| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 136/2017/0022/э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2017-02-03 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг
Хохирогч С.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ..... дугаартай хэргийг 2017 оны 01 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Н.Д
Шүүгдэгч Н.Д нь давтан үйлдлээр 2016 оны 11 дугээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дэвсгэрт байх хохирогч П.Бын орон байранд нэвтэрч хүрэн өнгийн чулуун хөөрөг /мана/, хөөрөгний даалин зэрэг эд зүйл хулгайлж 260000 төгрөгийн хохирол, 2016 оны 11 сарын 28-ны өдөр .... тоотод оршин суух иргэн Д.Гийн гэрт байхдаа хохирогч С.Гын хромон гутлыг хулгайлж 300000 төгрөгийн, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ... тоотод оршин суух хохирогч С.Чын орон байранд нэвтэрч мөнгөн аяга хулгайлж 250000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2016 оны 11 сарын 18-нд Сайхандулаан сум орсон. Суман дээр очоод айлын гэрээс хөөрөг авсан. Гэрийн хаалганы цоожийг төмрөөр цохиж ороод авдранд байсан даалинтай хөөргийг авсан. Хөөргийг нь авч гараад даалинг нь хаяад Дгэдэг хүнд хөөрөгийг 30000 төгрөгөөр зарсан. Улаан хошууны ард Гийн гэрт ирсэн Гын хромон гутлыг цүнхнээс нь авч цэнхэр дээлтэй хүнд 20000 төгрөгөр зарсан. Улаан хошууны зүүн хойно байдаг айлаас мөнгөн аягыг нь аваад Намын хорооны ломбарданд 40000 төгрөгний барьцаанд тавьсан гэв.“ гэсэн мэдүүлэг,
Хохирогч С.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хромон гутлаа алдсан шүүгдэгчээс 300000 төгрөгийн хохирлоо нэхэмжилнэ гэв.
Хохирогч П.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 18-ны орой 18 цагийн үед Сайншандаас Сайхандулаан суманд гэртээ очиход гэрийн цоож эвдэрчихсэн байсан. Тэгээд гэртээ ороход манай гэрийн авдрыг ухсан байдалтай байсан. Эд зүйлээ бүртгэхэд даалинтай хөөрөг байхгүй байсан” гэсэн мэдүүлэг,
Хохирогч С.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “Улаанбаатар хотоос Сайншанд суманд хамаатны ах Гийн гэрт цүнхтэй хувцастайгаа ирсэн юм. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Гийн гэрт байж байхад орой 23 цагийн орчим Д нь Гийн гэрт ирж хоносон. Өглөө 8 цаг өнгөрч байхад гараад явчихсан. Удалгүй би цүнхээ ухтал 1 жилийн өмнө Улаанбаатар хотын Нарантуул захаас 350000 төгрөгөөр худалдан авсан Орос хромон гутал маань байхгүй байсан” гэсэн мэдүүлэг,
Хохирогч С.Чын мөрдөн байцаалтад өгсөн: “миний хувьд Сайншанд, Замын-Үүд сумын чиглэлд өөрийн эзэмшлийн .... улсын дугаартай SМ 5 маркийн тээврийн хэрэгслээр тээвэр хийж амьдардаг хүн байгаа юм. Би 2016 оны 11 сарын 25- ны үдээс өмнө машинтайгааа хүн тээвэрт Замын-Үүд суманд очиж хүмүүсээ буулгаад, буцаад хүн олоод орой 21 цагийн орчим гэртээ ирэхэд манай эхнэр Б.Б манай гэрт байсан их гарын мөнгөн аяга хулгайд алдагдсан байна гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Г.Дын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 11 сарын 08- ны өдөр 16 цагийн орчим гэртээ байж байхад манай сумын Д гэж дууддаг, Д хүү орж ирээд та хөөөрөг авах уу хямд өгнө гэж хэлсэн. Би уг зарах гэж байгаа хөөргийг үзээд хэдээр зарах гэж байна, хэний хөөрөг вэ гэхэд манай хамаатны хүүхэд надад өрөнд өгсөн юм. 30000 төгрөгөөр зарна мөнгөний хэрэг болоод байна гэж хэлсэн. Би 30000 төгрөгийг өгөөд авсан юм” гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Г.Сийн мөрдөн байцаалтад өгсөн: “миний өөрийн эзэмшлийн Самсунг Эс-2 маркийн цагаан өнгийн 200000 төгрөгийн гар утас, мөн цэнхэр өнгийн Нокиа маркийн 20000 төгрөгийн үнэтэй гар утаснуудыг Д манай гэрээс хулгайлж аваад явчихсан” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “би 2016 оны 11 дүгээр сарын 15- ны өдөр Улаанбаатар хот руу яваад 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ирсэн юм. Тэгэхэд миний төрсөн дүү Г эхнэр Д, охин Т нар байж байсан юм. Г надад хэлэхдээ 2016 оны 11 сарын 27-ны өдөр Д танайд хоносон юм. Тэгээд өглөө гарахдаа миний орос хромон гутлыг аваад явчихсан байна лээ гэж надад хэлсэн гэсэн мэдүүлэг,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13/
Эд зүйлд үнэлгээ хийлгэх тогтоол /хх-ийн 48,50,53,55/
Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49,51,54,56/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27-28/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Д нь давтан үйлдлээр 2016 оны 11 сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутэг дэвсгэрт байх хохирогч П.Бын орон байранд нэвтэрч хүрэн өнгийн чулуун хөөрөг /мана/, хөөрөгний даалин зэрэг эд зүйл хулгайлж 260000 төгрөгийн, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ....И тоотод оршин суух иргэн Д.Гийн гэрт байхдаа хохирогч С.Гын хромон гутлыг хулгайлж 300000 төгрөгийн, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ... тоотод оршин суух хохирогч С.Чын орон байранд нэвтэрч мөнгөн аяга хулгайлж 250000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүхээс бүхэлд нь үнэлсэн дараах нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.
Үүнд: хохирогч С.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Д нь Гийн гэрт ирж хоносон. Өглөө 8 цаг өнгөрч байхад гараад явчихсан. Удалгүй би цүнхээ ухтал 1 жилийн өмнө Улаанбаатар хотын Нарантуул захаас 350000 төгрөгөөр худалдан авсан Орос хромон гутал маань байхгүй байсан” гэсэн мэдүүлэг, Хохирогч П.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “гэртээ ороход манай гэрийн авдрыг ухсан байдалтай байсан. Эд зүйлээ бүртгэхэд даалинтай хөөрөг байхгүй байсан” гэсэн мэдүүлэг, Хохирогч С.Чын мөрдөн байцаалтад өгсөн: “эхнэр Б.Б манай гэрт байсан их гарын мөнгөн аяга хулгайд алдагдсан байна гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Г.Дын мөрдөн байцаалтад өгсөн: “...Д гэж дууддаг, Д хүү орж ирээд та хөөөрөг авах уу хямд өгнө гэж хэлсэн. 30000 төгрөгөөр зарна мөнгөний хэрэг болоод байна гэж хэлсэн. Би 30000 төгрөгийг өгөөд авсан юм” гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Г.Сийн мөрдөн байцаалтад өгсөн: “миний өөрийн эзэмшлийн Самсунг Эс-2 маркийн цагаан өнгийн 200000 төгрөгийн гар утас, мөн цэнхэр өнгийн Нокиа маркийн 20000 төгрөгийн үнэтэй гар утаснуудыг Д манай гэрээс хулгайлж аваад явчихсан” гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн ...дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Дийг давтан үйлдлээр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Д нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Ашид билгүүн ХХК-ний ... дугаартай үнэлгээгээр хохирогч С.Г, С.Ч нарын эд зүйл болох Орос хромон гутлыг 300000 төгрөгөөр, мөнгөн аягыг 250000 төгрөгөөр тус тус үнэлсэн ба хохирогч нар нь Ашид билгүүн ХХК-ний гаргасан үнэлгээний талаар маргаагүй тул дээрх үнэлгээгээр шүүгдэгч Н.Доос гаргуулан хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогч П.Бын хулгайлагдсан хүрэн өнгийн чулуун хөөргөний даалингийн үнэлгээг үнэлгээний компаний үнэлгээ, хохирогчийн үнэлгээ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт эд зүйлийн талаар мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн хохирогч П.Бын даалингийн үнэлгээг 100000 төгрөгөөр тогтоон шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн иргэний нэхэмжлэгч Г.Дат 30000 төгрөгийг гаргуулан олгож, иргэний нэхэмжлэгч Г.С нь шүүгдэгчээс 80000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэснийг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Дийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараас харахад хамгийн сүүлд Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн ба дээрх ял нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт хамрагдаж байх тул түүнийг урьд ял шийтгэлгүй гэж үзэх үндэслэл болж байна.
Шүүгдэгч Н.Д нь 2016 оны 11 сарын 21-ний өдрөөс 11 сарын 24-ний өдрийг хүртэл 4 хоног, 2016 оны 12 сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 сарын 9-ний өдөр хүртэл нийт 75 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар давтан үйлдлээр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Н.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дид оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дийн цагдан хоригдсон 75 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Доос хохирогч П.Бд 100000 төгрөг, С.Год 300000 төгрөг, С.Чад 250000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Дат 30000 төгрөг гаргуулан олгосугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН