Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 1145

 

                               

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 13 өдөр                   Дугаар 102/ШШ2020/01145                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох 17,000,000 /арван долоон сая/ төгрөг гаргуулах тухай үндсэн, хүүхдүүдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө автомашинаас өөрт болон хүүхдүүдэд ногдох 20,000,000 /хорин сая/ төгрөг гаргуулах, орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийн 50 хувь 23,060,954 /хорин гурван сая жаран мянга есөн зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулах, “Хүүлэй хааны хишиг” ХХК-ийн эзэмшлийн 924 га газрын хамтран эзэмшигчээр хүүхдүүдийн хамт тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, хариуцагч Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваадорж, Булгамаа, нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                            

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2005 онд Б.Дтай танилцан, 2006.08.18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, бидний дундаас 2006 онд хүү Т.Ганзориг, 2007 онд хүү Т.М, 2016 онд хүү Т.Х нар тус тус төрсөн. Бид 2008 оноос хойш зан харилцааны таарамжгүй байдлаас болж салж нийлсээр өдийг хүрсэн. Би энэ амьдралыг бүрэн бүтэн байлгахыг их хичээсэн ч эхнэр байнга миний эсрэг байж, үргэлж хэрүүл хийж ямар ч амьдрах хүсэл сонирхол, хайр сэтгэлгүй болгосон. Би хүүхдүүдээ өнчрүүлэхийг хүсэхгүй гэсэндээ энэ хүртэл явсан. Би архи дарс ууж эхнэр хүүхдүүдээ зовоосон удаагүй. Б.Д намайг үргэлжийн хардаж сэрдэж хийж байгаа ажил бизнесийг минь хүртэл хорлох ажиллагаа хийж намайг дэмжиж туслах ёстой байтал үргэлж миний эсрэг зүйл хийдэг. Тухайлбал миний нэр дээр байсан компанийн бүх бичиг баримтыг галд шатаасан, хийж байгаа ажилтай минь холбогдуулан фэйсбүүкээр элдэв пост бичиж хүмүүст буруу ойлголтыг зориуд өгдөг. Үүнийгээ чамайг хорлож байна гэдэг. Б.Д нь айл гэрийн эхнэр, үр хүүхдүүдийн минь эх хүний хувьд эр нөхрөө хүндэлж. ажлыг минь дэмжиж урамшуулж хамтдаа энэ амьдралыг сайн сайхан болгохын төлөө зүтгэх ёстой байтал эр нөхөр гэр бүл үр хүүхдээ хүндлэхгүй байх нь аажим аажмаар түүнийг гэх ямар ч сэтгэлгүй болгодог юм байна. Одоо би цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулах, 3 хүүгээ эхийн асрамжид үлдээнэ. Манайх Баянгол дүүрэг, 7 хороо, 3 хороолол, 25 байр, 189 тоот орон сууцыг 85,0 сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд надад ногдох хувь нь 17,0 сая төгрөг болох тул гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Ш.Ттай 2005 онд гэр бүл болж, 2006.01.19-ний өдөр хүү Т.Батзориг, 2007.03.11-ний өдөр хүү Т.М, 2016.02.26-ны өдөр хүү Т.Х нар төрсөн, 2006 оны 8 сард гэрлэлтээ батлуулсан. Үүнээс хойш 2018 оны 6 сарыг хүртэл гэр бүл болж хамтран амьдрахдаа 2015.05.11-ний өдөр 85,0 сая төгрөгийн үнэ бүхий байрыг Голомт банкны ипотекийн зээлээр худалдан авч, уг зээлийг би сар бүр төлдөг. Иймд банкнаас авсан зээл 45,0 сая төгрөгийн үлдсэн үндсэн төлбөр 41,615,861 төгрөг, хүү, алданги 4,480,930 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,117 төгрөг, нийт 46,121,908 төгрөгийн тал хувь 23,060,954 төгрөгийг нөхөр төлөх ёстой гэж үзэж байна. Гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө: 2018 оны 7 сард авсан “Прадо-120” маркийн 99-02 УНУ улсын дугаартай автомашин, зах зээлийн үнэлгээгээр 25,0 сая төгрөгийн үнэлгээтэй тул өөрт болон 3 хүүхдэд ногдох хувь буюу 20,0 сая төгрөгийг гаргуулна. Гэр бүлийн хэрэгцээгээ хангах, бизнес эрхлэхийн тулд “Хүүлэй хааны хишиг” ХХК-ийг 2015.08.27 үүсгэн байгуулж, уг компанийн гүйцэтгэх удирдлагаар Ш.Т томилогдон бүртгэгдсэн. Тус компанийн нэр дээр үр тарианы зориулалтаар Төв аймгийн Цээл сумын нутагт 924 га газрыг 2017 онд авсан бөгөөд уг газар нь 6 өөр төрлийн гэрчилгээтэй тул 924 га газрын хамтран эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, сөрөг нэхэмжлэл болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Ш.Т нь Б.Дд холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж, гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хэсэгт 17,000,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь хүүхдүүдийг асрамждаа авах, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгээ гаргуулах, зээлийн үлдэгдэл төлбөрийн 50 хувийг гаргуулах, хуулийн этгээдийн эзэмшлийн газрыг хамтран эзэмшигчээр хүүхдүүдийн хамт тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ орон сууц буюу гэр бүлийн дундын хөрөнгийг 85,000,000 төгрөгөөр үнэлж, өөрт ногдох 17,000,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, банкнаас авсан зээлээс үлдсэн үндсэн төлбөр 41,615,861 төгрөг, хүү 4,480,930 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,117 төгрөг, нийт 46,121,908 төгрөгийн тал хувь 23,060,954 төгрөгийг нөхөр хариуцна, автомашинаас өөрт болон 3 хүүхдэд ногдох 20,000,00 төгрөгийг гаргуулна, гэр бүлийн хэрэгцээгээ хангах, бизнес эрхлэхийн тулд компани байгуулсан тул компанийн нэр дээрх газрын хамтран эзэмшигчээр тогтоолгоно гэж маргалаа.

 

Гэрлэгчид нь нар 2005 онд танилцан, 2005 онд Б.Дтай танилцан, 2006 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болж, тэдгээрийн дундаас 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүү Т.Батзориг, 2007 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүү Т.М, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүү Т.Х нар төржээ.

 

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэжээ.

 

Гэрлэгчдэд шүүхэд хандахаас өмнө эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг хийсэн боловч амжилтгүй болсон, гэр бүлийн амьдралыг цаашид хэн аль нь үргэлжлүүлэх хүсэл сонирхолгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ш.Т, Б.Д нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн  тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай  зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заажээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг тэжээн тэтгэх тухайгаа тохиролцож болно гэж заасан ба зохигч 2015 оноос хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2018 оноос хойш тусдаа амьдрах хугацаанд хүүхдүүд эхийн асрамжид байсан, хариуцагч асрамжийн талаар маргаагүй тул хүү Т.Батзориг, хүү Т.М, хүү Т.Х нарыг эхийнх нь асрамжид үлдээлээ.

 

Хүүхдийн эрх ашгийн үүднээс тэтгэлэг тогтоох тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 3 хүүхдийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцгээр нь тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Ш.Тыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг Б.Дд даалгав.

 

Гэр бүлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д гэр бүлийн эд хөрөнгийн харилцааг Иргэний хуулиар зохицуулна гэж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан байна.

 

Гэрлэгчид гэрлэснээс хойш Баянгол дүүрэг, 7 хороо, 3 хороолол, 25 байр, 189 тоот орон сууцыг 85,000,000 төгрөгөөр худалдан авахдаа урьдчилгаанд 40,000,000 төгрөг төлж, үлдэх 45,000,000 төгрөгийг 2015.05.11-ний өдөр Голомт банкнаас 240 сарын хугацаатай зээлсэн, Тоёота ландкруйзер 120 прадо маркийн 99-02 УНУ улсын дугаартай автомашиныг 2018.07.04-ний өдөр худалдан авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Уг орон сууцны өмчлөгч нь зохигч байх тул дээрх орон сууц болон автомашин нь Ш.Т, Б.Д, Т.Батзориг, Т.М, Т.Х нарын хамтран өмчлөх дундын өмч мөн байна.

 

Нэхэмжлэгч нь нийт худалдан авсан үнийн дүнгээс ногдох хэсэг гэж 17,000,000 төгрөгийг, хариуцагч нь банктай байгуулсан зээлийн гэрээний үлдсэн буюу биелэгдээгүй үүргийн гүйцэтгэл болох 46,121,908 төгрөгөөс тал хувь 23,060,954 төгрөгийг ногдох хэсэг гэж тус тус тодорхойлж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Харин зээлийн гэрээний хугацаанд /45,000,000-41,615,861/ нийт 3,384,139 төгрөг төлсөн байх бөгөөд орон сууцны урьдчилгаанд төлсөн 40,000,000 төгрөг төлсөн байх тул орон сууцны төлбөрт төлөгдсөн 43,384,139 төгрөгийг гэрлэгчдийн гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-д гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг толдорхойлохоор, 129.2-т гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байхаар зохицуулжээ.

 

Иймд нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгээ шаардах эрхтэй байх тул хариуцагчаас /43,384,139:5/ орон сууцнаас ногдох хэсэгт 8,676,828 төгрөгийг гаргуулан, шаардлагаас үлдэх 8,323,172 төгрөгийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Б.Д банкны зээлийн төлбөрийг дангаараа төлдөг гэж тайлбарласныг хариуцагч няцааж чадаагүй тул тухайн орон сууц нь нэхэмжлэгч болон түүний 3 хүүхдийн өмчлөлд үлдэх юм.

 

Харин Голомт банктай зохигчийн байгуулсан гэрээний биелэгдээгүй үүргийн гүйцэтгэл болох 46,121,908 төгрөгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэхгүй тул хариуцагч нь нэхэмжлэгчээс шаардах эрхгүй байна.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарахаар заажээ.

 

Тоёота ландкруйзер 120 прадо маркийн 99-02 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ш.Т байгаа боловч автомашиныг гэрлэснээс хойш худалдан авсан байх тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарах юм.

 

Хариуцагч Тоёота ландкруйзер 120 прадо маркийн 99-02 УНУ улсын дугаартай автомашины зах зээлийн ханшийг 25,000,000 төгрөг гэж тодорхойлсныг нэхэмжлэгч маргаагүй тул гэр бүлийн 5 гишүүнд хувааж, Б.Д болон 3 хүүхдэд ногдох хэсэгт 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулав.

Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэхэд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2-т зааснаар орон сууцнаас ногдох хэсэгт Б.Дгаас 8,676,828 төгрөг гаргуулан Ш.Тт олгож, 99-02 УНУ улсын дугаартай автомашинаас ногдох хэсэгт хариуцагчаас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,323,172 төгрөг болон Б.Дгийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийн тал хувь болох 23,060,954 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Б.Д нь хариуцагчаар “Хүүлэй хааны хишиг” ХХК-ийг татаагүй атлаа түүний эзэмшлийн Төв аймгийн Цээл сумын нутагт үр тарианы зориулалттай 924 га газрын хамтран эзэмшигчээр 3 хүүхдийн хамт тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг иргэн Ш.Тт холбогдуулан гаргасныг шүүх шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т зааснаар хүлээн авахаас татгалзлаа.

 

Хариуцагч нь “Хүүлэй хааны хишиг” ХХК-ийн эзэмшлийн 924 га газартай холбоотой нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагчаас хураамжид төлсөн 1,622,400 төгрөгийг орлогоос гаргуулж, Б.Дд буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т , Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Т.Батзориг, хүү Т.М, хүү Т.Х нарыг эх Дгийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 3 хүүхдэд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Ш.Таар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Ш.Тыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг Б.Дд даалгасугай.

 

  5. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2-т зааснаар Баянгол дүүрэг, 7 хороо, 3 хороолол, 25 байр, 189 тоот орон сууцнаас ногдох хэсэгт Б.Дгаас 8,676,828 /найман сая зургаан зуун далан зургаан мянга найман зуун хорин найм/ төгрөг гаргуулан Ш.Тт, 99-02 УНУ улсын дугаартай автомашинаас ногдох хэсэгт хариуцагчаас 20,000,000 /хорин сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,323,172 төгрөг болон Б.Дгийн зээлийн үлдэгдэл төлбөрийн тал хувь 23,060,954 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т зааснаар Төв аймгийн Цээл сумын нутагт “Хүүлэй хааны хишиг” ХХК-ийн эзэмшлийн үр тарианы зориулалттай 924 га газрын хамтран эзэмшигчээр 3 хүүхдийн хамт тогтоолгох тухай Б.Дгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

 

 7. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагчаас хураамжид төлсөн 1,622,400 төгрөгийг орлогоос гаргуулж, Б.Дд буцаан олгосугай.

 

8. Хариуцагч нь “Хүүлэй хааны хишиг” ХХК-ийн эзэмшлийн үр тарианы зориулалттай 924 га газартай холбоотой нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ