Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2017/0539

 

017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2017/0539

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: г

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд:М ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: М ХХК-ийг Г ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах, улсын бүртгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Г ХХК-ийн өрийг хувьцаагаар сольж, хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдүүлсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг бүртгэхээс татгалзсан 01 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулж, энэхүү өөрчлөлтийг бүртгэхийг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч К.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.Ж, Д.Г нар нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2016 оны 01 дүгээр сард багтаан хуралдуулахыг хүссэн албан бичгийг тус компанийн гүйцэтгэх захирал Л-д хандаж үйлдсэн байдаг. Уг саналыг гүйцэтгэх захирал нь өөрөө хүлээж авсан талаар баримт гэх зүйл байдаггүй.

Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-д зааснаар хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шаардлага гаргахдаа хурлаас гаргах шийдвэрийн төслийг хүргүүлэх ёстой. Гэтэл улсын бүртгэлд авагдсан баримт болон хэрэгт авагдсан баримтуудаас энэ шийдвэрийн төсөл нь үйлдэгдээгүй болох нь харагдаж байна. Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шаардлага нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, бүрдэл дутуу байсан гэдэг нь харагдаж байна.

Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэрт заах зүйлүүдийг зааж өгсөн олон асуудал байгаа. 60.2.4хурал хуралдуулах тухай хувьцаа эзэмшигчид мэдэгдэх өдөр, журам; 60.2.5-д хуралд бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт; 60.2.6саналын хуудсаар санал авах бол саналын хуудасны агуулга; 60.2.7саналын хуудсыг хүлээн авах сүүлчийн өдөр; 60.2.8-д хурлын дарга; 60.2.9тооллогын комиссын дарга, гишүүд гэх мэтчилэн хуулийн шаардлагуудыг хангаагүй.

Хувьцаа эзэмшигч Ж.Ж, Д.Г нарын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн зар хүргүүлэх тухай албан тоотод Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4-д заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлын зард компанийн байршил, хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн өдөр, хурлаар хэлэлцэх асуудал болон гаргах шийдвэрийн төсөл...-ийг тусгана гэснийг хангаагүй. Мөн тухайн хурлын шийдвэрийг хувьцаа эзэмшигч г-д хүргүүлээгүй.

Хэрэгт авагдсан баримтаар Гадаад харилцааны яамаар дамжуулан холбогдох баримтыг факсаар хүргүүлсэн гэдэг нь харагдаж байна. Манай үйлчлүүлэгчийн хувьд үүнийг огт аваагүй. Факс дээр байгаа мэдээллийг харвал Г ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, захирал нь хүлээж авсан гэдгийг нотлох баримт харагдахгүй байна. Хэрэгт авагдсан байгаа баримт нь Англи хэлээр байгаа. Өөрөөр хэлбэл нотлох баримтын шаардлага хангахгүй байдлаар авагдсан.

2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн зард дурдсанаар компанийн

хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр товлосон байдаг. 70 хувийн хувьцаа эзэмшигч нь энэ хуралд оролцоогүй. Компанийн тухай хуульд зааснаар 50 хувиас дээш хувьцаа эзэмшигч оролцсоноор хурал нь хүчин төгөлдөр болдог.

Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хойшилсон гэж үзэж, дахиж хуралдуулах ёстой. Ингэхдээ дахиж зар явуулах ёстой. Гэвч хэрэгт авагдсан баримтаар дахиж зар явагдаагүй.  Хувьцаа эзэмшигчид мэдэгдээгүй нь Компанийн тухай хуулийг зөрчсөн. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-д заасан журмын дагуу өнөөдрийн хувьцааг шинэчилж байгаа бүртгэл хийгдэх үндэслэл болох ёстой. Гэтэл энэ хуулийн шаардлага нь огт хангагдаагүй учраас Ж.Ж, Д.Г нарын гаргасан шийдвэр нь хууль зөрчиж, хуульд заасан шаардлагыг хангаагүй.

2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ "М ХХК болон хувьцаа эзэмшигч Ж.Ж, Д.Г нарын хооронд хийгдсэн. Гэтэл Д.Г, Ж.Ж нарын хувьцаа эзэмшигчдийн шийдвэр буюу өөрийнхөө хувьцааг г-д давуу эрхээ хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Давуу эрхээ хэрэгжүүлээгүй гэсэн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гарахаас өмнө хувьцаа нь аль хэдийнээ худалдагдсан  гэсэн үйл баримт нь үүгээр тогтоогдож байна. Манай үйлчлүүлэгчийн давуу эрхээ хэрэгжүүлэх боломжийг нь олгоогүй. Аль хэдийнээ хувьцаагаа худалдсан гэдэг нь нотлогдож байна. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар манай үйлчлүүлэгчийн давуу эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн эрх шилжүүлэх, баримт бичигт өөрчлөлт оруулахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг заасан байдаг. Үүнд компанийн дүрэм, эсвэл дүрэмд оруулсан өөрчлөлтийг заавал өгөх ёстой. Гэтэл гуравдагч этгээдийн зүгээс гаргаж өгсөн дутуу баримтыг үндэслээд "М ХХК-ийг бүртгэсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг ноцтой зөрчсөн.

 Г ХХК, г гэсэн байдлаар томьёолсноос харвал бичиг баримт нь утга агуулгын хувьд алдаатай баримтууд өгөгдсөн байдаг. Дээрх үндэслэлээр улсын бүртгэл хийгдэх ямар ч үндэслэлгүй, хувьцаа эзэмшигчдийн шийдвэр нь хуульд заасан шаардлагуудыг хангаагүй байхад хариуцагчийн зүгээс хуульд нийцээгүй баримт бичгийг үндэслэж, хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн нь хууль бус юм. Ийм учраас улсын бүртгэгч н.М 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдүүлсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг бүртгэхээс татгалзсан нь хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулах шаардлага гаргаж, мөн дээрх өөрчлөлтийг бүртгэхийг даалгаж өгөхийг шүүхээс хүсэж байна. "М ХХК нь хувьцаа эзэмшигч болохоос өмнө зохих журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 03 дугаар сарын 20-ны өдөр болсон. Үүгээрээ 2015 оны тайланг баталсан. Хурлын зарыг тухайн үед хүчин төгөлдөр бүртгэлтэй байсан хувьцаа эзэмшигчид болох Ж.Ж, Д.Г нарт хүргүүлсэн байдаг. Хоёулаа энэ зарыг хүлээн авч, хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн учраас хурал явагдаад, өөрийн хувьцаа хасуулах асуудал шийдэгдэж, мөн 2015 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан батлагдсан. Өөрийн хувьцааг солих шийдвэр гараад, 192595 энгийн хувьцааг нэмж гаргасан. Өөрөөр хэлбэл г-ийн нийт хувьцаа нь 98.52 хувьтай байхаар тогтоосон. Г ХХК-ийн үйл ажиллагааг г-ийн хувьцаа эзэмшигчийн өрөөр санхүүжүүлж байсан.

 Энэ үйл ажиллагааны зардлууд нь бүгд хуримтлагдсан өр 12.721.670.130 төгрөг байсан. Үүнийг санхүүгийн тайландаа тусгаад, өр болон ханшийн алдагдал гэсэн 2 хэсгээс бүрдүүлж, санхүүгээр баталгаажуулж, улсын бүртгэлд хүргүүлсэн байдаг. Үүнийг заавал шаардсан. Нэмж гаргасан хувьцаагаа давуу эрхээ хэрэгжүүлээд ав гэсэн мэдэгдлийг хувьцаа эзэмшигч Ж.Ж, Д.Г нарт хүргүүлсэн байдаг. Мэдэгдлийг хүлээж авсан мэдэгдэл нь хэрэгт авагдсан байгаа. Заасан хугацаанд давуу эрхээ хэрэгжүүлээгүй учраас г-д бүхэлдээ шилжсэн. Бүх бичиг баримтуудаа бүрдүүлээд, хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр, тэмдэглэл, санхүүгийн тайлан бүгдийг нь бүрдэл хангуулаад өгсөн байдаг.

Улсын бүртгэгчийн татгалзаж байгаа ганц үндэслэл нь "М ХХК-д бүртгэлтэй учраас бүртгэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Учир нь "М ХХК бүртгэлтэй байна гэсэн үндэслэлээр татгалзсан. Өмнөх улсын бүртгэгчийн шийдвэр нь хууль бус учраас бүртгэлийг бүртгэхээс татгалзаж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Мөн бичиг баримтууд дээр бүрдлийн алдаа гаргасан байдаг. УБ-05 маягтыг улсын бүртгэлийн байгууллага жагсаалт нь агуулагдаж байгаа мэдээлэл нь өөрчлөгдөж байгаа тохиолдолд гаргадаг. Хуулийн этгээд нь өөрийнхөө тамгыг дарах ёстой. Гэтэл өмгөөллийн ******* ******* ******* нөхөрлөлийн дүрэм гарсан нь өргөдлийн шаардлага хангаагүй болох нь харагдаж байна.

М ХХК-ийн тухайд улсын бүртгэлд бүртгүүлснээрээ хувьцаа эзэмшигч болох ёстой. Гэтэл тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэрээр ******* ******* ******* ХХН-д итгэмжлэл олгогдсон. Өөрөөр хэлбэл бүртгүүлэх эрхийг олгосон нь өөрөө хүчин төгөлдөр бус байна. Төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан өргөдлийн дагуу бүртгэл хийгдсэн гэдэг нь харагдаж байна.

Хувьцаа эзэмшигч Ж.Ж, Д.Г нарын хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шаардлагын албан бичиг дээрээ компанийн нэрийг буруу бичигдсэн. Г инк биш Г ХХК байх ёстой. 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүд хийгдсэн байгаа. 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ хийгээд, 2016 оны 02 дугаар сарын 03-ны шийдвэр гаргасан. Шийдвэрээс өмнө аль хэдийн хувьцаа худалдагдсан. Давуу эрхээ хэрэгжүүлэх боломж, бололцоо олгохгүйгээр эрхийг нь зөрчсөн. Бүртгэлийн байгууллагаас бүртгэж авсан нь хууль бус юм. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хувьцаа эзэмшигч Ж.Ж, Д.Г нар нь өөрсдийн мэдлийн хувьцаагаа М ХХК-д худалдсаныг улсын бүртгэлд бүртгэсэн. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь хуульд заасан журмын дагуу хуралдсан байна. Хуулийн дагуу шийдвэр гаргасан учраас бүртгэсэн. Энэ бүртгэл нь холбогдох эрх зүйн актуудад нийцсэн учраас бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл байхгүй.

Мөнхсайхан улсын бүртгэгчийн хувьд ажлаасаа чөлөөлөгдөж, өөр ажилд томилогдсон. Манай бүртгэлийн байгууллага нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан мэдээллийг бүртгэдэг. Хурлын шийдвэрийг бүртгэх талаар ойлголт байхгүй. Хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан баримтуудыг үндэслэн бүртгэдэг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг 2 дахь нэхэмжлэлийн шаардлагатай нь холбогдуулан төлөөлж байна гэж ойлгогдохоор байна. Дээд шатны улсын ерөнхий бүртгэгч нь улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгох заалттай байдаг. Гэтэл улсын ерөнхий бүртгэгч нь энэ шийдвэрийг хүчингүй болгоогүй.  Хариуцагч нь тодорхойгүй нэхэмжлэл гаргасан.

г нь нэхэмжлэл гаргасан байх боловч Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгсөн лавлагаагаар тус байгууллагын нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа.  г гэх хуулийн этгээд нь гадаад улсын хуулийн этгээд юм. Венийн конвенцид заасан арга хэлбэрээр шүүхийн болон төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд оролцох ёстой. Хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудыг үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

г-ийн гүйцэтгэх захирлаас Люси ажилладаг гэдэг нь тодорхойгүй байна. Учир нь Г ХХК, "******* ******* *******" инк гэсэн 2 нэр явж байгаа. Люси гэдэг  хүн нь аль хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал вэ гэдгийг юугаар нотлох юм. Нотолсон баримт хэрэгт авагдаагүй байдаг. 2 итгэмжлэл өгсний 1 нь он саргүй байсан гэдгийг тухайн үедээ засаж залруулж хэлсэн.

Улсын бүртгэлийн лавлагаанаас харахад Г ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэл нь зөрүүтэй байдаг. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архиваас ирүүлсэн н.О албан бичгээр Г ХХК байдаггүй. Гэхдээ хувьцаа  эзэмшигчийн мэдээллээр Г ХХК-ийн бүртгэл авагдсан байдаг.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд зааснаар бүртгүүлж байгаа иргэн нь бүртгэлийн үнэн зөв байдлыг хариуцдаг. Д.Г, Ж.Ж нар Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдийн давуу эрх, тэргүүн ээлжинд авах эрхийг нь хангаад, Гадаад хэргийн яамаар дамжуулж авсан эсэхийг тодруулсан. Гадаад хэргийн яамны албан тоотоор Л гэдэг хүн авсан гэдгийг илэрхийлсэн. Хувьцаа эзэмшигчийнх нь хувьд Л гэдэг иргэний эрхийг ямар нэгэн байдлаар хангаж явуулсан.

Мөн н.М нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж ирүүлээгүй. Хариуцагчаар хэнийг татах нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал хэдий ч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2 дахь нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан оролцож байгаа гэж ойлгож байна.  Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар өмнөх бүртгэл нь хүчинтэй байхад дараагийн бүртгэл хийх нь хориотой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ

Нэг. М ХХК-ийг Г ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.Ж, Д.Г нар нь   2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэ[1] болон 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ[2], эрх шилжүүлэх гэрээгээр[3] өөрсдийн эзэмшилд байсан компанийн 30 хувийн хувьцааг М ХХК-нд шилжүүлжээ.

М ХХК нь уг хувьцааны шилжилтийг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт өөрийн төлөөлөгчөөр дамжуулан бүртгүүлсэн байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдээгүй, хүргүүлээгүй, хувьцааг худалдан авах давуу эрхийг хязгаарласан, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр буюу хувьцаа эзэмшигчдийн хурлаас өмнө байгуулсан, М ХХК нь уг хувьцааны шилжилтийг бүртгүүлэхдээ хуульд заасан журмыг баримтлаагүй гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгчээс хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдээгүй, хүргүүлээгүй, хурал хүчин төгөлдөр бус, хувьцааг худалдан авах давуу эрхийг хязгаарласан, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хувьцаа эзэмшигчдийн хурлаас өмнө байгуулсан гэж маргаж байгаа боловч энэ тал харьяалах шүүхэд маргаагүй, уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байх тул тус шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Харин Өмгөөллийн ******* ******* ******* ХХН нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн № 01/18 тоот албан бичгээр хувьцаа шилжүүлснийг бүртгүүлэх тухай хүсэлтийг[4] холбогдох баримтуудын хамт Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт /хуучин нэрээр/ газарт гаргажээ.

Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөнХуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ гээд мөн хуулийн 23.1.3-д үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, 23.1.4-д үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт гэжээ.

Гэтэл Өмгөөлөлийн ******* ******* ******* ХХН нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн № 01/18 тоот албан бичгээр хувьцаа шилжүүлснийг бүртгүүлэх тухай хүсэлтийг гаргахдаа хуульд заасан дээрх өөрчлөлтийг тусгасан Г ХХК-ийн дүрэм, хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр зэргийг хавсаргаагүй болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн № ******* дугаар албан бичигт хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн компанийг дүрмийг хавсаргаж ирүүлээгүй гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд М ХХК-ийг Г ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хоёр. Улсын бүртгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Г ХХК-ийн өрийг хувьцаагаар сольж, хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдүүлсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг бүртгэхээс татгалзсан 01 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулж, энэхүү өөрчлөлтийг бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Г ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар[5] өрийг хувьцаагаар сольж, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.

Гэтэл Г ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр болон 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээгээр тус компанийн хувьцаа эзэмшигч Ж.Ж, Д.Г нарын 30 хувийн хувьцаа М ХХК-нд шилжсэн байна.

Нэхэмжлэгчээс хувьцааны шилжилт хөдөлгөөнтэй холбоотой маргадаг боловч Г ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэртэй холбоотойгоор харьяалах шүүхэд маргаан үүсгээгүй тул дээрх хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэхээр байна.

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ, 62.1.3-д Компанийн өрийг хувьцаагаар солих, хувьцаа нэмж гаргах, түүний тоог тогтоох гэжээ.

Иймд маргаан бүхий компанийн 30 хувийн хувьцааны асуудлыг эцэслэн шийдвэрлэгдсэний дараагаар холбогдох бүртгэлийг хийлгэх нь зүйтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Улсын бүртгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Г ХХК-ийн өрийг хувьцаагаар сольж, хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдүүлсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг бүртгэхээс татгалзсан 01 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулж, энэхүү өөрчлөлтийг бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.3, 23.1.4-д тус тус заасныг баримтланМ ХХК-ийг Говийн од ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосугай.

2.   Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас Улсын бүртгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Г ХХК-ийн өрийг хувьцаагаар сольж, хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдүүлсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг бүртгэхээс татгалзсан 01 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулж, энэхүү өөрчлөлтийг бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ