| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2017/03093 |
| Дугаар | 128/ШШ2017/0571 |
| Огноо | 2017-07-24 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2017/0571
| 2017 оны 07 сарын 24 өдөр | Дугаар 128/ШШ2017/0571 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн № 58 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, ХВ *******, ХВ ******* дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг даалгах тухай
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, ХВ-*******, ХВ-******* дугаар тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Т ХХК нь 1996 онд байгуулагдсан 1 гишүүнтэй, Дорнод аймгийн Баяндун суманд орших Тал нэртэй 25.99 га газарт ашигт малтмалын хайгуулын ХВ-******* тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1093 дугаар шийдвэрээр, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт орших тал нэртэй 2765.55 га талбай бүхий газарт ашигт малтмалын ХВ/******* дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1119 тоот шийдвэрээр эзэмшиж байсан. Эзэмшиж эхэлснээс хойш компанийн үйл ажиллагааг бүхэлд нь захирал Г.Э******* хариуцан ажиллаж байсан бөгөөд эрүүл мэндийн байдлаас болж гадаадруу эмчилгээнд явсан. Т ХХК-ийн захирал Г.Э******* 2016 оны 10 дугаар сараас эхлэн Монгол Улсын эмнэлгүүдээр эмчилгээ хийлгэж хэвтэн эмчлүүлж байгаад 2016 оны 12 дугаар сард гадаадад яаралтай хагалгаанд орох болсон. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс Бүгд найрамдах Солонгос улсын Сөүл асан эмнэлэгт хагалгаанд орж хэвтэн эмчлүүлж байгаад 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Монгол улсад буцаж ирсэн. Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 7/838 тоот мэдэгдлээр манай компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг мэдэгдсэн.
Манайх 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт гаргасан боловч тус газраас 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/988 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 58 тоот шийдвэрийн хуульд зүйн үндэслэлтэй гэсэнтэй холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэлд авагдсан материалууд болон шүүхэд гаргаж өгсөн баримтуудаас харахад Ашигт малтмалын тухайн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хууль зөрчиж цуцалсан. Ашигт малтмалын тухайн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдох юм бол уг үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 5 өдөрт багтааж Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл хүргүүлнэ гэж заасан. Улсын дээд шүүхийн тайлбарт мэдэгдэнэ гэдгийг тусгай зөвшөөрөл цуцлах үйлдлийг тодорхой дурдсан мэдэгдлийг гардуулж, буюу хүргүүлж түүнийг баримтжуулсан байхыг ойлгоно гэж заасан.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д зааснаар энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ, Төрийн захиргааны байгууллага тухайн тусгай зөвшөөрлийг цуцлах болсон мэдэгдэл, хариу өгсөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тайлбар, нотлох баримтыг хянаж үзээд үндэслэлтэй бол Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар мэдэгдлээ хүчингүй болгож тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлж, эрхийг сэргээх зохицуулалттай.
Хэрэв тухайн тайлбар нь үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах ажиллагаа явагдах ёстой энэ нь хариуцагчид хуулиар үүрэг болгосон заалт юм. Ийм сонсгох ажиллагааны нарийвчилсан зохицуулалт байсаар байтал нэхэмжлэгчид сонсох ажиллагаа хийгдээгүй. Мөн энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэндийн хувьд шалтгаантай байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагддаг.
Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу татварыг урьдчилан төлж чадаагүй, хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг тодорхой зааж өгсөн. Хариуцагчийг хугацаанд нь мэдэгдэл явуулаагүй. Мөн нэхэмжлэгчийн хүндэтгэн үзэх шалтгаан тайлбар гаргах боломжоор хангаагүй. 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлсөн гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр Т ХХК-д ашигт малтмалын хайгуулын ХВ-*******, ХВ-******* дугаар тусгай зөвшөөрлүүдийг олгосон. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөрийг Ашигт малтмалын тухайн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасны дагуу дараа жилийн төлбөрийг тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасан байдаг. Т ХХК өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит буюу 2 дахь жилийн төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан. Гэтэл уг төлбөр төлөгдөөгүй учраас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн гэдгийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 7/2675 тоот мэдэгдэл хүргүүлсэн.
Т ХХК буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа нотлох баримтаар ирүүлээгүй нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзэн, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаар шийдвэр гарсан. Энэ шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт тул Т ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаар шийдвэр[1][1]-ээр Т ХХК-ийн XV-*******, ХV-******* дугаар бүхий ашигт матмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцалжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийг маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу төлбөр төлөхийг сануулсан мэдэгдлийг нэхэмжлэгчийн албан ёсны хаягаар хүргүүлээгүй, маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, мөн компанийн удирдлага гадаад улсад хагалгаа хийлгэж эмчлүүлсэн тул тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлж төлсөн гэж тодорхойлжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэжээ.
Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 6-д хуулийн...... 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, 62 дугаар зүйлийн 62.6-д заасан мэдэгдэнэ гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэж тайлбарлажээ.
Мэдэгдлийг хариуцагч нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 7/2675 тоот албан бичиг[2][2]-ээр хүргүүлсэн болох нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбар[3][3]-аар нотлогдож байх тул хариуцагчийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан мэдэгдлийг нэхэмжлэгчийн хаягаар хүргүүлээгүй гэж буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.6-д энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, 34.7-д энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж тус тус заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 28 дугаар зүйлд хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар боломжгүй байсан байдлыг ойлгоно гэжээ.
Нэхэмжлэгч Т ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу тус компанийн захирал Г.Э******* 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл БНСУ-д эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эмчийн хяналтанд байсан болох нь өвчний түүхийг Солонгос хэлнээс хөрвүүлсэн баримт[4][4], АШУҮИС-ийн Их сургуулийн нэгдсэн эмнэлгийн эмч П.М*******, тасгийн эрхлэгч П.Г******* нарын тодорхойлолт[5][5], эмчийн үзлэгийн тэмдэглэл[6][6], Монгол Улсын хилээр орон гарсан талаарх гадаад паспортын тэмдэглэгээ[7][7], зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Дээрх шалтгааны улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаа болох 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, түүнчлэн уг хуулийн 34.7-т заасан хугацаа болох 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дотор тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийн төлбөрийг төлж, баримтыг хариуцагчид хүргүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийн төлбөрийг алдангийн хамт 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж тус тус заажээ.
Гэтэл хариуцагч нь хуульд заасан дээрх ажиллагааг хийгээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн сонсох ажиллагааг хийгээгүй гэх мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан Т ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн № 58 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, ХВ *******, ХВ ******* дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг хариуцагчид даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ