Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/116

 

 

2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр                             Дугаар 2023/ШЦТ/                              ******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч О.Батнасан,

          Шүүгдэгч С.*******,

         Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .......... овогт ............... холбогдох ....... тоот эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Одоо “........”-нд тэсэлгээний өрөмчин ажилтай, ам бүл 3, ээж, ахын хамт амьдардаг, Өмнөговь аймгийн ******* сумын ....... дугаар багийн ....... хороолол ....... тоотод оршин суудаг, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3, 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2017 оны Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтөөр 6 жил 4 сарын ял хасагдаж, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, ....... овгийн .........., регистрийн дугаар .......,

 

Шүүгдэгч С.******* нь согтуугаар, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цагийн үед иргэн Н.*******тэй хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж, Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Караоке хаус”-ын гадна Н.*******гийн нүүр, цээжин тус газар нь гараараа цохиж, толгойн хэсэг рүү нь гуталтай хөлөөрөө өшиглөн зодож, толгойн оройн хэсэг хуйх, зүүн хөмсгөнд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би хохирогчийг танихгүй. Караоке хауст таарсан. Тэнд би хүнтэй уулзаж байхад хохирогчийн хамт явж байсан ******* нь манай бага ангийн хүүхэд байж намайг танихгүй байсан. Танай ангийн хүүхэд гэж таниулах гээд уулзаж байхад манай найз чамайг танихгүй байна гэж хэлсэн. Тэгээд маргалдсан. Би цээж, толгой руу нь цохиод толгой руу нь өшиглөсөн. Зүүн хөмсөг нь шалбарсан. Хөнгөн гэмтэл учирсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна  гэв. 

Хохирогч Н.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 09 дүгээр сарын 12-ны орой найз *******гийн хамтаар караоке хаус гэх газарт орж үйлчлүүлсэн. Тэгээд найзын хамтаар гурав гурван шил пиво захиалж уугаад сууж байгаад 23 цагийн үед тооцоогоо хийгээд гарах гэтэл үл таних ******* сумын гэх залуу манай хамт явсан найз *******г таниад хоёулаа хамт бага ангидаа ******* суманд сурдаг байсан таньж байна уу гээд байсан манай найз сайн танихгүй байсан. Тэгсэн нөгөө залуу юм яриад явуулахгүй шалаад байсан. Тэгээд би нилээн удаан хажууд нь зогсож байгаад би тэр залууд наад хүн чинь чамайг танихгүй байна бид явлаа гэхэд надтай маргалдаад миний цээжин хэсэгт цохиод авсан. Тэгээд би найзтайгаа хамт гадаа гарахад хамт шахуу араас гараад ирсэн. Тэгээд тэр залуу би дөнгөж сая шоронгоос гараад ирсэн одоо хүн алчаад шоронд явна гээд миний нүүрэн хэсэг рүү цохисон би арагшаа газарт унасан тэр залуу миний дээрээс дэвссэн би босоод ирэхэд миний харааны шил байхгүй миний зүүн талын хөмсөг язарч цус гарсан байсан. Шилээ хайгаад газраас олоход шилний гар нь хугарчихсан байсан. Тэгсэн нөгөө залуу дахиад намайг өшиглөөд зодоод байхаар нь би зугтаагаад хол очоод өөрийнхөө утсаар намайг хүн зодоод байна гээд цагдаа дуудсан. Утсаар яриад дууссаны дараа тэр залуу араас гүйж ирээд намайг засмал зам дээр унагаж миний толгойны араас өшиглөж намайг зодсон. Тэгээд би тэндээс босож зугтаагаад буцаж караоке руу гүйж ороод толгойноос гоожсон цусаа угаачихаад гараад ирэхэд гадаа цагдаа ирээд нөгөө залууг аваад явчихсан байсан. Тэгээд би эмнэлэг ороод үзүүлэхэд толгой хагарсан байна гээд дагз хэсэгт хоёр оёдол тавьсан. Цусаа тогтоолгож цус тогтоох эм өвчин намдаах эм өгсөн тэрийг нь уугаад гэртээ харьж амарсан. Тухайн үед зүүж явсан миний харааны шил хуучин шил байсан юм. Нэг талын гар нь хуучин цавтай байсан тэр хэсгээрээ хугарсан байсныг нь би өөрөө наагаад янзалсан. Надад харааны шилэндээ үнэлгээ тогтоолгох бас нэхэмжлэх зүйл байхгүй. Надад эмчилгээ хийлгэж эм тариа авсан зүйл байхгүй.... гэжээ./хавтаст хэргийн 7-8, 10 дахь тал/,

Гэрч П.*******ы мэдүүлэгт: “....******* бид караокед ороод захиалсан архи пивоо уугаад дуу дуулаад нилээд суусан юм. Тэгж байхад ******* миний таньдаг хүн явж байна би гарч уулзлаа гээд босоод явсан. Би ганцаараа дуулж суугаад нилээд удсан. *******ыг орж ирэхгүй болохоор нь яасан юм бол гэж санаад тооцоогоо хийчихээд гадаа гарсан чинь цагдаагийн машин ирчихсэн *******ын хажууд зогсож байсан. Ирсэн цагдаагаас нь *******тай хамт яваа хүн нь байна юу болсон гэхэд дуудлагын дагуу явж байна цагдаагийн газар руу *******ыг авч явна гэхээр нь би хамт явж байгаа хүн нь байна хамт явна гээд цагдаагийн газарт ирсэн. Жижүүрийн цагдаа бид хоёрыг үлээлгэдэг багажаар үлээлгээд ар гэрээсээ хүн дуудаж харьж амраад өглөө ирээрэй гэсэн. Надад энд аймагт таних хүн байхгүй болохоор ******* нэг хүн рүү яриад удалгүй дүү нь гээд хүн ирсэн тэгээд бид хоёрыг авч яваад тэр дүүгийнд нь очиж унтаж амраад өглөө нь би хот руу явах унаанд суугаад явсан. Цагдаагийн газраас гараад явж байхад *******аас юу болсон талаар асуухад караокеноос гараад таньдаг хүнтэйгээ уулзаж байхад хамт яваа гээд нэг танихгүй согтуу залуу дургүй хүргээд байхаар нь хэрэлдэж муудалцаад зууралдаж байхад хажууд байсан хүмүүс салгаад тэгээд тэр залуу цагдаа дуудсан юм шиг байна гэж байсан. Бусдаар би *******ыг ямар хүнтэй хэрхэн муудалцсан талаар мэдэхгүй...” гэжээ. /хавтаст хэргийн 18 дахь тал/,

Гэрч Э.*******гийн мэдүүлэгт: “...Тухайн үед амралттай Улаанбаатар хотод гэртээ байж байгаад амралт дуусаад 09 дүгээр сарын 13-нд ажил эхлэх болохоор 12-ны өдөр Өмнөговь аймгийн төвд ирсэн юм. Гадуур хувийн ажлаа амжуулчихаад оюутан цагийн найз ******* рүү утсаар ирчихсэн байна маргааш ажилдаа явна гээд ярьсан. Тэгээд ******* бид хоёр уулзахаар ярилцаад 21 цагийн үед уулзаад караоке хаус гэх газарт орж үйлчлүүлсэн. Тэнд бид хоёр пиво захиалж уугаад юм ярьж сууж байгаад 23 цаг өнгөрч байхад тооцоогоо хийгээд гарах гэж байхад нэг залуу хүрч ирээд намайг сайн уу хөгшөөн намайг таньж байна уу хоёулаа ******* суманд бага ангидаа хамт сурч байсан гээд байсан. Тэхээр нь би сайн танихгүй байна би нэгдүгээр ангидаа нэг жил ******* суманд л сурсан гэсэн чинь миний таньдаг хүмүүсийг яриад асуугаад байхаар нь нэгдүгээр ангид л байхад хамт сурч байсан юм байна гээд бодоод зогсож байхад манай найз ******* хажуугаас намайг явъя гээд байсан. Нөгөө залуу юм ярьж байгаад *******г хамт яваа юм уу? чиний найз уу танилцъя гэхэд ******* танилцахгүй гэсэн тэгээд тэр хоёр маргалдаж муудалцаад нөгөө залуу *******гийн цээж рүү гараараа цохиод авсан. Тэгэхээр нь боль гаръя гээд *******г аваад гадаа гарахад нөгөө залуу араас гарч ирээд хэрүүл өдөөд *******тэй маргалдсан. Тэгсэн нөгөө залуу *******г нүүрэн хэсэгт нь цохисон тэгээд тэр хоёр зууралдаад газарт ойчсон. Нөгөө залуу ахиад *******гийн дээрээс нэг цохиод өшиглөхөөр нь би очоод голоор нь орж салгаад босгосон. Дахиад хэрүүл хийгээд зодолдох гээд байхаар нь би хэн хэнийх нь талд орж хэрүүл зодоон хийгээд яахав маргааш ажилтай болохоор лай болох байх гэж санаад нөгөө залууг нь тэвэрч аваад *******г цаашаа хол яв гэхэд ******* цаашаа гүйгээд явсан. Тэгээд нөгөө залууг тавьсан чинь *******гийн араас нь гүйгээд явсан тэхээр нь *******г арай гүйцэхгүй байлгүй гэж санаад буцаж караоке руу ороод үйлчлэгчид нь энэ гадаа нэг залуу агсан тавиад хүн зодоод байна цагдаа дуудаач гээд хэлээд зогсож байхад удалгүй гурав дөрвөн минутын дараа ******* гаднаас ороод ирсэн тэгсэн чинь хөмсөгнөөс нь бас толгойноосоо цус гоожоод байхаар нь яасан бэ? гэсэн чинь сая баруун тийшээ утсаар яриад цагдаа дуудаад явж байсан чинь нөгөө залуу араас очоод намайг зодоод толгой хагалчихлаа гэсэн. Тэгээд тэр караокед ******* бид хоёр 00-д нь орж *******гийн гоожсон цусыг угаачихаад караокеноос гараад ирэхэд цагдаагийн машин ирчихсэн нөгөө залуу аваад явж байсан. Тэгээд ******* эмнэлэг орж үзүүлнэ гээд явсан. Би өглөө нь ажилдаа явах байсан болохоор тэндээс харьж амраад өглөө нь ажилдаа явсан...” гэжээ. /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

Гэрч Б.*******гийн мэдүүлэгт: “Тухайн өдрийн орой хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна. Манайд хоёр залуу орж ирээд үйлчлүүлсэн тухайн хоёр хүнээс өрөө авах уу гэхэд өрөө авахгүй нийтийн зааланд сууя гээд тэр хоёр залуу нэг шил архи хоёр лаазтай кола захиалсныг нь би хүргэж өгснөө санаж байна. Өөр юу захиалсныг нь сайн санахгүй байна. Манайх хүн олонтой байсан болохоор хүмүүст үйлчлээд байж байсан. Манай өрөөнүүд дүүрэн байхад гаднаас бас хоёр залуу орж ирсэн. Тэгээд нийтийн заалны хүн сууж байгаагийн эсрэг талд орж суугаад тэр хоёр залуу архи пиво захиалсныг нь би хүргэж өгсөн тэгээд байж байгаад 23 цаг 30 минутын үед сүүлд орж ирсэн хоёр залуу тооцоогоо хийх гээд текин дээр ирээд байж байхад түрүүнд нь орж ирсэн хоёр залуугийн өндөр залуу нь бас текин дээр ирчихээд тооцоо хийж байсан залууг чи намайг таньж байна уу? хоёулаа нэг сумын хүмүүс энэ тэр гээд юм яриад байх шиг байсан. Тэгсэн тооцоо хийж байсан залуугийн хамт явсан нүдний шилтэй залуу нь наадхаа хаяач явцгаая гээд байсан тэгээд тэр хэд хоорондоо хэрэлдээд манайхаас гараад явцгаасан. Удалгүй үлдсэн нэг залуу нь тооцоогоо хийчихээд гараад явсан. Би хүмүүст үйлчлээд завгүй байсан болохоор араас нь гарч хараагүй тэгээд байж байгаад удалгүй анх ирж тооцоо хийсэн залуу гаднаас орж ирээд гадаа чинь зодоон болоод байна цагдаа дуудаач гэсэн. Тэгээд юу болсон талаар тэр хүнээс асуухад сая эндээс гарсан манай найзыг түрүүний залуу зодоод байна гэсэн. Тэгээд цагдаа дуудах гээд байж байхад нөгөө нүдний шилтэй залуу нүүрэн хэсэг нь цус болчихсон мөн толгойноос нь цус гарчихсан гаднаас орж ирсэн. Тэгээд тэр хоёр залуу манай караокены 00-ийн өрөө рүү орж цусаа угаасан. Тэхээр нь би гадаа юу болоод байгаа юм бол гээд гадаа гараад ирэхэд цагдаагийн машин ирчихсэн манайд эхэлж орж ирсэн хоёр залууг суулгаад хөдөлж байсан. Өөр гадаа хүмүүс муудалцсан шинжгүй цаана хоёр гурван хүн тамхи татаад зогсож байсан. Тэгээд би буцаад ажил руугаа ороод байж байхад нөгөө хоёр цусаа угаачихсан манайхаас гараад явсан. Тэр өдөр манайхаар үйлчлүүлсэн хүмүүсээс өөр хэрүүл маргаан зодоон хийсэн хүмүүс байгаагүй манай хаах цаг болоод хүмүүсээ гаргаад ажлаа хаагаад харьж амарсан.” гэжээ. /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

             Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн ....... дугаартай дүгнэлтэд: Н.*******гийн биед толгойн оройн хуйх, зүүн хөмсгөнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Н.*******гийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.. Н.*******гийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

            Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 27 дахь тал/,

           Шүүгдэгч С.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Би тэр караокед ороод найзтайгаа 6 лааз пиво нэг ширхэг архи захиалж аваад найзтайгаа хувааж уусан. Их согтуу байгаагүй гэхдээ нилээн халамцуу байсан. Болсон асуудлыг санаж байна. Тэр залуутай караоке дотор муудалцаж баруун гараараа цээжин хэсэгт нь цохисон тэгээд гадаа гараад муудалцаж байхдаа нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохисон тэгээд барилцаж аваад хоёулаа зууралдаад газарт ойчсон тэгэхэд бол хэн хэнийгээ цохиогүй зууралдаж байгаад салсан. Тэгээд тэр залуу цаашаа алхаад зайнд гарахаар нь би араас нь очоод ахиж зууралдаж газарт унасан тэгэхэд тэр залуу бид хоёр нэг нэгийгээ цохисон зүйл байхгүй. Босохдоо би тэр залууг толгой хэсэгт нь нэг өшиглөсөн нь үнэн. Тэр залууг утсаар ярьсан цагдаа дуудсан талаар мэдэхгүй тэгээд буцаад караокены үүдэнд ирээд байж байхад цагдаа нар ирээд дуудлагын дагуу явж байна гээд намайг авч явах гэхэд манай найз ******* дотроос гарч ирээд хамт цагдаагийн машинд суугаад явсан гэжээ. /хавтаст хэргийн 35-36 дахь тал/

            Иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 41 дэх тал/

           Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/

            Суурь боловсролын гэрчилгээ /хавтаст хэргийн 43 дахь тал/

            Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 47-48 дахь тал/

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45 дахь тал/

            Банк түүний харилцагчийн талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 53-57 дахь тал/

           “Өмнөговь аймаг ******* сум ...... дугаар багийн нутаг Караоке хауст 2023 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө иргэн С.******* нь согтуугаар Н.*******тэй хувийн таарамжгүй харилцаанаас болж биед нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэг нь тус багийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн нь тогтоогдсон бөгөөд хариуцсан багийн иргэдэд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийн талаарх анхааруулах, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах арга хэмжээ авхуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.10 дахь заалтыг тус тус удирдлага болгон мэдэгдэл бичив” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 58 дахь тал/

            “Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч Цагдаагийн дэслэгч З.Мөнх-Эрдэнэ би 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Цагдаагийн газрын Ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 2340 минутад караоке хаусын гадаа хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага ирж жолоочийн хамтаар очиж С.*******, Т.******* нарыг цагдаагийн газар авч ирж драгер багаж үлээлгэж шалгахад С.******* 1,33%, П.******* 1,24% согтолттой байсныг ар гэрт нь хүлээлгэж өгсөн болно” гэх илтгэх хуудас /хавтаст хэргийн 59 дэх тал/

          Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасанд гаргасан “С.******* миний бие Н.******* гэдэг хүний биед халдаж гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 65 дахь тал/

               Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ...... дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 66 дахь тал/

            Прокурорын санал /хавтаст хэргийн 67 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч С.******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ..... дугаартай тогтоол /хавтаст хэргийн 66 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.    

Шүүгдэгч С.*******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.   

Шүүгдэгч С.*******ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.******* нь согтуугаар 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цагийн үед иргэн Н.*******тэй хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж, Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Караоке хаус”-ын гадна Н.*******гийн нүүр, цээжин тус газар нь гараараа цохиж, толгойн хэсэг рүү нь гуталтай хөлөөрөө өшиглөн зодож, толгойн оройн хэсэг хуйх, зүүн хөмсгөнд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/, хохирогч Н.*******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/, гэрч П.*******ы мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/, гэрч Э.*******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 379 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.           

Шүүгдэгч С.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ...... дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/-ээр тогтоогдож байна.    

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тодорхойлсон.

Шүүгдэгч С.******* нь хохирогч Н.*******гийн бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.  

Хохирогч Н.******* мөрдөн байцаалтын шатанд “Тухайн үед зүүж явсан миний харааны шил хуучин шил байсан юм. Нэг талын гар нь хуучин цавтай байсан тэр хэсгээрээ хугарсан байсныг нь би өөрөө наагаад янзалсан. Надад харааны шилэндээ үнэлгээ тогтоолгох бас нэхэмжлэх зүйл байхгүй. ...Тухайн үед эмнэлэгт үзүүлэхэд өвчин намдаах цус тогтоох эмүүдийг эмнэлгээс надад өгсөн тэрийг нь уусан. Өөр надад эмчилгээ хийлгэж эм, тариа авсан зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 10 дахь тал/ гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.    

Шүүгдэгч С.*******ын хувийн байдал нь иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/, суурь боловсролын гэрчилгээ /хавтаст хэргийн 43 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3, 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2017 оны Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтөөр 6 жил 4 сарын ял хасагдаж, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан гэж” бүртгэгдсэн /хавтаст хэргийн 45 дахь тал/, Капитрон банкны “...иргэн С.******* нь тус банкинд харилцагчаар бүртгэлгүй ба харилцах, хадгаламж, зээлийн данс эзэмшдэггүй” гэх албан бичиг /хавтаст хэргийн 53 дахь тал/, Хаан банкны “данс эзэмшдэггүй гэх албан бичиг /хавтаст хэргийн 54 дэх тал/, Голомт банкны “Өмнөговь” бизнес төвийн “С.******* нь манай банкид данс эзэмшдэггүй” гэх албан бичиг /хавтаст хэргийн 55 дахь тал/, Хас банкны “С.******* нь тус банканд харилцах , хадгаламжийн данс эзэмшдэггүй” гэх албан бичиг /хавтаст хэргийн 56 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна. 

Шүүгдэгч С.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт хийн шүүгдэгч С.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, прокурорын саналыг баталж, шүүгдэгч С.*******ыг гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй  гэж үзэв.

Улсын яллагч: Шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, 

Шүүгдэгч С.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв.

Шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан байх тул шүүгдэгч С.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоног буюу 3 сарын дотор төлж барагдуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.*******д шүүхээс оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч С.******* өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ......... овогт ...... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч С.*******д шүүхээс оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ