| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/00989/И |
| Дугаар | 1190 |
| Огноо | 2020-04-15 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 1190
2020 оны 04 сарын 15 өдөр Дугаар 102/ШШ2020/01190 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.Оийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А” ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гомбодорж, нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус байгууллагад 2008 онд эмэгтэйчүүдийн эмч, эмэгтэйчүудийн хэт авиа оношилгооны эмчээр ажилд орсноос хойш ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Манай байгууллага дээр Хөдөлмөрийн тухай хууль зөрчдөг асуулал маш их байдаг учраас манай ажилчид нийт ажилчдын хурал хийж намайг 2013 онд ҮЭХ-ны даргаар сонгож, захиргаанд удаа дараа Хөдөлмөрийн тухай хууль зөрчих, захиргааны дарамт үзүүлэх асуудлыг таслан зогсоох гээд хүчин мөхөсдсөн. Үүний нэг жишээ гэвэл Хамтын гэрээ хэлэлцээрээ хийж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Үүнээс хойш дээрх хууль бус асуудал шийдвэрлүүлж чадахгүй байсан учир дахин 2020 оны 1 сард бүх ажилчид нэгдэж ҮЭХ-г албан ёсоор хууль журмын дагуу ажиллуулах хүсэлтээ захиргаа болон эрүүл мэндийн ажилчдын ҮЭХ-нд хүсэлт гаргасан. Ажилчид дотроосоо дарга сонгохоор хүчин мөхөсдөж, дарагдаж байгаа учраас гаднаас хоёрдогч этгээдээр Ачтан эмнэлгийн ҮЭХ-ны даргаар томилж өгөхийг бид төв ҮЭХ-нд хүсэлт тавиад бидний хүсэлтийг хүлээн авч олон жилийн туршлагатай хүнээр дарга томилж бидний ажлыг дэмжсэн. Хууль зөрчилт хэрээс хэтэрсэн тул бүх ажилчдын хурал зарлаад ажилчид нэгдсэн дуу хоолойгоор хууль зөрчилтийг эсэргүүцсэн асуудлыг намайг толгойлсон үндэслэлээр 2020.02.06-ны өдөр гүйцэтгэх захирал, хүний нөөцийн менежер 2 намайг дуудаж 2020.02.11-ний өдрөөс ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас өгөөд тэр өдрөөө ажлаас чөлөөлөх тушаал өгсөн. Манай байгууллага ажилтны үндсэн цалинг дур мэдэн сард 150,000-400,000 төгрөг хүртэл хасдаг, илүү цаг, хүнд хортой нөхцлийн нэмэгдлийг хуулийн дагуу олгодоггүй, 1 хүнээр 2-3 хүний ажил хийлгээд цалингийн нэмэгдэл олгодоггүй, дуртай үедээ ажлаас халдаг, гэнэт халагдсаны тэтгэмж олгодоггүй, ажилд авах зараар ирсэн хүнийг 14 хоног ажиллуулаад ажилд тэнцэхгүй шалтгаанаар халж, тэр хүнд ажил хийсэн өдрийн цалинг олгодоггүй. Эмнэлэг 2020.02.06-ны өдөр нэхэмжлэгчийг 2020.02.11-ний өдрөөс чөлөөллөө гэж мэдэгдэл өгсөн тул халагдсан гэж гомдол гаргасан. Иймд эмэгтэйчүүдийн эмч, эмэгтэйчүүдийн хэт авиа оношилгооны эмчээр ажилд эгүүлэн тогтоох, 2020.02.06-ны өдрөөс хойш шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс хариуцагчийг “А” ХХК-иар сольж нэхэмжлэлийг гардаж авсан, өмнө нь Ачтан клиникийн эмнэлэгийн шүүхэд гаргасан хариу тайлбар хууль зүйн үр дагавар үүсгэхээргүй байх тул “А” ХХК-ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. “А” ХХК-ийн эмнэлэгийн захирлын зөвлөл 2020.02.06-ны өдөр хуралдаж 2020 онд үр, ашиггүй, орлогогүй кабинетийн үйл ажиллагааг яах талаар, сул өрөө тасалгааг түрээслүүлэх талаар хуралдан Эмэгтэйчүүдийн кабинетийн үйл ажиллагааг 02 сарын 11-ний өдрөөр зогсоох, Сул байгаа өрөө тасалгааг түрээслүүлэх шийдвэр гаргасан. Дээрх шийдвэрийн дагуу гүйцэтгэх захиралын 2020.02.06-ны өдрийн 27/20 дугаар Кабинетийн үйл ажиллагааг татан буулгах, зарим кабинетийг түрээслэх тушаал гарч татан буулгаж байгаатай холбогдуулан эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байсан О.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлөмөрийн харилцааг дуусгавар болгохыг хүний нөөцийн Ц.Наранцэцэгт үүрэг болгосон. Ц.Наранцэцэг нь энэхүү үүргийнхээ дагуу 2020.02.06-ны өдөр мэдэгдэх хуудсыг өгсөн. Эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг О.Оийг ажлаас халсан ямар нэг тушаал, шийдвэр огт гараагүй бөгөөд 2020.02.06-ны өдрийн 27/20 дугаар тушаалаар түүнийг ажлаас халсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
О.О нь Ачтан эмнэлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, урамшууллыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр “А” ХХК-иар хариуцагчийг сольсон байна.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ажлаас үндэслэлгүй халагдсан гэж, хариуцагч нь ажлаас халсан ямар нэг тушаал гараагүй тул халсан гэж үзэх үндэслэлгүй гэж тайлбарлан маргалаа.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажилуулж байгаа этгээдийг ажил олгогч гэж, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг ажилтан гэж, 3.1.3-т нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хөдөлмөрийн гэрээ гэж тодорхойлжээ.
Хариуцагч нь эмэгтэйчүүдийн эмчээр ажиллуулахаар 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр О.Отэй хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээний хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн зүйлийн 23.2.2-т заасанд нийцүүлсэн байна.
“А” ХХК-ийн захирлын 2020.01.02-ны өдрийн 01/20 дугаар тушаалаар эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, ажиллах орон тоо, албан тушаалтнуудын нэрсийг баталсан байх бөгөөд тушаалын 2 дахь хавсралтын О.Оийг Амбулаторид эрхлэгчийн орон тоонд, 3 дахь хавсралтын цалингийн фонд хэсэгт нэхэмжлэгчийн эмэгтэйчүүдийн эмчийн цалинг 1,000,000 төгрөгөөр баталжээ.
Хариуцагч байгууллагын Захирлын зөвлөл 2020.02.06-ны өдөр хуралдаж, Эмэгтэйчүүдийн кабинетын үйл ажиллагааг 2020.02.11-ний өдрөөс зогсоохоор шийдвэрлэсний дагуу ажил олгогч нь мөнөдрийн 27/20 дугаар тушаалаар ажилтны ажиллаж байсан кабинетын үйл ажиллагааг татан буулгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42.1-д заасны дагуу О.Отэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохыг Хүний нөөцийн албанд үүрэг болгосон байна.
Ажилтан нь тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гарган, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д байгууллагын нэгж татан буугдсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зохицуулсан ба энэхүү тохиролдолд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар талууд хөдөлмөрийн гэрээний 8.3 дахь заалтаар тохиролцжээ.
Хариуцагч нь ажлаас халсан ямар нэг тушаал гараагүй гэж маргаж байгаа боловч кабинетын үйл ажиллагааг татан буулгаснаар ажилтны ажлын байр үгүй болсон байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан нэхэмжлэгчийг өөр ажилд ажиллуулах үүргээ ажил олгогч биелүүлсэн гэж үзэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Түүнчлэн хариуцагч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохыг Хүний нөөцийн албанд үүрэг болгосноос тушаал гаргаагүй гэж маргаж байгаа ч тухайн байгууллагын Хүний нөөцийн алба нь эрхийн акт гаргах эрх бүхий этгээд биш тул дээрх тушаал гарснаар 2020.02.11-ний өдөр О.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх юм.
Ийнхүү хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй ба тухайн тохиолдолд 2020.02.11-ний өдрөөс ажлаас чөлөөлөхийг 5 хоногийн өмнө буюу 2020.02.06-ны өдөр О.От мэдэгдсэнийг ажил олгогч үүргээ биелүүлсэн гэж үзэхээргүй байна.
Иймд ажил олгогч нь дээрх журмыг хэрэгжүүлэх үүргээ зөрчсөн байх тул О.Оийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар урьд эрхэлж байсан эмэгтэйчүүдийн ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэжээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д заасанд нийцүүлэн нэхэмжлэгчид сүүлийн 3 сард олгогдсон /1,270,000+1,000,000+749,048/ цалингийн дунджаар тооцоход сарын 1,006,349 төгрөг байх тул 1 өдрийн /1,006,349:21,5/ цалин олговорт 46,806 төгрөгийг 51 хоногоор бодож /46,806х51/ нийт 2,387,106 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг ажлаас халаагүй үндэслэлээ түүний өвчтэй байсан хугацааны листний мөнгийг олгож байсан, 2020 оны 3 дугаар сарын цалинг бүтэн олгосон гэж тайлбарлах ч ажиллуулаагүй ажилтны цалин, листний мөнгийг олгосон гэх байдлыг ажлаас халагдаагүй гэж үзэхээргүй байна.
Хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 16.3.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор журамласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д нийцжээ.
Дээрх байдлаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосноор 2020.03.05 болон 2020.03.25-ны өдөр 676,773 төгрөгийг О.От ажлаас халагдсаны тэтгэмж олгосон гэж үзэхээр байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч нөхөн төлөх үүрэгтэй тул баталгаажилт хийхийг даалгалаа.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас хураамжид 53,144 төгрөг гаргуулан орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Оийг “А” ХХК-ийн А эмэгтэйчүүдийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2,387,106 /хоёр сая гурван зуун наян долоон мянга нэг зуун зургаа/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас хураамжид 53,144 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ