| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2019/02720/И |
| Дугаар | 1245 |
| Огноо | 2020-04-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 1245
2020 оны 04 сарын 20 өдөр Дугаар 102/ШШ2020/01245 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Цийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н/,
Хариуцагч: Н нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 93,600,000 /ерэн гурван сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хандмаа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир, нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2013.08.07-ны өдөр Н.Гантулгаас 3 сарын хугацаатай 70,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр гэрээ байгуулсан боловч нэг ч төгрөг аваагүй юм. Н.Гантулга уг гэрээний 33,000,000 төгрөгийг Д.Нын Хаан банкны 5913063480 тоот дансанд, үлдэгдэл 32,500,000 төгрөгийг С.Ганбатын Хаан банкны 5374076217 тоот дансанд 2013.08.20-ны өдөр шилжүүлсэн байсан. Би бэлнээр болон банкаар, дансаар гүйлгээ хийж бодитоор Н.Гантулга, Д.Н, С.Ганбат нараас 70,000,000 төгрөг аваагүй, ашиглаагүй хэрэглээгүй хирнээ энэхүү зээлийн гэрээний өрөнд орсон. Иргэний хуулийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцохоор, 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заасан. Гэтэл би зээлийг аваагүй М.Нд зээлэхээр тохирсон, тэр Хятадад байхдаа надад удахгүй төлнө гэхээр нь би Н.Гантулгатай төлөхөөр эвлэрч, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.08-ны өдрийн 06959 дугаар захирамж гарч, шийдвэр хүчин төгөлдөр болсон. Би аваагүй, зээлээгүй, хэрэглээгүй мөнгөнөөс болж эхнэр хүүхэд маань салаад явсан. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар миний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 14 хороо, Хандгайтын 15 гудамж, 125б тоотод байрлах 160 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг Н.Гантулгад 2019.10.15-ны өдөр шилжүүлсэн. Иймд М.Н, Д.Н нараас 70,000,000 төгрөгийг гаргуулна. Н.Гантулга нь 93,600,000 төгрөгт миний өмчлөлийн эд хөрөнгийг гүйцэтгэлийн журмаар шилжүүлэн авсан тул 23,600,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Хариуцагч нар авсан зээлээ төлөөгүйн улмаас би Н.Гантулгад зээлийн үүргийн гүйцэтгэлд орон сууцаа алдсан тул хариуцагч нараас энэхүү зээлийн гэрээний хүү алданги 23,600,000 төгрөг, нийт 93,600,000 төгрөгийг Иргэний хуулийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 228.1-д гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй, сэргээх боломжгүй бол мөнгөөр нөхөн төлж болно гэж заасны дагуу зээлийн гэрээний улмаас хохирлыг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 228.1, 229.1-д зааснаар М.Нгаас үндсэн зээлд 46,600,000 төгрөг, хүүний төлбөрт 23,400,000 төгрөг буюу 70,000,000 төгрөг, Д.Наас үндсэн зээлд 15,800,000 төгрөг, хүүнд 7,800,000 төгрөг буюу 23,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Наас шүүхэд гаргасан тайлбартаа: Миний дансаар мөнгө оруулсан гэж нэхэмжилсэн Ц гэж хүнийг танихгүй, мөнгө ороогүй. Миний дансыг ашиглан мөнгө оруулаад буцаагаад 2 хувааж авсан байна гэжээ.
Хариуцагч М.Нгаас шүүхэд гаргасан тайлбартаа: Бидний хооронд ямар 1 гэрээ хэлцэл байгуулагдаагүй, миний бие ч гэрээ байгуулж, түүнээс мөнгө аваагүй тул түүнийг олон жил хохироосон, зээлсэн мөнгөө өгөөгүй гэдэг нь худал зүйл юм. Д.Цтай ямар 1 тохиролцоо хийгээгүй, түүнээс мөнгө аваагүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Д.Ц нь 2013.08.07-ны өдөр 70,000,000 төгрөг зээлж авсан талаараа дурдсан байх бөгөөд зээлийн төлбөр нь 93,600,000 төгрөг болж, уг төлбөртөө барьцаанд тавьсан хөрөнгөө Н.Гантулгад шилжүүлж өгсөн юм байна. Харин ягаад, ямар учраас надаас мөнгө нэхээд байгаа нь ойлгомжгүй, хүнээс авсан мөнгөө ямар шалтгааны улмаас надаар төлүүлэх гээд байгааг миний бие ойлгохгүй байна. Бид мөнгө төгрөг өгөлцөж авалцаагүй, тохиролцоогүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Н зээлийн харилцаанд ороцоогүй, М.Нгийн гуйснаар дансаараа авч буцаагаад Н болон Өсөхбаяр луу шилжүүлсэн. М.Н 65,500,000 төгрөгийг авсан боловч 70,000,000 төгрөгийг зөвшөөрч байна, харин хүү, хохирол төлөхгүй, Д.Нт зээл хамаагүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Д.Ц нь С.Ганбат, Д.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч С.Ганбатыг М.Нгаар сольж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад учирсан хохиролд 23,600,000 гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн, энэ өдрийн хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь М.Нгаас 70,000,000 төгрөг, Д.Наас 23,600,000 төгрөг гаргуулахаар шаардлагыг тодорхойлов.
Д.Ц нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан, Н.Гантулгаас зээл авч М.Нд зээлүүлэхээр амаар тохиролцон 2013.08.07-ны өдөр 3 сарын хугацаатай 70,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлжээ.
Зээлдүүлэгч нь уг гэрээний 33,000,000 төгрөгийг Д.Нын Хаан банкны 5913063480 тоот дансанд, 32,500,000 төгрөгийг С.Ганбатын Хаан банкны 5374076217 тоот дансанд, үлдэх 4,500,000 төгрөгийг М.Нгийн эхнэрийн дансанд 2013.08.20-ны өдөр шилжүүлжээ.
Дээрх зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөнөөр Н.Гантулга нь нэхэмжлэгчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж, М.Нгийн хэлснээр Д.Ц нь Н.Гантулгад 93,600,000 төгрөг төлөхөөр эвлэрч, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.08-ны өдрийн 06959 дугаар шүүгчийн захирамжаар баталсан байна.
Зохигч энэхүү 2013.08.07-ны өдрийн 70,000,000 төгрөгийн зээлийг баталгаажуулан 2017.07.21-ний өдөр гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” байх зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, Н.Гантулгаас М.Нд зээлийг шилжүүлснээр хэлцэл хүчин төгөлдөр болжээ.
Хариуцагч М.Н нь бидний хооронд хэлцэл байгуулагдаагүй, мөнгө аваагүй гэж маргасан ба итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ өдрийн хуралдаан дээр М.Н 70,000,000 төгрөгийг Н.Гантулгаас авснаа зөвшөөрч байх бөгөөд харин хохирлыг хариуцахгүй гэж маргав.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.
Н.Гантулга нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу зээлийг М.Нгийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул шаардах эрхтэй ба хариуцагч М.Н нь зээлийг тохиролцсон хугацаанд буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, 70,000,000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагч М.Нгаас гаргуулан нэхэмжлэгчид олголоо.
Гэрээний дагуу зээлийг төлөх үүргээ М.Н нь биелүүлээгүйгээс Д.Ц нь 93,600,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 14 хороо, Хандгайтын 15 гудамж, 125б тоотод байрлах 160 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг Н.Гантулгад 2019.10.15-ны өдөр шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж заасан ба хариуцагч М.Н нь гэрээгээр хүлээсэн 70,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүйгээс 23,600,000 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учирсан байх тул хариуцагч хохирлыг төлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч Д.Н нь хариуцагч М.Нгийн гуйснаар өөрийн дансаар мөнгийг авч шилжүүлсэн, зээлийг авч ашигласан байдал тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэсгийг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь шаардлагаа 2 хариуцагчид холбогдуулан тодорхойлж байгаа боловч шүүх хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх үүрэгтэй тул хэн үүргийг хариуцахыг хэргийн баримтад үндэслэн шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид /390,000+275,950/ төлсөн 665,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 625,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хураамжид нэхэмжлэлийн үнийн дүнгээс илүү төлөгдсөн 40,000 төгрөгийг мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 93,600,000 /ерэн гурван сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулан, Ц олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас Д.Нт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 665,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 625,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хураамжид нэхэмжлэлийн үнийн дүнгээс илүү төлөгдсөн 40,000 төгрөгийг мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ