Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Мад холбогдох 2316001200171 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр Говь-Алтай аймгийн ... сумд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ... багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ... регистрийн дугаартай, Ээжийн гол овогт Б.М.

 Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Гэм буруугийн талаар:  

            Шүүгдэгч Б.М нь 2023 оны 04 сарын 20-ны үед өөрийн эзэмшлийн хар морьтойгоо адуу хайх зорилгоор явж байгаад Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багийн нутаг Ганган хар гэх газраас ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн 1 тооны эр хулан адууг хэвтэж байхад нь тусгай зөвшөөрөлгүйгээр бугуйлдаж агнасан, улмаар агнасан хулангийнхаа хавирга, сээр, хүзүү, харьт чөмгийг авч мориндоо ганзагалан Бугат сумын Биж багийн Ар гашуунд хаваржиж байсан гэртээ авч ирж 2-3 хоног хадгалж байгаад Бугат сумын төвд байх гэрийнхээ хөргөгчинд дамжуулан хадгалж, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Бугат сумын төвд байх гэрийнхээ хөргөгчинд хадгалж байсан хулан адууны хавирга, сээр, хүзүү, харьт чөмөг зэргийг хүү М.Бн жолоодож явсан түүний эзэмшлийн 70-86 ГАА улсын дугаартай Honda insight маркийн тээврийн хэрэгслийн багажинд хоолны мах байгаа юм аймгийн төвийн гэрийн хөргөгчинд аваачиж хийгээрэй гэж хэлж Говь-Алтай аймгийн Бугат сумаас Есөнбулаг сум хүртэл ховор амьтны мах тээвэрлүүлж амьтны аймагт 19,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна:

  Гэрч М.Б, М.М нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

          Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, шинжээч Б.Дэлгэрзулын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Шинжилгээнд ирүүлсэн дээжинд генетикийн шинжилгээ хийж Хулан адуу (Еquuse hemionus)-ны эр бодгаль болохыг тодорхойлов. Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 07 дугаартай “Ховор амьтны жагсаалтын” тогтоолын 1-р хавсралтад “ховор” зүйл гэr батлагдсанг тус тус үндэслэн дүгнэв..." гэх дүгнэлт /хх-ийн 84-85-р хуудас/,

 

                 Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын байцаагч Г.Б шинжээчийн дүгнэлтэд "...2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2023/03 дугаартай шинжээчийн “гэмт хэргийн гомдол мэдээллийг илрүүлсэн тухайн цаг үед хулан адууны эр бодгалийн экологи эдийн засгийн үнэлгээ нь Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан байна. Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолоор 9,700,000 /есөн сая долоон зуун мянган төгрөг/ байсан байна. Амьтны аймагт учирсан хохирлыг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Амьтны тухай хуулийн 37.2 Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахиж өсгөж тогтооно. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-д зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахиж нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, 1 тооны эр хулангийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 19.400.000 төгрөг болно гэх” дүгнэлт /хх-ийн 93-94-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

  Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М нь 1 тооны эр хулангийн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 9,700,000 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-д зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахиж нугалж 19,400,000 төгрөгийг төлсөн /хх179/ тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох 1,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий хар зүсмийн морийг хураан авч улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бугуйл 1 ширхэг, хулан адууны хавирга, сээр, хүзүү, харьт чөмөг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ээжийн гол овогт Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

  2. Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Мд мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох 1,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий хар зүсмийн морийг хураан авч улсын орлого болгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бугуйл 1 ширхэг, хулан адууны хавирга, сээр, хүзүү, харьт чөмөг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд хөрөнгө битүүмжилсэн 2023 оны 10 сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелтэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА