Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2026/0107

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүн: Шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл   

Давж заалдах гомдол гаргасан:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, М.Б

Нэхэмжлэгч: Б.Б-

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага:

“Нийгмийн даатгалын ерөнхий газар нь 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1783 дугаартай албан бичгээр Б.Б- миний тэтгэврийн хэмжээг бодит бусаар тооцоолсныг зөвтгөн өөрчлөхөөс татгалзсан шийдвэр гаргасныг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн өөрчилсөн байдлаар цаашид олгож байхыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах”

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 906 дугаар шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, М.Бямбадулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х

Хэргийн индекс: 128/2025/0733/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б-аас Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “Нийгмийн даатгалын ерөнхий газар нь 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1783 дугаартай албан бичгээр Б.Б- миний тэтгэврийн хэмжээг бодит бусаар тооцоолсныг зөвтгөн өөрчлөхөөс татгалзсан шийдвэр гаргасныг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн өөрчилсөн байдлаар цаашид олгож байхыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгуулах”-аар маргасан байна.

2.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 906 дугаар шийдвэрээрийн 1 дэх заалтаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 29-ний 04/1783 дугаар албан бичгээр тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн өөрчилж цаашид олгож байхыг даалгаж, Б.Б-ийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуустал хүртэл хугацаанд дутуу олгосны хохирол 50,049,550 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгож, 3.1 дэх заалтаар Б.Б-ийн тэтгэврийг 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуустал хүртэл хугацаанд дутуу олгосны хохиролд 50,049,550 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, 3.3 дах заалтаар Б.Б-ийн тэтгэврийн хэмжээг А ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Аудиторын дүгнэлтээр тооцоолсон дундаж цалинд үндэслэсэн, тухай бүрд нь итгэлцүүрээр нэмэгдүүлсэн олгох ёстой тэтгэврээр зөвтгөн тогтоож, тэтгэвэр тогтоолтын хувийн хэрэгт бичилт хийх, 3.4 дэх заалтаар цаашид мөн дээрх Аудиторын дүгнэлтээр тооцсон аргачлалаар нэхэмжлэгчид тооцон олгож байхыг даалгаж шийдвэрлэжээ.

3.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Нийгмийн даатгалын багц хууль, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулах, нийгмийн даатгалын санг бүрдүүлж, орлого, зарлагын гүйцэтгэлийг хангах, иргэд даатгуулагч, ажил олгогчийг албан журмын болон сайн дурын даатгалд хамруулах ажпыг эрхлэн гүйцэтгэж байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм.

3.2. Засгийн газраас тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүр, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа бүрэн, хувь тэнцүүлэн тогтоосон болон цэргийн алба " хаасны тэтгэврийн доод, дээд хэмжээг шинэчлэн тогтоосон Засгийн газрын тогтоолоор бүх тэтгэвэр авагчийн тэтгэврийг дахйн шинэчлэн тогтоодог.

3.3. Нийгмийн даатгалын байгууллага нь Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Итгэлцүүр шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 238, мөн өдрийн “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 239 дүгээр тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулан, нийгмийн даатгалын сангаас нийт 488.8 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийг шинэчлэн бодсоноос 170.0 орчим мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэр тогтоолгосон цалин хөлсийг 1.404.000 төгрөгөөр хязгаарлан тооцож олгосон болно.

3.4. Учир нь Нийгмийн даатгалын тухай хууль (1994 оны)-ийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт “Ажил олголгч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон "тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 1996 оны “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ тогтоох тухай” 80 дугаар тогтоолын 1 дэх заалтад даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 1996 онд баримтлах дээд хэмжээг 80.000 төгрөг байхаар тогтоосон.

3.5. Засгийн газрын 1998 оны “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 92 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар шинэчлэн тогтоож, Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүйд тооцож 2 дахь заалтыг хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн.

/2 дахь заалт: Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлд заасан ажип олгогчийн ... нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахад энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг хамааруулахаүй байхаар тогтоосугай/

3.6. Энэ хугацаанаас хойш даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үөийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар мөрдөж байгаа болно.

3.7. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Улсын Их Хурлын 2010 оны Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиин 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтооно” гэж заасны дагуу ХНЗ-ийн гурван талт Үндэсний хорооны 2011 оны “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 01 дүгээр тогтоолоор сард 140,400 төгрөг байхаар тогтоосон тул Засгийн газрын 92 дугаар тогтоолын дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 10 дахин нэмэгдүүлж 1,404,000 төгрөгөөр тогтоосон.

3.8. Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын 3-т “Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг

-2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 1,404,000 төгрөгөөр, мөн өдрөөс хойших хугацаанд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван тал Үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар заасан.

3.9. Засгийн газрын 2024 оны 231 дүгээр тогтоолын 2-т “Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг

-2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тоггоолд заасан сарын дүнг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар,

-Мөн өдрөөс хойш 2023 оныг дуустал хугацаанд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд албан журмын даатгуулагчийн хувьд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, сайн дураар даатгуулагчийн хувьд 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тус тус баталсан.

3.10. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн (2023 оны) 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь албан журмаар даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, сайн дураар даатгуулагчийн хувьд 7 дахин нэмэгдүүлсэнтэй тус тус тэнцүү байна” гэж заасан.

3.11. Гэтэл анхан шатны шүүх хууль болон Засгийн газрын тогтоолыг бус өмнөх гаргсан шүүхийн шийдвэртэй адилтган үзэж шийдвэр гаргасан нь эрх зүйн үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр хууль тогтоомжид зааснаар өөрөөр гарч байгаа нь цаашид нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоог алдагдуулах эрсдэл үүсэж байна. Шүүхийн шийдвэр өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий ёстой байдал аль ч зарчим хангагдахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Нэхэмжлэгч Б.Б- нь 1997 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Улаанбаатар-Дундговь чиглэлд онгоцны “Нисгэгч”-ийн ажил үүргээ гүйцэтгэж явахдаа онгоцны сүйрэлд орж, нуруу нугасны хүнд гэмтэл авснаар хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан, уг ослыг 1997 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Үйлдвэрлэлд гарсан ослын актаар үйлдвэрлэлийн осол болохыг тогтоосон бөгөөд захиргаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай  хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар түүнд 5 жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоожээ.

2. Улмаар нэхэмжлэгчээс 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Б.Б-ийн тэтгэврийг өөрчлөн тогтоохоос татгалзсан хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 6/47 дугаар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаар албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Б-ийн тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохдоо түүний осолд орохын өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалын сүүлийн сарын цалингаар дундаж хөдөлмөрийн хөлсийг тогтоож, нийт олгох хугацааны дутуу олгогдсон тэтгэврийн зөрүүг нөхөн тооцон тогтоож, нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 406 дугаар магадлалаар “даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 327 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан бөгөөд эдгээр магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04-126/21625, 10 дугаар сарын 25-ны өдрийн 04-126/21737 дугаар албан бичгүүдээр нэхэмжлэгч Б.Б-т учирсан хохирол болох 103,200,639 төгрөгийг олгож, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хариу ирүүлэхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч болон Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус мэдэгджээ.

4. Нэхэмжлэгчээс үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвараа алдсан байхад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар тахир дутуугийн тэтгэвэр тогтоосон нь миний эрхийг зөрчсөн, надад хохирол учруулсан гэж маргасан бөгөөд дээрх шүүхийн шийдвэрт дурдсан хохирол нь түүнд тэтгэвэр тогтоосон 1997 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарыг дуустал хугацааг хамаарч байгаа бөгөөд одоо “Нийгмийн даатгалын ерөнхий газар нь 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1783 дугаартай албан бичгээр Б.Б- миний тэтгэврийн хэмжээг бодит бусаар тооцоолсныг зөвтгөн өөрчлөхөөс татгалзсан шийдвэр гарсныг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн өөрчилсөн байдлаар цаашид олгож байхыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...өмнөх шүүхийн шийдвэр гарснаас хойш тэтгэврийн хэмжээг өөрчлөөгүй бөгөөд миний тэтгэврийг өөрчлөн нэмэгдүүлээгүйгээс Засгийн газрын удаа дараа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн тогтоолын дагуу буруу тэтгэврийн дүнгээс нэмэгдүүлж хохирол учруулсан гэсэн агуулгаар маргажээ.

5. Маргаан бүхий актаар “...Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын дагуу 3 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр тогтоолын 3 дахь заалтыг “Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1,404,000.0 (нэг сая дөрвөн зуун дөрвөн мянга) төгрөгөөр, мөн өдрөөс хойших хугацаанд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тус тус тооцсугай” гэж заасны дагуу Б.Б-ийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ 1,404,000 төгрөгийг баримтлан тооцсон нь зөв байна” хэмээн нэхэмжлэгчийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээс татгалзсан хариу өгчээ.

6. Анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн ч хүчингүй болсон Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн баримталсан  байх тул шийдвэрийн Тогтоох хэсэгт хууль хэрэглээний зөвтгөсөн өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Үүнд:

6.1. Нэхэмжлэгч нь 1997 онд “М” ХК-д онгоцны нисгэгчээр ажиллаж байсан бөгөөд 1997 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа онгоцны ослоор хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан, түүний хамгийн сүүлийн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ 90,992 төгрөг байсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

6.2. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Даатгуулагч дараах нөхцөл байдлын үед үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно:”, 3.1.1-д “ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үед;”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.

6.3. Өмнөх шүүхийн шийдвэрүүдээр 1997 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны Б.Б-ийн тэтгэврийг өөрчлөн нэмэгдүүлэхээс татгалзсан хариуцагчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийг түүний осолд орохын өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалын сүүлийн сарын цалингаар дундаж хөдөлмөрийн хөлсийг дахин өөрчлөн тогтоохыг даалгаж шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор осол гарахын өмнө авч байсан сүүлийн сарын цалингаар дундаж хөдөлмөрийн хөлсийг тогтоох талаар дүгнэж шийдвэрлэсэн байна.

6.4. Дээрх хуулийн заалтууд болон Улсын дээд шүүхийн тогтоолыг маргааны үйл баримтад холбогдуулан дүгнэвэл нийгмийн даатгалын байгууллага нь үйлдвэрлэлийн осолд орж, хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтны хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтвэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч Б.Б-ийн осолд орохын өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалын сүүлийн сарын цалингаар дундаж хөдөлмөрийн хөлсийг тооцон тогтоож, олгох үүрэгтэй байна.

6.5. Өөрөөр хэлбэл, хэдийгээр өмнөх шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгчийн тэтгэврийг зөвтгөн өөрчлөөгүйгээс бий болсон хохирлыг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байх боловч захиргаа шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойших буюу 2022 оны 11 дүгээр сараас хойш дээрх хуулийн дагуу нэхэмжлэгчийн тэтгэврийг өөрчлөн тогтоогоогүй буюу үйлдвэрлэлийн осолд орж, хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтны тэтгэврийг тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тогтоосон тэтгэврээ үргэлжлүүлэн олгож буй нь Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоох, олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасантай нийцээгүй байх тул түүний тэтгэврийн хэмжээг өөрчлөх нэмэгдүүлэхээс татгалзсан хариуцагчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

6.6. Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолоор 1997 оны тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрийн хэмжээг 31.86 хувиар, Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 120 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 100,000 (нэг зуун мянга) төгрөгөөр тус тус нэмэгдүүлж батлагдсан төсвийн хүрээнд тооцож олгохыг Сангийн сайд Б.Ж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Б нарт даалгасугай” гэж, Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар “Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 6 хувиар тус тус нэмэгдүүлжээ.

6.7. Дээрх тогтоолд зааснаар хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1,404,000 төгрөг байхаар тогтоосон нь 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарч байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд 2022 оны 11 дүгээр сараас эхлэн өөрийн тэтгэврийн хэмжээг хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоолгох хүсэлтэй, түүний 2022 онд авч байсан тэтгэврийн хэмжээ 843,086 төгрөг байсан энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн үед мөрдөж байсан сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ 1,404,000 төгрөгийг баримтлан зөв тооцсон гэж үзэхээргүй байна.

6.8. Тодруулбал, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгч Б.Б-ийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд зааснаар тогтоох талаар хууль зүйн дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байхад нийгмийн даатгалын байгууллагаас шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацаанд нэхэмжлэгчийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхгүй татгалзаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.1-д “хуульд үндэслэх;”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэж заасантай нийцэхгүй байна.

6.9. Түүнчлэн нэхэмжлэгчийн тэтгэврийг зөвтгөн өөрчлөөгүй хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас Засгийн газрын тогтоолуудын дагуу нэхэмжлэгчийн тэтгэврийн хэмжээ бага дүнгээр нэмэгдсэн энэ тохиолдолд тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн өөрчилсөн байдлаар цаашид олгож байхыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаанд зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримтална гэсэн зарчимтай нийцнэ.

7. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “анхан шатны шүүх хууль болон Засгийн газрын тогтоолыг бус өмнөх гаргасан шүүхийн шийдвэртэй адилтган үзэж шийдвэр гаргасан нь эрх зүйн үндэслэлгүй байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 906 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг” гэснийг “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг үндэслэн хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                             Т.ЭНХМАА

                              ШҮҮГЧ                                              Г.МӨНХТУЛГА

                              ШҮҮГЧ                                               О.ОЮУНГЭРЭЛ