| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2020/00591/и |
| Дугаар | 142/ШШ2020/00648 |
| Огноо | 2020-05-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 142/ШШ2020/00648
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.О нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.Б /Регистрийн дугаар: /-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.О миний бие 2010 онд О.Бтай танилцаж, 2012 оны 7 дугаар сарын 11-нд хүү Б.С, 2018 онд охин Б.Сондорыг төрүүлсэн. Бид албан ёсоор гэр бүлээ 2018 онд батлуулсан. Хамт амьдрах хугацаанд О.Б нь байнгын шинжтэй архи ууж, хэрүүл маргаан үүсгэж, элдвээр доромжилж, дарамталдаг. Хоёр хүүхдээ тээж байхад хоёуланд нь зодож, эмнэлгийн байгууллагад хандаж байсан. Хамтын амьдралын хугацаанд маш олон удаа салж, нийлж байсан, дээрэлхүү, аархуу, бүдүүлэг, хариуцлагагүй байдлуудыг нь тэвчихгүй байнгын асуудал үүсч, үл ойлголцдог. Сүүлдээ хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх үйлдлүүдийг гаргаж, гэр бүлийн хүчирхийлэлд байнгын байлгах болсон тул бид 2018 оны 11 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг минь төрсөн эхийнх нь асрамжинд үлдээж, эцэг О.Баас хүүхдүүдийн тэтгэлэгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний эхнэр Б.О-нийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тэгтоолгох нэхэмжлэлийг шүүхээс гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Бид 2010 оны 01 дүгээр сарын 29-нд танилцаж үерхэж байгаад 2012 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүү Б.С, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр охин Б.Снар тус тус төрсөн. Б.О бид хоёр 2018 онд гэрлэлтээ бүртгүүлж албан ёсны гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын явцад бие биенийгээ үл ойлгох асуудал гарч байсан боловч би байнга архи ууж, агсам согтуу тавьж байгаагүй. Харин хэрэлдэх маргалдах үл ойлголцох зүйл цөөнгүй байсан нь үнэн. Би хоёр хүүхэд болон эхнэрээ хайрлаж явдаг. Нэгэнт эхнэр маань салах талаар нэхэмжлэл гаргаж гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа бол түүний энэхүү хүсэлтийг би хүндэтгэж үзэхээс өөр аргагүй.
Би өөрийн хоёр хүүхдийн нэгийг нь өөрийн асрамжиндаа авч үлдэх хүсэлтэй байна. Одоо би өөрийн хоёр хүүхдээ харж асарч байгаа бөгөөд ээжтэйгээ хоёр хүүхэд маань хагас, бүтэн сайн өдөр амрах үед нь хамт байдаг. Прокурорын ажил ачаалал ихтэй хоёрын хоёр хүүхдийг ганцаараа өсгөж хүмүүжүүлэх асуудал эхнэрт маань хүндрэлтэй байх болов уу гэж би бодож байгаа тул түүний энэ асуудлыг хөнгөвчилж хоёр хүүхдийнхээ нэгийг ч болтугай асарч хүмүүжүүлж дэмжлэг болох хүсэлтэй байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч О.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч, нэг хүүхдээ өөрийн асрамжиндаа авахыг хүсэж байна.
Гэр бүлийн тухай хуульд гэрлэгчид харилцан зөвшөөрөлцсөнөөр гэрлэж болно гэж заасан байх ба хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Б.О, О.Б нар нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлж, тэдний дундаас 2012 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүү Б.С, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр охин Б.Снар төрсөн болох нь зохигчдын тайлбар, төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэрлэгчдийн хэн нэгний нэхэмжлэлийн дагуу шүүх гэрлэлт цуцлуулах маргааныг шийдвэрлэх ба эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа гэрлэлт цуцлах нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэх хуулийн зохицуулалттай хэдий ч нэхэмжлэгч Б.О нь нэхэмжлэлдээ хариуцагч О.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэж Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2019/0ЗШ/163 дугаартай шийтгэвэр, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2019/0ЗШ8937 дугаартай шийтгэвэр, П-ын газрын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1925008000497 дугаартай тогтоолыг нэхэмжлэлдээ хавсаргасан байх бөгөөд хариуцагч О.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байх тул эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж шууд шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн болно.
Гэрлэгчдийн тайлбар, хэрэгт авагдсан Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2019/0ЗШ/163 дугаартай шийтгэвэр, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2019/0ЗШ8937 дугаартай шийтгэвэрээр хариуцагч О.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Обиед гэмтэл учруулж шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч О.Б нь хурц ширүүн, түрэмгий дээрэлхүү зантай, нэхэмжлэгчтэй байнгын элдэв муу, муухай үгээр доромжлон харилцдаг, эргэн тойрныхоо хүмүүсийг үл ойшоон, дорд үзэж хандаж харилцдаг байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай хамт амьдарч байсан байдлынхаа талаар “О.Б нь байнга архи ууж, хэрүүл маргаан үүсгэж элдвээр доромжлон, дарамталдаг. Жирэмсэн байх үед ч зодож байсан, хамт байх хугацаандаа олон удаа салж, нийлж байсан, дээрэлхүү, аархуу, бүдүүлэг, хариуцлагагүй байдлуудыг нь тэвчихгүй үл ойлголцож маргадаг” гэж тайлбарлаж байна.
Дээрх байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч нь хариуцагчтай хамтран амьдрах хугацаандаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1,6.1.2-д заасан бие махбодын болон сэтгэл санааны байнгын хүчирхийлэлд амьдарч байсан болох нь тогтоогдож байх тул эвлэрэх хугацаа олгохгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэстэй байна.
Мөн хуулийн 6.3-д Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд / нөхөр О.Б/ энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ” гэж тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч нь 2012 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүү Б.С, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр охин Б.Снарыг өөрийнхөө асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хүүхдүүд төрсөн цагаасаа эхлэн ээж, аавынхаа асрамжид байсан, бага насны хүүхдүүдийг эхийнх нь асрамжид байлгахад сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, хариуцагч О.Б нь зан харьцааны хувьд тогтворгүй, гэр бүлийн хүчирхийлэлд үйлдэж зөрчил гаргаж байсан байх тул хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй гэж тус тус заасныг зохигчид анхаарвал зохино.
Зохигчийн хооронд эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Хариуцагч О.Бд шүүх хуралдааны хуульд зааснаар тов мэдэгдсэн боловч байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.4-д заасныг баримтлан Б.О /Регистрийн дугаар: /, О.Б /Регистрийн дугаар: / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Б.С, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Снарыг эх Б.Оасрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан 2012 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Б.С, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Снарт бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар 11 нас, баталгаажих доод түвшингийн хэмжээгээр 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг О.Б-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Зохигчийн хооронд эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Оулсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 138,628 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.Б-аас 138,628 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгосугай.
6 Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчдод даалгасугай..
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН