| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/00920/и |
| Дугаар | 1292 |
| Огноо | 2020-04-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 1292
|
|
|
|
2020 оны 04 сарын 23 өдөр Дугаар 102/ШШ2020/01292 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А холбогдох,
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,050,000 /дөрвөн сая тавин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг, нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манайх худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийг худалдан борлуулдаг. О.Атай 2016.12.18-ны өдөр “Бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ“-г байгуулсан О.А нь 6,200,000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийг худалдан авахдаа эхний төлөлт 300,000 төгрөгийг 3 хоногт, үлдсэн төлбөрийг 20 сарын туршид 295,000 төгрөгийг сар бүрийн 30-нд төлж дуусгах нөхцөлтэй тохиролцон гэрээ байгуулсан. Үүнээс хойш О.А 2017 оны 10 сар хүртэл 3,495,000 төгрөгийг 2015.02.15-наас 2017.09.22-ныг хүртэл төлсөн. Харин 2017 оны 10 сараас төлөөгүй үлдэгдэл 2,700,000 төгрөг байна. Гэрээнд 6.2-д заасны дагуу үнийн дүнгийн 0,1% -иар алданги тооцохоор заасан ба 2 жил 4 сар буюу 840 хоног өнгөрсөн тул алданги нь 2,268,000 төгрөг болж байна. Иргэний 232.4-т заасны дагуу алданги гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50% хэтэрч болохгүй гэснээр 1,350,000 төгрөгөөр тооцож, нийт 4,050,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: үндсэн 2,700,000 төгрөгийг хуваарь гарган төлье. Алданги төлөх боломжгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
“Э” ХХК нь О.Ад холбогдуулан гэрээний үүргийн үндсэн төлбөрт 2,700,000 төгрөг, алдангид 1,495,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж тайлбарлав.
Хариуцагч нь үүрэг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, алдангийг төлөхгүй гэж маргав.
О.А нь 2016.12.18-ны өдөр 6,200,000 төгрөгийн үнэ бүхий ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийг худалдан авахаар Бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болжээ.
Талууд гэрээгээр худалдан авагч эхний төлөлтөд 300,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг 20 сарын турш 295,000 төгрөгөөр сар бүрийн 30-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон байх бөгөөд сар бүр хүү тохиролцоогүйгээс дүгнэхэд худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулжээ.
Дээрх гэрээний дагуу худалдагч “Э” ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй төхөөрөмжийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн, харин хариуцагч нь сар бүр 295,000 төгрөг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь 6,200,000 төгрөгөөс 2017.09.22-ны өдрийг хүртэл 3,495,000 төгрөг төлсөн байх тул үлдэгдэл 2,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Зохигч гэрээний 6.2 дахь заалтаар төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлээгүй үнийн дүнгээс хоног тутуамд 0.1%-иар тооцож алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасанд нийцэж байх тул алданги тооцох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 2,700,000 төгрөгөөс 0.1 хувийн алдангийг хугацаа хэтрүүлсэн 840 хоногоор тооцоход /2,700х840/ 2,268,000 төгрөг болохоор байгааг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 1,350,000 төгрөг нэхэмжилсэн нь нийцжээ.
Талууд Бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний 6.2-т хариуцагч сар бүр 295,000 төгрөг төлөх хугацаагаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувиар алданги тооцож сар бүрийн төлөлтийн хамт төлүүлэх гэж, 6.3-т дээрх төлбөрийг 1 сараар хоцроосон тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчаас хугацаанаас нь өмнө төлбөрөө барагдуулахыг шаардах эрхтэй гэж, 6.4-т ийнхүү хоцроосон төлбөрийг шаардсан хоногт төлөөгүй тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор тохиролцсон байна.
Гэвч нэхэмжлэгч нь хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувиар алданги тооцож сар бүрийн төлөлтийн хамт төлүүлэхээр болон хугацаа хоцроосон тохиолдолд хариуцагчаас хугацаанаас нь өмнө төлбөрөө барагдуулахыг шаардаж байсан гэж үзэх байдал тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл дээрх гэрээний заалтуудыг нэхэмжлэгч нь хэрэгжүүлээгүй нь алданги нэмэгдэх нөхцөл байдлыг бий болгосон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж зааснаар алданги 1,350,000 төгрөгийн тал хувь буюу 675,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 79,750 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 68,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч нь өмнөх хуралдааныг өмгөөлөгч авах хүсэлтээр, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхзул нь хэрэгтэй танилцах хүсэлт гаргаснаар тус тус шүүх хуралдааныг хойшлуулсан, төлөөлөгчид товыг мэдэгдэж гарын үсгээр баталгаажуулсан боловч энэ өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан А гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,375,000 /гурван сая гурван зуун далан таван мянга/ төгрөг гаргуулан, “Э” ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 675,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 79,750 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 68,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ