Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 114/ШШ2022/0005

 

 

 

 

 

 

 

 

2022      04             15                                                   114/ШШ2022/0005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                     Хэргийн индекс: 114/2022/0003/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг даргалж, шүүгч Д.Нарантуяа, шүүгч З.Энхтуяа, иргэдийн төлөөлөгчөөр Г.Болорцэцэг, нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 1Б хэсэг, Б.Доржийн гудамж, 13/2 дугаар байр 36 тоотод байрлах “ЧЧБТ”ХХК /РД: 5763177/

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021.12.10-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                               Х.Наранзул, Б.Өлзийбаяр

Хариуцагч                                                                           Г.Мөнхжаргал

Иргэдийн төлөөлөгч                                                          Г.Болорцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг, Л.Оюун-Эрдэнэ нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ЧЧБТ” ХХК нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт байрлах Буянтын хөндийн адаг нэртэй газарт орших 105.37 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглалтын М\/-021505 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг болно. Тус тусгай зөвшөөрөл нь 2003 онд анх олгогдсон бөгөөд холбогдох татвар хураамж, Ашигт малтмалын газраас тавигдах шаардлага тус бүрийг биелүүлэн бичиг баримтаа бүрдүүлэн ажиллаж ирсэн.

Манай эзэмшлийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд Шарын гол сумын ахуйн төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн 3, 11, 4, 8, 5, 12, 6 дугаар бүхий худгуудаас 7 дугаар худаг байршдаг. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж эрүүл ахуйн бүс тогтоох тухай 21 дугаартай тогтоол гарсан. Уг тогтоолоор дээрх дугаар бүхий 8 худгийн эх үүсвэр тус бүрээс 500 метр зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг тогтоосон нь хууль зөрсөн, хууль зүйн үндэслэлгүй, хуулийн этгээдийн эрх ашгийг зөрсөн захиргааны акт гарсан гэж үзэж байна. Тухайлбал иргэдийн төлөөлөгчдийн хурлын хууль зүйн үндэслэл болгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-д эрүүл ахуйн бүс нь хориглолтын болон хязгаарлалтын бүсээс бүрдэхээр тогтоож өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл аль бүс гэдгийг гидрогеологийн хайгуул, судалгааны үр дүнг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргана гэж заасан. Гэтэл судалгааны ажил болон төрийн захиргааны төв байгууллагаас дүгнэлт гарсан эсэх нь огт тодорхойгүй, хориглолтын болон хязгаарлалтын бүсээс хамааран 100, 200, 500 метр зайд эрүүл ахуйн бүс тогтоохоор заасан байна. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт хучин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө" гэсэн хуулийн зохицуулалт байх бөгөөд иргэдийн хурлын тогтоолоор энэхүү асуудлыг шийдвэрлээгүй өнөөдрийг хүрсэн. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүхий л харилцаа зохицуулагдаж байх тул энэхүү хуулийг хэрэглэхгүй байх нөхцөл боломж байхгүй. Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 дугаар тогтоол нь Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хууль, Ундны усны эх үүсвэрт эрүүл ахуйн бүсийн дэглэм тогтоох, дэглэмийг мөрдөх тухай журмыг зөрчсөн гэж үзэж байна. 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 141 дүгээр албан бичгээр маргаан бүхий захиргааны актын хуулбарыг хүргүүлсэн бөгөөд манай компани 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авснаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Иймд хариуцагч нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаар тогтоолыг хууль зөрчиж гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар “ЧЧБТ" ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Наранзул шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гарсан Шарын гол сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын  21 дүгээр тогтоол хууль бус захиргааны хэмжээний акт байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоосон тогтоолынхоо хуль зүйн үндэслэх хэсэгт Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.3., 1.4., Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18.3., Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40-2.3., 40-2.5., 43.2., эдгээр хууль зүйн үндэслэлүүдийг баримталсан байгаа. Ямар хуулийг үндэслэл болгож акт гаргасан бэ? гэдэгтээ маргаж байгаа юм. Тогтоол шийдвэр гаргасан үндэслэл нь тодорхой бус байгаа нь буруу юм. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт захиргааны хэм хэмжээний акт ямар шалгуур хангасан байхыг хуульчилж өгсөн. Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 1.7-д тухайн урьд гарсан шийдвэр хүчингүй болсонд тооцож байгаа эсхүл түүнд оруулж байгаа өөрчилсөн заалтыг оруулах гэж заасан гэтэл эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Хүчингүй болсонд тооцох хүчин төгөлдөр талаар огт дурдаагүй. Хэм хэмжээний акт нь төслийнхөө хэмжээнд ч хуулийн шаардлага хангаагүй. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 28 дугаар актаа огт дурдаагүй. 7 дугаар худгаас шар хөтлийн дэнж хүртэл 500 метр зайг тогтоосон боловч дахин 500 метрээ давхардуулан тогтоож 1339.1 талбай татсанаар энэ акт хууль бус болсон. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эргэлзээ бүхий дүгнэлт байсан. Хавтаст хэрэгт байгаа Танан импекс гээд компанийн гаргасан судалгааг Байгаль орчны яам өөрөө гаргасан мэт тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.  Эрүүл ахуйн хязгаарлалт бүс тогтоосон  1339.1 талбай нь зэргэлдээх аймгийн нутаг дэвсгэр рүү орсон байгаа. Ийм учраас хууль бус актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гарсан Шарын гол сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 21 дүгээр тогтоол хууль бус гарсан. Х.Наранзул өмгөөлөгчийн гаргасан тайлбартаа давхцуулахгүйгээр дараах тайлбарыг гаргаж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.3.8-д зааснаар тус актыг хүчингүй болгох үндэслэлтэй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 60.1.1-д  заасан хуульд тусгасан шаардлагыг хангаагүй. Мөн хуулийн 60.1.2-д заасан тусгайлан эрх олгосон хуулийн агуулга зорилгод нийцсэн байх гэсэн үндэслэл биелэгдээгүй. Мөн 6.1.4-д заасан шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн заалттай зөрчилдөхгүй байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. 21,22,23 тогтоолуудын зорилго нь ундны усны эрүүл ахуйн бүс тогтоох тогтоолуудын нэр өөр боловч зорилго нь өөр байсан. Газар нутгийн хэмжээ 3 лаа давхацсан. Хариуцагч талаас мэргэжлийн байгууллагын дүгнэлт ирсэн гэж тайлбарладаг. Хавтаст хэргийн 182,183 талуудад Байгаль орчны яамнаас ирүүлсэн дүгнэлт гэдэг албан бичиг байдаг бөгөөд энэхүү дүгнэлт гэж үзэх боломжгүй. Танан импекс ХХК-ны судалгааг хариуцагч байгууллага дурддаг. Энэ компани нь өөр үйл ажиллагаа явуулдаг байгууллага байсан. Дүгнэлтийг байгаль орчны яам гаргах ёстой байсан. Хавтаст хэрэгт тухайн дүгнэлт тайлан бүрэн авагдаагүй. Тиймээс тухайн акт нь хууль зүйн үндэслэлгүй гарсан. Эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох үндсэн зорилго нь нөөц хамгаалах бохирдлоос хамгаалах юм. Гэтэл тухайн тайлангаас харахад Танан импекс ХХК-ны гаргасан судалгаа үндэслэл ач холбогдолгүй. Усны нөөцийн зөвлөл хуралдсан байх боловч албажуулсан зүйл байхгүй. Хариуцагч талын дурдаад байгаа 2 албан бичгийг дүгнэлт гэж үзээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Яамны сайд 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрийн нарийн бичгийн дарга эрх мэдлээ шилжүүлсэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Тус актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Г.Мөнхжаргал шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “21 дүгээр тогтоолын гаргахдаа өмнөх тогтоолыг яагаад хүчингүй болгоогүй вэ? гэхээр хэм хэмжээний актаа бүтгүүлж чадаагүй байхдаа 28 дугаар тогтоолоо хүчингүй болговол Шарын гол сумын ард иргэдийн ундны эх үүсвэр аюулд орно гэж үзсэн. 1339,1 гэсэн талбайг бид өөрсдийн сайн дураар тогтоогоогүй. Байгаль орчин аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга н.Цэнгэлийн гаргасан тушаалыг үндэслэж шийдвэр гаргасан. Засаг даргаас ирсэн хүсэлтийг иргэдийн төлөөлөгчдийн хурал хуулийн дагуу хэлэлцсэн. Бидний гаргасан шийдвэр хууль зөрчөөгүй” гэжээ.

      Иргэдийн төлөөлөгч  шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: нэхэмжлэгч “ЧЧБТ”ХХК–буруутай, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжихгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч  нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “ЧЧБТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ

       1.Нэхэмжлэгч “ЧЧБТ” ХХК-нь анх гаргасан нэхэмжлэлийн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулсан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн хэм хэмжээ тогтоосон “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “ Эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох тухай” 21 дүгээр тогтоол”-ыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон болно.

        2.Нэхэмжлэгч “ЧЧБТ” ХХК нь Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт байрлах Буянтын хөндийн адаг нэртэй газарт орших 105.37 гектар бүхий уурхайн талбайд  ашигт малтмал ашиглалтын МҮ-021505 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна. Уг талбайн 85.6 га газар нь Шарын гол сумын нутаг дэвсгэрт хамаардаг бөгөөд Шарын гол сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох тухай”  28 дугаар тогтоолын  хэрэгжилтийг үндэслэн Шарын гол сумын  Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/86 дугаар захирамжаар 85.6 га газраас эрүүл ахуйн бүстэй давхцалтай гэх 30.5 га газрыг хасаж, үлдэх 55.08 га газрыг эзэмшиж байгаа болох нь газрын гэрээ, гэрчилгээ, ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр нотлогдож байна.

        3.Хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох тухай” 21 дүгээр тогтоол гаргаж, тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1.3, 11.1.4, 13 дугаар зүйлийн 13.1.6, Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.3, 40.2.5, 43 дугаар зүйлийн 43.2, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийн мөрдөх журам”-ын 3 дахь хэсгийн 3.1, 3.14, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2019 оны А/489 дүгээр тушаалыг тус тус үндэслэж, сумын хүн амын унд, хауйн төвлөрсөн ус хангамжийн Буянтын эх үүсвэрийн 3,11,4,8,12,6 дугаар ашиглалтын худгуудын эх үүсвэр тус бүрээс 500 метрийн зайд,7 дугаар ашиглалтын худгаас баруунаас зүүн урд зүг рүү Шар хөтлийн жалга болон Буянтын хөндийг өгсөх чиглэлд  1339.1 метрийн зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийн заагийг тогтоож шийдвэрлэжээ.

         4. Дээрх тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1” Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж зааснаар захиргааны хэм хэмжээний акт байх бөгөөд хэм хэмжээний акт  улсын нэгдсэн санд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5601 дугаарт бүртгэгдэж, мөн өдрийн 36 дугаартай захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд хэвлэгдсэнээр хүчин төгөлдөр болжээ.

         5. Хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т заасан захиргааны хэм хэмжээний актыг гаргахдаа энэ хуулийн Зургаадугаар бүлэгт зааснаар зохицуулах байтал захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд буюу хуулийн 11.1.1-д заасан захиргааны акт гаргах үйл ажиллагаанд хамаарах Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргана”,40.2.3-т ”захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” , 43 дугаар зүйлийн 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас,факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэх хуулийн заалтуудыг баримтлан шийдвэрлэсэн нь хуулийг буруу ойлгож хэрэглэсэн байна гэж үзэхээр байна.

          6. Хариуцагчаас гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох тухай” 21 дүгээр тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 60-62 дугаар зүйлүүдэд заасан Захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангаагүй  байна гэж үзлээ.

           Учир нь Хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан хэм хэмжээний актын төсөл бэлтгэх ажиллагааг тухайн хэм хэмжээний актыг гаргах эрх бүхий захиргааны байгууллага зохион байгуулна гэснийг зөрчсөнөөс хуулийн 61.4-д заасан захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээг энэ хуулийн 61.6-д заасан аргачлалын дагуу хийж, танилцуулга бэлтгэх ажиллагаа хийгдээгүй, нөлөөллийн шинжилгээ хийгдээгүйгээс 61.4.5-д ”тухайн асуудлыг зохицуулж байгаа хүчин төгөлдөр ... захиргааны хэм хэмжээний акт байгаа эсэх” нөхцөл байдлыг тусгаагүй,  62 дугаар зүйлийн 62.6-д заасан хэм хэмжээний актын төслийг нөлөөллийн шинжилгээний танилцуулга болон хэлэлцүүлгийн мэдээллийн хамт өөрийн байгууллагын хууль зүйн асуудал хариуцсан мэргэжилтнээр хянуулах зэрэг ажиллагааг дээрх хуулийн дагуу зохион байгуулаагүй болох нь хариуцагчийн “захиргааны хэм хэмжээний актын төслийг сумын Засаг дарга, Засаг даргын тамгын газраас бэлтгэж ирүүлсэн,...”эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоосон Хурлын 2018 оны 28 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр байгаа” гэх тайлбараар, хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн Эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох тухай тогтоолын төсөлд хийсэн  нөлөөллийн шинжилгээний танилцуулга гэх  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргын гаргасан баримт, сумын Засаг даргын Тамгын газраас захиргааны хэм хэмжээний акт гарсан 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд “...нөлөөллийн шинжилгээний болон хэлэлцүүлэг хуульд заасан шаардлага, нөхцөл, журмын дагуу явагдсаныг илэрхийлсэн” 03/535 дугаартай албан бичиг зэргээс үзэхэд тухайн захиргааны хэм хэмжээний актыг гаргах үйл ажиллагаа хууль, журмын дагуу явагдаагүй болох нь тогтоогдож байна.

           Мөн хариуцагч нь өмнө гаргасан  2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “ Эрүүл ахуйн бүс тогтоох тухай” 28 дугаар тогтоолоор тогтоосон 271.5 га газрыг бүхэлд нь давхцуулан оруулж газрын хэмжээг 423.7 га болгон томсгож, сумын хүн амын унд, ахуйн төвлөрсөн ус хангамжийн Буянтын эх үүсвэрийн 3,11,4,8,12,6 дугаар ашиглалтын худгуудын эх үүсвэр тус бүрээс 500 метрийн зайд, 7 дугаар ашиглалтын худгаас баруунаас зүүн урд зүг рүү Шар хөтлийн жалга болон Буянтын хөндийг өгсөх чиглэлд 1339.1 метрийн зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүс тогтоосон нь хариуцагчийн “28 дугаар тогтоол хүчин төгөлдөр” гэх тайлбар, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01/40 дугаартай албан бичиг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 22, 23 дугаар тогтоол зэргээр урд нь гаргасан тогтоолоо хүчингүй болголгүйгээр, хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2018 оны 28 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн асуудлыг давхцуулан дахин шийдвэрлэсэн болох нь нотлогдож байна.

          Хариуцагчаас дээрх шийдвэрийг гаргахдаа Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 ”Засаг даргын саналыг үндэслэн усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргах, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох, хамгаалах” 11.1.4 “Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох”  гэсэн хуулийн заалтуудыг баримтлан тухайн шатны Засаг даргын санал,байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэсэн гэсэн боловч шүүхэд ирүүлсэн нотлох баримт болон шүүхээс үзлэг хийж авсан бичгийн нотлох баримтуудаар сумын Засаг даргын санал ирээгүй, зөвхөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын төслийг бэлдэж ирүүлсэн, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Усны бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбатын 2021 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн “ Хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүс  тогтоох тухай дүгнэлт” гэх 08/2269 дугаартай, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболдын 2021 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн “Хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүс  тогтоох тухай дүгнэлт” гэх 03/3815 дугаартай албан бичгүүдийн алийг нь хуульд заасан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт гэж үзсэн нь  эргэлзээтэй, дүгнэлт гэх 2 албан бичгийн агуулга үг, үсэг, агуулга ижил боловч цаг хугацааны хувьд зөрүүтэй, 2 өөр албан тушаалтнаас гарсан, аль албан тушаалтны шийдвэрийг  дээрх хуулийн заалтын дагуу гарсан дүгнэлт гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

        7.  Иргэдийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-д “Энэ хуулийн 75.2.5-д зааснаар хэргийн үйл баримт, захиргааны үйл ажиллагаа  үндэслэлтэй эсэх талаар гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгоно” гэж заасны дагуу дүгнэлтээ уншихдаа хариуцагч Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг буруутгаагүй, нэхэмжлэгч “ЧЧБТ”ХХК–буруутай,нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжихгүй гэжээ.

         8. Дээрх байдлаас дүгнэхэд хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон  “Эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох тухай” 21 дүгээр тогтоол нь захиргааны хэм хэмжээний актад тавигдах  Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх”, 60.1.7-д “ тухайн  шийдвэрээр урьд нь гарсан  шийдвэрийг хүчингүй болсонд тооцож байгаа, эсхүл түүнд өөрчлөлт оруулж байгаа бол энэ тухай заалтыг тусгасан байх” шаардлагыг зөрчсөн, дээр дурдсанаар хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 62.6-д тус тус заасан ажиллагааг хийгээгүй, дээрх тогтоол нь Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4-т заасантай нийцээгүй байх тул дээрх захиргааны хэм хэмжээний актын улмаас нэхэмжлэгч “ЧЧБТ” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 52.6 га газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хэм хэмжээний акт болох “Эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох тухай” 21 дүгээр тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.8,106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1.3, 11.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.7, 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 62 дугаар зүйлийн 62.6 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЧЧБТ”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “ Эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох тухай” 21 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 зүйлийн 114.1 дэх  хэсэгт  зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.                

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ж.ОЮУНЧИМЭГ

                           ШҮҮГЧ                                                 Д.НАРАНТУЯА

                                                                        З.ЭНХТУЯА