| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 136/2017/0021/э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2017-02-09 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Б.Дагийнамжил нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ц.Бт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 02 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Ц.Б
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 01 сарын 06-ны өдөр ... байранд иргэн Т.Сыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хийсэн үйлдлээ ойлгож байгаа, хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Т.Сын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2017 оны 01 сарын 06-ны өдөр ажил дээрээ очиод хичээлийн эрхлэгч Яын өрөөнд Э, Н нарын хамт юм яриад сууж байтал гаднаас Б багш орж ирсэн.
Т багшийг орж ирэхэд нь би “Та өрөөгөө сулласан уу? Би ормоор байна гэхэд Б багш “би өрөөгөө суллаагүй ээ, чиний гаргаж өгсөн өрөөнд би яаж ордог юм бэ чи нярав ухаантай юм бол өөрөө ороод үзэхгүй юу гээд надруу дайраад миний хувцасны заамнаас зуураад арагшаа түлхэж унагаасан. Би босож ирээд толгойгоо барьж үзэхэд толгой хагарч цус гарсан байсан тул эмнэлэг орж толгойдоо 2 оёдол тавиулсан” Б намайг өшиглөж цохисон асуудал байхгүй Бид 2-ын дунд урьдын ямар нэг өс хонзон байгаагүй, Би Бас хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, өөрсдийн сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэсэн мэдүүлэг,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны .... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-20/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 36/ зэрэг болно.
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 01 сарын 06-ны өдөр ... байранд иргэн Т.Сыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл cанаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох Хохирогч Т.Сын мөрдөн байцаалтад өгсөн: Б надруу дайраад миний хувцасны заамнаас зуураад арагшаа түлхэж унагаасан. Би босож ирээд толгойгоо барьж үзэхэд толгой хагарч цус гарсан байсан тул эмнэлэг орж толгойдоо 2 оёдол тавиулсан”...гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн үйлдлээ ойлгож байгаа, хүлээн зөвшөөрсөн гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны .... дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч Т.Сын мөрдөн байцаалтад өгсөн: Надад ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлгээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараас харахад хамгийн сүүлд Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 04 сарын 28-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 1 сарын хорих ял оногдуулж тэнсэж хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоосон ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялгүйд тооцох хугацаа дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон тул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.Быг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН