| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2025/0623/З |
| Дугаар | 221/МА2026/0073 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2026/0073
С.Э-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч С.Э
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн "С.Э-ийг хорооны Засаг даргын албан тушаалаас огцруулах тухай" Б/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах", С.Э-ийг урьд эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нөхөж олгож, түүнд тохирох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0737 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.Э
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн
Хэргийн индекс: 128/2025/0623/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Э-ээс Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн "С.Э-ийг хорооны Засаг даргын албан тушаалаас огцруулах тухай" Б/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах", С.Э-ийг урьд эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн 8-р хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нөхөж олгож, түүнд тохирох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0737 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5, 65 дугаар зүйлийн 65.1.3, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16-д заасныг тус тус баримтлан С.Э-ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/54 дугаар захирамжийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох тус дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг зохих журмын дагуу тооцож олгон мөн дүнгээс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л давж заалдах гомдолдоо:
“...Миний бие Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Хууль, зүйн хэлтсийн эрх зүйн маргаан шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хариуцагчийг төлөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн.
Анхан шатны шүүх хурлын өдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүхийн албан ёсны цахим и мэйл рүү шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгааны талаар, мөн шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтээ шүүхэд хүргэсэн. Тодруулбал Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргын баталсан шийдвэрийн дагуу улсын хэмжээнд архив албан хэрэг хөтлөлтийн ажлыг зохион байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд төрийн албан хаагч миний бие хариуцсан хороод, байгууллагад урьдчилсан хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн тул шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй болно.
Гэтэл энэхүү нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр хариуцагчийн төлөөлөгч намайг тайлбар хэлэх, нэхэмжлэгчээс асуулт асуух, мэтгэлцэх боломжийг хязгаарлаж шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна.
...Нутгийн захиргааны байгууллагуудын нэгдсэн ERP системийн тайлангаар С.Э нь ажлын 17 өдөр ажилдаа хүрэлцэн ирээгүй, 144 минут ажлаас хоцорсон, 64 минут ажлын цаг дуусахаас өмнө эрт гарсан нь тогтоогдсон байдаг. Харин нэхэмжлэгч С.Э шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа зарим төрийн байгууллагаас дурдсан хугацаанд ажиллаж байсан тухай тодорхойлолтыг өгсөн байдаг боловч, энэ тухайгаа түүнийг томилох эрхтэй дээд шатны захиргаа болох дүүргийн Засаг дарга болон эрх бүхий этгээдэд мэдэгдэж байгаагүй.
Тодруулбал байгууллагын дотоод журамд заасны дагуу албан хаагч нь албан үүргийнхээ хүрээнд гадуур ажиллах боломжтой ба ингэхдээ тус системд "гадуур ажиллах" тухайгаа бүртгүүлэх ёстой байсан. Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны нэгдсэн удирдлагын ERP систем нь гадуур ажилласан цагийг мөн адил бүртгэдэг тул ажилтан гадуур гарахаасаа өмнө түүнийгээ системд бүртгүүлэх бүрэн боломжтой байсан. Гэвч С.Э нь хариу тайлбартаа маргаад байгаа тус ажил тасалсан гэх өдрүүдэд гадуур ажилласан гэж байгаа боловч бодит байдал дээр тэр нь тогтоогдохгүй байна. Мөн эдгээр нотлох баримт нь тодорхой цаг, өдөр заагаагүй болохыг анхаарах шаардлагатай.
Хорооны Засаг дарга гэдэг бол тухайн нэгждээ хамгийн том байр суурь эзлэгч гэвч ийнхүү олон удаа ажлаа тасалж, ажлын цагаас эрт явж, ажлын цагийг үр бүтээлгүй ажиллаж байгаа нь өөрөө Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасан "байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх" буюу тус хорооны дээд шатны удирдлагын хувьд бусад ажилчдад үлгэр жишээ үзүүлэн манлайлах үүргээ биелүүлээгүй үйлдлийг удаа дараа гаргасан гэж үзэхээр байна.
Иймээс байгууллагын дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн тайлбарлаж буй шиг байнга тог тасарч, системд бүртгүүлэх боломжгүй байсан бол гадуур ажлын дэвтэрт бүртгэсэн эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай. Мөн 2025 оны эхний хагас жилийн биелэлтийг дүгнэх илтгэх хуудсанд нэхэмжлэгч С.Э нь ирц бүрэн биш шалтгаанаар оноо хасуулсан бөгөөд өөрийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байна.
Үүнээс үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийн хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ..." гэж заасныг зөрчсөн байна. Мөн хариуцагчийн өмгөөлөгч Г.Б-ийн зүгээс гэрчээр дүүргийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн, хэлтсийн дарга нарыг асуулгах хүсэлт гаргасан. Эдгээр гэрч нар нь С.Э-ийн буюу хороодын Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй этгээдүүд бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн талаар бүрэн мэдээлэлтэй байна. Гэтэл шүүхээс гэрчээр асуулгах хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Мөн хариуцагчийн төлөөлөгч миний зүгээс нэхэмжлэгчид сонсох ажиллагааны мэдэгдэл очсон эсэх, мэдэгдлийг хүлээн авсан тохиолдолд тухайн чат (харилцах систем)-аар дамжуулан тайлбараа хүргүүлэх боломжтой байсан эсэх, аливаа хязгаарлалт байсан эсэх, тайлбар хүргүүлсэн эсэх зэрэг үйл баримтыг тодруулах зорилгоор үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасан боловч, энэхүү хүсэлтийг мөн хангаж шийдвэрлээгүй. Тус үзлэгээр нэхэмжлэлийн агуулга, үндэслэлд дурдагдаад буй Захиргааны ерөнхий хуулийн 24-28 дугаар зүйлд заасныг зөрчсөн эсэхийг тогтоох чухал ач холбогдолтой байсан. Үүнээс үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь "хууль ёсны" бөгөөд "үндэслэл бүхий" байх зарчмыг хангаагүй байна.
Иймд энэхүү давж заалдах гомдлыг хангаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0737 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Э-ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч С.Э-ээс Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн "С.Э-ийг хорооны Засаг даргын албан тушаалаас огцруулах тухай" Б/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах", С.Э-ийг урьд эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нөхөж олгож, түүнд тохирох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.2. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/54 дүгээр захирамжаар нэхэмжлэгч С.Э-ийг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 64 дүгээр зүйлийн 64.2.5 дахь заалт, 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугааp зүйлийн 37.1.6, 37.1.16 дахь заалт, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалт, Байгууллагын Дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэг, 6.3.1, 6.3.3, 6.3.4 дэх заалт, 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн 2025 оны эхний хагас жилийн албан хаагчдын ирцийн бүртгэлийн тайлангаар ажлын 31 хоногийн цагийн бүртгэлээ бүртгүүлээгүй, 130 минут хоцорсон, 62 минутын өмнө явсан, хүндэтгэн үзэх шалтгаангүй, удирдах ажилтанд мэдэгдээгүй ажил тасалсан, ажлын цаг ашиглалт хангалтгүй ажиллаж хууль, тогтоомжоор хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй нь холбогдох баримтаар нотлогдож байна гэж үзэж 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс хорооны Засаг даргын албан тушаалаас огцруулсан байна.
2.3. Гэтэл 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ирсэн явсан цаг бүртгэлийн нэгдсэн тайланд нийт 17 хоног байхгүй, хоцорсон 144 минут, эрт явсан 64 минут гэжээ[1].
2.4. Тус ажил тасалсан, хоцорсон, эрт явсан гэх зарим өдрүүдэд нэхэмжлэгч С.Э нь 2025 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр хэлэлцүүлэгт оролцсон нь Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 25/02/03 дугаар албан бичгээр[2], 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл ажлын 7 хоног чөлөөтэй байсан нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын чөлөөний хуудсаар, 2025 оны 04 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд ахмадын зөвлөлийн сургалт, өдөрлөг зохион байгуулахад оролцсон нь Сүхбаатар дүүргийн ахмадын хорооны 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгээр[3], 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр сургалтад оролцсон нь Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хорооны 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар[4], мөн хавтаст хэрэгт авагдсан холбогдох албан бичгүүд, фото зураг зэргээр тус тус тогтоогдох бөгөөд нэхэмжлэгчийн хүндэтгэн үзэх шалтгаангүй, удирдах ажилтанд мэдэгдээгүй ажил тасалсан, ажлын цаг ашиглалт хангалтгүй ажиллаж хууль, тогтоомжоор хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй гэх зөрчил үгүйсгэгдэж байна.
2.5. Нөгөөтээгүүр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Засаг даргыг огцруулах үндэслэлүүдийг тодорхой хуульчилсан бөгөөд тус хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна”, 64.2.5-д “энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр”, 65 дугаар зүйлийн 65.1.3-т “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн” гэж тус тус заасныг үндэслэл болгон С.Э-ийг хорооны Засаг даргын албан тушаалаас огцруулсан нь хууль тогтоомжид нийцээгүй.
2.6. Тодруулбал, С.Э ажил тасалсан, хоцорсон, эрт явсан нь “холбогдох баримтаар нотлогдож байна” гэж маргаан бүхий захирамж дээр дурдах боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тус зөрчлийн үйлдлийг хариуцагч байгууллага нарийвчлан, тодорхой тогтоогоогүй байхын зэрэгцээ, тухайн өдрүүдэд нь нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэсэн, чөлөөтэй байсан нь холбогдох албан бичгүүд, фото зураг зэргээр тогтоогддог, мөн тус зөрчлийг “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн” гэх үндэслэлд хамааруулан огцруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
2.7. Нэхэмжлэгч С.Э-ийн Сүхбаатар дүүргийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний 2025 оны эхний хагас жилийн биелэлтийг 83 хувьтай үнэлсэн, ирцтэй холбоотойгоор 5 оноо хасаж нийт 78 хувиар үнэлэгдсэнээс дүгнэвэл дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл мөн тогтоогдохгүй байна.[5]
2.8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л-аас Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн "Улсын үзлэг зохион байгуулах тухай" 23 дугаар тогтоолын бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн харьяа хэлтэс, албадаар гадуур ажиллаж байгаа гэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, хавсралтаар Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаар тогтоолыг ирүүлсэн боловч энэ нь түүнийг ажлаас чөлөө авсан, гадуур ажилтай байгаа гэдгийг нотлохгүй...” гэх дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л-ыг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0737 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л-аас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА