Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/109

 

 

2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр                              Дугаар 2023/ШЦТ/...                          Даланзадгад сум

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Хулан,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч О.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт ............ холбогдох ........ дугаартай нэг хавтаст хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн .........суманд төрсөн, 33 настай эрэгтэй, Бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн ......... сумын ......... баг .......... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .......... овгийн ................., регистрийн дугаар .............,

Яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч О.******* нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг ............ тоотод байх хашаанаас иргэн Ц.*******ийн эзэмшлийн Мазда маркийн Famillia-V12 загварын саарал өнгийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 9.000.000 төгрөгийн буюу үлэмж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.*******ын яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай эхнэр ажил дээр ирээд 200.000 төгрөг ав гэж хэлсэн. Би очиж мөнгө аваад гэртээ хоол хүнсний зүйл цуглуулаад ирсэн. Надад 10.000 төгрөг үлдсэн байсан ба түүгээр урд дэлгүүрээсээ 8.500 төгрөгийн үнэтэй архи авсан. Би ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Эхнэрээрээ тэжээлгэж байгаадаа сэтгэл санаагаар унаад архиар сэтгэлээ тайвшруулах гэж архи уусан. Би гаргасан үйлдэлдээ маш их харамсаж байна. Хүн хэзээ ч архиар сэтгэлээ тайвшруулна гэж байдаггүй юм байна. Архи уугаад айлын хашаа руу орж зөвшөөрөлгүй машиныг нь унаж гарч ирсэн гэв.

Хохирогч Р.*******ын мэдүүлэгт: 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн орчимд манай охин Т.******* ...........тоотод байх гэртээ харьсан. Гэрт очиход гэрийн цоожтой хаалгыг эвдээд гэрт хэн нэгэн хүн орж авдар болон бусад эд зүйлсийг маань ухсан байсан. Мөн хашаан дотор байсан Мазда маркийн Famillia-V12 загварын саарал өнгийн ......... улсын дугаартай машиныг хулгайлаад аваад явсан байсан. Уг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш *******ын ******* гэдэг хүний тээврийн хэрэгсэл юм. Харин манай гэрээс ямар нэгэн зүйл хулгайд алдагдаагүй гэхдээ гэрийн хаалганы цоожийг нээгээд хэн нэгэн хүн орсон байсан. Тэр үйлдэлд гомдолтой байна гэжээ. /хавтаст хэргийн 23-24 дэх тал/

Хохирогч Ц.*******ийн мэдүүлэгт: Би Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ******* гэх нэртэй талх, нарын боовны цех ажиллуулдаг. Манайд борлуулагч хийдэг Р.******* гэх залууд миний ........ улсын дугаартай саарал өнгийн  Мазда маркийн Famillia-V12 загварын машин байсан. 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр над руу залгаад миний машиныг хашаанаасаа хулгайд алдсан гэж хэлсэн. Ямар ч гэсэн миний машиныг миний зөвшөөрөлгүй өөр хүн унаж явсан байна. ....Машинаа 9.000.000 төгрөгөөр үнэлж байна гэжээ. /хавтаст хэргийн 28-29 дэх тал/

Гэрч Т.*******ийн мэдүүлэгт: Би 2023 оны 07 дугаар сарын 20-ны 17 цаг 40 минутын орчимд өөрийн гэр болох .......... тоотоос гарсан. Гэрээс гарахдаа хаалгаа цоожлоод, хашааны хаалгаа хаагаад гарсан. Хашаанаас гарах үед улаан өнгийн юүдэнтэй цамцтай, хар өмд пүүзтэй, үл таних хүн хашааны ойролцоо сууж байсан. Тухайн үед нэг их юм бодоогүй. Орой гэртээ эргэж ирэхэд хашааны хаалга нээлттэй хашаанд байсан аавын ажлын машин байгаагүй. Гэрийн хаалга цоожгүй байсан. Надад сэжиглэж байгаа хүн гэвэл намайг гарахад хашааны ойролцоо байсан улаан өнгийн юүдэнтэй цамцтай, хар өмд пүүзтэй тэр хүнийг гэжээ. /хавтаст хэргийн 32-33 дахь тал/

Гэрч Ц.*******ийн мэдүүлэгт: ...Би 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн орчимд гэртээ ирсэн бөгөөд гэрт манай дөрвөн хүүхэд байсан. Тэгээд аав нь хаачсан талаар асуухад эсрэг талын гудамжны баруунаас 3 дахь айлын хашааг онгойлгоод айлын гэрт байсан гэж ярьсан бөгөөд би гэрээс гараад хашааны хаалга нээхэд манай нөхөр болох ******* нь саарал өнгийн Мазда маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар унаад явж байсан би хүүе хаая гээд бараг машины урдуур нь орох шахам байж зогсоосон. Тэгээд машинаас ганцаараа нөхрөө татаж буулгаад энэ хэний машин юм гэж асуухад манай нөхөр энэ машин чиний машин гээд өөдөөс ухаан мэдрэлгүй орилж хашхираад байсан. Тэгээд машиныг эргэж тойроод хартал 72-28 ӨМЭ улсын дугаартай саарал өнгийн Мазда маркийн Famillia гэдэг машин байсан. ....Юүдэнтэй улаан өнгийн малгайтай цамц, хар өнгийн тамирын өмд, Adidas-ийн цагаан канттай хар пүүзтэй байсан гэжээ. /хавтаст хэргийн 36-37 дахь тал/

Шүүгдэгч О.******* нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би болсон зүйлийг сайн санахгүй байна. Тухайн үед архи их уугаад согтоод өөрийн үйлдлээ хянаж чадаагүй. Би өөрийн амьдралдаа сэтгэл гутарсан. Эхнэр маань нялх биетэй байж ганцаараа ажил хийгээд мөнгө олж гэр орноо авч явдаг. Би халтуурын ажил хийсэн ч гэсэн олигтой мөнгө олж чадахгүй гэр бүлээ авч явж чадахгүй байгаадаа сэтгэлээр маш их унасан. Тэгээд сэтгэл санаагаа тайвшруулах гэж архи уусан. Би уг нь архи уугаад байдаггүй. Хааяа цагаан сар, баяр наадмаар ганц нэг лаазтай пиво, ганц хундага архи уудаг. Тэгээд тэр нэг гайтай өдөр архи их уугаад өөрийн үйлдлээ удирдан жолоодож чадахгүй болсон.  Тэгээд согтуу байхдаа уг үйлдлийг хийсэн байсан. Эрүүл байхдаа би хулгайн гэмт хэрэг хийх талаар огт төсөөлж бодож байгаагүй. Тухайн үед яагаад хулгай хийх бодолд автаж уг үйлдлийг хийснээ санахгүй байна. Би урьд өмнө нь хэн нэгний эд зүйлийг эзэнд нь хэлэлгүй авч байгаагүй. Би хулгай хийх болон архи уух согтох зэрэг зүйлд дургүй гэжээ. /хавтаст хэргийн 60-62 дахь тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-14 дэх тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 17-18 дахь тал/

Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 19 дэх тал/

“Хас Үнэлгээ” ХХК-ний хөрөнгө, даатгалын үнэлгээний 2023 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн ....... дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 51-53 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дахь тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 66 дахь тал/

Эд хөрөнгө бүртгэлгүйн лавлагаа /хавтаст хэргийн 67 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 72 дахь тал/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 74 дэх тал/ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.*******ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч О.*******ын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.*******ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч О.*******ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.

Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг,

Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,

Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр  далд авсныг тус тус ойлгохоор тодорхойлсон байдаг.

Шүүгдэгч О.******* нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг ......... тоотод байх хашаанаас иргэн Ц.*******ийн эзэмшлийн Mazda маркийн Famillia-V12 загварын саарал өнгийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 9.000.000 төгрөгийн буюу үлэмж их хэмжээний хохирол учруулсан болох нь Хохирогч Р.******* мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/, хохирогч Ц.*******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,  гэрч Т.*******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/, гэрч Ц.*******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/, шүүгдэгч О.*******ын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 60-62 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-14 дэх тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 17-18 дахь тал/, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 19 дэх тал/, “Хас Үнэлгээ” ХХК-ний хөрөнгө, даатгалын үнэлгээний 2023 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн ..... дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 51-53 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж тодорхойлсон.

Шүүгдэгч О.******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч О.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.*******ийн эд хөрөнгөд 9.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн ...... дугаартай үнэлгээний “Mazda Familia” маркийн автомашин нь 9.000.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-53 дахь тал/-ээр  тогтоогдсон.   

Шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.*******ын хулгайлсан тээврийн хэрэгслийг хохирогч Р.*******, Ц.******* нарт биет байдлаар хүлээлгэсэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 19 дэх тал/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч О.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч О.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч О.******* нь 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг ...........тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 72 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дахь тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 66 дахь тал/, эд хөрөнгө бүртгэлгүйн лавлагаа /хавтаст хэргийн 67 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч О.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Манай үйлчлүүлэгч О.******* нь хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлсөн байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэх,

Шүүгдэгч О.******* “Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байгаа. Эцэг, эх, үр хүүхэд эхнэрийнхээ нэрийг гутааж төвөг учруулсандаа маш их харамсаж байна. Би дахин архи хэрэглэж хэрэгт холбогдохгүй. Эцэг хүнийхээ үүргийг гүйцэтгэж ажил хөдөлмөр эрхэлнэ. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх хуулийн зохицуулалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17  дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэрэгт хамааралтай зохицуулалт юм.

Шүүгдэгч О.*******ад холбогдох хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр  дараах байдлаар шийдвэрлэв.

Шүүгдэгч О.******* нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учруулсан хохирол хор уршгийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно гэж зааснаар  шүүгдэгч О.******* оршин суух газар, ажил, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах шаардлагагүй гэж дүгнэж шийдвэрлэв. 

Шүүгдэгч О.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч О.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .........овогт ............... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/  жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.******* нь оршин суух газар, ажил, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй  зөрчсөн  бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, тэнссэн 1 /нэг/ жилийн  хугацаанд  энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй

5. Шүүгдэгч О.*******ын хулгайлсан Mazda Famillia-V12 загварын ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохирогч Ц.*******т биет байдлаар хүлээлгэн өгсөн болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч О.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч О.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ