын гаргасан “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Э.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

                    ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ