Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 114/ШШ2020/0025

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Хэргийн индекс: 114/2020/0026/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би Дархан-Уул аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Д.Энхтуяагийн дүгнэлттэй Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Хишгээд холбогдох зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Д.Энхтуяагаас шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Тус аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Хишгээ нь Гантулга овогтой Одсүрэн нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д заасны дагуу Монгол Улсын иргэн 25 насанд хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор ... баримт бичиг бүрдүүлж өөрийн биеэр бүртгүүлээгүй гэх бүртгэлийн 1130 дугаартай зөрчлийн гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж холбогдогч Г.Одсүрэнд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 0098498 дугаартай шийтгэлийн хуудсаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 30000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Материалыг хянахад Г.Одсүрэн нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 25 нас хүрснээс хойш 30 хоногийн дотор бичиг баримтаа бүрдүүлж иргэний үнэмлэхээ бүртгүүлээгүй болох нь материалд авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан холбогдогч Г.Одсүрэнд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 20000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах байтал 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30000 төгрөгөөр торгож тухайн зүйл хэсэгт байхгүй торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд тус аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Хишгээгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 30000 төгрөгөөр торгож илтэд хууль бус шийтгэл оногдуулсан 0098498 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Хишгээгээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Т.Одсүрэнгийн 25 насанд хүрсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор иргэний үнэмлэхээ солиулаагүй гэх зөрчлийг илчлэн мэдээлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан боловч 0098498 дугаартай шийтгэлийн хуудсыг бичихдээ 30 нэгж буюу 30 000 төгрөг гэж бичсэн нь үнэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Д.Энхтуяагаас Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Хишгээгийн Гантулгын Одсүрэнд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 0098498 дугаартай шийтгэлийн хуудсаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 30 000 төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Хишгээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх... гэж заасан эрхийнхээ дагуу Дархан-Уул аймгийн Прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд хариуцагч нь Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Энхтуяагийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Д.Энхтуяагийн Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Хишгээгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 0098498 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлтийг хариуцагч Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Хишгээ нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА