Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2020/00535

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Б.Ц /Регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух, Ж.Б /Регистрийн дугаар: /-д холбогдох

2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Я, хариуцагч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Цшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Цби Ж.Бд 2019 оны 12 дугаар сарын 26-нд миний машинаар 1-р хороолол орчихоод ирье гэж гуйхад нь машинаа өгсөн. Ж.Б нь өөрөө 2 өрөө байр түрээслэж суудаг ба надад хажуу өрөөгөө түрээслүүлэн төлбөрийг 2 сараар авсан Ж.Б нь байрныхаа түрээсийг өгч чадахгүй болсон тул би 1 сар болоод байрнаас нь гарсан, 1 сарын үлдэгдэл түрээс болох 200.000 төгрөгийг буцаан өгөөгүй. Мөн зөвшөөрөлгүй миний машинаар 12 дугаар сарын 26-нд хотоос гарч Эрдэнэт ороод худал шалтаг тоочин 15 хоногийн дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-нд ирсэн бөгөөд би тухайн үед яаралтай ажилтай байсан тул машинаа шууд аваад явсан, маргааш нь буюу 1 дүгээр сарын 11-нд машины эвдрэл нь мэдэгдэж оношлуулахад хроп цоороод гагнасан байдалтай байсан, урд тэвш цөмөрсөн, урд гуперийн доод хэсгүүд эмтэрсэн ба түүнийг хэрж тогтоосон, зүүн урд амаржин далийсан, үрүүлийн аппарат гэмтсэн гэх мэт олон асуудал байсан. Энэ өдрөө машин эвдэрч замын голд зогссон ачилтын машин дуудаж ачуулаад, 1 дүгээр сарын 24-нд өөрийн зардлаар засуулсан засварын нийт зардал 2.300.000 төгрөг болсон тул дээрх үлдэгдэл түрээсийн 200.000 төгрөг болон нийт 2.500.000 төгрөгөөр хохирсон. Хохирлоо бүрэн барагдуулахыг хүсэж нэхэмжлэл гаргав гэжээ.

Машины дугаар 3124 УНУ улсын дугаартай Кiа К5 маркийн 2013 онд үйлдвэрлэсэн 2019 оны 2 сард монголд орж ирээд 6 сард шинээр нь авсан, Ж.Б нь 12 дугаар сарын 26-нд ямар ч асуудалгүй машин авч явсан. Эрдэнэт явах замдаа эвдээд 15 хоногийн хугацаанд хропны доод талийг гагнуулаад эвдэрлийг надад хэлэлгүй нуун дарагдуулсан надад машин засуулсан хохирлын мөнгийг өгнө гэж худал хэлээд одоо болтол нэг ч төгрөг өгөөгүй байгаа тул нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Б миний бие иргэн Ч.Ц-ийн өмчлөлийн КИА-5 маркийн 31-24 УНУ улсын дугаартай авто машиныг авч, Улаанбаатар хотоос Эрдэнэт хот руу зорчих хөдөлгөөн хийсэн. Ж.Б миний би уг зорчих хөдөлгөөн хийх үедээ уг тээврийн хэрэгсэлийг эвдсэн зүйл байхгүй. Би 2019 оны 12 дугаар сарын 26-нд Эрдэнэт хотод ирж уг тээврийн хэрэгсэлийг авто зогсоолд тавьж, 4-8 дугаар байрны гадаа тавьж хөдөлгөөн хийгээгүй, уг машины оронд Приус-20 маркийн 13-60 ОРХ улсын дугаартай автомашин болон хадам аавын машиныг унасан. Одоо болтол унаж байгаа. Уг тээврийн хэрэгсэлийг Эрдэнэт хотод удсан шалтгаан гэвэл эхнэр н.Пагмадулам 9 сартай жирэмсэн байсан тул эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэсэн тул удсан. Тэгээд иргэн Ч.Ц-ийн авто машиныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө Улаанбаатар хотод өөрийн биеэр хүлээлгэж өгсөн. Уг тээврийн хэрэгсэлийг хүлээлгэж өгөхдөө бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй өгсөн. Гэвч 2020 оны 01 дүгээр сарын 11-ний орой иргэн Ч.Ц өөрийн тээврийн хэрэгсэл болох КИА-5 маркийн 31-24 УНУ улсын дугаартай авто машиныг унаж явахдаа өөрөө эвдэлсэн тул төлбөрийг төлөх боломжгүй, харин түрээсийн төлбөр 200,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, маргаж байна.

            Нэхэмжлэгч Ч.Ц нь КИА-5 маркийн 31-24 УНУ улсын дугаартай суудлын автомашиныг 12,000,000 төгрөгөөр 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зээлээр худалдаж авсан болох нь автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээгээр нотлогдож байна.

            Хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн эзэмшлийн КИА-5 маркийн 31-24 УНУ улсын дугаартай суудлын автомашиныг 1-р хороолол орчихоод ирье гэж гуйхад нь нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, машинаа өгч явуулсан байх бөгөөд талуудын хооронд эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ.

КИА-5 маркийн 31-24 УНУ улсын дугаартай суудлын автомашин нь нэхэмжлэгчийн эзэмшлийн автомашин мөн эсэх талаар болон хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл суудлын автомашиныг унаж, замын хөдөлгөөнд оролцсон талаар талууд маргахгүй байна.

            Гэвч хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэхгүй, нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр Улаанбаатар хотоос Орхон аймаг руу явж 15 хоногийн дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод ирж, маргаан бүхий суудлын автомашиныг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн боловч маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тухайн автомашины эвдрэл нь мэдэгдэж нэхэмжлэгч түүнийг оношлуулахад хроп нь цоорч гагнасан, урд тэвш цөмөрсөн, урд гуперийн доод хэсгүүд эмтэрсэн байсан ба түүнийг хэрж тогтоосон, зүүн урд амаржин далийсан, рулийн аппарат гэмтсэн зэрэг байдал тогтоогдсон байна.

             Улмаар автомашин эвдэрч замын голд зогссон тул нэхэмжлэгч нь ачилтын машин дуудаж ачуулан 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн зардлаар засуулсан байх ба, засварын нийт зардал 2,300,000 төгрөг болсон болох нь зарлагын баримт болон тооцооны хуудас, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

            Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэгчийн эвдрэл гэмтэлгүй машиныг авч яван дээрх эвдрэл гэмтлийг  учруулсан болох нь тогтоогдож байх тул хохирол мөн орон сууцны хөлс 200,000 төгрөг нийт 2,500,000 төгрөгийг гаргуулах үндэстэй байна.

             Хариуцагч Ж.Б нь 2 өрөө байр хөлслөн сууж байсан байх ба нэхэмжлэгчид хажуу өрөөгөө хөлслүүлэн төлбөрийг 2 сараар авсан. Хариуцагч нь байрныхаа хөлсийг төлж чадахгүй болсны улмаас нэхэмжлэгч 1 сар болоод байрнаас нь гарсан байх тул 1 сарын үлдэгдэл хөлс болох 200,000 төгрөгийг түүнээс гаргуулах үндэстэй байна. Хариуцагч нь энэ талаар маргаагүй бөгөөд хүлэээн зөвшөөрсөн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1.Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 342 дугаар зүйлийн 342.2-д заасныг баримтлан хариуцагч Ж.Бгаас 2,500,000 төгрөг гаргуулан Ч.Ц-д олгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 54,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                      Б.БЯМБАСҮРЭН