Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/95

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн, улсын яллагч Ц.Эрдэнэбат, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын *******,******* гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: ЙГ810*******818/

                                                   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр баг, Бор хошуу гэх газраас хойш 4 км орчимд АО301 дугаартай асфальтан зам дээр улсын дугаартай Приус загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 12.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хамт зорчиж явсан эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...*******тай гэр бүлийн харилцаатай, хамт амьдраад 10 жил болж байна. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Бор хошуу” гэх газраас улсын дугаартай Приус маркийн автомашинтай нөхөр ******* хүүхдийн хамт түлш аваад Есөнзүйл сум руу буцаж яваад “Бор хошуу”-ны тойрог өнгөрөөд машин унасан. Тухайн үед нөхөр *******д хурдан яваад байгаа юм биш үү гэж хэлэхэд ******* дугараагүй. Машин унах шиг болсон. Өөр зүйл санахгүй байна. Миний баруун хөлийн шагай хэсэг хугарсан. Баруун хөлийн өвдөгний доод хэсэгт оёдол тавиулсан, өөр гэмтэл байхгүй. Хүүхдийн нүүр нь шалбарсан. ******* согтууруулах ундаа хэрэглэдэггүй. эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2023 оны өвөл Баян-Өндөр сумаас гэдэг хүнээс авсан. Нэрээ шилжүүлж авч амжаагүй байгаа. Бид нар хамгаалах бүсгүй явсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 тал/,

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би өдөр Эхнэр ****, 3 хүүхэдтэйгээ, замаас 2 хүүхэд суулгаад Өвөрхангай аймгийн Арвайхээрээс гараад Хужирт салдагаас 1 км зайд явж байтал саарал өнгийн приус-20 маркийн машин миний машиныг гүйцэд түрүүлээд 200 метр орчим яваад тухайн машины хойд хэсэг 2 тийшээ шарваад замын хажуу руу онхолдсон. Тухайн үед би 75 км цагийн хурдтай явж байсан. Би урд нь эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан болохоор тухайн тээврийн хэрэгслийг онхолдохыг хараад анхны тусламж үзүүлэх гээд машинаа зогсоогоод зам дээр өнгөрч байсан нэг машиныг зогсоогоод цагдаа түргэн дуудаад өг гэж хэлчихээд уг машинруу очоод жолооч талын хаалгыг татахад хаалга онгойхгүй, жолооны хүрдэн дээр нь эрэгтэй хүн сууж байсан, би тойроод жолоочийн эсрэг талын хаалгыг татсан чинь нэг эмэгтэй, 3 орчим настай эрэгтэй хүүхдийн хамт байхаар нь эхлээд эмэгтэйг дараа нь хүүхдийг буулгаж газар суулгасан. Тэгээд миний санаж байгаагаар эмэгтэйн зүүн хөлийн өвдөгний доод хэсэгт 4-5 см орчим язарсан байсныг боож өгөөд, хүүхдийн баруун чихний орчимд шилний жижиг хэлтэрхийнүүд шигдсэн, хамар амнаас нь цус гарч байхаар нь шилний хэлтэрхийг түүж цэвэрлээд, хамар амны цусыг тогтоочихоод цагдаагийн машин явж байгааг хараад зам руу гүйж гараад зогсоосон. Би тухайн машин дээр очоод хаалгыг нь онгойлгоод харахад жолооны хүрдэн дээр сууж байсан эрэгтэй, хажууд нь сууж явсан эмэгтэй 2 хамгаалах бүс зүүгээгүй байсан. Машины хойд суудал дээр хүүхдийн зориулалтын суудал ч бас байгаагүй. Машин дотор байсан 2 том хүн, 1 хүүхэд гурвуулаа ухаантай байсан, шоконд орчихсон байдалтай жолооч талын хамгаалалтын дэр задарсан байсан. Тухайн үед эмэгтэйг машинаас буулгаад нүүрнийх нь цусыг арчиж байхдаа юу болсон талаар асуусан чинь манай нөхөр нойрмоглоод замын хажуу руу уначихлаа гэсэн, би эмнэлэг, цагдаа дуудчихсан гэсэн чинь яах юм бэ? машин тэрэгтэй мөргөлдчихсөн байгаа биш гэж хэлсэн. Хужирт салдагаас Өвөрхангай талаас 73км гэсэн шон хүртэлх замд хотгор гүдгэр бартаа байхгүй шулуун зам байгаа. Тухайн машин 72км гэсэн шон өнгөрөөд 200м яваад онхолдсон, тухайн машины дугуй хагарсан үгүйг би мэдэхгүй, анзаараагүй юм байна... гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 38-39 тал/,

Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч **** 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №*** дугаартай дүгнэлт “...1. Үзүүлэгч *** биед баруун шилбэний тахилзуур ясны хугарал, тархи доргилт, шилбэнд шарх, зүүн мөр, дал, шуу, бүсэлхий, шилбэ, өвдөгт цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. З. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 77-79 тал/,

Өвөрхангай  аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч **** 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №*** дугаартай дүгнэлт “...1 .Үзүүлэгч **** биед тархи доргилт, баруун гарын бугуй, сарвууны ядам хуруунд шарх, доод уруул, зүүн дал, баруун гуянд цус хуралт, дух, зүүн нүд, хацар, баруун нүдний дээд, доод зовхи, баруун чамархайд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. З. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 85-87 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч ****н 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн №**** дугаартай дүгнэлт “...1 .Шинжилгээнд ирүүлсэн обудтай жолоочийн хойд тал, жолоочийн эсрэг тал, хойд гэсэн тэмдэглэлтэй дугуйнууд нь хийгүй болсон байна. 2. Дээрх гэмтэл нь ослын үед үүсэх боломжтой. З. Хаймар дугуй хийгүй болсон нь ослын үед үүссэн байх боломжтой тул осолд нөлөөлөхгүй. 4. Шинжилгээнд ирүүлсэн дугуйнууд нь хээний хувьд стандарт шаардлага хангаж байна. 5. Асуултад дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 54-56 тал/,

Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн Авто механикийн багш мэргэшсэн инженер **** 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №**** дугаартай дүгнэлт “...1. Тухайн осол нь зам тээврийн осол мөн. Замын Хөдөлгөөний Аюулгүй байдлын тухай хуульд: 3.1.6 “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж, эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” хэлнэ гэж заасан байдаг.

Хоёр. 1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна 80км цагаас хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 94 тал/,

Шинжээч **** 2023 оны *** дугаар сарын 01-ний өдөр өгсөн “...Шарвах нөхцөл үүсэх боломжтой. Шарвалт үүсэхэд замын гадаргуу автомашины хурд, автомашины масс шууд хамааралтай байдаг. 80 км цагаас дээш явж байгаа тээврийн хэрэгсэл хөдөлгөөний чигээ бага зэрэг өөрчлөхөд шарвалт үүсэх боломжтой. Автомашин шарвасны улмаас осол гарсан гэж үзэж байна. *** *** улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь урд хөтлөгчтэй, тэнхлэгт нь шарвалт үүсдэг учир тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой байдаг... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 124 тал/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-10 тал/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хавтаст хэргийн 129-132 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Шүүгдэгч **** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Иймд шүүгдэгч **** авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Хохирогч **** шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд суухгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж хариу мэдэгдсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                             Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

            Прокурорын санал болгож, шүүгдэгч **** хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч **** овогт ****** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                        Бусад асуудлаар:

            Шүүгдэгч торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

            Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

            Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогт ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт ***** 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА