| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2024/0505/З |
| Дугаар | 221/МА2026/0083 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2026/0083
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүн: Шүүгч Л.Одбаатар
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан:
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Н.Х
Нэхэмжлэгч: “М” ХХК
Хариуцагч: Байгал орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Нэхэмжлэлийн шаардлага:
“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/529 тушаалыг болон 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/499 дүгээр тушаалын “М” ХХК-ийн ашиглах 25266.9 м.кв талбай бүхий газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 696 дугаар шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, Ц.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2024/0505/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/529 тушаалыг болон 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/499 дүгээр тушаалын “М” ХХК-ийн ашиглах 25266.9 м.кв талбай бүхий газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 696 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/529 дугаартай газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг бүхэлд нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/499 дүгээр тушаалын “М” ХХК-ийн ашиглах 25266.9 м.кв талбай бүхий газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Анхан шатны шуух хуулийг буруу хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт гаргаж чадсангүй гэж үзэж байна.
3.1.1. Нэхэмжлэгч “М” ХХК нь анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/277 дугаар тушаалаар “М” ХХК-д Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын аманд 25266.90 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болсон бөгөөд тухайн газрын газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/529 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5. 40.1.6 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгосон.
3.1.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Газрын төлбөрийг төлөхдөө иргэн, аж ахуйн нэгж нь хугацаанд нь төлөх, бүрэн төлөх гэсэн үүргийг хуулиар хүлээдэг. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заасан. Энэ нь газрын төлбөр төлөгч этгээдийн хэзээ, ямар хэмжээгээр төлөхийг зааж егсөн нарийвчилсан заалт. Гэтэл нэхэмжлэгч компани нь 2022, 2023 оны төлбөрийг цаг тухайд нь төлөөгүй баримтууд хэрэгт авагдсан байдаг. Энэ нь газрын төлбөр төлөгч нь хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй байхад анхан шатны шүүхээс маргаан бүхий акт гарахаас өмнө газрын төлбөрийг төлж үлдэгдэлгүй болсон нь тогтоогдож байна” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн захиргааны байгууллагаас бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгдэж байх үед нэхэмжлэгч нь газрын төлбөрөө төлөөгүй байсан нь баримтаар тогтоогддог. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл бүрдсэн байдаг.
3.1.3. Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан Нэхэмжлэгч нь 2020 онд газар ашиглах эрхтэй болсон байх бөгөөд үүнээс хойш 3 жил өнгөрсөн байхад газар ашиглах эрх олж авсан төслийг хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан. Маргаан бүхий газарт хийсэн газрын үзлэгээр нэхэмжлэгч газраа ашиглаагүй байгаа нь тогтоогдсон.
3.1.4. Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд, олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн тухайн үед цорын ганц хувьцаа эзэмшигчээр байсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөрөнгө оруулалттай компани гэх “Жи” компани байсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “Жи” ХХК болон нэхэмжлэгч “М” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, холбогдох улсын орлогоос тодорхой харагдаж байгааг шүүх харгалзан үзэх нь зүйтэй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 696 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү”,
4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “...Хэргийн үйл баримт болон нотлох баримтуудаар хариуцагчийн маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл болгосон газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан нөхцөл байдалд тогтоогдсонгүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.1.1. Анх Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/277 дугаар тушаалаар “М” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд 4 га газар олгосон байдаг Гэтэл “Д” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосонтой холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэн гурван шатны шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн байдаг. Тус шүүхийн шийдвэртэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/294 дүгээр тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч болох "М” ХХК-д олгосон 4 га газрыг 2.5 га газар болгож багасгасан байдаг.
4.1.2. Гэвч 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи буюу 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу нийт 4 жил 3 сар 7 хоногийн хугацаанд газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ковид буюу цар тахлын нөхцөл байдлын улмаас 2 жил ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн” гэх тайлбар өгдөг. Дээрх цар тахлын хугацааг хасч тооцсон ч, нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тус газрыг 2 жилийн хугацаанд ашиглаагүй болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
4.1.3. Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно” гэж тайлбарласан байдаг.
4.1.4. Нэхэмжлэгч нь анх 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2015/076 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээг байгуулсан байдаг тус гэрээнд гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл байх талаар тусгасан байдаг ба үүнээс хойш гэрээг шинэчлэн байгуулж, хугацаа сунгуулаагүй байдаг. Үүнээс үзвэл, гэрээний хугацаа аль хэдийн дуусгавар болсон, хуанлийн өдрөөр тоолсон ч 2 жилийн хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
4.1.5. Түүнчлэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” А/294 дүгээр тушаалын Тушаах нь хэсгийн 4-т “Газрын төлбөрийн тухай” хуулийн дагуу ноогдуулсан төлбөрийг хугацаанд нь төсөвт төлөх, газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуулийн хугацаанд гаргах, гэрээгээр ашиглаж байгаа газрыг хууль тогтоомжийн хүрээнд байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр, зориулалтын дагуу ашиглах, хэрэв байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулан хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болохыг “М” ХХК-д анхааруулсугай” гэж заасан. Өөрөөр хэлбэл, “Д” ХХК-ийн газар ашиглах эрхтэй сэргэсэнтэй холбогдуулж газрыг 2.5 га болгож багасгасан тул хуульд заасан хугацаандаа газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаж, гэрээгээ шинэчлэх талаар тус тушаалаар мэдэгдсэн байна. Мөн талуудын хооронд байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2015/076 дугаар гэрээний 4 дүгээр зүйлд заасан аж ахуй нэгж байгууллагын эрх, үүргийн 4.8-д “гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол газар ашиглах гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн ашиглахаар гэрчилгээ, гэрээг сунгах хүсэлт гаргах” гэж үүрэг болгон заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч “М” ХХК нь аль 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх хүртэл хугацаанд гэрээ шинэчлэх, газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах талаар нэг ч хүсэлт өгөөгүй байдаг ба нэхэмжлэгч нь гэрээ шинэчлэх, газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ өөрөөс шалтгаалан өгөөгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар нэг ч нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй байдаг.
4.1.6. Мөн, нотлох баримтаар гаргуулсан 1 дүгээр хавтас хэргийн 97 дугаар талд авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” 09/8061 дүгээр албан тоотоос харвал, нэхэмжлэгч “М” ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Байгаль орчны сайдын журмыг тус тус зөрчсөн буюу гурвалсан гэрээ байгуулаагүй, үүргээ биелүүлж ашиглах эрх бүхий газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газар ашиглах эрхийн хугацаагаа сунгуулаагүй, хугацаандаа хүсэлтээ гаргаагүй гэх зөрчил гаргаж, газар ашиглах эрхийг нь цуцлах үндэслэл аль 2020 онд ч байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
4.1.7. Нэхэмжлэгч нь дээрх мэдэгдлээс хойшхи хугацаанд буюу 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гаргасан албан тоотоор газрын төлбөрийн зөрүү тооцуулах, орц, гарцын зөвшөөрөлтэй холбогдуулан гаргасан болохоос газар ашиглах эрхийн хугацаагаа сунгуулж, гэрээг шинэчлэх талаар хүсэлт огт гаргаж байгаагүй байна. Угаас газар ашиглагч буюу нэхэмжлэгч нь энэ талаар хүсэлтээ холбогдох захиргааны байгууллагад гаргаж байгаагүй тул төрийн байгууллагаас газар ашиглах эрхийг сунгаж, гэрээ шинэчлэхгүй нь ойлгомжтой байна. Иймд хариуцагч болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/529 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
4.1.8. Гэтэл анхан шатны шүүхээс “нэхэмжлэгчээс үл шалтгаалах байдлаар түүнд ашиглахаар олгосон 4 га бүхий газрын хэмжээ нь 2.5 га газар болж болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч компаниас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/153, 11 дүгээр сарын 24-ний өдрийн 13, 16, 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14, 12 дугаар сарын 03-ны өдрийн 1/154 тоот албан бичгээр газрын төлбөр тооцуулах, гэрээ шинэчлэх талаар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2021 оны 06 дугаар сарын 02, 09 дүгээр сарын 29-ний өдрийн 14, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 23/01, 5 дугаар сарын 25-ны өдрийн 23/06 тоот албан бичгээр төлбөр тооцон суутгуулах, газрын орох, гарах гарц, замыг шийдвэрлэж, хашаа барих зөвшөөрөл авахаар Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15 тоот албан бичгээр газрын төлбөр тооцуулах тухай удаа дараа албан бичгүүд хүргүүлсэн боловч шийдвэрлүүлж чадаагүй. Үүнээс улбаалан эрхийн гэрчилгээтэй газраа Газрын тухай хууль, эзэмших гэрээний нөхцөл, болзлын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдалд хүрчээ” гэж дүгнэж байгаа ч тухайн үед мөн компанийг төлөөлөх эрхгүй этгээд уг хүсэлтүүдийг гаргаж байсан тул баримтаар үнэлэх нь үндэслэлгүй юм.
4.1.9. Тус анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 4.6-т “... “М” ХХК-иас 2.5 га газарт ногдох газрын төлбөрийг Хан-Уул дүүргийн Газрын албаны /100200100943 тоот дансанд/ 2020, 2021 онд 35,626,470 төгрөг, 2022, 2023 онд 36,384,480 төгрөг тус тус төлсөн маргаан бүхий акт гарах хугацаанд төлбөрийн үлдэгдэл 0 төгрөг байсан болохыг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10-17/70 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна”, тус шийдвэрийн 4.11-д “... Иймд нэхэмжлэгч “М” ХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй... гэх үндэслэлээр хүчингүй болгосон маргаан бүхий акт хуульд нийцээгүй...” гэж тус тус дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.1.10. Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1. 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан. Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл нь "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” юм. Өөрөөр хэлбэл, холбогдох хуулийн шаардлага нь төлбөрөө хуульд заасан хугацаандаа төлсөн байхыг шаардаж байгаа ба “төлбөрөө төлөх”, “төлбөрөө хуульд заасан хугацаандаа төлөх” нь ялгаатай ойлголт юм.
4.1.11. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заасан. Тус зохицуулалтаас үзвэл, газар ашиглагч нь жилийн төлбөрийг 4 тэнцүү хувааж, улиралд ногдох төлбөрөө дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй байна.
4.1.12. 1 дүгээр хавтаст хэргийн 161 хуудаст авагдсан, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №01122-2020/10106 дугаар бүхий газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас харвал, нэхэмжлэгч нь 2020 онд газрын төлбөрт 35,626,472 төгрөг тухайн онд төлөх байсан ба төлсөн төлбөр гэх хэсэгт 0 төгрөг, төлбөрийн үлдэгдэл гэх хэсэгт 35,626,472 төгрөг байна. Цаашлаад 2021 оны газрын төлбөрийн хэсгийг харвал, нөхөн төлбөр, алданги торгууль хэсэгт 20,782,000 төгрөг, тухайн онд төлөх төлбөр хэсэгт 35,626,472 төгрөг, нийт төлөх төлбөр 56,408,474 төгрөг, төлсөн төлбөр хэсэгт 0 төгрөг, төлбөрийн үлдэгдэл 92,034,944 төгрөг, 2022 онд нийт төлөх төлбөр 128,419,424 төгрөг, төлсөн төлбөр 50,570,442 төгрөг, үлдэгдэл төлбөр 77,848,982 төгрөг гэх тус тус тэмдэглэгээтэй байна. Дээрх төлбөрийн үлдэгдлийг 2023 онд төлж үлдэгдэлгүй болсон байна.
4.1.13. Түүнчлэн, нотлох баримтаар гаргуулсан 2 дугаар хавтаст хэргийн 35-47 хуудаст авагдсан төлбөрийн баримтаас харвал, газрын төлбөрөө хуульд заасан хугацаандаа төлөөгүй болох нь харагдаж байна Тухайлбал, нэхэмжлэгч нь 2022 оны 1, 2, 3 дугаар улирлын газрын төлбөрийг тухайн ондоо бус 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн байдаг. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч нь газрын төлбөрөө хуульд заасан хугацаандаа төлөх үүргээ удаа дараа зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2023 оны газрын төлбөрийг мөн адил хуульд заасан хугацаандаа төлөөгүй ба Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/529 дүгээр тушаал гарснаас хойш буюу 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан шилжүүлгийн баримт, банкны дансны хуулгаар нотлогдож байна. Иймд маргаан бүхий захиргааны актын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 гэх үндэслэл нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж дүгнэж байна.
4.1.14. Гэтэл анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэгч төлбөрөө хуульд заасан хугацаандаа төлөх үүргээ биелүүлсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй, 2020, 2021 онд 35,626,470 төгрөг, 2022, 2023 онд 36,384,480 төгрөг тус тус төлсөн маргаан бүхий акт гарах хугацаанд төлбөрийн үлдэгдэл 0 төгрөг байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
4.2. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэлээр явагдсан эсэх талаар дүгнээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд процессын зөрчил үүссэн тухайд:
4.2.1. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “... нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Ш.Гантулгын хувьд захиргааны байгууллагын үйл ажиллагааны хүрээнд эрхийг зөрчсөн актыг мэдмэгцээ удаа дараа шүүхэд хандаж, хүсэл зоригоо илэрхийлж байсан, түүнийг шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийг засаж зөвтгөн дахин хандсан хугацааг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх алдагдсан тохиолдолд оруулан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.2.2. Нэхэмжлэгч болох “М” ХХК нь маргаан бүхий захиргааны акт болох А/529 дүгээр тушаалыг мэдэгдсэнээс хойш буюу 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “газар эзэмших эрх сэргээх тухай” гэх гомдол, 11 дүгээр сарын 21-ний өдөр гомдлын нэмэлт тайлбарыг хариуцагчид тус тус гаргасан байдаг. Тухайн гомдол, нэмэлт тайлбарт компанийн захирал Ш.Г гарын үсэг зурсан болох нь нотлох баримтаар гаргуулсан 128/2024/0085/3 хэргийн индексийн дугаартай 1 дүгээр хавтаст хэргийн 113-118 талд байх нотлох баримтаас харагддаг.
4.2.3. Гэвч тус хавтас хэргийн 15-16 талд авагдсан “М” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нэмэлт, өөрчлөлт агуулга хэсгээс үзвэл 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Q/ гэх БНХАУ-н иргэнийг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн байх ба Ш.Г-ыг гүйцэтгэх захирлаар сонгосон, томилсон талаар тэмдэглэл байхгүй. Мөн тухайн үед Ш.Г гэх хүн тус хуулийн этгээдийг төлөөлөн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар гомдол гаргах эрх олгогдсон талаар итгэмжлэл гэх мэт нэг ч нотлох баримт хавтас хэрэг авагдаагүй байдаг.
4.2.4. Түүнчлэн, нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акттай холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр захиргааны хэрэг үүссэн байдаг. Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргуулсан 128/2024/0085/3 хэргийн индексийн дугаартай 2 дугаар хавтаст хэргийн 131 дүгээр талд байх 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа болон тус хавтас хэргийн 144-150 талд байх нотлох баримт болох 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/11132024/3976 дугаартай шүүгчийн захирамж, 2024 оны 05 сарын 28-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/ШТ2024/0450 дугаартай тогтоолоос Ш.Г нь тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй байсан болох нь тодорхой харагддаг.
4.2.5. Тухайлбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн Үндэслэх хэсэгт “М” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Q-г гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэв” гэсэн бичилттэй байх бөгөөд"... "Ш.Г-ыг гүйпэтгэх захирлаар томилсон гэх шийдвэрт Q, Ш.Г нар гарын үсэг зурсан байх ба эдгээр хүмүүс нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч биш байхын зэрэгцээ Q-аас Ш.Г-д аливаа итгэлжлэл олгогдоогүй байна" гэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолд "... Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Q-г гүйпэтгэх захирлаар томилсныг бүртгэв 2022.05.12 гэсэн бичилттэй, Хур мэдээллийн сангаас авсан лавлагаанд “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Жи ХХК, үүсгэн байгуулагчаар Ш.Г, гүйцэтгэх захирлаар Q нар бүртгэлтэй болох нь тогтоогдож байна....анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна" гэж тус тус тэмдэглэсэн байдаг.
4.2.6. Захиргааны ерөнхий хуулийн 92-99 дүгээр зүйлд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар зохицуулсан ба тус хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, 92.2-т “Энэ хуулийн 92.1-д заасан гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна" гэж тус тус заасан байдаг. Гэтэл Захиргааны ерөнхий хууль болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй буюу “М” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд урьдчилан шийдвэрлэх ажиллагаатай холбогдох гомдол гаргасан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байна.
4.2.7. Нэхэмжлэгч “М” ХХК-иас маргаан бүхий акт болох 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/529 дүгээр тушаалтай холбогдуулан хуульд заасан хугацаанд урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд нэг ч гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй, мөн хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаа хэтэрсэн эсэхтэй холбоотой хугацаа сэргээлгэх хүсэлт ч гаргаж байгаагүй.
4.2.8. Иймд Ш.Г-ын илэрхийлж буй хүсэл зоригийн илэрхийлэл нь “М” ХХК-ийн хүсэл зориг мөн гэж үзэх үндэслэлгүй байх ба угаас төлөөлөх эрхгүй байсан нь маргаан бүхий захиргааны акттай холбогдох урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд гомдол гаргасан гэж үзэх үндэслэлгүй болон урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах хуульд заасан хугацаа хэтэрсэн, процессын зөрчил үүссэн буюу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гэж дүгнэж байна.
4.3. Маргаан бүхий захиргааны актын зарим хууль зүйн үндэслэлийг дүгнээгүй тухайд:,
4.3.1. Маргаан бүхийн захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/529 дүгээр тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн XIV хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн гарсан байдаг.
4.3.2. Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд, олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” гэж заасан.
4.3.3. Гэтэл нэхэмжлэгчийн цорын ганц хувьцаа эзэмшигчээр “Жи” БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани байсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог Түүнчлэн, нэхэмжлэгч “М” ХХК болон “Бл” ХХК нарын "Эх загвар /эскиз/зураг төсөл боловсруулах гэрээ”-ний урьдчилгаа төлбөр болох 16,500,000 төгрөгийг 2023 оны 10 сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс “Жи” ХХК төлсөн, цаашлаад тус газрын төлбөр болон “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын цалинг “Жи” БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниас олгож байсан болох нь 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагддаг.
4.3.4. Үүнтэй холбогдуулан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангаас харвал, “Жи” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр J гэх БНХАУ-ын иргэн, гүйцэтгэх захирлаар Ga гэх БНХАУ-ын иргэн бүртгэлтэй байна Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 8-13 дугаар талд авагдсан нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар болон 2 дугаар хавтаст хэргийн 59 дүгээр талд байх “Жи” гэх БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас үзэхэд тус хоёр компани нь “Улаанбаатар, Сонгинохайрхан, 32-р хороо, 384-р гарам, “Дин” ХХК-ийн байр” гэх нэг хаягт бүртгэлтэй. “Дин” ХХК нь мөн адил БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани байх ба хувьцаа эзэшигчээр Zh, Ch гэх БНХАУ-ын иргэд, гүйцэтгэх захирлаар W P rэх БНХАУ-ын иргэн тус тус бүртгэлтэй байна.
4.3.5. Үүнээс үзэхэд, нэхэмжлэгч нь эдгээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниудтай харилцан хамааралтай буюу Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн тухай хуулийн 33.2-т заасныг зөрчиж, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт олгосон гэх газрыг “М” ХХК-иар дамжуулан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани, БНХАУ-ын иргэн ашиглаж байна гэж үзэх үндэслэлтэй байна.
4.3.6. Эдгээр нотлох баримтуудаас дүгнэвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/529 дүгээр тушаалын үндэслэлээс гадна Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан гадаадын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд газар ашиглуулахыг хориглосон заалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал аль 2022 онд үүссэн байсан тул тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна.
4.3.7. Дээрх үндэслэлтэй холбогдуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 221/ШТ2025/0768 дугаар бүхий тогтоолоор “...гуравдагч этгээдийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/529 дүгээр тушаалын үндэслэлд нэмж оруулахаар шаардаж буй хуулийн зохицуулалт нь маргаан бүхий актын үндэслэлд нэгэнт дурьдагдсан байгаа энэ тохиолдолд шүүх шийдвэрлэх зүйлгүй байна...” гэж дүгнэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангахаас татгалзсан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байдаг.
4.3.8. Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээрх нөхцөл байдал буюу нэхэмжлэгч нь Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал байсан тул маргаан бүхий акт нь хууль ёсны буюу хуулийн үндэслэлтэй талаар тайлбарлаж, холбогдох нотлох баримтыг шинжлэн судалдаг.
4.3.9. Түүнчлэн Ш.Г нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар бүртгэгдсэнээс хойших цаг хугацаанд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Жи” ХХК-иас цалин хөлс авч байгаа, бүхий л төлбөр зардалыг тус компани хариуцаж байгаа үйл баримт нь Ш.Г-ын дансны хуулгаар нотлогддог бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль тогтоомж зөрчигдөх нөхцөл байдал арилаагүй байна.
4.3.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, зохицуулахад оршино” гэж заасан бөгөөд хэдий маргаан бүхий актад уг үндэслэл тусгагдаагүй ч Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль тогтоомж зөрчигдөж байгаа нөхцөл байдал бодитой байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байна.
4.3.11. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.18-д “...гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд, олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” гэж заасныг зөрчин гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулсан хэмээн маргах боловч хариуцагч энэ үндэслэлээр актаа гаргаж чадаагүй.." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлуудад гаргасан хариу тайлбартаа:
5.1. Гуравдагч этгээдээс сайдын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” А/294 дүгээр тушаал гарснаас хойш мөн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/529 дүгээр тушаал хүртэлх хугацаанд буюу 4 жил 3 сар ашиглалтын газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй талаар гомдолд дурдагдсан байна.
5.1.1. Анх нэхэмжлэгчид сайдын 2015 оны А/277 дугаар тушаалаар 4 га газар ашиглах эрхийг олгосонтой холбоотойгоор “Д” ХХК-иас “М” ХХК-д олгосон газар нь манай газартай давхцалтай гэж шүүхэд хандсан. “Д” ХХК-ийн хэрэг маргаанд “М” ХХК нь гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 750 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 52 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 115 дугаар тогтоол шийдвэрээр “М” ХХК-д 4 га газраас 2.5 га газар үлдсэн.
5.1.2. Ингээд сайдын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” А/294 дүгээр тушаалаар шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг биелүүлснээр “М” ХХК нь 4 га газраас 2.5 га газартай үлдсэн. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр бүрэн биелэгдээгүй буюу Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 115 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 52 дугаар магадлалыг хэвээр үлдээсэн бөгөөд магадлалын хянавал хэсгийн 8-д “... өөрөөр хэлбэл нэгэнт газар ашиглуулах шийдвэр гарсан, гэрчилгээ олгосон бол газар ашиглах гэрээ байгуулах нь захиргааны байгууллагын үүрэг юм” гэж дүгнэсэн асуудлаар сайдаас “М” ХХК-тай аливаа байдлаар 2.5 га газартай холбоотойгоор газар ашиглах гэрээ байгуулаагүй.
5.1.3. Түүнчлэн сайдын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” А/294 дүгээр тушаал гарснаас хойш мөн сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/456 дугаар тушаалаар “М” ХХК-ийн цэвэр 2.5 га газрыг 267 м.кв-аар нэмэгдүүлж 25267 м.кв болгож өөрчилсөн бөгөөд өөрчилсөн асуудлаар мөн л газар ашиглах гэрээ байгуулаагүй учир нэхэмжлэгч газар ашиглахтай холбоотойгоор үйл ажиллагаа явуулах бодит бололцоо байхгүй байсан гэж үзэхээр юм.
5.1.4. Хамгийн сүүлд сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/456 дугаар тушаалаас хойш хуульд заасан 2 жилийн хугацааг тоолбол 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр газар ашиглах эрхийг цуцлах боломжтой харагддаг.
5.1.5. Гэвч Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолоор 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэнэ гээд гэж зохицуулж, мөн Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай” 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан.
5.1.6. Уг хөл хорионы улмаас ихэнх иргэд, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулах боломжгүй “хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” гэдэг агуулгаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 23 дугаар тогтоол, 2023 оны 60 дугаар тогтоол, 72 дугаар тогтоол, 2024 оны 76 дугаар тогтоол, 93 дугаар тогтоол, 96 дугаар тогтоол зэргээр энэхүү нөхцөл байдлыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаан”-д хамаарна гэж тайлбарласан.
5.1.7. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан хугацаанаас хойш маргаан бүхий сайдын 2023 оны 09 дүгээр 27-ны өдрийн А/529 дүгээр тушаал гарах хүртэл хуульд заасан “2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэх хугацаа өнгөрөөгүй байна.
5.2. Мөн гомдолдоо “М” ХХК-ийн газар ашиглалтын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2015/076 дугаар гурвалсан гэрээг байгуулсан, гэрээ нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болохоор, үүнээс хойш гэрээний хугацаа аль хэдийн дуусгавар болсон тул 2 жилийн хугацаа дуусгавар болсон гэж дурдаж байна. Энэхүү газар ашиглах гэрээ нь сайдын 2015 оны А/277 дугаар тушаалтай холбоотой буюу 4 га газрын хэмжээнд хийгдсэн гэрээ.
5.2.1. “М” ХХК-д анх олгогдож байсан 4 га газрын хэмжээ нь хэрэгт авагдсан баримтаар гурван ч удаа өөрчлөгдсөн асуудал байдаг. Өөрөөр хэлбэл, 4 га газрын хэмжээ гурван шатны шүүхийн шийдвэр /25000 м.кв/ болон сайдаас /25267 м.кв/, Улсын Их Хурлын тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2023 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 198 дугаар тогтоолоор батлагдсан “Нисэх яармаг орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөө”-ний авто замын трасст өртсөнөөр /21000 м.кв/ гэх зэргээр өөрчлөгдсөн байхад бид 4 га газрын хэмжээгээр газраа ашиглах, түүнтэй холбоотой газрын төлбөр төлөх нь хуульд нийцэхгүй юм. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4.9 дэх хэсэг болон 4.10 дахь хэсгүүдээр маш тодорхой тайлбарласан болно.
5.3. Хэрэгт авагдсан сайдын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” 09/8061 дугаар албан бичгийн дагуу нэг ч хүсэлт өгөөгүй талаар гомдолдоо дурджээ.
5.3.1. Гэтэл хэрэгт авагдсан “М” ХХК-ийн эрх бүхий захиргааны байгууллагад хүргүүлж байсан албан бичгүүдээс тодруулж харвал, нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сараас хойш 10 гаруй албан бичиг хүргүүлсэн байхаас гадна, хариуцагчаас аливаа байдлаар шийдвэрлэсэн хариу өгөөгүй буюу гомдолд дурдсан сайдын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” 09/8061 дугаар албан бичиг хэрэгжээгүй байна.
5.3.2. Илэрхийлбэл, сайд өөрөө нэг ч удаа “М” ХХК-д хариу өгөөгүй нь тэрээр Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоол, мөн Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай” 66 дугаар тогтоолын хэрэгжилтэд өртсөн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээр байна.
5.4. Мөн гуравдагч этгээдийн гомдолд “Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь заалт”-ыг дурдаж байна.
5.4.1. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “М” ХХК-иас 2.5 га газраа ашиглах үүднээс хандаагүй эрх захиргааны байгууллага гэж байхгүй, удаа дараа газар ашиглах хүсэлтээ илэрхийлж байсан нь бичмэл баримтаар тогтоогддог.
5.4.2. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар ашиглах гэрээг дүүргийн Засаг дарга, Тусгай хамгаалалтын захиргаатай хамтран байгуулахаар зохицуулсан байхад энэ үйлдлийг нэхэмжлэгчээс дан ганцаар гаргасан, өөр бусад эрх бүхий захиргааны байгууллагаас нэхэмжлэгчтэй “гэрээ байгуулах санал” гаргасан удаа байдаггүй юм.
5.5. “Т” ХХК-ийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг хангасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 180 дугаар тогтоол гарснаас хойш гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас маргаан бүхий сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/529 дүгээр тушаал зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр бус Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь заалтыг тухайн цаг үед нэмж гаргах ёстой байсан агуулгаар маргадаг.
5.5.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” гэж заасан.
5.5.2. Анх миний үйлчлүүлэгч “М” ХХК нь бүтээн байгуулалт хийх зорилгоор “Жи” буюу гадаадын хөрөнгө оруулалттай компанийн эрх бүхий албан тушаалтантай уулзаж, мөнгө төгрөг зээлэх талаар хэлэлцээр хийж, “Жи” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны итгэлийг олох зорилгоор компаниа шилжүүлсэн үйл баримт байдаг.
5.5.3. Энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс маргахгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч миний бие тухайн хуулийн зохицуулалтын талаар хууль сайн мэдэхгүй захирал Ш.Гантулгад зөвлөгөө өгч залруулсан асуудал байдаг болно. Уг асуудлыг хэн ч үгүйсгэж маргаагүй.
5.5.4. Хэрэв маргаан бүхий сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/529 дүгээр тушаал гарах цаг хугацаанд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан “Мэдэгдэл”, “Санал хүсэлт авах”, “Сонсох ажиллагаа”, “Шийдвэр гаргах”, “Мэдээлэх” зэрэг ажиллагааг явуулсан бол тухайн цаг үед “М” ХХК-иас хуульд заасан асуудлыг залруулах бүрэн боломжтой байсныг үгүйсгэхгүй, энэ үндэслэлээр мөн акт гарах эсэхэд эргэлзээтэй юм.
5.5.5. Учир нь уг хуулийн зохицуулалтыг “М” ХХК нь санамсаргүй байдлаар зөрчсөн ч уг алдааг залруулж бүртгэхгүй байх нь Хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагатай холбоотой.
5.5.6. Харин уг алдааг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагаас “М” ХХК-ийн хүсэлтэд үндэслэн залруулсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх” зарчимд нийцсэн тул Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагаас мөн хуулийн 16.1.7-д “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах” гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.5.7. Түүнчлэн энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4.18-д “...гэж заасныг зөрчин гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулсан хэмээн маргах боловч хариуцагч энэ үндэслэлээр актаа маргаж маргаагүй” гэх дүгнэлт нь хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн зүйлгүй байна.
5.5.8. Тодруулбал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 20 дугаар тогтоолын Хянавал хэсгийн 16 дахь хэсэгт “Шүүх хэргийн оролцогчдын маргасан захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэхэд дүгнэлт өгөхөөс бус тусгагдаагүй хууль зүйн үндэслэлийг нэмж дэлгэрүүлэх байдлаар захиргааны актыг зөвтгөх боломжгүй” гэж дүгнэсэнтэй нийцсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.
5.6. Гуравдагч этгээд талаас төлбөрөө төлөөгүй гэдэг тул “М” ХХК-ийн төлбөр төлсөн үйл баримтыг товч дурдвал:
5.6.1. “М” ХХК-д анх олгосон 4 га газрын хэмжээ /гурван шатны шүүхийн шийдвэрээр 25000 м.кв/, сайдын 2020 оны А/456 дугаар тушаалаар 25,267 м.кв болгон нэмэгдүүлж/, УИХ-ын тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2023 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 198 дугаар тогтоолоор батлагдсан “Нисэх яармаг орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөө”-ний авто замын трасст өртсөнөөр /21000 м.кв/ гэх зэргээр гурван удаа өөрчлөгдсөн.
5.6.2. Хэдийгээр нэхэмжлэгч ямар газрын хэмжээнд ямар төлбөр төлөх нь ойлгомжгүй байсан ч нэхэмжлэгчээс зүгээс Хан-Уул дүүргийн газрын албаны албан шаардлага, бичгийг үндэслэж /100200100943 тоот дансанд/ дараах төлбөрүүдийг хийсэн.
-2022.05.09-ний өдөр 5,343,971 төгрөг,
-2022.05.09-ний өдөр 3,562,647 төгрөг,
-2022.05.09-ний өдөр 5,343,971 төгрөг,
-2022.05.09-ний өдөр 3,562,647 төгрөг,
-2022.06.22-ны өдөр 5,600,000 төгрөг,
-2022.08.17-ны өдөр 3,562,647 төгрөг,
-2022.08.17-ны өдөр 5,343,971 төгрөг,
-2022.09.26-ны өдөр 14,250,588 төгрөг,
-2022.11.29-ний өдөр 5,343,971 төгрөг,
-2022.12.19-ний өдөр 4,000,000 төгрөг,
-2023.04.20-ны өдөр 2,275,447 төгрөг,
-2023.04.20-ны өдөр 9,096,120 төгрөг,
-2023.04.20-ны өдөр 17,813,171 төгрөг,
-2023.04.20-ны өдөр 9,096,120 төгрөг,
-2023.04.20-ны өдөр 21,375,884 төгрөг, нийт 115,571,155 төгрөг,
Үүн дээр анх А/277 дугаар тушаал буюу 4 га газартай холбоотойгоор 2015 онд төлсөн 20,000,000 төгрөгийг нэмж тооцвол нэхэмжлэгчээс нийтдээ 135,571,155 төгрөг төлсөн байна.
5.6.3. Анх байгуулсан газар ашиглах гурвалсан гэрээний 4.2-д нэгжийн үнийг 1320 төгрөг гэж тодорхойлсон.
Хамгийн сүүлийн сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/456 дугаар тушаалаар 25267 м.кв газраас гэрээнд заасан нэгжийн үнээр үржүүлэхэд нэг жилийн 33,352,440 төгрөг, нэг улирлын 8,338,110 төгрөг байхаар байна.
5.6.4. Харин хэрэгт Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 09-19/483 дугаар албан бичгээр “М” ХХК-ийн газрын төлбөр нь жилд 36,384,480 төгрөг төлөхөөр газрын удирдлагын нэгдсэн системд тооцогдсон талаар шүүхэд мэдүүлсэн байгаа.
5.6.5. Маргаж буй сайдын А/529 дүгээр тушаал 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гарсан. Хамгийн сүүлд газрын хэмжээг сайдаас 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/456 дугаар тушаалаараа 25267 м.кв болгож нэмэгдүүлж өөрчилсөн.
5.6.6. Энэ өөрчлөгдсөн хугацаанаас буюу 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх 3 жилийн газрын төлбөрийг төлбөрийг Газар зохион байгуулалтын албан бичигт дурдсан нэг жилийн төлбөрийг 36,384,480 төгрөгөөр бодоход 3 жилдээ 109,153,440 төгрөг төлөхөөр байгаа.
5.6.7. Сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/456 дугаар тушаал гарсан цагаас мөн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/529 дүгээр тушаал гарах хүртэлх нийт газрын төлбөрийг тооцвол 118,249,560 төгрөг гарч байгаа.
5.6.8. Нэхэмжлэгч газар ашиглах эрхтэй болсноос хойш 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт газрын төлбөрт 135,571,155 төгрөгийг тушаасан. Нийт газрын төлбөрт тушаасан 135,571,155 төгрөгөөс сайдын 2020.05.29-ний өдрийн А/459 дугаар тушаалаас мөн сайд 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/529 дүгээр тушаал хүртэлх хугацаанд төлөх ёстой байсан 118,249,560 төгрөгийг хасвал нэхэмжлэгч 17,321,595 төгрөгийн илүү төлөлттэй байна.
5.6.9. Мөн гуравдагч этгээд болон хариуцагчийн эргэлзээд байгаа төлбөрийн тухайд дурдахад 128/2024/0085/3 дугаар индекстэй хэрэгт Хан-Уул дүүргийн газрын албатай хийсэн тооцоо нийлсэн акт байдаг. Энэ хоёр баримтыг хариуцагч болон гуравдагч этгээдээс харьцуулаагүй буруу дүгнэж байна.
5.6.10. Тус индекстэй хэргийн 45 дугаар хуудсанд авагдсан байгаа 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн огноотой тооцоо нийлсэн актад нэхэмжлэгчийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл газрын төлбөрийн үлдэгдэл 36,384,480 төгрөг гэж тодорхойлсон. Гомдолд нэг жилийн төлбөр төлөөгүй гэж үзсэн байдаг. Хариуцагч ч бас мөн ялгаагүй 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 08/6603 дугаар албан бичгээр мөн адил 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 36,384,480 төгрөгийн үлдэгдэлтэй гэдэг. Гэтэл бодит байдал дээр 45 дугаар талд авагдсан 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тооцоо нийлэхээс өмнө нэхэмжлэгч 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нийт 5 удаагийн газрын төлбөрийн гүйлгээ хийсэн.
-2023.04.20-ны өдөр 2,275,447 төгрөг,
-2023.04.20-ны өдөр 9,096,120 төгрөг,
-2023.04.20-ны өдөр 17,813,171 төгрөг,
-2023.04.20-ны өдөр 9,096,120 төгрөг,
-2023.04.20-ны өдөр 21,375,884 төгрөг, нийт 59,656,742 төгрөгийн төлбөрийг хийсэн. Энэхүү 5-н удаагийн газрын төлбөрийн гүйлгээг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тооцоо нийлсэн актад оруулаагүй нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй, өөрөөр хэлбэл маргаан бүхий сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/529 дүгээр тушаалаас өмнө буюу 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн байна.
5.6.11. Тухайн таван удаагийн газрын төлбөрийг банкаар төлсөн, төлбөрийн шар, ягаан өнгийн банкны баримтуудаа хэрэгт хавсаргаж өгсөн. Банкаар төлсөн төлбөр нь шууд Хан-Уул дүүргийн газрын албаны мэдээллийн санд шууд очдоггүй. Ажлын 2-3 хоногийн зайтай программ дээр шивж оруулдаг.
5.6.12. Өөрөөр хэлбэл, 45 дугаар талд авагдсан 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн огноотой тооцоо нийлсэн актад нэхэмжлэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 59,656,742 төгрөгийн төлбөрийг хасаж тооцоогүй байгаа.
5.6.13. Харин энэ алдаагаа зөвтгөөд 46 дугаар талд авагдсан 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлсэн №01122-2020/10106 тоот акт үйлдэхэд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдэл 0 төгрөг гэж гаргасан байгаа, түүнээс биш маргаан бүхий акт гарсны дараагаар төлсөн зүйл огт байхгүй, энэ нь хэргийн 46 дугаар талд авагдсан тооцоо нийлсэн акт болон 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр таван удаагийн гүйлгээ хийсэн төлбөрийн баримтуудаар тодорхойлогдсон тул газрын төлбөрийн тухайд нэхэмжлэгч зөрчилгүй байна.
5.6.13. Хариуцагч болон гуравдагч этгээдээс хуульд заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг.
5.6.14. Гэтэл нэхэмжлэгч “М” ХХК-тай ашиглалтын газар эрх бүхий байгууллагын шийдвэрүүдээр гурван удаа өөрчлөгдсөн, тухай бүр өөрчлөгдсөн хэмжээгээр гэрээ байгуулах саналаа нэхэмжлэгч дан ганцаар хүргүүлж байсан. Эрх бүхий албан тушаалтнаас буюу Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар ашиглах гэрээг дүүргийн Засаг дарга, Тусгай хамгаалалтын захиргаатай хамтран байгуулахаар зохицуулсан зохицуулалтыг хэрэглээгүй.
5.7. Нэхэмжлэгчээс 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч болон бусад эрх бүхий байгууллагатай “газар ашиглах гэрээг шинэчлэн батлуулах”, “гэрээний хугацааг сунгуулах”, “хашаа барих зөвшөөрөл”, “газрын орох гарах гарц”-ыг шийдвэрлүүлэх зэргээр хүсэлтүүдээ удаа дараа гаргасан бөгөөд энэ хугацаанд газраа ашиглах гээд эрх бүхий хуулийн этгээдүүдтэй газрын хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор эргэлийн цэгийг тухай бүр батлуулж байсан, мөн архитектур төлөвлөлтийн даалгавар, эксиз зураг зэргийг батлуулсан болно.
5.8. Дээрх байдлын талаар үйлчлүүлэгчийнхээ эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс Улсын дээд шүүхийн тогтоолуудыг судлахад Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 273 дугаар тогтоол, энэ хэрэгт авагдсан 2019 оны 115 дугаар тогтоол, 2023 оны 30 дугаар тогтоолуудаар “байгаль орчинд нөлөөлөх ерөнхий, нарийвчилсан үнэлгээ хийлгэж, архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, эргэлтийн цэг батлуулах зэргээр тодорхой бичиг баримт бүрдүүлэх ажиллагаа хийгдэж байсан” зэргийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулах агуулгаар хэрэглэж хуулийг нэг мөр тайлбарласан байна. Эдгээр тогтоолуудад заасан хариуцагч нь Байгаль орчин аялал жуучлалын сайд өөрөө байдаг юм.
Иймд хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/529 дүгээр тушаалыг бүхэлд нь, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглах эрхийн зориулалт өөрчлөх, талбайн хэмжээг нэмэгдүүлэх, нэгж талбарын байршил, солбицол өөрчлөх тухай” А/499 дүгээр тушаалын “М” ХХК-ийн ашиглах 25266.9 м.кв талбай бүхий газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан.
2. Анх Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/277 дугаар тушаалаар ”М” ХХК-д Богдхан уулсын тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын аманд 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгож, 0211881 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгожээ.
3. Үүний дараа шүүхийн шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/294 дүгээр тушаалаар ”М” ХХК-д ашиглалтын 4 га газраас 1.5 га талбайг хэсэгчлэн цуцалж, газрын хэмжээг багасган өөрчилсөн.
4. Мөн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/456 дугаар тушаалаар Газрын кадастрын мэдээллийн санг солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх ажлын хүрээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх ажил хэрэгжсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч ”М” ХХК-д ашиглалтын газрын хэмжээг 25267 м.кв болгон дахин өөрчилсөн байна.
5. Харин маргаан бүхий А/529 дугаар тушаалаар “...Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан XIV хурлаас гарсан шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 922 дугаар албан бичгээр ирүүлсэн санал зэргийг үндэслэн ...газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй зэрэг үндэслэлээр нэхэмжлэгч “М” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ.
6. Дээрх тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчээс маргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 574 дүгээр шийдвэрээр “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 589 дүгээр магадлалаар шийдвэрт хууль хэрэглээний зөвтгөсөн өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
7. Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 434 дүгээр тогтоолоор хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, дээрх шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.
8. Гэвч “Т” ХХК-иас манай компани Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглах эрхийн зориулалт өөрчлөх, талбайн хэмжээг нэмэгдүүлэх, нэгж талбарын байршил, солбицол өөрчлөх тухай” А/499 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд71328 м.кв газар ашиглах эрх авсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 574 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 589 дүгээр магадлалаар “М” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан байсан тушаалыг хүчингүй болгосноор тус компанийн газар ашиглах эрхийг буцаан сэргээх нөхцөл байдал үүссэн, үүнтэй холбоотой “Т” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох нөхцөл байдал бий болжээ. Дээрх шүүхийн шийдвэр гарахаас өмнө манай компани уг газрыг ашиглах эрхтэй болсон байхад биднийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлсөн гэж тайлбарлан дээрх шийдвэр, магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт гаргажээ.
9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 180 дугаар тогтоолоор “...шүүхийн шийдвэр гарсан тухайн цаг хугацаанаас 17 хоногийн өмнө буюу сайдын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/499 дүгээр тушаалаар газрын байршлыг Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны ...хязгаарлалтын бүсэд шилжүүлж, хэмжээг 71328 м.кв болгон нэмэгдүүлж олгосон нь хугацааны хувьд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 574 дүгээр шийдвэр гарахаас өмнө маргаан бүхий газар дээр бусдын газар ашиглах эрх үүссэн нөхцөл байдал бий болсон гэж үзэхээр байна ... “Т” ХХК-ийн хувьд уг маргаан хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж үзэхээр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д ... , эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна гэж зааснаар гуравдагч этгээдийг татан оролцуулалгүйгээр шүүхээс хэргийг хянан шийдвэрлэснийг шүүхийн шийдвэрт нөлөөлөөгүй гэж шууд дүгнэх боломжгүй” гэж дүгнэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 574 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 589 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр анхан шатны шүүхэд хүргүүлжээ.
10. Ийнхүү хэргийг дахин хянан шийдвэрлэх болсонтой холбоотой нэхэмжлэгч “М” ХХК-иас Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглах эрхийн зориулалт өөрчлөх, талбайн хэмжээг нэмэгдүүлэх, нэгж талбарын байршил, солбицол өөрчлөх тухай” А/499 дүгээр тушаалын “М” ХХК-ийн ашиглах 25266.9 м.кв талбай бүхий газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
11. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлуудыг хангахгүй орхин шийдвэрлэв. Үүнд:
11.1. Нэхэмжлэгч “М” ХХК газраа хоёр жилийн хугацаанд ашиглаагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог гэх үндэслэлийн тухайд:
11.1.1. Өмнө нь “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “М” ХХК гуравдагч этгээдээр оролцож байсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 750 дугаар шийдвэрээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 115 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.
11.1.2. Улмаар шүүхийн шийдвэрийг биелүүлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/294 дүгээр тушаалаар “М” ХХК-д олгосон 4 га газраас шүүхийн шийдвэрийн дагуу 1.5 га талбайг хэсэгчлэн цуцалжээ.
11.1.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “М” ХХК-иас дээрх хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр болон газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан А/294 дүгээр тушаалын дагуу газар ашиглах эрх олгосон гэрчилгээнд заасан зориулалтын дагуу аялал жуулчлалын цогцолбор барихаар 2023 онд эх загвар, эскиз зураг төсөл боловсруулах гэрээг “Бл” ХХК-тай байгуулж, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр МЗХ2023/14-016 дугаар бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн Ерөнхий архитектораар батлуулж, дүгнэлт гаргуулахаар Байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэж, газрын төлбөрийг багасгасан хэмжээгээр тооцуулах, анх 4 га газар ашиглах эрх авахдаа төлсөн илүү төлөлтийг дараагийн газрын төлбөрт суутган тооцуулах, газрын солбицлын цэгийг шинэчлэн батлуулах болон газар ашиглах эрхийн гэрээг шинэчлүүлэхээр удаа дараа хүсэлт гаргаж байсан болох нь тогтоогдохын зэрэгцээ Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн ба Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд дээрх нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар байна.
11.1.4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан бөгөөд эрх бүхий этгээд хуулийн энэ үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох энэ тохиолдолд “хүндэтгэн үзэх шалтгаангүй” нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоосон байх шаардлагатай.
11.1.5. Энэ тохиолдолд хариуцагч газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо “хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх”-ийг нягтлан шалгаж, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй, нэхэмжлэгчийн дээрх нөхцөл байдлыг бодитоор үнэлээгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан чиг үүргээ буруу хэрэгжүүлсэн байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
11.1.6. Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасны дагуу нэгэнт газар ашиглуулах шийдвэр гарсан, гэрчилгээ олгосон бол газар ашиглах эрх гэрээ байгуулах нь захиргааны байгууллагын үүрэг байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “газар ашиглах гэрээ байгуулаагүй учир нэхэмжлэгч газар ашиглахтай холбоотойгоор үйл ажиллагаа явуулах бодит бололцоо байхгүй байсан” гэсэн тайлбар үндэслэлтэй.
11.1.7. Иймд ковидын цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулаагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгч “М” ХХК “газраа 2 жил дараалан ашиглаагүй, “Д” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргэсэнтэй холбогдуулж нэхэмжлэгч “М” ХХК-ийн газрыг 2.5 га болгож багасгасан. Ийнхүү газрын хэмжээ багассаны дараа нэхэмжлэгчээс хуульд заасан хугацаанд газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргаж, гэрээгээ шинэчлүүлээгүй. газар ашиглах эрхийн хугацаа сунгуулаагүй, гэрээгээ шинэчлүүлээгүй талаар хүндэтгэн үзэх шалтгаантай гэх баримт хэрэгт байхгүй, газар ашиглах гурвалсан гэрээ байгуулаагүй” гэх давж заалдах гомдлын үндэслэл үгүйсгэгдэж байна.
11.1.8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс удаа дараа гэрээгээ шинэчлүүлэхээр захиргааны байгууллагад хүсэлт илгээж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагчаас уг албан бичгүүдийг үгүйсгэсэн тайлбар болон баримт ирүүлээгүй, түүнчлэн газар ашиглах гэрээ байгуулах үйл ажиллагаа нь зөвхөн нэхэмжлэгчээс шалтгаалахгүй бөгөөд нэгэнт шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газрын хэмжээг багасгасан өөрчлөлт оруулж байгаа энэ тохиолдолд газар ашиглах гэрээг шинэчлэн байгуулах үүрэг захиргаанд мөн хадгалагдахаар байх тул газар ашиглах гурвалсан гэрээ байгуулаагүй үйл баримтад нэхэмжлэгч “М” ХХК-ийг шууд буруутгах боломжгүй.
11.2. Нэхэмжлэгч “М” ХХК газрын төлбөрөө хугацаандаа бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:
11.2.1. Маргаан бүхий актын нэг дэх үндэслэл болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх асуудалд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа нөлөөлжээ.
11.2.2. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ”, 35 дугаар зүйлийн 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 44 дүгээр зүйлийн 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1 - 34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална”, 45 дугаар зүйлийн 45.1-д “Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж; Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 5-д “Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ” гэж тус тус заасан.
11.2.3. Дээрх нэмэлт, өөрчлөлт орсон хуулийн зохицуулалтын дагуу Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас газрын ашиглалтын тухайн жилд ногдох газрын төлбөрийг ногдуулж, Татварын албанд хүргүүлэх бөгөөд Татварын албанаас тухайн ногдуулалтын талаарх мэдээллийг нэхэмжлэгчид цахимаар, эсхүл бусар арга хэрэгслээр мэдэгдэх үүрэгтэй, өөрөөр хэлбэл, төлбөр төлөх үүрэг хуулиар үүсэх хэдий ч холбогдох байгууллагуудаас төлбөрийн нэхэмжлэхийг мэдээллийн системд оруулсны дараа газрын төлбөр төлөх боломж газар эзэмшигч, ашиглагчид нээгдэнэ гэж үзэхээр байна.
11.2.4. Нэхэмжлэгч “М” ХХК нь анх газар ашиглах эрх авснаас хойш “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2015/076 дугаар гэрээг 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргатай байгуулжээ.
11.2.5. Хэдийгээр шүүхийн шийдвэр болон сайдын 2020 оны А/456 дугаар тушаал, Улсын Их Хурлын тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2023 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 198 дугаар тогтоолоор батлагдсан “Нисэх яармаг орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөө”-ний авто замын трасст өртсөн зэрэг шалтгаанаар газрын хэмжээ гурван удаа өөрчлөгдөхөд нэхэмжлэгчээс газрын төлбөрийг хэмжээг тодорхой болгох хүрээнд буюу анх 4 га газар ашиглах эрх авч байхдаа газрын төлбөрт илүү төлсөн төлөлтөө дараагийн төлбөрт суутгах шилжүүлэх, мөн шүүхийн шийдвэрийн дагуу газрын хэмжээ багассантай холбоотой газрын төлбөрийн хэмжээг дахин тодорхойлуулахаар удаа дараа албан бичиг, хүсэлтийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлж байсан боловч түүний хүсэлтийг холбогдох захиргааны байгууллагаас шийдвэрлэж байгаагүй бөгөөд шийдвэрлэж байсан эсэхтэй холбоотой баримтыг хариуцагчаас гаргаж өгөөгүй байна.
11.2.6. Өөрөөр хэлбэл, дээрх “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2015/076 дугаар гэрээ байгуулагдсанаас хойш уг гэрээг сунгасан, дахин байгуулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаас тогтоогдоогүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх 3 жилийн газрын төлбөрийг төлбөрийг Газар зохион байгуулалтын албан бичигт дурдсан нэг жилийн төлбөрийг тооцоход нэхэмжлэгч илүү төлөлттэй байсан” гэх тайлбар үндэслэлтэй байна.
11.2.7. Тодруулбал, “М” ХХК-иас 2.5 га газарт ногдох газрын төлбөрийг Хан-Уул дүүргийн газрын албаны /100200100943 тоот дансанд/ 2020, 2021 онд 35,626,470 төгрөг, 2022, 2023 онд 36,384,480 төгрөг тус тус төлсөн, маргаан бүхий акт гарах хугацаанд төлбөрийн үлдэгдэл 0 төгрөг байсан болохыг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10-17/70 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч “М” ХХК-ийг газрын төлбөрөө төлөөгүй гэж дүгнэх үндэслэлгүй.
11.2.8. Түүнчлэн газрын төлбөр төлөгдөх ажиллагаа нь Газрын алба иргэн, аж ахуйн нэгжийн ашиглаж байгаа газрын төлбөрийг ногдуулж, тодорхой хугацаанд Татварын албанд хүргүүлж, тус албанаас газрын төлбөр ногдуулалтыг газар эзэмшигчид мэдэгдсэний дараа газар ашиглагчийн хувьд тухайн төлбөрийг төлөх боломжтой болох бөгөөд үүний зэрэгцээ гэрээний талууд жил бүр гэрээний биелэлтээ дүгнэх ёстой боловч тухайн тохиолдолд ийм үйл ажиллагааг явуулаагүй, Газрын төлбөрийн тухай хуульд 2019 онд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу Газрын мэдээллийн нэгдсэн сан болон Татварын удирдлагын нэгдсэн системд 2019-2023 оныг хүртэл газрын төлбөрийн хэмжээ тодорхой бус, илүү төлөлтийг хэрхэн шилжүүлэх талаарх хүсэлтийг шийдвэрлээгүйн улмаас нэхэмжлэгчээс газрын төлбөрөө хуульд заасан “газрын жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөөгүй” үйлдэлд захиргааны байгууллагын хоорондын уялдаагүй, буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байх учир газрын төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүй гэж нэхэмжлэгч хуулийн этгээдийг шууд буруутгах боломжгүй юм.
11.2.9. Иймээс хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо нотлох баримт цуглуулах, нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа хийгээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүргээ биелүүлсэн бол хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөх байсан буюу нэхэмжлэгч төлбөрөө хугацаандаа төлөх хүсэлтэй байсан, гагцхүү 2019 оноос хойш газрын төлбөрийн хэмжээ тодорхой бус байсны улмаас улирлын төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор бус татварын албанаас нэхэмжлэх ирсэн даруйд төлж байсныг буруутгахааргүй байна.
11.2.10. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолоор 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн гэж, мөн Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай” 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан үйл баримт нийтэд илэрхий тул 2020-2021 онуудын газрын төлбөр төлөөгүй үйл баримтыг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулах боломжтой.
11.3. Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хуульд заасан үндэслэлээр явагдсан эсэх талаар дүгнээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын зөрчил гаргасан” гэх давж заалдах гомдлын тухайд:,
11.3.1. Анх “М” ХХК-ийг төлөөлж Ш.Г гэх хүн маргаан бүхий акттай холбоотой газар ашиглах эрх сэргээх тухай гомдлыг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан байдаг. Гэвч “М” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний нэмэлт өөрчлөлт хэсгээс үзвэл 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Q гэх БНХАУ-ын иргэнийг захирлаар бүртгэсэн байсан.
11.3.2. Гэвч “М” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22/127 дугаар хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчийн шийдвэрээр Ш.Г-ыг гүйцэтгэх захирлаар томилсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд уг шийдвэр хэрэгт авагдсаны дараа Ш.Г шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байх тул “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Г-ыг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар дээд шатны захиргааны байгууллагад хандсаныг эрхгүй этгээд гомдол гаргасан гэж үзэхгүй.
11.3.3. Өөрөөр хэлбэл, Ш.Г-ын газрын үсэгтэй “М” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 3976 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 450 дугаар тогтоолоор дээрх захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх боловч дээрх тогтоолд “М” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22/127 дугаар хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчийн шийдвэрээр Ш.Г-ыг гүйцэтгэх захирлаар томилсон баримтыг үнэлээгүй болохыг дурдсан байна.
11.3.4. Иймд нэгэнт Монгол их коал” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22/127 дугаар хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчийн шийдвэрээр Ш.Г-ыг гүйцэтгэх захирлаар томилсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
11.4. Нэхэмжлэгчийн цор ганц хувьцаа эзэмшигч нь “Жи” ХХК юм. “М” ХХК болон “Бл” ХХК нарын эх загвар эскиз зураг төсөл боловсруулах гэрээний төлбөр болох 16.5 сая төгрөг болон “М” ХХК-ийн захирлын цалинг “Жи” ХХК төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. “Жи” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Ж гэх БНХАУ-ын иргэн, гүйцэтгэх захирлаар Gа гэх иргэн бүртгэлтэй байна. Энэ нь Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж байгаа тул хэдийгээр энэ үндэслэл А/529 дүгээр тушаалд тусгагдаагүй ч хууль зөрчсөн энэхүү нөхцөл байдал арилаагүй” гэх гомдлын үндэслэлийн тухайд:,
11.4.1. Маргаан бүхий А/529 дүгээр тушаалын үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл бөгөөд шүүх маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянахдаа шүүхэд маргаагүй асуудлаар дүгнэлт өгөх эрхгүй.
11.4.2. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “М” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл байхгүй, нэхэмжлэгчээс үл хамаарах буюу шүүхийн маргаан болон захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас газраа ашиглаж чадаагүй өдийг хүрсэн гэж тайлбарлаж байх энэ тохиолдолд Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” гэж заасан маргааны үндэслэлд хамаарахгүй үндэслэлээр дүгнэлт хийх шаардлагагүй.
11.4.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан бөгөөд шүүх маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэлд хууль хэрэглээний талаар дүгнэлт хийхээс маргааны үндэслэлд хамаарахгүй асуудлаар дүгнэлт хийх нь шаардлагагүй.
11.5. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглах эрхийн зориулалт өөрчлөх, талбайн хэмжээг нэмэгдүүлэх, нэгж талбарын байршил, солбицол өөрчлөх тухай” А/499 дүгээр тушаалын “М” ХХК-ийн ашиглах 25266.9 м.кв талбай бүхий газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
11.5.1. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглах эрхийн зориулалт өөрчлөх, талбайн хэмжээг нэмэгдүүлэх, нэгж талбарын байршил, солбицол өөрчлөх тухай” А/499 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд 71328 м.кв газрыг гуравдагч этгээд “Т” ХХК нь газар ашиглах эрх олгож, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 0243506 дугаар гэрчилгээ олгожээ.
11.5.2. Шүүхээс Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/529 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн тул маргаан бүхий газар гуравдагч этгээдээс түрүүлж газар ашиглах эрх үүссэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх учиртай.
11.6. Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж гомдлуудыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 696 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг үндэслэн хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ