Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/101

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,

Нарийн бичгийн дарга: Н.Ням, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ц.Эрдэнэбатын шүүгдэгч Р овогт Г-н Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, ******* индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, ******* ажилтанаар ажилладаг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Хужирт сумын *******,******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй гэх,

Р овогт Г-н Б /РД: ***************/

                                                  Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Г.Б нь Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн дугаартай 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Г.Б нь Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн дугаартай 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

             Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулах санал /хавтаст хэргийн 6 тал/,

Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Манай яамнаас одоогоор дээрх үйлдэлтэй холбоотойгоор тооцож, тогтоосон хохирол байхгүй. Тиймээс дээрх хуурамч диплом бүхий багш нараас нэхэмжлэх зүйл байхгүй. Харин манай байгууллагын зүгээс дээрх багш нарыг хууль хяналтын байгууллагаар шалгаад зохих хуулийн дагуу арга хэмжээ авагдаж хэрэг нь шийдэгдээсэй гэсэн хүсэлтэй байгаа... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 тал/,

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайд Л.Энх-Амгалангийн 2021 оны 12 дугаар сард гаргасан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж дээд боловсрол, ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн хяналтын байгууллага, боловсролын ерөнхий газраас тус тус хүмүүс ажлын хэсэгт орж ажилласан. ...Ажлын хэсгийг дотор нь хоёр хувааж хувь хүний нууцлалтай хэсэг дээр мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын гэрээ байгуулан шалгалтын үндсэн ажлыг дээрх хүмүүс 2022 оны 03 дугаар сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хугацаанд хийж гүйцэтгэсэн. ...Шалгалтаар хувь хүнээс санаатайгаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга, тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс буруу, өөр хүний овог нэр ашигласан зэрэг зөрчлүүдийг тулгаж хуурамч байж болзошгүй гэж үзэж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-52 тал/,

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүргийн дагуу хяналт, шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. ...Боловсрол шинжлэх ухааны яамнаас дээд боловсролын байгууллагуудад олгогдсон дипломын дугаараас өөр дугаар тавигдсан. Мөн тухайн төгсөгчдийн мэдээ, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан *** байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-57 тал/,

Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Тухайн үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайдын тушаалаар баталсан удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг явуулсан. ...Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй *** гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-62 тал/,

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт ажилласан. ...Тухайн дээрх хугацаанд явуулсан бөгөөд нарийн тоон мэдээллийг санахгүй байна, маш олон багш нарын мэргэжлийн диплом, баримт бичгийг шалгасан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74-76 тал/,

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би Монгол Улсын Боловсролын Их сургуульд *** онд элсэж ороод дүрслэх урлагийн 7 салбарын график дизайны ангид орж *** онд төгсөж байсан. Миний дипломын дугаар ****, бүртгэлийн дугаар *** бөгөөд одоо надад эх хувиараа хадгалагдаж байна. Манай ангид 20 гаруй хүүхэд суралцаж, 10 гаруй нь төгсөж байсан. ...Би *** гэх төгсөгчийг танихгүй. Манай ангийг төгссөн хүмүүс одоо хүртэл мэргэжлээрээ ажиллаж байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84-86 тал/,

Монгол Улсын Боловсролын Их сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаартай ...“...*** иргэний Монгол Улсын Боловсролын Их сургуульд суралцаж төгссөн эсэхийг шалгасан мэдээлэл...” хавсралтын хамт /хавтаст хэргийн 144-145 тал/,

Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай “Төгсөгчдөд боловсролын зэрэг олгох тухай” тушаалд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 22-29 тал/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 113-114 тал/

Өвөрхангай аймгийн Хужирт сумын **** эрхлэгчийн ажилд авах, чөлөөлөх тушаал /хавтаст хэргийн 137-138 тал/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 1-4 тал/ зэрэг болно.

                                            Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **** нь Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн **** дугаартай 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж Өвөрхангай аймгийн Хужирт сумын **** эрхлэгч **** 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн **** дугаартай тушаалаар бүлгийн багшаар ажилд орж 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан болох нь дээрх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч **** би өөрийн буруутай үйлдлээс болж ийм гэмт хэрэгт холбогдсон. Би ийм үйлдэл хууль бус эрүүгийн хариуцлага хүлээдэг гэдгийг мэдээгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэж яллагдагчаар мэдүүлэг өгсөн. /хавтаст хэргийн 99 тал/

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн **** дугаартай 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж Өвөрхангай аймгийн Хужирт сумын **** эрхлэгч **** 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн **** дугаартай тушаалаар бүлгийн багшаар ажилд орж ажилласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч **** нь “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Өвөрхангай аймгийн Хужирт сумын ***** эрхлэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн *** тоот тушаалаар дунд бүлгийн багшаар ажилд орж 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн **** тушаалаар **** ажлаас чөлөөлөгдсөн байна. /хавтаст хэргийн  137-138 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан **** яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч **** овогт ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч **** нь боловсролын хуурамч диплом ашиглан цэцэрлэгийн багшийн ажилд томилогдон ажиллаж, тухайн мэргэжлийг эзэмшиж, мэргэжлийн диплом аваагүй бусад төрийн үйлчилгээний албан тушаалтнаас илүү цалин хөлс авах хууль бус давуу байдлыг өөртөө бий болгосон байна.

Иймд шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.  

                                              Хохирлын хувьд:

Хохирогч **** нь хэрэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй байх ба шүүхээс хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд суухгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж байгаа боловч хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

                                                Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа болон хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн зүгээс шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулав.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.

                                               Бусад асуудлаар:

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** овогт ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч **** овогт ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдаж, хохирогч нь шүүгдэгчийн үйлдсэн энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гаргуулах цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ****** дугаартай дипломыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ДУЛМАА