Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/00654

 

                                     “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                           иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1159 дүгээр шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 209/МА2022/00013 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарт холбогдох

24,779,109.83 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Давагжамцын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэг, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, хариуцагч нарын өмгөөлөгч П.Батжаргал, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарт холбогдуулж 2017.12.17-ны өдрийн ЗГ4305115017 дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 12,444,895.86 төгрөг, зээлийн хүү 6,775,515.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346,705.55 төгрөг, нийт 19,567,117.20 төгрөг, 2018.12.10-ны өдрийн ЗГ4305124106 дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний үлдэгдэл 3,472,232 төгрөг, зээлийн хүү 1,638,752.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,007.74 төгрөг, нийт 5,184,992.63 төгрөг, нотариатын зардал 27,000 төгрөг, нийт 24,779,109.83 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч  нар эс зөвшөөрч маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1159 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нараас үндсэн зээлийн үлдэгдэл 3,472,232 төгрөг, зээлийн хүү 1,638,752.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,007.74 төгрөг, нийт 5,184,992.63 төгрөг, нотариатын зардал 27,000 төгрөг, нийт 5,211,992.63 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нараас ЗГ4305115017 дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний төлбөр 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 12,444,895.86 төгрөг, зээлийн үндсэн хүү 6,775,515.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346,705.55 төгрөг, нийт 19,567,117.20 төгрөгийг гаргуулах, БГ4305115017 дугаартай ипотекийн гэрээгээр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1310001787 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3-р баг, Ширээ нурууны 18-03 тоот хаягт байршилтай 52 м.кв, 18 м.кв талбайтай хувийн сууц, граж, гүний худаг, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-1310000055 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн нутагт орших 3000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, БГ4305115017/А дугаартай ипотекийн гэрээгээр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1310002041 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3-р баг, Номгон Ширээ нуруу 18 гудамж, 3 тоот 313.4 м.кв, 168.8 м.кв талбайтай хүлэмжийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн өмчлөлийн 84.1 м.кв талбайтай хүнсний ногооны зориулалттай агуулах зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-1310001787 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3-р баг, Ширээ нурууны 18-03 тоот хаягт байршилтай 52 м.кв, 18 м.кв талбайтай хувийн сууц, граж, гүний худаг, улсын бүртгэлийн Г-1310000055 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн нутагт орших 3000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,038.05 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нараас улсын тэмдэгтийн хураамжид 168,542 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д олгож шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 209/МА2022/00013 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1159 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг “..., Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 56.5-д зааснаар нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ4305115017 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нараас зээлийн төлбөрт 969,697 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 18,597,420.02 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, “2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ4305115017 дугаартай ипотекийн гэрээгээр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар баг, Ширээ нурууны 18-3 тоотод байрших, улсын бүртгэлийн Ү-1310001787 дугаартай 52 м.кв талбайтай хувийн сууц, 18 м.кв талбайтай граж, гүний худаг, улсын бүртгэлийн Ү-1310000055 дугаартай 3000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар” гэснийг хасаж, ..., тогтоох хэсгийн 3 дугаар заалтад “... хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нараас “... 168.542 төгрөг” гэснийг “113,857 төгрөг” гэж тус тус өөрчлөн, 1 дэх заалтын зарим хэсгийг болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,985.60 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Давагжамц 2022.04.06-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2022.05.06-ны өдрийн 001/ШХТ2022/00447 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж үзээд гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Давагжамц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.02.25-ны өдрийн 209/МА2022/00013 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

5.1. ... Анхан шатны шүүхээс уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхээр байна. Учир нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нар 2014.11.06-ны өдөр ЗГ4305101159 дугаартай өвлийн хүлэмж барих зориулалтаар, төсөл санхүүжүүлэх гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 37 сарын хугацаатай авсан байна. 2017.11.25-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусаж үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 28,465,877.26 төгрөгийг төлж зээлийг хаасан. Ингэхдээ 2017.12.17-ны өдөр ЗГ4305115017 дугаартай зээлийн гэрээ байгуулж 27,800,000 төгрөгийн зээл авч дээрх зээлийг хаасан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, харин тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохыг ойлгодог бөгөөд уг тохиолдолд тухайн зээлийг авах хүсэл эрмэлзэлтэй буюу зээлдэгч зээл авах хүсэлт гарган, хуульд заасан шаардлагын дагуу холбогдох гэрээнүүдийг байгуулж, үүний дараагаар зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийж байсныг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм.

5.2. Харин давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн буюу хөрөнгө оруулалтын зорилготой буюу тухайн зорилгоо зөрчиж, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах ач холбогдол, нөхцөл бололцоог үгүйсгэсэн үйлдэл болжээ гэж тайлбарласан нь үндэслэлгүй. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нар нь 2017.12.17-ны өдөр ЗГ4305115017 дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулж 27,800,000 төгрөгийн зээлийг жилийн 27,6 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлж авсан. Уг гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл юм. Банк ЗГ4Э05115017 дугаартай зээлийг олгож өмнөх зээл буюу ЗГ4305101159 дугаартай зээлийг хаахад гүйлгээний шийдвэрийг хариуцагч нарын бичгийн хэлбэрээр гаргасан хүсэлтийн дагуу хийсэн байдаг. Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлийн олголтыг зээлдэгчийн дансанд олгосон бөгөөд зээлдэгч нар нь мөн өдрөө нэмж 930,000+20,000=950,000 төгрөг данс руугаа хийж, 28,465,877.26 төгрөгөөр Чингис бондын төслийн зээлээ хаасан. Энэ нь хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулгаар баталгааждаг. ЗГ4305115017 дугаартай зээлийн гэрээ, БГ4305115017, БГ4305115017/А дугаартай барьцааны гэрээ болон гэрээний хавсралт, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуудас бүр дээр хариуцагч нар гарын үсгээ зурж баталгаажуулсан, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан хэлбэрээр зээлийг олгосон хүчин төгөлдөр гэрээнүүд юм. Энэ нь хариуцагч нарын тайлбар, зээлийн дансны хуулга зэргээр нотлогддог. ЗГ4305115017 дугаартай зээлийг авснаас хойш зээлдэгч нар нь зээлийн төлөлтийг төлж байсан ба талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээ биелүүлж байснаар зээлийн гэрээг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгуулсан, мөн гэрээний үүргээ биелүүлж зээлийн төлбөрийг төлж байсан нь уг гэрээг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр байгуулж хийгдсэн гэдгийг нотлох юм. Давж заалдах шатны шүүхээс “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д хөрөнгө оруулалтын зээл нэртэй 27,8 сая төгрөгийн зээл олгосон нь тус компанийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах ач холбогдол, нөхцөл байдлыг үгүйсгэсэн үйлдэл болжээ гэж дүгнэхдээ ямар ч баримтыг үндэслээгүй, талуудын тайлбар шүүх хуралдааны мэтгэлцээнийг үндэслээгүй дүгнэлт болсон. Тухайн зээлийг авснаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн үйл ажиллагаа доголдсон дампуурсан талаар ямар ч баримт байдаггүй, үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа болохоор тийм баримт ч гарахгүй. Харин тариаланч нартай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн учраас зээлээ төлөөгүй, төлөх сонирхолгүй болсон талаараа давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нь хэлсэн, тэмдэглэлд тусгагдсан. 2017.12.27-ны өдөр ЗГ4305115017 дугаартай зээлийн гэрээний агуулга учир холбогдлыг бүрэн ойлгож, гэрээг өөрөө хүсэж байгуулсан байдаг. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь 2017.12.27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу эргэн төлөлтийг 3 жил гаруй хугацаанд хэвийн төлж байгаад 2021 оны 03 дугаар сараас эхлэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн асуудлыг ярьж эхэлсэн учраас банк шүүхэд хандсан. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж заасан.

5.3. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хуулийг дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.  

6. Хариуцагч тал “нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

8. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарт холбогдуулж 2017.12.17-ны өдрийн ЗГ4305115017 дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 12,444,895.86 төгрөг, зээлийн хүү 6,775,515.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346,705.55 төгрөг, нийт 19,567,117.20 төгрөг, 2018.12.10-ны өдрийн ЗГ4305124106 дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний үлдэгдэл 3,472,232 төгрөг, зээлийн хүү 1,638,752.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,007.74 төгрөг, нийт 5,184,992.63 төгрөг, нотариатын зардал 27,000 төгрөг, нийт 24,779,109.83 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

9. Нэхэмжлэгчээс  “... Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нар нь 2017.12.17-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай ЗГ4305115017 дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулж, 27,800,000 төгрөгийн зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн ЗГ4305115017 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах ипотекийн гэрээг байгуулсан. Уг гэрээгээр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн өмчлөлийн ... 52 м.кв, 18 м.кв талбайтай хувийн сууц граж, гүний худаг, ... 3000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ... 313,4 м.кв, 168 м.кв талбайтай хүлэмжийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... 84,1 м.кв талбайтай хүнсний ногооны зориулалттай агуулах зэргийг барьцаалсан... Мөн хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нар нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай 2018.12.10-ны өдрийн ЗГ4305124106 дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг жилийн 25,2 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлж авсан. Тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож, ипотекийн гэрээг байгуулсан ба 2018.12.10-ны өдрийн ЗБ4305124106 дугаартай ипотекийн гэрээгээр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн өмчлөлийн ... 52 м.кв, 18 м.кв талбайтай хувийн сууц граж, гүний худаг, ... 3000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг тус тус барьцаалсан. Хариуцагч нарт зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлээгүй... Иймд зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн нийт төлбөр 24,752,109.83 төгрөг, нотариатын зардал 27,000 төгрөг, нийт 24,779,109.83 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч нар эс зөвшөөрч “... ЗГ4305124106 дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний төлбөр нийт 5,184,992 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин 2017.12.17-ны өдрийн зээлийн төлбөрт нийт 19,567,117 төгрөг нэхэмжилсний зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй... Уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байна. Учир нь №ЗГ4305115017 дугаартай зээлийн гэрээний 2.1.3-т “зээлийн зориулалт, хөрөнгө оруулалт” гэж заасан. Гэтэл уг гэрээний дагуу олгосон 27,800,000 төгрөгийг 2018.01.09-ний өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн дансанд шилжүүлж, тухайн өдрөө тэр даруйд нь 27,465,887 төгрөгийг буцаан татаж, өмнөх 2014 оны 8 хувийн хүүтэй зээлийн үлдэгдэлд суутгаж авсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх үр дагавар үүсэж байна. Иймд 2017 оны №ЗГ4305115017 дугаартай 27,800,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу төлсөн нийт 26,780,270 төгрөг болон 27,800,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, үлдэгдэл 1,019,730 төгрөгийн үндсэн зээлийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн бусад шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

10. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... зохигчийн хооронд 2018.12.10-ны өдөр байгуулагдсан 4305124106 дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д нийцсэн, хүчин төгөлдөр байна, уг гэрээний дагуу нэхэмжлэгч үүргээ биелүүлсэн, харин хариуцагч нар зээлийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул зээлдэгч буюу хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нараас уг гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 3,472,232 төгрөг, хүү 1,638,752.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,007.74 төгрөг, нийт 5,184,992.63 төгрөг, үүн дээр нотариатын зардал 27,000 төгрөг, нийт 5,211,992.63 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Харин талуудын хооронд байгуулагдсан 2017.12.17-ны өдрийн 4305115017 дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний тухайд, жилийн 8 хувийн хүүтэй төслийн зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл болгож, хариуцагч нарт стандарт гэрээний нөхцөл санал болгосон нь зээлийг зээлээр санхүүжүүлсэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж үзэхээр байна, иймд нэхэмжлэгч уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй...” гэсэн агуулгатай дүгнэлтийг хийж, холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

11. Давж заалдах шатны шүүхээс “... Талуудын хооронд 2017.12.17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчсөн” хэлцэл гэж үзэхээр байна. Учир нь гэрээгээр олгогдож буй зээл нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1.3-т зааснаар хөрөнгө оруулалтын зорилготой, гэвч нэхэмжлэгч тухайн зорилгоо зөрчиж, зээлдэгч компанид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах ач холбогдол, нөхцөл бололцоог үгүйсгэсэн үйлдэл болсон. Иймд нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу шаардах эрхгүй... Зээлдэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК 2018.02.05-ны өдрөөс 2021.09.05-ны өдрийг хүртэлх хугацаанд 26,830,303 төгрөг зээлийн эргэн төлөлтөд төлсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар гэрээгээр тохирсон 27,800,000 төгрөгөөс зээлийн төлөлтийг хасаж, үлдэх 969,697 төгрөгийг гаргуулах нь зүйтэй, анхан шатны шүүх талуудын хооронд хийгдсэн тухайн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж зөв дүгнэсэн боловч хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй... Мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухайд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаараа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар баг, Ширээ нурууны 18-3 тоотод байрших “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1310001787 дугаартай 52 м.кв талбайтай хувийн сууц, 18 м.кв талбайтай граж, гүний худаг, улсын бүртгэлийн Ү-1310000055 дугаартай 3000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа шийдвэрийн 2 дахь заалтаараа дээрх нэр бүхий эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байгаа тул зөвтгөх нь зүйтэй...” гэсэн агуулгатай зөрүүтэй дүгнэлтийг хийжээ.

12. Ийнхүү хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан 2017.12.17-ны өдрийн 4305115017 дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээг өөр өөр үндэслэлээр “хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж үзсэн нь алдаатай, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

13. Учир нь, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлсэн хэлцэл” гэдэг нь гэрээний талууд тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийдэг, харин энэхүү хэргийн тухайд талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч нар зээлийг авч зарцуулсан, мөн тодорхой хугацааны туршид эргэн төлөлтийг хийж байсан зэргээс үзвэл тухайн гэрээг “гэрээ хийсэн мэт гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор хийгдсэн” гэж үзэхгүй.

14. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” гэдэгт хуулийн этгээд нь байгуулагдсан болон үйл ажиллагаа эрхлэх болсон үндсэн шаардлага, шалтгаан, оршин тогтнож, үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ач холбогдол, нөхцөл бололцоог үгүйсгэсэн хэлцэл хийхийг ойлгох ба энэ тохиолдолд нэхэмжлэгчээс “хөрөнгө оруулалт”-ын зориулалтаар зээл олгосон, тухайн зээлээр хариуцагч нар өмнөх зээлийн төлбөрөө төлснийг нь нэхэмжлэгч банкийг үйл ажиллагааныхаа зорилгыг зөрчиж хэлцэл хийсэн гэж үзэхгүй юм.

15. Иймд зохигчийн хооронд байгуулагдсан 2017.12.17-ны өдрийн 4305115017 дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д нийцсэн, хүчин төгөлдөр бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч нар 27,800,000 төгрөгийн зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн ба 2020.10.30-ыг хүртэл хугацаанд 26,830,303.03 төгрөгийг эргэн төлсөн, харин үүнээс хойш гэрээний үүргээ биелүүлээгүй, 2021.09.24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 12,444,895.86 төгрөг, зээлийн хүү 6,775,515.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346,705.55 төгрөг, нийт 19,567,117.20 төгрөгийг төлөх үүрэгтэй байх тул   нэхэмжлэгч шаардах эрхтэй.

16. Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талууд мөн өдөр ЗГ4305115017 дугаартай ипотекийн гэрээ байгуулж, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1310001787 дугаартай 52 м.кв талбайтай хувийн сууц, 18 м.кв талбайтай граж, гүний худаг, улсын бүртгэлийн Ү-1310000055 дугаартай 3000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан байх тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, мөн хуулийн 175 дугаар зүйлийн  175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйлийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

17. Иймээс “... анхан болон давж заалдах шатны шүүх 2017.12.17-ны өдрийн 4305115017 дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний талаар хуулийг зөрүүтэй хэрэглэж, буруу дүгнэлт өгсөн... нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй тул уг зээлийн гэрээний үүрэгт нийт 19,567,117.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэр, магадлалд оруулав.

18. Зохигчийн хоорондын 2018.12.10-ны өдрийн 4305124106 дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалд хэргийн оролцогчийн хэн аль нь гомдол гаргаагүй болно.

19. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 209/МА2022/00013 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1159 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нараас нийт 5,211,992.63 төгрөгийг, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нараас нийт 19,567,117.20 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгосугай.” гэж,  2 дахь заалтын “... газрыг...” гэснийг “...газар, БГ4305115017/А дугаартай ипотекийн гэрээгээр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1310002041 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3-р баг, Номгон Ширээ нуруу 18 гудамж, 3 тоот 313.4 м.кв, 168.8 м.кв талбайтай хүлэмжийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн өмчлөлийн 84.1 м.кв талбайтай хүнсний ногооны зориулалттай агуулахыг...” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,038.05 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нараас улсын тэмдэгтийн хураамжид 98,342 төгрөг, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нараас улсын тэмдэгтийн хураамжид 255,786 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,985.70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                                            П.ЗОЛЗАЯА 

                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД