Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/97

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн, улсын яллагч Ц.Эрдэнэбат, иргэний хариуцагч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүү, шүүгдэгч Ө.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, *******,******* тоотод оршин суух, улсаас Эрчим хүчний яамны 5*******5 дугаартай Жуух бичгээр шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй, /РД: /

                                                   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ө.Ц нь өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Бор хошуу гэх газар хатуу хучилттай асфальтан зам дээр бусдын эзэмшлийн улсын дугаартай “Тоуоtа Lапd Cruiser Ргаdo-120” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл шарваж зорчих хэсгийн хажуу тал руу унаж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан , нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, биед хүзүүний 6 дугаар нугалмын хөндлөн сэртэн, сээрний 2, 3, 4 дүгээр нугалам, өвчүү, тойг ясны хугарал, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус харвалт, дух, баруун чих, зүүн хацар, хоёр сарвуунд зулгаралт, хоёр тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт зэрэг гэмтэл үүсгэж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, биед баруун чамархай, зулай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальс доорх цус хуралт, аалзан хальс доорх цус харвалт, хатуу хальсны урагдал, тархины эдийн няцрал, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүний 2 дугаар нугалмын шүдлэг сэртэнгийн хугарал, сээрний 2 дугаар нугалмын их биеийн хугарал, толгой, нүүрний зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт зэрэг амь насанд аюултай гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ө.Цын  ...би талийгаач ахтайгаа 2011 оноос хойш хамт ажиллаж, найзалж, нөхөрлөж ирсэн. Энэ осол нь Говь-Алтай аймагт байх төслийн талбай руу явах замд гарсан. Осолд орсны улмаас ахынхаа биеийг эмчлүүлээд аварч чадаагүй. Амь насыг нь алдсандаа маш их харамсаж байна. Хагалгаа хийлгэсэн , дүү нарыгаа цаашид харж хандаж явах болно... гэх мэдүүлэг,

Иргэний хариуцагч ******* шүүх хуралдаанд: ...Уг ослын талаар манай компанийн зүгээс судлан орон тооны комисс байгуулан тухай бүрд нь хуралдан шийдвэрүүдийг гаргаж байсан. Уг ослыг Говь-Алтай аймаг руу ажлаар явж байх замд осол гарсан учир үйлдвэрийн осолд бүртгэн манай байгууллагаас яаралтайгаар онгоц гарган явуулаад удирдлагын багийнхан араас нь машинтай явсан. Хохирогчдын эмчилгээний төлбөр, хагалгааны төлбөр зэрэг шаардлагатай бүх мөнгөн төлбөрийг төлж барагдуулсан. Талийгаач 2023 оны *** дүгээр сарын ***-ны өдөр нас барсантай холбоотойгоор компанийн зүгээс оршуулгын зардалд нийт 27,846,000 төлж барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** Мандал даатгалаас амь даатгал гэж 24,000,000 төгрөг төлж барагдуулсан. Мөн үүний дараагаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шаардлагын дагуу 33,690,963 төгрөгийн хохирол төлбөрийн шилжүүлсэн байгаа. 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр *** **** нь хөдөлмөрийн хуулийн дагуу **** цалингийн дунджийг 36 дахин нэмэгдүүлсэн төлбөр болох 161,471,000 төгрөгийг төлсөн. Цаашдаа хохирогчийн ар гэртэй байнга холбоотой байна. Ямар нэгэн асуудал гарвал шийдвэрлэх арга хэмжээ аваад явна. Манай зүгээс яагаад энэ зардлыг гаргах болсон бэ гэвэл энэ хэрэгт санаатай, өс хонзонгийн санаа сэдлийн улмаас биш санамсаргүй зүйл болсон. Мөн албан томилолтоор явж байсан. Тухайн үед жолоо бариад явж байсан төслийн удирдагч **** ажил мэргэжил болон компанидаа хэр нэр нөлөөтэй зэргийг судалсны үндсэн дээр компаниас зардал, төлбөрийг гаргасан байгаа. Цаашдаа Баянхонгор болон Говь-Алтай аймгууд руу ажлаар их явах учраас зорчих эрхийг хязгаарлах болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасны дагуу шударга оногдуулах байх гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна... гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2023 оны *** дүгээр сарын ***-ны өдөр бүтэн сайн өдөр байсан осол болдог өдрийн урд өдөр манай хүн **** надад өглөө 05 цаг өнгөрөөгөөд Говь-Алтай аймагт хэрэгжиж байгаа төсөл рүү явахаар боллоо, өглөө эрт ажлаар явахаар боллоо гэж хэлсэн... Тэгээд өглөө эрт 04 цагт талийгаач босож цайгаа уучхаад 05 цаг 30 минутын үед гэрээсээ гараад явсан гарахдаа сүлжээтэй газар очвол ярина мессеж ч гэсэн бичиж үлдээе гэж хэлээд гараад явсан... Үдээс хойш намайг ажил дээр байж байхад 16 цаг өнгөрөөд 17 цаг дөхүүлээд **** компанийн хүний нөөцөөс над руу утсаар "**** ахтай хамт явсан машин осолд ороод *** ах тархиа хөдөлгөсөн юм шиг байна" гэж хэлсэн би яаж байна ийж байна холбоо барьж болж байна уу гэхэд болж байгаа байхаа гэж хэлсэн. Би талийгаачийн утас руу залгахад дуудаад байсан тэгсэн цуг хамт явсан залуу нь утсыг нь аваад "**** ах урьдчилсан байдлаар тархиндаа цус харвасан гэж гарсан" гэж хэлсэн тэгээд л би уйлж дуулаад явсан. Би *** хүний нөөц рүү нь эргэж залгаад тархи толгой нь цус харвасан байна ш дээ та нар ямар арга хэмжээ авч байгаа юм бэ гэхэд өө тийм үү гэж хэлж байсан. Тэгээд би дүү рүүгээ яриад харилаа гээд гэрлүүгээ явсан гэртээ ирээд байж байтал араас манай дүү гэрт ирсэн миний ходоод хямраад байсан болохоор манай дүү **** ****-ийнхэнтэй утсаар холбогдож ярьсан. Тэр өдрийнхөө орой бид нар хувиараа тэр хавийн дам дамаа таньдаг хөндлөнгийн хүнийг гуйж Өвөрхангайн бүсийн оношилгооны төвд очуулж эмчтэй нь уулзуулаад эмчийнх нь дугаарыг нь олж өгөхөөр нь би эмчтэй утсаар холбогдоход урьдчилсан байдлаар тархиндаа хүнд цус харвасан хүнд байна гэж хэлж байсан. Бид хэд тэр өдрийнхөө орой гарах гэсэн зам харанхуй байгаа гээд өглөө эрт Улаанбаатараас би 2 дүүгийнхээ хамт гарч яваад Өвөрхангайн аймгийн төвийн эмнэлэг дээр очсон. Тэгээд намайг очиход *** ухаантай юм ярьж байсан. Би замдаа төслийн удирдагчийнх нь утсаар ярихад зам гулгаатай байна болгоомжтой яваарай гэж ярьж байсан. Очсон хойноо гайгүй явж ирсэн үү гээд ер нь жаахан унтаа байдалтай байсан. Эмчтэй нь уулзаад биеийн байдлыг нь асуухад сая дахин шинжилгээ авсан 24 цагийн дараа томографикт харуулах шаардлагатай хот руу ямар байдлаар тээвэрлэх эсэхээ ярилцаж байгаад тэр өдрийнхөө орой 17 цаг өнгөрч байхад нисдэг тэргээр талийгаач хамт явсан бэртсэн хүмүүсийн хамтаар гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Бид хэд араас нь машинтай дахиж ирсэн намайг гэмтлийн эмнэлэгт ирэхэд талийгаачийг тархи нугасны тасагт хэвтүүлсэн коридорт байсан тухайн үед надтай юм ярьж байсан их сул дуутай байсан. Катетер тавьсан байсан болохоор энийг аваад өгөөч гэж хэлж байсан. Тэгээд маргааш өдрийн үүрээс эхлээд таталт өгөөд эхлээд эмч нар нь зөвлөлдөөд хагалгаанд оруулахаар болоод маргааш өдөр нь хагалгаанд орсон. Тэгээд хагалгаанаас хойш 12 хоноод нас барсан... Талийгаачийн оршуулгын зардалд 30-аад сая төгрөг болсон, оршуулгын зардлыг гаргуулж авна аа... гэх мэдүүлэг /1-р хавтас хэргийн 90-91 тал/,

Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би Говь-Алтай аймаг руу албан томилолтоор явах болоод 2023 оны *** дүгээр сарын ***-ны өглөө 05 цаг 50 минутын орчим манай гэрийн гадаа *** Toyoto Prado маркийн *** *** улсын дугаартай машинтай ирж авсан. Намайг машинд суухад талийгаач, жолоочоор *** 2 байсан. Би зарим газар зүүрмэглээд унтах сэрүүн хоёрын хооронд явж байсан. Замдаа зогсолтгүй явсаар урд талын жолооч, зорчигчийн суудлын завсраар урд замаа харахад зам хэсэг газраа мөстсөн харагдсан. Тэгээд мөсөн дээр гараад явж байхад удалгүй машины хойд талын хэсэг зүүн тал руу бөгсөө хаяад 1, 2 удаа даялсан. Би таазны бариулаас бариад биеэ хумиад бөгтийсөн, тухайн үед машин эргэлдэж байх шиг байсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа, нэг сэрсэн Өвөрхангай Арвайхээрийн эмнэлэгт ухаан орж сэрсэн. Намайг сэрэхэд тасагт оруулсан миний залгаа орон дээр талийгаач хэвтэж байсан. Тэр үед миний толгой боолттой, баруун хөл боолттой, би яг ямар гэмтэл авснаа мэдэхгүй байсан. Тэгсэн яг хэзээ ирснийг нь мэдэхгүй байна манай аав, талийгаачийн гэрийнхэн ирсэн байсан. Тэгээд талийгаач, *** бид гурвыг онгоцоор гэмтлийн эмнэлэг дээр авчирсан. Тэгээд би гэмтлийн эмнэлэгт 2023 оны *** сарын 04-нөөс 14-ний хооронд 10 хоног хэвтэж эмчлүүлж байгаад гарсан. Тэрнээс хойш сэргээн засах эмчилгээнд 13 удаа яваад одоо гэрээрээ дасгал хөдөлгөөн хийж байгаа... Осол болох үед тээврийн хэрэгсэл хэдэн км/цагийн хурдтай явсныг би сайн мэдэхгүй байна, дундаж хурдтай л явсан байх нээх тэгж хурдалж байгаа нь мэдэгдээгүй... Миний эмчилгээний зардалд надаас ямар ч мөнгө гараагүй, манай компани бүх зардлыг хариуцаж төлсөн... Хойно сууж явсан бид 3 хамгаалах бүс зүүгээгүй, жолооч зорчигч 2 зүүсэн байсан... гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 85-86 тал/,

Иргэний нэхэмжлэгч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...*** бол миний төрсөн хүү би 3 хүүхэд гаргасан манай хамгийн бага хүү... Ослын улмаас миний машинд гэмтэл учирсан гэхдээ үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэж байгаа... Надад нэхэмжлэх зүйл байхгүй ээ энэ машиныг сэлбэгт зарж борлуулсан... ...Манай хүү уг нь Говь-Алтай аймаг явахдаа өөр машинаар жолоочтой явах байсан юм байна лээ. Тэгсэн сүүлд нь талийгаач томилолтоор явах хүмүүсийн тоонд орсон машинд багтахгүй гээд урд нь автобусаар явж байсан гээд энэ удаа өөрөө машинаа бариад талийгаачийг урдаа суулгаад тухтай авч явна гээд машиндаа үйлчилгээ хийлгээд гүйгээд байсан... Худалдаж аваад удаагүй байсан болохоор бүх л юмыг нь хийлгэсэн байсан хөдөө явах өмнөх өдөр манай хүү хөдөө явах учраас замын бэлтгэлд машины 4 дугуйг шинээр солиулаад үйлчилгээг нь хийлгээд ямар ч байсан 3 сая гаран төгрөгийн үйлчилгээ хийлгэсэн гэсэн... Ослын өмнө надтай *** *** ХХК-ийн Төслийн захирал **** гэж хүнтэй 2023 оны *** дүгээр сарын 02-ны өдөр автомашин түрээсийн гэрээ байгуулсан... гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 68, 71 тал/,

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2023 оны *** дүгээр сарын 03-ны өглөө 05 цаг 30 минутад Говь-Алтай аймаг руу төслийн талбай руу Ргаdо-120 маркийн автомашинтай 5-уулаа хөдөлсөн... Бид нар замдаа юм яриад явж байтал засмал зам гэнэт мөстэй болсон, тэгээд машин гулсаад гэнэт хойд дугуй шарваад ирсэн, тэгээд замын хажуу тал руу орсон, тэгээд пид пад гээд явчихсан... Тухайн үед цаг агаарын хувьд цэлмэг байсан. Замын нөхцөл байдал бол тухайн үед засмал зам хэсэг газар мөс тогтож гөлгөр үүссэн байсан... Одоо миний биед баруун хавирга бага зэрэг өвдөлттэй байсан, эмчид үзүүлж зураг авхуулахад бага зэрэг мах хавчуулсан байж магадгүй гэж хэлсэн. Одоогоор хүнд юм өргөхөд болон дээрээс нь дарахад зовиуртай байгаа... гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 16-17 тал/,

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2023 оны *** дүгээр сарын 03-ны өглөө 05 цаг 30 минутад Говь-Алтай аймаг явах замд машинтай осолд орсон... Манай төслийн удирдагч *** жолоодож явсан... Тухайн үед зам ер нь мөстэй, хальтиргаатай байсан. Бид нар хоорондоо юм яриад явж байтал эсрэг урсгал руу орсон, буцаад өөрийн урсгал руу орох гэтэл хойд дугуй шарвасан, тэгээд нэг мэдэхэд машин онхолдсон байсан... Би км-н заалт хараагүй, тухайн үед зам халтиргаатай байсан болохоор хурдаа сааруулсан, 70 км цагийн хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 19-20 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүхийн анагаах ухааны хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч **** 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан: “...1. **** биед баруун чамархай, зулай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальс доорх цус хуралт, аалзан хальс доорх цус харвалт, хатуу хальсны урагдал, тархины эдийн няцрал, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүний 2-р нугалмын шүдлэг сэртэнгийн хугарал, сээрний 2-р нугалмын их биеийн хугарал, толгой, нүүрний зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.5-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх **** дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 22-24 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүхийн анагаах ухааны хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад **** 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гаргасан: “...1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавлын баруун чамархай ясны шугаман хугарал, тархины хатуу бүрхүүлийн урагдал, тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн цусархаг няцрал, задрал, уртавтар тархины эдийн хоёрдогч цус харвалт, тархи дарагдал, тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, баруун чамархайн булчинд цус хуралт, хуйхны няцрал, цус хуралт, хүзүүний 2-р нугалмын арын сэртэнгийн хугарал, сээрний 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь дээрх гавал тархи, хүзүү, сээрний нугалмын хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 5. ГССҮТ-н *** тоот өвчний түүхэнд дурдсанаар ****-ны өдрийн 23:33 цагт нас баржээ. 6. Биологийн шинжилгээгээр талийгаачийн цус нь ВЗ-р бүлгиин харьяалалтай байна. 7. Химийн шинжилгээгээр талийгаач **** цусанд спиртийн агууламж илрээгүй, ходоодны шингэнд 1.7 промилли спиртийн зүйл илэрсэн байна...” гэх **** дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /1-р хавтаст хэргийн 181-187 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүхийн анагаах ухааны хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч **** 2023 оны *** дүгээр сарын 11-ний өдөр гаргасан “...1. *** биед хүзүүний 6-р нугалмын хөндлөн сэртэн, сээрний 2,3,4-р нугалам, өвчүү, тойгясны хугарал, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус харвалт, дух, баруун чих, зүүн хацар, хоёр сарвуунд зулгаралт, хоёр тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх **** дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 26-27 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүхийн анагаах ухааны хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч ***** 2023 оны *** дүгээр сарын 12-ны өдөр гаргасан “...1. **** биед хэвлий, бүсэлхий, зүүн өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх **** дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 30-31 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүхийн анагаах ухааны хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад **** 2023 оны *** дүгээр сарын 11-ний өдөр гаргасан “... 1. **** биед духны зулгаралт, баруун ташаанд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна” гэх **** дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 33-******* тал/,

“*****” ХХК-ийн *****тай 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан “Автомашин түрээсийн гэрээ” /1-р хавтаст хэргийн 139-142 тал/,

*****” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Үйлдвэрийн осол судлан бүртгэсэн акт, гэрэл зураг /1-р хавтаст хэргийн 105-108  тал/,

2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “...****... ****... Нас барсан газар: Улаанбаатар хот... Нас барсан огноо: ****...” гэх ***** дугаартай нас барсны гэрчилгээ /1-р хавтаст хэргийн 96 тал/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн **** дугаартай албан бичгийн хавсралт дахь ****... 2023 оны 04 сарын 03-нд 1,150,900 төгрөг, 2023 оны 04 сарын 04-нд 3,305,650 төгрөг...” гэх Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /2-р хавтаст хэргийн 36-37 тал/,

Амь хохирогч **** хууль ёсны төлөөлөгч **** гаргаж өгсөн “... хохирогч **** оршуулгын зардал... нийт 33,690,969 төгрөгийн хохирол учирсан... Жич: “***** компани нь оршуулгын зардалд бэлнээр 10 сая төгрөг өгсөн...” гэх баримтууд /2-р хавтаст хэргийн 76-86 тал/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн **** дугаартай өвчний түүх /2-р хавтаст хэргийн 39-72 тал/,

2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын “...Жолоочийн үнэмлэхийн төлөв: Хүчинтэй...” гэх **** жолоочийн лавлагаа, мэдээлэл /2-р хавтаст хэргийн 4 тал/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хавтаст хэргийн 92-95 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой буюу болгоомжгүй үйлдлийнх нь улмаас нэг хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

            Шүүгдэгч **** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Иймд шүүгдэгч **** авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Хохирогч ****, ***, ****, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****, иргэний нэхэмжлэгч **** нарт шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд суухгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж хариу мэдэгдсэн, хавтаст хэрэгт авагдсан хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэгт хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

            Иймд шүүгдэгч ***** бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

        Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

            Прокурорын санал болгож, шүүгдэгч **** хүлээн зөвшөөрсөн ялын санал, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, хохирол төлбөр төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч **** овогт ***** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

                                                         Бусад асуудлаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогт ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт ***** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА