| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2019/03419/И |
| Дугаар | 1328 |
| Огноо | 2020-04-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 1328
2020 оны 04 сарын 27 өдөр Дугаар 102/ШШ2020/01328 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б,
Хариуцагч: Ө нарт холбогдох,
Зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 56,618,620.23 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анударь, хариуцагч Д.Ө, нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Ө, М.Б нар нь 2016 оны 05 сарын 26-ны өдөр “Г” ХХК-тай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 57,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон Ипотекийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Д.Өы өмчлөлийн Ү-2205049866 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн, 7 хороо, 3 хороолол, Жамсранжав гудамж, 50 байр, 58 тоотод байрлалтай, 33 м.кв, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчиж байсан ба зээлдэгч Д.Ө нь биечлэн ирж зээлийн гэрээний хоцрогдол болон, гэрээний зөрчлийн хэмжээг мэдэн авч, өөрөө төлөхөө бичгээр болон уулзалтын тэмдэглэлээр баталгаажуулж өгсөн боловч дахин ямар нэг төлөлт хийгдээгүй. 2019 оны 10 сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 48,514,857.94 төгрөг, хүүний төлбөрт 6,429,695.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 65,346.46 төгрөг, нийт 55,009,900.03 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул нийт 56,618,620.23 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Ө шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Анх зээл авсан өдрөөс хойш миний бие зээлийг төлж байсан ч миний ажил зогсонги байдалд орж зээлийг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон. М.Бийн хувьд хамтран зээлдэгчээр л гэрээнд гарын үсэг зурсан болохоос биш төлөлт хийдэггүй байсан. Миний хувьд зээл төлөөгүй гэдэгт маргах зүйлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Өнөөдрийн байдлаар зээл төлөх боломжгүй, хорих ялаар шийтгэгдсэн тул төлөх боломжгүй. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа маргаантай зүйл байхгүй тул нэмэлт хугацаа тогтоолгох хүсэлтэй байна. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
“Г” ХХК нь М.Б, Д.Ө нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 56,618,620.23 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч Д.Ө нь хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Харин хариуцагч М.Б нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна.
Д.Ө, М.Б нар нь “Г” ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ЗГ1715016894 тоот Зээлийн гэрээ, мөн өдрөө ЗБ1715016894 дугаартай Ипотекийн гэрээг тус тус байгуулж, 57,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууцны зээл авчээ.
Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, зээлдэгч, зээлдүүлэгч тал гэрээнд гарын үсэг зурж, гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ хүчин төгөлдөр болсон, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүргийг, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.
Гэрээний дагуу нэхэмжлэгч нь зээлийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч нь зээлийг ашигласан хугацааны хүүний хамт хуваарийн дагуу 56,618,620.23 төгрөгийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан ба хариуцагчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлахыг нэхэмжлэгч нь мэдэгдэж байсан, хариуцагч энэ талаар маргахгүй байна.
Талууд Зээлийн гэрээний 4.4.1-д зааснаар зээлдэгч гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр, хүүг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлахаар тохиролцжээ.
Ийнхүү гэрээнд зааснаар хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ 12 сараас дээш сарын хугацаагаар биелүүлээгүй, нэмэлт хугацаанд үр дүн гараагүй байх тул зээлдүүлэгч нь зээлийн гэрээг цуцалж, тухайн зээлийг цуцлах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгааг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар талууд зээлийг жилийн 8 хувийн хүүтэйгээр тохиролцсон ба гэрээг цуцлах хүртэл хугацааны зээлийн хүү 8,038,415.84 төгрөг байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэжээ.
Талуудын байгуулсан гэрээний 2.6 дах заалт нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасанд нийцэж байх тул хариуцагч нар нь нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нэмэгдүүлсэн хүү 65,346.46 төгрөг төлөх үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ө, М.Б нараас зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 48,514,857.94 төгрөг, зээлийн хүү 8,038,415.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,346.46 төгрөг, нийт 56,618,620.23 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.
Хариуцагч Д.Ө нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн 7 хороо, 3 хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 50б байр, 58 тоотод байршилтай 43 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан Ипотекийн гэрээг байгуулжээ.
Талууд 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ЗГ1715016894 тоот Зээлийн гэрээний 4.3 дах заалтаар дээрх Ипотекийн гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхээр тохиролцсон байх тул зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 543,889.5 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хураамжид 543,889.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч М.Б энэ өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар эзгүйд нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Б, Ө нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 56,618,620.23 /тавин зургаан сая зургаан зуун арван найман мянга зургаан зуун хорь/ төгрөг гаргуулан, “Г” ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Баянгол дүүргийн 7 хороо, 3 хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 50б байр, 58 тоотод байршилтай 43 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 543,889.5 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хураамжид 543,889.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ