Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн хуралдаанд 

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Иргэдийн төлөөлөгч Б.Батцэцэг, 

Улсын яллагч  М.Гантулга, 

Хохирогч Б.Бат-Өлзий,

Хохирогч О.Батболд,

Хохирогч П.Баттогтох,

Хохирогч Б.Буяндэлгэр,

Хохирогч Д.Эрдэнэбат,

Хохирогч Ч.Бат-Эрдэнэ,

Хохирогч Б.Дөлгөөн,

Хохирогч Д.Наран,

Хохирогч Д.Мөнхтуул, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд /үнэмлэх 2106/ 

Шүүгдэгч Г.Одон, түүний өмгөөлөгч Ө.Амаржаргал /үнэмлэх 1344/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Өндөр овгийн Ганхуягийн Одонд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 201525022397  дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 23 хороо Ханган 23-р гудамж 3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Өндөр овгийн Ганхуягийн Одон /РД:ЕС87070619/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Одон нь удаа дараагийн давтан үйлдлээр бусдаас онц их хэмжээний мөнгө залилан мэхэлсэн гэмт хэргийг шууд санаатай шунахай сэдэлтээр үйлдсэн: Үүнд:

1.Хохирогч Б.Буяннэмэхээс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт орших Хаан банкин дээр 2014 оны 06 дугаар сард таньдаг байдлаа ашиглан бизнес хийж байгаа гэж итгүүлэн “хүүтэй мөнгө зээлээч” гэж хуурч мэхлэн 4.870.000 төгрөгийг,

2.Хохирогч Ч.Эрдэнэбатаас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт орших Хаан банкин дээр “бизнес хийх гэж байгаа, хэдэн төгрөг хэрэг болоод байна” гэж хүү Бат-Эрдэнийг таньдаг байдлаа ашиглан 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 21, 650,000 төгрөгийг,

3.Хохирогч А.Бибишээс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт орших Хаан банкин дээр 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “6 сарын хугацаатай мөнгө зээлээч, хэрэг болоод байна” гэж таньдаг байдлаа ашиглан 6,800,000 төгрөгийг,

4.Хохирогч Б.Буяндэлгэрээс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт орших Хаан банкин дээр “бичил хороололд байгаа эгчийнхээ байрыг авах гэж байна. Мөнгө хэрэгтэй байна.” гэж итгүүлэн 2015 оны 03 дугаар сард 5.000.000 төгрөг,

мөн 2015 оны 05 дугаар сард 10,000,000 төгрөг, нийт 15.00.000 төгрөгийг,

5.Хохирогч Д.Нарантай хамт ажилладаг байдлаа ашиглан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт орших Хаан банкин дээр 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр итгэл төрүүлж “мөнгөний хэрэг гараад байна” гэж итгэл эвдэх аргаар 4.000.000 төгрөгийг,

      6.Хохирогч О.Батболдоос Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт орших Хаан банкин дээр таньдаг байдлаа ашиглан 2015 оны 07 дугаар сард “мөнгөний хэрэг гарлаа. 15 хоногийн дотор хүүтэй нь буцаагаад өгье” гэж хуурч мэхлэн 13.000.000 төгрөгийг,

      7.Хохирогч Ц.Шижирхүүгээс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт орших Хаан банкин дээр 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр таньдаг байдлаа ашиглан “өргөст хэмх хураах гэтэл тогны мөнгө байдаггүй” гэж залилан мэхэлж 4.000.000 төгрөгийг,

8.Хохирогч Д.Мөнхтуулаас 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “зээл чөлөөлнө” гэсэн зарын дагуу Г.Одон нь “нэг хоногийн хугацаатай мөнгө зээлээч зээлээ хаагаад буцаагаад өгье” гэж хуурч мэхлэх аргаар 16.700.000 төгрөгийг,

9.Хохирогч П.Баттогтохоос Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын нутагт Хаан банкин дээр 2015 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 4.500.000 төгрөгийг “30 минутын дотор 300.000 төгрөг нэмж өгнө” гэж залилан мэхэлж авсан,

10.Хохирогч Б.Дөлгөөнөөс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт орших Хаан банкин дээр 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр таньдаг байдлаа ашиглан “зээл дарах гэсэн юм. Богино хугацаатай мөнгө зээлээч” гэж хуурч мэхлэн 8.500.00 төгрөгийг,

11.Хохирогч Б.Бат-Өлзийгөөс Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “12.600.000 төгрөгийг 5 хоногийн хугацаатай, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 5 хоногийн хугацаатай 19.000.000 төгрөгийг хүүд нь 1.000.000 төгрөг өгнө” гэж хуурч мэхлэн нийт 31.600.000 төгрөгийг,

12.Хохирогч Ч.Бат-Эрдэнээс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт орших Хаан банкин дээр 2015 оны 09 дүгээр сард таньдаг байдлаа ашиглан “тэмээний мах худалдаж авна. Хүүтэй мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч мэхлэн 9.000.000 төгрөгийг,

13. Хохирогч Г.Болортуяагаас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт орших Хаан банкин дээр хуурч мэхлэн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “зээл чөлөөлүүлнэ” гэж 7.600.000 төгрөгийг тус тус залилан мэхэлж авч нийт 147.220.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Одон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Би “Хаан” банканд ажиллаж байхдаа цуг ажиллаж байсан хүмүүсээс мөнгө зээлж бизнес хийж байсан. Тухайн үед хийж байсан зүйл амжилтгүй болж “Баясах трейд”ХХК-ний хүмүүстэй уулзаж нийт 8 га газар “өргөст хэмх” тарина, нэг га газраас 20-25 тонн өргөст хэмх нийлүүлэхээр гэрээ хийсэн. Өргөст хэмхээ зарах гэж хүмүүсээс мөнгө зээлсэн. Гэтэл өргөст хэмхээ тарьсан боловч ургаагүй, тэгээд хүмүүсээс мөнгө зээлж хүүгээ өгч чадалгүй, хохирогч Дөлгөөнөөс 2014 оны 11 дүгээр сард 8.500.000 төгрөг зээлснээс 2016 оны 9 дүгээр сард 14 хоногийн хугацаатай зээлсэн гэж мэдүүлсэн байдаг. Учир нь дөлгөөн өөрөө мэдэж байгаа 2014 оны 11 дүгээр сард зээлээд бид хоёр ярилцаж тохироод дээрх мөнгийг жилийн хугацаатай зээлж хүүг нь өгөөд явж байсан. Бид хоёр мөнгө өгч авалцах гэрээ хийсэн байсан. Хохирогч Бат-Өлзий гэдэг хүнээс 31.000.000 төгрөгөөс 19.000.000 төгрөгийг хамт ажилладаг байсан хүн Дэлгэрмаа дансандаа авсан. Би Дэлгэрмааг танилцуулаад өгье гэж хэлсэн. Би энэ мөнгө төгрөг шилжсэн асуудлаас мөнгө аваагүй, надад зээл нь бүтэх юм бол 5-10 сая төгрөг зээлж хийж байгаа зүйлд чинь тусална гэж хэлсэн. Хохирогч Буяннэмэх гэдэг хүнээс 4.878.000 төгрөгийг 2014 оны 11 сард болон 2015 оны эхээр хоёр хувааж зээлж авсан. Би дансны хуулгаа шүүж үзэхэд 5.070.000 төгрөгийг буцааж төлсөн байдаг. Хохирогч Эрдэнэбатаас 21.650.000 төгрөг авсан, хүү Бат-Эрдэнээс 9.000.000 төгрөг авсан нийт 31.650.000 төгрөг байснаас буцааж 19.000.000 төгрөг төлсөн. Хохирогч Бибишээс 2014 оны 09 дүгээр сарын 29 өдөр 6.800.000 төгрөгийг зээлж буцааж 1.870.000 төгрөгийг банкны зээлийг төлөөд өөрт нь хүү гэж өгч байсан. Сар бүр хүү төлнө гэж гэрээ хийж байсан. Хохирогч Б.Буяндэлгэрээс 15.000.000 төгрөг зээлж 6.875.000 төгрөгийг буцааж төлсөн. Хохирогч Нарангаас 2015 оны 6 дугаар сард 4.000.000 төгрөг зээлж  2015 оны 07 дугаар 11-ны өдөр хүү гэж 400.000 төгрөг шилжүүлсэн. Хохирогч О.Батболдоос 2015 оны 07 дугаар сард 13.000.000 төгрөг авснаас буцааж мөнгө төлж чадаагүй. Хохирогч Ц.Шижирхүүгээс 2015 оны 07 дугаар сарын 23 өдөр 4.000.000 төгрөгийг тогны мөнгөө төлнө, өргөст хэмх хураахаар өгнө гэж зээлийн гэрээ үйлдэж авсан. Урьд нь Шижирхүүгээс 8.500.000 төгрөгийг хүүтэй зээлж аваад буцаагаад өгч байсан. Хохирогч Мөнхтуулаас 2015 оны 8 дугаар сарын 04 өдөр 16.700.000 төгрөг авч 2.000.000 төгрөгийг хүүд нь өгсөн өөр мөнгө өгч чадаагүй байгаа. Хохирогч Баттогтохоос 2015 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 4.500.000 төгрөг авсан, надтай цуг ажиллаж байсан Нямсүрэн гэдэг хүн надад машин зарсан байсан. Би 13.000.000 төгрөгөөр машиныг нь авахдаа 9.000.000 төгрөгийг өгсөн байсан. Надад 4.000.000 төгрөгийн үлдэгдэл байсан. Би дүү Баттогтохын данс руу мөнгө шилжүүлсэн. Хохирогч Болортуяагаас 2015 оны 09 дүгээр сарын 16 өдөр 7.600.000 төгрөг авсан, 10-д хоногийн дараа хүү гэж хэлэхээр нь 350.000 төгрөгийг шилжүүлсэн өөр мөнгө өгч чадаагүй байгаа. Тухайн үед энэ мөнгийг авахдаа мах оруулж ирдэг байсан. Мөн өргөст хэмх тарьдаг байхдаа ажилчдын цалин, тог гүний худаг зэрэгт нилээн мөнгө орж байсан. Баясах трейд ХХК-д 500 тонн өргөст хэмх нийлүүлэх гэрээ хийсэн байсан. Дээрх талбайгаас 10 гаран тонныг хурааж авсан. Цаг агаарын байдлаас ийм байдалд хүрсэн. Ямар нэгэн байдлаар хохирогч нараас зугтаасан зүйл байхгүй…” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Миний бие нь тухайн үед махны бизнес хөдөө орон нутгаас мал худалдаж аваад хүчит шонхор захад авчирч бөөнөөр нь зарж байсан мөн өргөст хэмхийг Дорноговь аймгийн Сайншанд суманд тариад Баясах трейд ХХК-д өргөст хэмхээ нийлүүлэх гэрээ байгуулчихсан ажиллаж байсан юм тэгээд л дээрх хоёр зүйлд хүмүүсээс авсан бүх мөнгөө зарцуулсан. Энэ мөнгөний зарцуулалтын талаарх баримтыг нь хэргийн материалд хавсаргасан. Миний бие нь Дорноговь аймгийн Сайншандад 8 га талбайд 70-аад сая төгрөгийн зардлаар өргөст хэмх тариалж байсан. …Надад өргөст хэмх тариалахад гаргасан зардал баримтууд нь байгаа. Жишээ нь тогны мөнгө төлсөн баримт, газрын түрээсийн баримт, хоёр хүн ажиллуулж байсан ба түүний цалин, Баясах трейд ХХК-тай байгуулсан гэрээ, мөн 8 га газрыг тойруулж тор татсан, газар, хагалсан, ус таталтын услалт хийдэг систем хийсэн, худгийн цахилгаан мотор худалдаж авсан гэх зэрэг ажиллагаануудыг хийсэн байгаа. Яг одоогийн байдлаар хийсэн зүйлийнхээ талаарх баримтыг гаргаж өгч чадахгүй байна. Учир нь тор татахад худалдаж авсан торныхоо баримтыг аваагүй, мотор худалдаж авахдаа мөн л баримт аваагүй. Хүмүүсийн цалин хөлс өгөхдөө баримт үйлдээгүй, услалтын систем хийхэд мөн л гарсан зардлын талаар тооцоо хийгээгүй. …8 га газар өргөст хэмх тариалахад өргөст хэмхийн үр худалдаж авахад нийт 13 сая төгрөг болохоос Баясах трейд ХХК-аас зээлээр авсан, газар хагалах, усжуулалтын систем, тог татах, хүмүүсээр үр суулгуулах ажилд ажиллуулах, ажилчдаа байрлуулах 3 ширхэг гэр түрээсэлсэн гэх зэрэг ажилд 24 сая төгрөг гаргасан. Мөн шуудуу татах, зэрлэг ургамал түүлгэх зэрэг ажилд 20-30 хүн ажиллуулаад 14 хоногт 1 удаа ажиллуулахад нэг сард 1.200.000 төгрөг зарцуулж нийт 4 сар ажиллуулаад 4.800.000 төгрөгийн зардал гарсан. Энэ хугацаанд БНХАУ-аас шавьжийн хорыг 700.000 төгрөгөөр худалдаж аваад 8 га талбайд шавьжийн хорыг цацаж ашигласан. Тогны мөнгө гэж 1 сард ойролцоогоор 1 сая орчим төгрөг гардаг байсан ба нийт 5 сар тог ашигласны төлбөр гэж 4 сая гаруй төгрөгийн төлбөр төлсөн баримтыг нь хэргийн материалд хавсаргасан байгаа. …Би өргөст хэмх тариалахдаа 12 хүнээс нийт 108.733.000 төгрөг авсан нь үнэн. Энэ мөнгийг өргөст хэмх тариалах, мах зарах зэрэг ажлуудад л зарцуулсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтас х-75, 76/,

 

Хохирогч Б.Бат-Өлзий шүүхийн хэлэлцүүлэгт “…Одон нь 2015 оны 08 дугаар сарын 19 өдөр надаас 12.000.000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай зээлж авсан. Би энэ мөнгөөр яах гэж байгаа талаар асуудал бизнес хийж өргөст хэмх тарих гэж байгаа гэж хэлсэн. Энэ явдлаас хойш Одон нь над дээр Дэлгэрмаа гэдэг хүнийг дагуулж ирээд байр чөлөөлж өгөх хүн байгаа юм гээд 19.000.000 төгрөг надаас авсан. Энэ хэрэгт ямар учраас Дэлгэрмаа гэдэг хүнийг татахгүй байгаа юм бэ. Одон энэ мөнгийг авах гэхээр нь би энэ мөнгийг чамд өгөхгүй. Дэлгэрмаагийн аав Дарамсүрэн монгол телевизэд ажилладаг гэж хэлэхээр нь гэрээ хийж Дэлгэрмаагийн дансан мөнгө хийсэн. Би Дэлгэрмаагаас 19.000.000 төгрөг авах ёстой...” гэв,

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “…Би “Шуурхай зар мэдээ” сонин дээр зээл чөлөөлнө гэж 2015 оны 08 дугаар сард зар өгсөн байсан. Зарын дагуу Г.Одон гэдэг хүн 99061123, 99242367 дугаарын утаснуудаас холбогдож цалингийн үлдэгдлээ чөлөөлүүлэх хүсэлт гаргасны дагуу бид хоёр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 50 дугаар дунд сургуулийн урд талын 60/1 дүгээр байранд уулзаж 2015 оны 08 дугаар сарын 19-24-ны өдрийг хүртэл 5 хоногийн хугацаатай өдрийн 200.000 төгрөг өгөхөөр тохирон 12.600.000 төгрөгийг бэлнээр зээлж авсан. Тэгээд ярилцаж тохиролцсон 5 хоногийн хугацаанд зээл бүтсэнгүй гэж худлаа ярьсаар өнөөдрийг хүрлээ. Анх мөнгө зээлснийхээ дараа 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Г.Одон нь хамт ажилладаг Д.Дэлгэрмаа гэдэг хүнтэй ирээд энэ хүний орон сууцны зээлийн үлдэгдэл болох 19.000.000 төгрөгийг чөлөөлчих юм бол, Д.Дэлгэрмаагийн байрыг барьцаанд тавьж зээл аваад мөнгийг чинь өгчихнө гэж хэлээд 19.000.000 төгрөгийг Д.Дэлгэрмаагийн данс руу шилжүүлүүлчихээд тэрнээс хойш холбоо бариагүй, Г.Одон, Д.Дэлгэрмаа нар луу залгахаар утсаа авахгүй, сүүлдээ утаснууд нь холбогдохоо больсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас х-16/,

 

Хохирогч Б.Буяндэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт “…Одон надтай цуг “Хаан банк”-ны аюулгүй байдлын албанд ажиллаж байсан. Тухайн үед надаас 5.000.000 төгрөг авсан дараагийн удаа 10.000.000 төгрөг авсан. Надад хэлэхдээ өөрийн төрсөн эгчийн 2 өрөө байрыг худалдаж авах гэж байгаа, зээл удахгүй гарах гэж байгаа яаралтай мөнгөний хэрэг болоод байна сарын дараа зээл гарна гэж хэлээд одоог болтол миний мөнгийг өгөхгүй байна. Шүүгдэгч надад увуулж цувуулж мөнгө өгч байсан үлдэгдэл болох 8.500.000 төгрөгийг яаралтай шүүгдэгчээс гаргуулж авмаар байна...” гэв,

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…Би 2015 оны 04 дүгээр сард 5.0 сая төгрөгөөр өөрийнхөө цалингийн зээлээ хаах гээд явах гэж байсан чинь Одон ажил дээр таараад “яаралтай мөнгөний хэрэг байна. Удаахгүй өгье. 5.0 сая төгрөгөө өгчих” гэхээр нь би “яг хэзээ өгөх юм бэ” гэсэн чинь “удахгүй өгнө” гээд байхаар нь би итгээд өгчихсөн. Тэгээд 6-р сард би 10 сая төгрөгөөр зээлээ хаачих санаатай байсан чинь Одон бас тааралдаад “би байрны зээлд хамрагдаж байгаа, удахгүй мөнгө гарна. Тэгэхээр нь би өгье” гээд байхаар нь бас итгээд “удаахгүй өгнө шүү” гээд 10 сая төгрөгөө өгсөн. Тэгээд тэрнээс хойш Одонгоос мөнгөө авах талаар ярихаар “одоо удахгүй мөнгө, бүтнэ” гээд л байдаг байсан. Тэгээд би сүүлд нь “мөнгө яасан бэ? юу болсон бэ?” гэсэн чинь “тун удахгүй, одоохон өгнө” гэсээр байгаад өдийг хүрсэн. Тэгээд би ээлжийн амралтаа 07-р сарын 24-ний өдөр аваад 09-р сарын эхээр орж ирсэн. Би орж ирээд Одонгоос “мөнгө яасан, надад хэцүү байна” гэхээр “мөнгө бүтсэн зүйл байхгүй” гээд хугацаа аваад байсан. Тэгээд сүүлдээ ажлаас 7 хоногийн чөлөө аваад дараа нь дахин 14 хоног нэмж сунгаад тэрнээсээ болж тэр чигтэй ажлаа хаяж явсан, 8.500.000 төгрөгөө гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас х-39/,

 

Хохирогч Д.Мөнхтуул шүүхийн хэлэлцүүлэгт “…2015 оны 08 дугаар сарын 04 өдөр Одон над руу утсаар яриад зээл чөлөөлж өгөөч гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь 16.700.000 төгрөгийг өгсөн. Тэгээд мөнгө нэхэхэд 13 дугаар хорооллын Хаан банкны эдийн засагч Дариймаа гэдэг хүнийг уулзуулсан. Тэр хүнтэй уулзаад Одонгийн зээл гарсан юм уу гэж асуухад Дариймаа хурлын шийдвэр гарсан гэж хэлсэн. Тэгээд би хэд хоног хүлээсэн. Тэгээд дахиад Дариймаа гэдэг хүнтэй дахиж уулзахад надад хамаагүй Одонтойгоо уулз гэж хэлсэн. Хавтаст хэрэгт Одонгийн мэдүүлэгт Мөнхтуул гэдэг хүнийг залилсан гэж мэдүүлэг өгсөн. Одоо би үлдэгдэл 14.700.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж авмаар байна. Одонгийн эгч сүүлд нь надад 2.000.000 төгрөг өгсөн...” гэв,

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Г.Одон нь надаас би зээлээ дарах гэсэн юм. Та 1 хоногийн хугацаатай 16.700.000 төгрөг зээлүүлээч би өсгөөд өгнө гэж хэлээд гуйсан юм. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Чингэлтэй дүүргийн 1 хороонд байх Хаан банкин дотор Одонгийн хаан банкны дансанд 16.700.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэгээд мөнгөө авч чадалгүй залилуулаад байна....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас х-45/,

 

Хохирогч О.Батболд шүүхийн хэлэлцүүлэгт “…2015 оны 07 дугаар сарын 21 өдөр би байрны зээлээ хаах гэж хүнээс мөнгө авах гэж байсан мөнгийг Одон авсан. Одоог болтол мөнгө төлөөгүй 13.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв,

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…Г.Одон бид хоёр 2011 оноос хойш нэг газарт хамт ажиллаж ирсэн. Тэрнээс хойш бие биенийгээ мэддэг болсон юм. Би 2015 оны 07 сарын 21-ний өдөр 12 цаг 55 минутад байхаа Г.Одонд 13.000.000 төгрөгийг өөрийн гараар данс руу нь шилжүүлсэн гэхдээ Цовоогоос махны мөнгө гэх нэрээр хийгээрэй гэхээр нь би хийчихсэн юм. Би Г.Одонгоос нэгч мөнгө буцааж аваагүй байгаа. Тухайн мөнгийг хүнээс зээлээд Г.Одонд авч өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас х-72/,

Хохирогч Ч.Эрдэнэбат шүүхийн хэлэлцүүлэгт “…Одон надаас 2014 онд 21.650.000 төгрөг зээлж авсан. Миний хүүгээр дамжуулж энэ мөнгийг авахдаа бизнес хийнэ гэж хэлээд авсан. Тухайн мөнгө өгч авалцахад би байгаагүй гадаад явсан байсан. Гадаадаас ирэхэд надад 5 сарын хүү гэж 1.100.000 төгрөг өгсөн. Энэ асуудлаас хойш 19.000.000 төгрөг төлсөнд гайхаж байна. Би шүүгдэгчид алдсан мөнгөө авмаар байна...” гэв,

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…Г.Одон нь миний хүү Бат-эрдэнэтэй хамт Хаан банкны төв дээр ажилладаг байсан юм. Хүүхдээрээ дамжуулж мэддэг болсон юм. Манай хүү надад манай ажлын залуу Г.Одонд хэдэн төгрөгийн хэрэг болоод байна хүүтэй мөнгө зээлүүлээч гэж хэлэхээр нь би 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Г.Одонгийн өөрийнх нь данс руу 21.550.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэгээд би тухайн үед гадаад улсад байж байгаад 2014 оны 12 дугаар сард ирсэн. Тэр хооронд надад хүү өгөлгүй хүүтэйгээ нийлээд 24.000.000 төгрөг болчихсон юм. Тэрнээс хойш надад нэгч мөнгө өгөлгүй өдийг хүртэл худал худал үнэн юм ярьсаар байгаад өнөөдрийг хүрч байна. Тэрнээс хойш нэг удаа уулзаад төлбөр төлөх хугацаагаа тохирсон бас л худлаа болоод өнөөдрийг хүрч байна. гэх мэдүүлэг...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас х-92/,

 

Хохирогч Б.Дөлгөөн шүүхийн хэлэлцүүлэгт “…2014 онд шүүгдэгчийн дансанд мөнгө шилжүүлж дараа нь гэрээгээ хийсэн. Шүүгдэгч сар бүр хүү өгч явж байсан. 2015 оны 06 дугаар сард мөнгө өгөхгүй болохоор гэрээгээ цуцалснаас хойш мөнгө өгөөгүй. Нийт 6.000.000 төгрөг нэхэж байна...” гэв,

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…2015 оны 08 дугаар сарын 24-ны өдөр 8 сая 500 мянган төгрөгийг өгсөн юм. Г.Одон нь байрны зээл хаах хэрэгтэй байна яаралтай мөнгөний хэрэг гараад байна надад мөнгө зээлээч 14 хоногийн дараагаар зээл бүтэхээр буцаагаад өгнө гээд байхаар нь би машинаа зарсан мөнгө байсан учраас тэр мөнгөнөөсөө Одонд мөнгө өгчихсөн юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас х-97/,

 

Хохирогч Д.Наран шүүхийн хэлэлцүүлэгт “…Би Одонтой цуг ажиллаж байсан. 2015 оны 06 дугаар сарын 08 өдөр Өвөрхангай аймагт “Хаан банк”-нд томилолтоор ажиллаж байсан. өглөө над руу Одон утсаар яриад надад хэдэн төгрөг яаралтай хэрэг болоод байна удаахгүй өгнө гэж надад хэлсэн. Тухайн үед би Одонг таньдаг манай байгууллагад олон жил ажилласан. Би Одонгийн хамаатны ах эрүүгийн хэрэгт холбогдсон байхад тусалж байсан. Мөн манай хүргэнтэй цуг ажиллаж байсан болохоор итгээд нийт 4.000.000 төгрөгийг эхнэр Хонгорзулынх нь данс руу шилжүүлсэн. 2015 оны 06 дугаар сарын 19 өдрөөс хойш Одонд мөнгөө шаардахад мөнгө өгөхгүй байсан. Сая шүүгдэгчийн мэдүүлэгт мөнгөний хүү гэж 400.000 төгрөг өгсөн талаар мэдүүлж байна. Би шүүгдэгчид мөнгө зээлүүлж хүү авах талаар ярилцаагүй. Шүүгдэгч надаас мөнгө хэрэгтэй байна хэдхэн хоног зээлүүлээч гэж хэлсэн. Наадмын үеэр надад банкны ажилтнаас 400.000 төгрөг миний дансанд шилжүүлэхэд энэ мөнгөний талаар тодруулахад Одон та энэ мөнгө авч бай удахгүй мөнгийг чинь өгнө гэж надад хэлсэн. Шүүгдэгч дандаа хамт ажиллаж байсан хүмүүсээс мөнгө залилж итгэл эвдэх аргаар авсан байдаг. Би шүүгдэгчээс нийт 3.600.000 төгрөг авмаар байна. Би хамгийн сүүлд цагдаад өргөдөл гаргаж өгсөн учир нь шүүгдэгч залуу хүн, миний мөнгийг өгчих байх гэж найдаж байсан. Миний дам сонссоноор шүүгдэгч, хохирогч нарын мөнгийг мөрийтэй тоглож алдсан гэж сонссон. Би одоо өөрт учирсан хохирлыг гаргуулж авмаар байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэв,

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…Би Хаан банкинд 2007 онд хуулийн зөвлөхөөр ажилд орсон юм. 2015 оны 06 дугаар сард Хаан банкинд цуг ажилладаг буюу Аюулгүй байдлын албаны хамгаалагч Г.Одон нь надаас хэдэн хоног ах надад мөнгө хэрэгтэй болчхоод байна та тус болооч би удаахгүй өгнө гэж гуйгаад байсан.  Манай хүргэн дүү  Б.Буяндэлгэр нь Хаан банкинд Г.Одонтой ажиллаж байсан юм. Хүргэн дүү Б.Буяндэлгэрээс Г.одонгийн талаар асуусан чинь найдвартай, ажлаас гадуур мал мах, ногооны наймаа хийдэг гэхээр нь итгээд мөн цуг ажилладаг болохоор өөрийн дансанд байсан мөнгөнөөс 4.000.000 төгрөгийг 1.500.000, 2.500.000 төгрөгөөр 2 удаа тасдаж эхнэр Хонгорзулын дансанд хийсэн. Түүнээс хойш нэг ч төгрөг төлөгдөөгүй байна. Би 4.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Хохирлоо яаралтай гаргуулж авмаар байна…” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас х-10, 11/,

 

Хохирогч П.Баттогтох шүүхийн хэлэлцүүлэгт “…2015 оны 08 дугаар сард надаас шүүгдэгч нь 30 минутын дотор 4.500.000 төгрөг зээлээч, танд тус мөнгөн дээр 300.000 төгрөг өгөх талаар хэлсэн. Банкинд тус мөнгийг Нямдаваа гэдэг хүний данс руу шилжүүлүүлсэн. Одон нь мөнгөө авах гээд Нямдаваатай уулзахад мөнгийг өгөхгүй байна гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь цагдаа дуудсан. Би цагдаатай Нямдаваатай очиж уулзахад Одон надад өртэй байсан би өрөө л авсан гэж хэлсэн. Би шүүгдэгчтэй 2 удаа гэрт нь очиж уулзсан, дахиад гэрт нь очиход гэртээ байхгүй, гар утсаа таслаад алга болсон. Би өөрт учирсан хохирлоо авмаар байна...” гэв,

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…Би өөрөө хуваариа цалин тэтгэврийн зээл чөлөөлдөг ажил хийдэг. Тэгээд 2015 оны 08 дугаар сарын 09-ний “өдөр зарын дагуу залгаж” байна гээд Г.Одон гэх хүн над руу залгасан. “30 минутан дотор 4.5 сая төгрөгийг зээлэх гэсэн юм. Ажлын хөлс нь хэд болох вэ” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би уулзаж байгаад ярилцъя гэсэн. Тэгээд уулзахад Одон нэг залуугийн хамт ирсэн. Тэгээд надад “миний орон сууцны гэрчилгээ Нямдаваа гэдэг хүн дээр байгаа юм. Урд нь бид хоёр зөндөө мөнгө өгөлцөж авалцаж байсан найдвартай” гээд байсан. Тэгээд “4.5 сая төгрөгийг өгөөд газар дээр нь 10 сая зээлэх гэж байгаа юм аа найдвартай” гээд байсан. Тэгээд 13-р хорооллын Хаан банк дээр миний данснаас мөнгө аваад Нямдаваа гэдэг хүний данс руу хийсэн. Тэгээд Одонг дагаад Нямдаваагийн гэрт очсон. Тэгээд би тэр хүний гэрийнх нь гадаа үлдээд Одон гэрт нь ороод цаг гарангын дараа гарч ирснээ “надад мөнгө өгөхгүй” гэнээ гэж хэлсэн. Тэгээд Одонг намайг залилчихлаа гэдгийг би мэдээд Одонг хэдэн өдөр дагаж мөнгө төгрөгөө авах гэж дагаж явсан. Тэгээд сүүлдээ бүтэхгүй болохоор нь Одонтой гэрээ хийж баталгаажуулсан. Түүнээс хойш надад мөнгө өгөхгүй өдийг хүрч байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас х-159/,

Хохирогч Г.Болортуяагийн “…Би Шуурхай зар сонин дээр “Цалин, тэтгэврийн зээл чөлөөлнө. Утас:88090514” гэсэн зарыг байрлуулсны дагуу 2015.09.16-ны өдөр 99061128 гэсэн дугаараас залгаж төв Хаан банкны аюулгүй байдал хамгаалалтын албанд ажилладаг, цалингийн зээлийн үлдэгдэл 12.000.000 сая төгрөг үлдсэн надад одоо 7.600.000 төгрөг хэрэгтэй үлдэгдэл нь надад байгаа энэ зээлийг чөлөөлж өгөөч гэсний дагуу СБД-ийн 3-р хороо Төв Хаан банкин дээр очиж уулзахад надад Хаан банкны аюулгүй байдал хамгаалалтын албанд ажилтан Ганхуяг овогтой Одон гэсэн ажлын үнэмлэх, Нийгмийн даатгалын дэвтэр. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр үзүүлж хурлын зааланд оруулж уулзсан, тэгээд 2015 .09.17-ны өдөр миний зээл гарчихна тэгээд танд буцааж 1 хоногийн 1 хувийн хүүтэй тохиролцож надад энэ данс руу хийгээрэй гэж данс өгсөн тэгээд би Төв хаан банкин дээр мөнгөө тушаах гээд зогсож байхад миний 88090514 гэсэн утас руу 94572423 гэсэн дугаараас мессэж бичиж надад дансандаа битгий хий 5003350717 энэ данс руу хийгээрэй гэсний дагуу 7.600.000 төгрөгийг шилжүүлсэн тэгээд тохирсон ёсоор 2015.09.17-ны өдөр 94572428 дугаар руу нь залгахад миний зээл гараагүй байна өнөөдөртөө бүтнэ гэж байснаа гар утас руу нь холбогдохоо больсон, тэгэхээр нь Төв хаан банкин дээр очиж үүдний ресэпшин дээр очиж Г.одон гэх хүнийг асуухад 1 сар орчмын  өмнө ажлаасаа халагдсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас х-53/,

 

Хохирогч Ч.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд “…Тухайн үед миний аав гадаадад байсан. Шүүгдэгч надаас махны наймаа хийх гээд байна, хүүтэй мөнгө зээлээч гэж хэлсэн. Тухайн үед би аавын машиныг зарсан учраас мөнгөтэй байсан. Г.Одон надаас 22.000.000 төгрөгийг хүүтэй авсан. Надад эхний 4 сард хүү гэж мөнгө төлж байгаад сүүлдээ хүүгээ төлөхөө больсон. Би яасан бэ гэж Г.Одонгоос асуухад махны наймаа хийж байгаад нэг мөсөн бөөнд нь өгье гэж хэлсэн. Тэгээд мөнгө өгөхгүй хугацаа аваад байсан. Мөн сүүлд Г.Одон надаас 9.000.000 төгрөг зээлсэн. Г.Одон надад 10 тэмээ авах болчихлоо тэмээ нь бэлэн байна мөнгө хэрэг болоод байна гэж хэлж 9.000.000 төгрөг авсан энэ мөнгөө надад буцааж өгөөгүй. Г.Одон надаас нийт 31.000.000 төгрөг авсан…” гэв.

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…Г.Одон бид хоёр Сайншандад өргөст хэмхийн талбай ажиллуулж байсан юм. Тэгээд бид хоёр тэндээ хүмүүс ажиллуулдаг байсан. Тэд нар нь бид хоёроос цалинждаг байсан. 2015 оны 09 дүгээр сард Г.Одон над руу утсаар залгаад найз нь тэмээний мах бөөндөж авахаар боллоо найзад нь мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би 9.0 сая төгрөгийг хүнээс зээлээд авч өгсөн. Мөнгө өгөх болсон шалтгаан нь бөөнөөр авсан махаа зараад олсон ашгаасаа ажлынхаа хүмүүсийн цалинг өгч болох юм байна гэж бодсон. Надад Г.Одон хэлэхдээ “хоёр машин мах авч байгаа гэж хэлсэн.” Тэгсэн чинь хоёр гурав хоногийн дараагаар “би нөгөө мөнгөө яасан бэ” гэж хэлсэн чинь “нэг машин нь алга болчихлоо, нэг машин нь замдаа шаварт суучихлаа” гэж хэлсэн. Ер нь бол Г.одон нь махны наймаа хэсэг хийж байсныг нь би мэднэ. Надаас 9.0 сая төгрөгийг аваад одоо болтол өгөхгүй байна. Урьд нь 2014 оны 09 дүгээр сард Г.Одон надаар дамжуулан манай ааваас 21.650.000 төгрөгийг зээлж авч байсан. Тэгээд эхний 2, 3 дугаар сарын үндсэн мөнгөний хүүг төлж явж байгаад бас алга болчихсон. Тэгээд би Г.Одонгоос “мөнгө яасан бэ” гэж асуухаар одоо өгнө маргааш өгнө гээд өдөр хоног аргацаагаад өдийг хүрсэн. 21.0 сая төгрөгөөс 3.0 сая гаран төгрөгийг үндсэн мөнгөний хүү гэж өгч байснаас өөр мөнгө өгч байгаагүй…” гэсэн мэдүүлэг /1-р хавтас х-87/ 

 

Хохирогч Ц.Шижирхүүгийн “…Миний дүү Буяндэлгэр нь Төв хаан банкинд аюулгүй байдлын ажилтан хийдэг юм. Тэгтэл манай дүү Буяндэлгэр 2015 оны 07 сарын 23-нд Г.Одонг уулзуулсан юм. Тэгтэл Г.Одон нь өргөст хэмх хурааж байгаа мөнгө байхгүй учраас тогоо тасдуулчхаад байна ажил зогсох гээд байна гээд байхаар нь  Г.Одонгийн эхнэр Хонгорзулын дансанд 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш миний мөнгийг өгөхгүй худлаа яриад хэд хэдэн удаа зугтаагаад уулзахаараа өнөөдөр өгнө маргааш өгнө гээд өдөр хоног өнгөрөөгөөд байсан. Тухайн үед ажлаа хийж байсан учраас ажил дээр нь очиж уулзаж байсан. Тэгтэл утас нь холбогдохгүй болоод ажлаасаа гарсан байсан. Г.Одонгоос 4.000.000 төгрөгийг авах ёстой юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас х-74/,

 

Хохирогч А.Бибишийн “…Би Г.Одон гэдэг хүнтэй ХААН банкны төв дээр хамт ажилладаг байсан юм. 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 4.000.000 төгрөгийг Г.Одонд зээлүүлсэн юм. Учир Г.Одон нь мөнгө зээлээч мөнгөний хэрэг болчихлоо гээд шаналгасаар байгаад авсан юм. Тэгээд 2015.02.20-ны өдөр Г.Одон надаас бас мөнгө зээлээч гэж гуйгаад байхаар нь 2.800.000 төгрөгийг зээлсэн юм. Энэ  хоёр мөнгийг авахдаа бид хоёр аман бичгээр гэрээ хийсэн юм. Тэгтэл гэрээнд заасан хугацаандаа Г.Одон нь мөнгөө өгөхгүй худлаа хэлж зугтан өдийг хүрч байна…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас х-94/,

 

Хохирогч Ж.Буяннэмэхийн “…2014 оны 06 сард Г.Одон нь надаас бизнес хийж байгаа мөнгөний хэрэг болоод байна гэж хэлээд надад 5.000.000 төгрөгийг зээлээч 2015 он гаргаж байгаад өгье гэж хэлсэн юм. Урд нь надаас мөнгө авч байгаад буцааж өгч байсан юм, мөн мах оруулж ирээд зарж борлуулаад байдгийг нь би мэддэг байсан болохоор итгээд зээл аваад 4.870.000 төгрөгийг зээлсэн юм. Зээлж авснаасаа хойш миний мөнгийг өгөхгүй байна. Асуухаар удахгүй өгнө одоо өгнө юм хөөцөлдөж байна гээд хоног хугацаа өнгөрөөгөөд яваад байдаг байсан юм. Би ер нь бол 2015-08 сар хүртэл Г.Одонгоос мөнгө нэхээгүй юм. Бид хоёр хаан банкны төв дээр хамт ажилладаг байсан. Авсан мөнгөнөөсөө надад 300.000 төгрөгийг өгсөн одоо надад үлдэгдэл болох 4.570.000 төгрөгийн хохирол учраад байна. Өөрийнхөө 5032384471 гэсэн хаан банкны данснаас Г.Одонгийн өөрийнх нь надад өгсөн данс руу шилжүүлсэн баримт надад байгаа гэх мэдүүлэг...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас х-92/,

 

Гэрч Г.Ундрахын “...Би Г.Одон гэх хүнийг танихгүй. Би түүнээс 6 дугаар бичил хороололд байдаг дөрвөн давхрын 2 өрөө байрыг 85.000.000 төгрөгөөр худалдаж авахаар Г.Одонгоос би өөрийн нэр дээр шилжүүлсэн авсан. Хаан банкны 8% зээлд хамрагдаж Г.Одонгийн эгч Дулмаа, нөхөр Оюунбат хоёрт өгөхөөр тохиролцсон. Мөнгөө дансаар шилжүүлнэ. “Кредит Монгол” ББСБ-аас 25.700.000 төгрөгийг зээлж аваад банкинд тушаасан. Одоо би банкнаас гаргах мөнгөнөөсөө энэ мөнгийг буцааж зээлсэн хүмүүст өгөх юм. Г.Одонг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас х-99/,

 

Гэрч Б.Пүрэвгэрэлийн “...Хамаатан төрөл садангийн холбоо байхгүй, ХААН банкинд намайг 2008 онд ажилд ороход Г.Одон манай банкны аюулгүй байдлан албанд ажиллаж байсан юмаа. Миний нэр байдаг 2975 УНЧ улсын дугаартай улаан өнгийн Ниссан Экстралл маркийн авто машиныг манай нөхөр ажилдаа унадаг байсан. Манай нөхөр Ч.Бат-Эрдэнэ ХААН банкны өмчийн харилцааны газрын жолооч ажилтай байсан учраас Г.Одонг таньдаг байсан. Тэгээд ажилдаа миний 2975 УНЧ улсын дугаартай авто машиныг 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр унаж очсон байхад нь Г.Одон ирж уулзаад ээжийгээ эмнэлгээс гаргаад хөдөө авч явах гэсэн юм аа гэж гуйж аваад ломбарданд тавьчихсан байсан. Тэгээд 2015 оны 09 дүгээр сарын сүүлээр намайг төрсний дараа байх Г.Одон нь ломбардны мөнгийг төлж машиныг авч өгсөн. Тухайн өргөдөл гаргасан учир нь 2975УНЧ улсын дугаартай авто машин миний нэр дээр байсан учраас нөхрийн хамт өргөдөл гаргасан. ..Машиныг аваад өгчихсөн болохоор машин дээр гомдол санал байхгүй, харин манай нөхөр Ч.Бат-Эрдэнээс “мал махны наймаа хийх гэж байгаа” гэж 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 9.000.000 төгрөгийг зээлсэн боловч одоо хүртэл өгөөгүй байгаа…” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас х-22, 23/,

 

Гэрч П.Ууганбатын “...Г.Одон нь манайхтай гэрээ хийхдээ 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 25 тонн өргөст хэмх нийлүүлнэ гэж гэрээ хийсэн. Тухайн үед “нэг га газраас тус өргөст хэмхийг нийлүүлнэ” гэж байсан. Манай байгууллагаас гэрээ хийж 1.875.00 төгрөгийн өргөст хэмхийн үр авсан ба гэрээнд заасан 25 тонн өргөст хэмхийг манайд нийлүүлээгүй...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтас х-70/,

 

Шүүх сэтгэц гэм судлалын үндэсний төвийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 187 тоот актын “…1.Г.Одон нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Хэрэг хариуцах чадвартай. 2.Г.Одон нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Болсон байдлыг үнэн зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай…” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтас х-161/,

Шүүгдэгч Г.Одонг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-115, 124/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-180-181/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-39/, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /2-р хх-201-204/, Г.Одонгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-176-178/, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-77/, шүүх сэтгэц судлалын дүгнэлт /2-р хх-161/, хохирлын тооцоо /2-р хх-238/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 137-166, 2-р хавтас 36-132/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-48-49/ зэргийг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Г.Одон нь 2014 оны 6 дугаар сараас 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хүртэлх хугацаанд давтан үйлдлээр, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар

хохирогч Б.Буяннэмэхээс 2014 оны 06 сард 4.870.000 төгрөг,

хохирогч Ч.Эрдэнэбатаас 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 21.650.000 төгрөг,

хохирогч А.Бибишээс 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 6.800.000 төгрөг,

хохирогч Б.Буяндэлгэрээс 2015 оны 03 дугаар сард 5.000.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сард 10.000.000 төгрөг,  нийт 15.000.000 төгрөг,

хохирогч Д.Нарангаас 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 4.000.000 төгрөг,

хохирогч О.Батболдоос 2015 оны 07 сард 13.000.000 төгрөг,

хохирогч Ц.Шижирхүүгээс 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 4.000.000 төгрөг,

хохирогч Д.Мөнхтуулаас 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 16.700.000 төгрөг,

хохирогч П.Баттогтохоос 2015 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 4.500.000 төгрөг,

хохирогч Б.Дөлгөөнөөс 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 8.500.000 төгрөг,

хохирогч Б.Бат-Өлзийгөөс 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 12.600.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 19.000.000 төгрөг, нийт 31.600.000 төгрөг,

хохирогч Ч.Бат-Эрдэнээс 2015 оны 09 дүгээр сард 9.000.000 төгрөг,

хохирогч Г.Болортуяагаас 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 7.600.000 төгрөг, нийт 147.220.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Б.Бат-Өлзий, Б.Буяндэлгэр, Д.Мөнхтуул, О.Батболд, Ч.Эрдэнэбат, Б.Дөлгөөн, Д.Наран, П.Баттогтох, Г.Болортуяа, Ч.Бат-Эрдэнэ, Ц.Шижирхүү, А.Бибиш, Ж.Буяннэмэх нарын мэдүүлгүүд, гэрч Г.Ундрах, Б.Пүрэвгэрэл, П.Ууганбат нарын мэдүүлэг, шүүгдэгч Г.Одонгийн сэжигтэн, яллагдагч, болон шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Түүний бусдаас мөнгө зээлж, түүнийгээ өгөхгүй байх санаа, зорилго агуулсан, олон удаагийн үйлдлээр бусдаас мөнгө зээлж, өмнө нь бусдаас зээлсэн мөнгөө төлөх боломжгүй байгаагаа мэдсээр байж дахин бусдаас мөнгө зээлж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Одонг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Одонгийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин түүний үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүгдийг шалгасан байна.

 

Хохирлын асуудлыг нотлох баримтын хэмжээнд, хохирогч нарын мөрдөн байцаалтын үед өгсөн болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдийг нь үндэслэн дараах байдлаар шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Г.Одон нь бусдад нийт 147.220.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч Д.Эрдэнэбатад 19.310.999 төгрөг, Б.Буяндэлгэрт 6.850.000 төгрөг, Ж.Буяннэмэхэд 5.505.000 (4.870.000 төгрөг зээлж, 5.505.000 төгрөг төлсөн) төгрөг, А.Бибишид 1.750.000 төгрөг, Б.Дөлгөөнд 4.000.000 төгрөг, Д.Мөнхтуулд 2.000.000 төгрөг, Д.Наранд 400.000 төгрөг (Хохирогч Д.Наран нь шүүгдэгч Г.Одонд 4.000.000 төгрөг зээлсэн бөгөөд шүүх хуралдаанд хохирогч Д.Нарангаас Г.Одон надаас зээлсэн мөнгөний хүүд 400.000 төгрөг төлсөн тул энэ мөнгийг надад учруулсан хохирлоос хасаж тооцоход татгалзах зүйлгүй гэсэн болно.)-ийг тус тус төлснийг шүүгдэгчээс хохирогч нарт гаргуулан олгох хохирлоос хасаж тооцох нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Одонгоос нийт 108.039.001 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Эрдэнэбатад 2.339.001 төгрөг, хохирогч Ч.Бат-Эрдэнэд 9.000.000 төгрөг, хохирогч Б.Буяндэлгэрт 8.150.000 төгрөг, хохирогч А.Бибишэд 5.050.000 төгрөг, хохирогч Б.Дөлгөөнд 4.500.000 төгрөг, хохирогч Д.Мөнхтуулд 14.700.000 төгрөг, хохирогч О.Батболдод 13.000.000 төгрөг, Ц.Шижирхүүд 4.000.000 төгрөг, хохирогч Д.Болортуяад 7.600.000 төгрөг, хохирогч Б.Бат-Өлзийд 31.600.000 төгрөг, хохирогч Д.Наранд 3.600.000 төгрөг, П.Баттогтоход 4.500.000 төгрөгийг тус тус олгохоор тогтов.

 

Харин хохирогч Д.Эрдэнэбат шүүх хуралдаанд “би Г.Одонгоос 16.750.000 төгрөг авах ёстой.” гэсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаас харахад шүүгдэгч Г.Одон нь түүнээс 21.650.000 төгрөг авсан, үүнээс түүнд 19.310.999 төгрөгийг буцаан төлсөн нь тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Одонгоос 2.339.001 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Эрдэнэбатад олгосон болно.

Мөн хохирогч Б.Бат-Өлзий шүүх хуралдаанд “Би одонтой зээлийн гэрээ байгуулж 12.600.000 төгрөгийг өгсөн, дараа нь 19.000.000 төгрөгийг Г.Одонтой хамт ирсэн Д.Дэлгэрмаагийн дансанд хийсэн. Би 19.000.000 төгрөгийг Д.Дэлгэрмаагаас нэхэмжилж байна. Мөн Д.Дэлгэрмаагийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь буруу. Д.Дэлгэрмаа энэ хэрэгт хамтран оролцсон.” гэсэн бөгөөд хэрэгт авагдсан хохирогч Б.Бат-Өлзий, шүүгдэгч Г.Одон болон Д.Дэлгэрмаа нарын мэдүүлгээс харахад шүүгдэгч Г.Одон нь “Д.Дэлгэрмаагийн ааваас зээлсэн 20.887.000 төгрөгийг төлөхийн тулд хамт ажилладаг Д.Дэлгэрмааг дагуулан хохирогч Б.Бат-Өлзий дээр очиж “Д.Дэлгэрмаагийн аавын орон сууцыг барьцаанаас чөлөөлж, дахин барьцаанд тавина” гэж хуурч мэхлэн 19.000.000 төгрөгийг Д.Дэлгэрмаагийн данс руу шилжүүлүүлсэн, өөрөөр хэлбэл Д.Дэлгэрмаагийн аавд төлөх ёстой өр төлбөрөө төлүүлсэн болох нь тогтоогдсон, прокуророос Д.Дэлгэрмаагийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Монел” нэртэй цахилгаан тогоо 1 ширхэг, “Акира” нэртэй ус буцалгагч 1 ширхэг зэргийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.   

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Мөн Эрүүгийн 201525022397 дугаартай хэрэгт эрүүгийн 201525031674, 201525031618, 201525021802, 201525021924 дугаартай хэргүүд нэгтгэгдсэн бөгөөд тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурьдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Өндөр овгийн Ганхуягийн Одонг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Одонг 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Г.Одонгийн эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгосугай.  

 

6.Шүүгдэгч Г.Одон нь цагдан хоригдсон хоноггүй дурдсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Одонгоос нийт 108.039.001 төгрөг гаргуулж хохирогч Д.Эрдэнэбатад 2.339.001 төгрөг, хохирогч Ч.Бат-Эрдэнэд 9.000.000 төгрөг, хохирогч Б.Буяндэлгэрт 8.150.000 төгрөг, хохирогч А.Бибишид 5.050.000 төгрөг, хохирогч Б.Дөлгөөнд 4.500.000 төгрөг, хохирогч Д.Мөнхтуулд 14.700.000 төгрөг, хохирогч О.Батболдод 13.000.000 төгрөг, хохирогч Ц.Шижирхүүд 4.000.000 төгрөг, хохирогч Д.Болортуяад 7.600.000 төгрөг, хохирогч Б.Бат-Өлзийд 31.600.000 төгрөг, хохирогч Д.Наранд 3.600.000 төгрөг, хохирогч П.Баттогтоход 4.500.000 төгрөг тус тус гаргуулан олгосугай.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Одонд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

10.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Одонд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.               

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.БОЛДБААТАР

 

                  ШҮҮГЧИД                                    Б.ДУЛАМСҮРЭН

 

                                                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ