| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2016/0404/З |
| Дугаар | 221/МА2026/0111 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2026/0111
Д.У-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Л.Одбаатар
Бүрэлдэхүүн: Шүүгч Т.Энхмаа
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээд Г.Ту, Г.Та- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж
Нэхэмжлэгч: Д.У-
Хариуцагч: Нийслэлийн хяналт шалгалтын газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар
Гуравдагч этгээд: Г.Ту, Г.Та-, “Эн” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага:
“Барилга, байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаар актын зоорын давхарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, зураг төсөл, стандартад нийцээгүй автозогсоолын өмчлөх эрхийг бүртгэсэн Г.Ту-ын эрхийн улсын бүртгэлийн Ү-2206026394, Г.Та-ын эрхийн улсын бүртгэлийн Ү-2206026397 дугаартай бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай”
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 710 дугаар шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Г.Х, хариуцагч Нийслэлийн хяналт шалгалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гуравдагч этгээд Г.Ту, Г.Та- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2016/0404/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.У-гаас Нийслэлийн хяналт шалгалтын газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан “Барилга, байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаар актын зоорын давхарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, зураг төсөл, стандартад нийцээгүй автозогсоолын өмчлөх эрхийг бүртгэсэн Г.Ту-ын эрхийн улсын бүртгэлийн Ү-2........., Г.Та-ын эрхийн улсын бүртгэлийн Ү-2............. дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 710 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.26, 4.1.43, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.2, 7 дугаар зүйлийн 7.5, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, 35 дугаар зүйлийн 35.1.6, 35.1.7, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3, 37.1.13, 37.1.16, 37.1.17, 37.4, 48 дугаар зүйлийн 48.1, 48.7.1, 48.7.3, 48.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.6, 7.7, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.У-ы нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаартай актын 1.1. Барилга байгууламжийн нэр, байршил, хүчин чадал хэсгийн ...автомашины гараж, 2.1. 19 автомашины гараж хэсгийг, улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн зоорийн давхрын байгууламжийн зургаар 1, 2, 3, 4 гэж дугаарласан зогсоолд холбогдох хэсгийг, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 48 дугаар байрны зоорийн давхрын Г.Ту-ын эрхийн улсын бүртгэлийн Ү-2........., Г.Та-ын эрхийн улсын бүртгэлийн Ү-2............. дугаартай бүртгэлийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаартай актын зоорийн давхрын 5-19 гэж дугаарлагдсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Гуравдагч этгээд Г.Ту, Г.Та- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Д.У- нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн гуравдагч этгээд болох Г.Ту- нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 52 дугаар сургуулийн зүүнд талд “Эн” ХХК-ийн барьж байсан 48 дугаар барилгаас орон сууц худалдан авсан. Ийнхүү орон сууц худалдан авахдаа автомашин байршуулах зорилгоор 3 болон 4 дүгээр зогсоолыг 2011 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 10/11-20А, 10/11-21А дугаар захиалгын гэрээ байгуулж худалдан авсан.
3.2. Захиалсан орон сууц, авто зогсоолыг улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн 209/2013 дугаар актаар байнгын ашиглалтад оруулсан тул үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-22............ дугаартай 3 тоот зогсоолыг өөрийн нэр дээр, эрхийн улсын бүртгэлийн Y-22............ дугаартай 4 тоот зогсоолыг өөрийн төрсөн дүү болох Г.Та-ын нэр дээр тус тус бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан боловч өнөөдрийг хүртэл 12 жилийн хугацаанд нэг ч өдөр авто зогсоолоо ашиглаж чадаагүй болно. Гэвч өнөөдрийг хүртэл авто зогсоолын төлбөрийг төлсөөр ирсэн болно.
3.3. Нэхэмжлэгч Д.У- нь “Эн” ХХК-тай 2011 оны 12 дугаар сарын 13-ний өдөр 10/12-24 дугаартай захилгын гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Г.Ту- захиалгын гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч нь захиалгын гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгчийн захиалсан В5, В6 тоот авто зогсоолууд нь гуравдагч этгээд Г.Ту- болон Г.Та- нарын 3 болон 4 тоот авто зогсоолтой давхацсан зүйл хэрэгт авагдсан авто зогсоолуудын зургаар тогтоогдоогүй. Тодруулбал, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн авто зогсоол хоорондоо давхцал байхгүй юм.
3.4. Гэтэл анхан шатны шүүх хэт талыг барьсан дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэнд гуравдагч этгээдийн зүгээс гомдолтой байгаа болно. Үүнд:
3.5. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 1 дэх хэсгийн хамгийн сүүлд “… “Эн” ХХК-иас захиалгын гэрээгээр зогсоол худалдан авсан иргэдийн жагсаалтад 1, 2 тоот зогсоолыг Д.У-ы нэр дээр улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн ч Д.У- өмчлөх эрхийг бүртгүүлээгүй, одоог хүртэл захиалгын гэрээнд заагдсан гэх зогсоолыг бодитоор ашигладаг…” гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийжээ. Учир нь нэхэмжлэгч Д.У- болон “Эн” ХХК-тай байгуулсан захилгын гэрээнд В5, В6 тоот авто зогсоол нь одоогийн 1, 2, 3, 4 тоот авто зогсоолтой давхцаж байгаа түүнчлэн 1, 2, 3, 4 тоот авто зогсоол нь В5, В6 тоот авто зогсоол гэдгийг нотолсон зүйл байхгүй юм.
3.6. Нэхэмжлэгч нар анхан шатны шүүхэд анх гуравдагч этгээд нарын авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Барилга, байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаар актын зоорын давхарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг дахин өөрчлөөгүй болно.
3.7. Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 52 дугаар сургуулийн зүүнд талд байрлах 48 дугаар байрны зоорын давхарт авто зогсоол эзэмшиж байгаа иргэдийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөгдөөгүй байхад гуравдагч этгээд татсан захирамжаа хүчингүй болгосон.
3.8. Анхан шатны шүүх дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчин Барилга, байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаар актын 2.1 “19 автомашины гараж” хэсгийг, улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн зоорын давхрын байгууламжийн зургаар 1, 2, 3, 4 гэж дугаарласан зогсоолд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
3.9. Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс, барилга байгууламжийг барьсан гуравдагч этгээд болох “Эн” ХХК зэрэг холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зөрчсөн эсэх нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан гуравдагч этгээд Г.Ту-, Тамир нарын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-22............ дугаартай 3 тоот зогсоол, эрхийн улсын бүртгэлийн Y-22............ дугаартай 4 тоот зогсоолын гэрчилгээг хүчингүй болгох, уг зогсоолд холбогдох хэсгийг мөн хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзнэ.
3.10. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 5-д “Дараах үндэслэлээр Барилга, байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаар актын 1.1, 2.1 “автомашины граж” хэсгийн 1, 2, 3, 4 тоот зогсоолд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ” гэж дүгнэн илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг нэгдүгээрт хүчингүй болгох шийдвэр гаргасан, хоёрдугаарт Барилга, байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаар актын зоорын давхарт холбогдох хэсгийг илт хууль бус тогтоолгох шаардлага байхад нэхэмжлэлийн шаардлагаас өөр буюу Барилга, байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаар актын 1.1, 2.1 “автомашины граж” хэсгийн 1, 2, 3, 4 тоот зогсоолд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь шударга шүүхээр шүүлгэх гуравдагч этгээдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо.
3.11. Мөн шүүхийн шийдвэрийн 5.7, 5.8-д Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар шалгалт хийгээд “Эн” ХХК-ийн барьсан 48 дугаар барилгын доор 9 автомашиныг байрлуулахад холбогдох дүрэм, улсын стандарт шаардлагыг хангаж байгаа талаар тусгасан байна. Гэтэл бодит байдал тус байрны доор 19 авто машин байршуулахаар Улсын комисс хүлээн авсан Улсын комиссын актын дагуу 17 авто машины зогсоол өмчлөгч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан, тухайн 17 авто машины зогсоол өмчлөгчөөс 18, 19 дугаартай авто машины зогсоол өмчлөгч нарын зогсоол гарах, орох хөдөлгөөнд саад учруулж болзошгүй болох хавтаст хэргийн 57 дугаар талд авагдсан зургаас харагдаж байгаа болно.
3.12. Гэтэл шүүх Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Д.Чимэд-Осорын гудамж, 48 дугаар байрны зоорын давхарт 19 авто машины зогсоолтой улсын комисс хүлээж авсан буруу гэх дүгнэлтийг хийсэн мөртлөө зөвхөн Г.Ту, Г.Та- нарын өмчлөлийн зогсоолд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.
3.13. Учир нь шүүхийн шийдвэрээр Барилга, байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаар актын 1.1, 2.1 “автомашины граж” хэсгийн 1, 2, 3, 4 тоот зогсоолд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснээр шүүхийн шийдвэрийн 5.1-5.24 дахь дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
3.14. Түүнчлэн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Ч-ын гудамж, 48 дугаар байрны зоорын давхарт байрлах авто зогсоолын 1, 2, 3, 4 гэж дугаарласан хэсэгт дахин улсын комисс ажиллах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл шүүхийн энэхүү хууль бус шийдвэрийн улмаас гуравдагч этгээд хохирч нэхэмжлэгч тал хүч түрэн уг зогсоолыг үргэлжлүүлэн хугацаагүйгээр эзэмших боломжийг олгож байна. Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол Ч-ын гудамж, 48 дугаар байрны зоорын давхарт байрлах авто зогсоолын 1, 2, 3, 4 гэж дугаарласан 4 авто машины зогсоолыг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хууль бусаар эзэмшиж байсан ба энэхүү хууль бус үйлдэл өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд Г.Ту, Г.Та- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.У-аас Нийслэлийн хяналт шалгалтын газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан “Барилга, байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаар актын зоорын давхарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, зураг төсөл, стандартад нийцээгүй автозогсоолын өмчлөх эрхийг бүртгэсэн Г.Ту-ын эрхийн улсын бүртгэлийн Ү-22............, Г.Та-ын эрхийн улсын бүртгэлийн Ү-22........... дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... анх 9 автомашины зогсоолтой зураг батлагдсан боловч бодит байдалд 19 автомашины зураг төслөөр барьсан барилгыг комисс хүлээн авч акт гаргасан, уг актыг үндэслэж Улсын бүртгэлийн байгууллага бүртгэл хийсэн байгаа учир энэ нь илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бий болсон” гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх “... Үндэсний архивын газраас барилга байгууламжийн зураг төслийн баримтын архивт байгаа эх хувиас хуулбарлан ирүүлсэн эрх бүхий экспертээр 2010 оны 9 дүгээр сарын 23-нд магадлал хийгдсэн “А” ХХК-ийн боловсруулсан ...10/09 шифртэй 2010 оны ажлын зургийн зоорийн давхрын байгуулалтын зургаар ... 8 машины зогсоол төлөвлөгдсөн ... 19 зогсоолоор төлөвлөсөн зоорийн давхрын байгуулалтын “АВ” гэх ХХК-ийн үйлдсэн гэх зураг нь зохиогчийн зөвшөөрөлгүйн дээр эрх бүхий этгээдээр батлагдаагүй, магадлал хийгдээгүй тул гүйцэтгэлийн зураг гэж үзэхгүй ... хариуцагч улсын комисс батлагдсан, магадлал хийгдсэн зургаар барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах үүрэгтэй ... Хэдий улсын бүртгэлийн байгууллагын илт санаатай буруутай үйл ажиллагаа байхгүй боловч 209/2013 дугаартай актын үндэслэл болсон барилга байгууламжийн зураг төсөл нь эрх зүйн зөрчилтэй байх тул ... улсын бүртгэлийг хүчингүй болгох байж нэхэмжлэгчийн эрх сэргээгдэхээр байна” гэж дүгнэн нэхэмжлэгч Д.У-ы гаргасан “Барилга, байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаар актын зоорын давхарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, зураг төсөл, стандартад нийцээгүй автозогсоолын өмчлөх эрхийг бүртгэсэн Г.Ту-ын эрхийн улсын бүртгэлийн Ү-2206026394, Г.Та-ын эрхийн улсын бүртгэлийн Ү-2206026397 дугаартай бүртгэлийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
3.1. Учир нь, нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гээд гуравдагч этгээд Г.Ту, Г.Та- нарт олгосон 3, 4 тоот автозогсоолыг өмчлүүлсэн бүртгэлийг хүчингүй болгож байж Д.У- миний эрх сэргэнэ” гэж тайлбарлан маргаж байх боловч энэ үндэслэлээр 209/2013 дугаар актын зоорын давхарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, маргаан бүхий улсын бүртгэлүүд хүчингүй болсноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд сэргэх үр дагавар үүсэхгүй юм.
3.2. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий барилгын зоорийн давхрын байгуулалтын “АВ” ХХК-ийн үйлдсэн гэх зураг нь зохиогчийн зөвшөөрөлгүйн дээр эрх бүхий этгээдээр батлагдаагүй, магадлал хийгдээгүй тул гүйцэтгэлийн зургийг улсын комисс хүлээн авч, барилгыг ашиглалтад оруулснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн эрх зөрчигдсөн байх бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Ү-22.............., Ү-22........... дугаартай бүртгэлүүдийг хүчингүй болгосноор тус 19 зогсоолыг эзэмшигчдийн бүгдийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үр дагавартай.
4. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл, маргаанд хамаарах зоорийн давхар бүхий 48 дугаартай барилгыг Хан-Уул дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 52 дугаар сургуулийн зүүн талд “Эн” ХХК барьж, улсын комисс ажиллаж барилгыг бүхэлд нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаар актаар байнгын ашиглалтад хүлээн авсан, нэхэмжлэгч Д.У- В5, В6 тоот зогсоолыг 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10/12-24 дугаартай эд хөрөнгийн захиалгын гэрээгээр 20,000,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг төлсөн, гуравдагч этгээд Г.Ту- 3, 4 тоот зогсоолыг 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 10/11-20а, 10/11-21а дугаартай захиалгын гэрээгээр 20,000,000 төгрөгөөр худалдан авсан, Г.Ту- гуравдагч этгээд Г.Та-т 10/11-21а дугаартай гэрээний зогсоолыг шилжүүлж, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 10/11-21а дугаартай гэрээг шинэчлэн байгуулсан, “Эн” ХХК-иас захиалгын гэрээгээр зогсоол худалдан авсан иргэдийн жагсаалтыг зоорийн давхрын байгуулалтын “АВ” ХХК-ийн үйлдсэн зургийн хамт хүргүүлснээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс 3 тоот зогсоолыг Г.Ту-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-22........... дүгээрт, 4 тоот зогсоолыг Г.Та-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-22........ дугаарт бүртгэсэн үйл баримт тогтоогдож байна.
4.1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна”, 19.4.2-т “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах” гэж зааснаас үзвэл улсын бүртгэгч иргэнээс бүртгэл хийлгэх хүсэлт, холбогдох нотлох баримтыг хүлээн авч улсын бүртгэлд бүртгэх үүрэгтэй.
4.2. Барилгыг байнгын ашиглалтад авсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаар акт гарсан энэ тохиолдолд “Эн” ХХК-иас зоорийн давхрын 19 машины зогсоолд нэг машин ногдох талбайн хэмжээг 13 м.кв хэмжээгээр тооцож автозогсоол захиалгын худалдан авалтын жагсаалтыг хавсарган өмчлөх эрхийн гэрчилгээг олгож өгнө үү гэсэн агуулга бүхий хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад гаргасан бөгөөд автозогсоол захиалагч Г.Ту, Г.Та- нараас гаргасан автозогсоол захиалгын гэрээ, төлбөр тооцоо дууссан талаарх “Эн” ХХК-ийн тодорхойлолт, “АВ” ХХК-ийн үйлдсэн 19 машины зогсоол бүхий зоорийн давхрын план зургийг хавсарган автозогсоолыг өмчлөх хүсэлт, мэдүүлгийн дагуу улсын бүртгэлийн байгууллага гуравдагч этгээд Г.Ту, Г.Та- нарт эрхийн улсын бүртгэлийн Ү-22............, Ү-22............ дугаар бүхий гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгийн эрхийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дах хэсэгт “Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно” гэж заасантай нийцжээ.
4.3. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.У- В5, В6 тоот зогсоолыг 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10/12-24 дугаартай эд хөрөнгийн захиалгын гэрээгээр, гуравдагч этгээд Г.Ту- 3, 4 тоот зогсоолыг 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 10/11-20а, 10/11-21а дугаартай захиалгын гэрээгээр худалдан авсан гэрээний хугацаа болон бодит байдалд Г.Ту, Г.Та- нар тухайн зогсоолын өмчлөгчөөр тогтоогдсон байдлаас дүгнэн үзэхэд өмчлөх эрхийн гэрчилгээгүй этгээд бусдын өмчлөлийн автозогсоолыг эзэмших, өмчлөх эрхтэй гэсэн агуулгаар маргаж байгаа нь үндэслэлгүй.
5. Харин “Эн” ХХК-иас захиалгын гэрээгээр зогсоол худалдан авсан иргэдийн жагсаалтад 1, 2 тоот зогсоолыг Д.У-ы нэр дээр улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн ч Д.У- өмчлөх эрхийг бүртгүүлээгүй, одоог хүртэл захиалгын гэрээнд заагдсан гэх зогсоолыг бодитоор ашигладаг боловч гуравдагч этгээд нарын бүртгэлийг хүчингүй болгосноор бодит байдалд нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй байна.
5.1. Учир нь, Барилгыг улсын комисст хүлээлгэж өгсөн “Эн” ХХК-иас Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст автозогсоолыг эрхийн улсын бүртгэлд өмчлөх эрхийг бүртгүүлэхээр эзэмшигчдийн жагсаалтыг 2013 оны 06 дугаар сарын 12-ны 13/06-128 тоотоор хүргүүлэхдээ “АВ” ХХК-ийн боловсруулсан гэх батлагдаагүй, магадлал хийгдээгүй зоорийн давхрын зураг хавсаргасан, уг зургаар 19 автомашин байршуулан зурсан, зогсоолд 1 машинд ноогдох талбайг 13 м.кв-аар тооцсон, жагсаалтад 1, 2 тоот зогсоолын захиалагч Д.У-, 3, 4 тоот зогсоолын захиалагч Г.Ту- тэмдэглэгдсэн, нөгөөтээгүүр, 3, 4 тоот зогсоолын захиалагч Г.Ту, Г.Та- нарт эрхийн улсын бүртгэлийн Ү-22............, Ү-22............ дугаар бүхий гэрчилгээ олгосон нь улсын бүртгэлийн байгууллага хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл болно.
5.2. Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж тайлбарлан маргаж байх боловч энэ үндэслэлээр 209/2013 дугаар актын зоорын давхарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, маргаан бүхий улсын бүртгэлүүд хүчингүй болсоноор тухайн хөрөнгө нь шууд нэхэмжлэгчийн өмчлөл болохгүй, нэхэмжлэгчид өмчлөх эрх үүсэхгүй.
5.3. Өөрөөр хэлбэл, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаартай актаар маргаан бүхий барилгыг байнгын ашиглалтад хүлээж авахдаа батлагдсан зураг төслийг зураг төсөл зохиогчийн дүгнэлтгүй өөрчилсөн, батлагдаагүй, магадлал хийгдээгүй, автозогсоолын стандарт зөрчсөн зургаар зоорийн давхрыг 19 автомашины зогсоолоор хүлээн авсан буюу Барилга, байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаар актын зоорын давхарт холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх захиргааны акт илт хууль бус болох шинжийг агуулах хэдий ч “АВ” ХХК боловсруулсан 19 машины автозогсоол бүхий зоорийн давхрын зургаар бодит байдалд 3-17 тоотуудад эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ олгогдсон, уг зургаар нэхэмжлэгч 1, 2 тоот автозогсоолыг эзэмшиж, гуравдагч этгээд Г.Ту, Г.Та- нар 3, 4 тоот автозогсоолыг өмчилж буй энэ тохиолдолд барилгыг байнгын ашиглалтад авахдаа 19 зогсоолтойгоор хүлээж авсан актыг илт хууль бусад тооцсоноор нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй төдийгүй нэхэмжлэгчээс 3, 4 тоот автозогсоолыг дангаар нэг автомашины зогсоолоор эзэмших эрхтэй гэж маргаж буй нь үндэслэлгүй байна.
5.4. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
6. Харин, нэхэмжлэгч нь маргаан бүхий барилгыг барьж, ашиглалтад оруулсан “Эн” ХХК-иас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэхэд энэхүү магадлал саад болохгүйг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 710 дугаар шийдвэрийн Тогтоох нь: хэсгийн 1 дэх заалтыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.4.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.У-ы нэхэмжлэлийн шаардлагаас Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаартай актын 1.1. Барилга байгууламжийн нэр, байршил, хүчин чадал хэсгийн ...автомашины гараж, 2.1. 19 автомашины гараж хэсгийг, улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн зоорийн давхрын байгууламжийн зургаар 1, 2, 3, 4 гэж дугаарласан зогсоолд холбогдох хэсгийг, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 48 дугаар байрны зоорийн давхрын 3 тоот зогсоолыг Галзагдын Туулын өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-22.........., 4 тоот зогсоолыг Галзагдын Тамирын өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-22............ дугаартай бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаартай актын зоорийн давхрын 5-19 гэж дугаарлагдсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн гуравдагч этгээд Г.Ту, Г.Та- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ