Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 324

 

 

 

 

 

 

2020               3              19                                       2020/ДШМ/324

 

Б.Цт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ууганбаатар,

шүүгдэгч Б.Ц,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор С.Хишигжаргалын бичсэн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Б.Цт холбогдох 1911015491282 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Бын Ц, 1969 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Архангай аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 322 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 189/А дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 19 хоногийг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан;         

Б.Ц нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ... тоотод оршин суух А.Эын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт нэвтэрч, хохирогч А.Сын ТСL загварын 32 инчийн зурагт 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 179.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Бын Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Цт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгд эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор С.Хишигжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх шийтгэх тогтоолын “Тодорхойлох нь” хэсэгт шүүгдэгч Б.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв гэж дүгнэсэн. Гэтэл “ТОГТООХ нь” хэсэгт шүүгдэгч Б.Цт ял оногдуулахдаа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Цт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж хуульд зааснаас доогуур ял оногдуулсан байна. Шүүх шийтгэх тогтоолыг уншин сонсгохдоо шүүгдэгч Б.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял болох 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар дурдсан байх боловч шийтгэх тогтоолд энэ талаар дүгнэж, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсгийг журамлаагүй байна. Шүүх шүүгдэгч Б.Цт холбогдох эрүүгийн хэрэгт шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.8 дахь заалтад заасан ноцтой зөрчлийг гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Б.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Цт холбогдох хэрэгт хяналтын прокурор Н.Булганчимэг яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 78 дугаартай шийтгэх тогтоолоор хэргийг шийдвэрлэсэн. Хяналтын прокурор Н.Булганчимэг жирэмсний амралтаа авсан учраас өнөөдрийн шүүх хуралдаанд миний бие томилолтоор оролцож байна. Дээд шатны прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг шийтгэх тогтоол бичихдээ журамлаагүй. Энэ нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзээд эсэргүүцэл бичсэн. Иймд эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. ...” гэв. 

Шүүгдэгч Б.Ц тус шүүх хуралдаанд нэмж хэлэх тайлбаргүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Цыг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ... тоотод оршин суух А.Эын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Монгол гэрт нэвтэрч, хохирогч А.Сын “TCL” загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 179.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Цыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэн тухайн зүйл, хэсэгт байхгүй ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Мөн шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ” хэсэгт шүүгдэгч Б.Цыг 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн хүлээлгэх талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйлд заасан ялаас доогуур буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчид хүлээлгэсэн ялын үндэслэлийн талаарх дүгнэлтийг тусгах хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Дээд шатны прокурорын эсэргүүцэлд “...Шүүх шийтгэх тогтоолыг уншиж сонсгохдоо шүүгдэгч Б.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамласан боловч шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсэгт ял оногдуулахдаа дээрх зүйл, хэсгийг журамлаагүй...” гэж дурдсан бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэл болон шийтгэх тогтоолд энэ талаар тусгагдаагүй байх тул уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй, эсхүл шүүх хуралдааны тэмдэглэл зөрүүтэй эсэхийг тодруулах боломжгүй байна.

Дээр дурдсан алдаа зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд заасан ноцтой зөрчил байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар алдааг засах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн тул дээд шатны прокурор С.Хишигжаргалын бичсэн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Цт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Цт холбогдох 1911015491282 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Б.Цт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ