Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 185/2022/0517/Э |
Дугаар | 2023/ШЦТ/1045 |
Огноо | 2023-10-20 |
Зүйл хэсэг | 17.3.2.2., |
Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1045
2023 10 20 2023/ШЦТ/1045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхтуул,
улсын яллагч Г.Ууганбаатар,
хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М,
хохирогчийн төлөөлөгч Б.В.В өмгөөлөгч Э.Билэгсайхан,
шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Э.Баасанжав нарыг оролцуулан эрүүгийн 2002005940015 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, У.Б/регистрийн дугаар /, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Д.Н” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ...тоотод оршин суух, ..., ... одонгоор тус тус шагнагдаж байсан,
урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 14.040.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 557 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
У.Б нь “Д.Н” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа хуучнаар Оросын Холбооны Улсын өмчид бүртгэлтэй В.И.Л-нийнэрэмжит клубийн барилга байгууламжийн цогцолборт хамаарах кино сангийн барилгыг түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглаж байхдаа тухайн барилгыг бусдын буюу Оросын Холбооны Улсын өмч гэдгийг мэдсээр байж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилан кино сангийн барилгыг өөрийн компанийн хөрөнгийг шинээр барьж байгуулсан мэтээр баримт материал бүрдүүлэн Нийслэлийн газрын алба болон Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт гарган өгч 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 322 м.кв хэмжээтэй газар эзэмших гэрээг байгуулж, улмаар 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгүүлэн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч,
улмаар У.Бод үргэлжилсэн үйлдлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх 322 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцон 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ...дугаартай шийдвэрээр тухайн газрыг 748 м.кв болгон өөрчлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шийдвэрийг гаргуулж, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр А/546 дугаар захирамжаар “...” ХХК-д 748 м.кв газрыг олгуулсны улмаас төрд их хэмжээний буюу 61.332.480 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокуророос У.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч У.Бын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч У.Б нь баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч У.Б нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь:
Шүүгдэгч У.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Энэ үйл явдал 1996 оноос эхэлсэн. Тухайн үед зах зээлийн эдийн засгийн системд шилжээд удаагүй байсан, Монгол улсад ажиллаж байсан оросууд манай улсаас гарч явсан, өмч хөрөнгүүд эзэнгүйдсэн байсан. Тэр үед би Ленин клубын өмчлөгч “Санкт Петербуг холдинг” компанийн захирал ...гэх эмэгтэйтэй танилцсан. Би Л.И.Абрамоватай яриад Ленин клубийн хоёрдугаар давхарт өрөө түрээсэлж, өөрийн хөрөнгөөр тохижуулж, биллъяард ажиллуулж эхэлсэн юм. Одоо санахад би тэр үед байх ...нэг өдөр намайг дуудаж Санкт Петербург төвийн хашааны зүүн урд байрлах жижиг байшинг үзүүлсэн. Тэр байшин нь нэг давхар, дээвэргүй хаалга цонхгүй, дотор ханыг нураасан, эд хөгшил, халаалт, цахилгааны шугам, паарнуудыш нь салгаад авсан, модон шалыг нь хуулсан хаягдсан байшин байсан. ...“энэ байшингийн засварыг хийгээд түрээсээр ашигла. Бид засварын ажилд хөрөнгө оруулж чадахгүй” гэж хэлсэн. Ингээд би “Санкт Петербург холдинг” компанийн төв байранд өрөө засварлаж биллъяард ажиллуулж, нураасан гражийг засварлаж баар ажиллуулж байсан. Гэтэл “Цагаан шонхор” компанийн Ч.Энхтайван ирээд “Ленин клубийг манай авсан. Одоо гар” гээд хөөсөн. Би Л.И.Абрамоватай уулзаж “юу болоод байгаа юм бэ? би баахан мөнгө зараад засвар хийсэн. Мөн тохижилт хийсэн. Энэ мөнгийг яах вэ” гэхэд “Цагаан Шонхорын Ч.Энхтайван намайг дарамтлаад шууд авчихлаа” гэж хэлсэн. Би түрээсийн төлбөр 3 сараар төлчихсөн байсан. Тухайн үед сард 300.000 төгрөг байх, 2.000.000 төгрөгөөр тохижилт хийж биллъяардын ширээнүүд авсан байсан. ...“Цагаан Шонхороос түрээсийн төлбөрөө аваад засварын мөнгийг төлнө” гэж хэлээд төлөөгүй. Үүнээс сарын орчмын дараа ...намайг дуудаад “...Манайх мөнгө санхүү муу байгаагаас хүмүүсээ цалинжуулж чадахгүй байна. Цагаан шонхор гэдэг компани байрыг авчхаад өгөхгүй, түрээсийн төлбөрөө төлөхгүй, цалин мөнгөгүй хэцүү байна. Манай компанид мөнгө зээлээч. Оросоос компанийн санхүүжилт ирэхээр буцааж өгье” гэхээр нь 1996 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 11.765 ам.доллар зээлсэн. 1997 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дахин мөнгө зээлэх хүсэлт гаргасан ба би энэ удаад гэрээ байгуулж баталгаажуулсан. Гэтэл мөнгийг өгөхгүй 2 жил гаруй хугацааг болсон бөгөөд ...“Оросын Холбооны улсад байх толгой компаниас мөнгө орж ирэхгүй байна” гэж байсан. Ингээд би байшингийн өмчлөгч “Санкр Петербург холдинг” ХХК-ийн захирал Л.И.Абрамоватай өөрийн зардлаар засаж тохижуулсан тохижилтын зардлын мөнгийг буцааж авах, харин компани надаас зээлж үйл ажиллагаандаа зарцуулсан мөнгийг хамтын үйл ажиллагаанаас олсон ашгаас суутгаж, манай компани буцааж авахаар тохиролцсон. Би тухайн үед зөвхөн гражийн барилгад 20.000.000 орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, уг барилгын сантехник, цахилгааны шугамыг дахин татаж, дээвэр, цонх, шалыг хийж ашиглалтад оруулан, нийтийн хоолны үйлчилгээ явуулж эхэлсэн. 2000 онд би Л.И.Абрамовад уг байшинг 2 давхар болгон өргөтгөх, зарцуулах хөрөнгийн талаар танилцуулахад тэрээр “манай компанийн зүгээс татгалзах асуудал байхгүй. Харин хөрөнгө оруулах боломжгүй” гэж хэлсэн. Би өөрийн хөрөнгөөр 40.000.000 орчим төгрөгөөр барилыг өргөтгөсөн. Би “Санкт Петербург холдинг” компанид 1997 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 5.000 ам.доллар буюу 4.000.000 төгрөг зээлдүүлсэн. Ингээд тухайн байгууллагад нийт 200.000.000 гаруй төгрөг зарцуулсан байдаг. Энэ бүх мөнгийг баталгаажуулж 1997 оны 01 дүгээр сарын 20-ны “Санкт Петербург холдинг” компанийн захирал Л.И.Абрамова, “Д.И” ХХК-ийн захирал миний бие бид гэрээ байгуулсан. Уг гэрээний 6 дугаар заалтад “...1996 ны 8 дугаар сарын 03-ны өдөр зээлдэж авсан 11.765 ам.доллар, 1997 оны 01 дүгээр сарын 03-ны зээлдэж авсан 5.000.000 ам.долларыг үйл ажиллагааны ашгаас суутгах”, мөн гэрээний 11 дэх заалтад “засвар тохижилтын зардлыг “Санк Петербург холдинг” компани төлөх” гэсэн тохиролцоо хийсэн. Гэвч тохижилтын зардлыг тус компани төлөөгүй. Засварын ажлыг хийж дуусган, үйл ажиллагаагаа 1997 оны 10 дугаар сараас явуулж эхэлсэн. Үйл ажиллагаагаа эхлээд явж байхад ...“компанийн ажилчдын цалин тавих шаардлагатай байна” гэж хэлээд ашгийн урьдчилгаа гэж мөнгө авч байсан. Энэ нь тухайн үедээ 500.000-1.000.000 төгрөг байсан санагдаж байна. Үйл ажиллагаанаас ашиг олоогүй тул тухайн компани манайхаас авсан мөнгийг нөхөж өгч чадахгүй байсан. Гэтэл 200 оны эхээр ...буцах болсоноо хэлэхэд нь би “яг одоо тооцоогоо дуусга” гэсэн шаардлага тавьсан. Гэтэл “манай компани танай тооцоог мэдэж байгаа. Мөнгө орж ирэхгүй байна. Нурсан, ашиглах боломжгүй төв байрны болон гаражийн байшингийн засвар, өргөтгөлийг танайх өөрийн хөрөнгөөр хийсэн. Бид төлбөрийг нь төлж чадаагүй учир уг байшинг танайх тооцоондоо авчих. Би гүйцэтгэх захирлын хувьд эрх хэмжээнийхээ хүрээнд өр зээлийн асуудлыг ингэж шийдвэрлэчихье” гэж хэлсэн. Уг байшинд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн болон газар эзэмших эрхийн гэрчилгээ, холбогдох бичиг баримт байгаагүй. Би Оросын Холбооны Улсын өмчийг залилан мэхэлж аваагүй. Харин “Санк Петербург холдинг” компанитай хамтран ажиллаж, өр төлбөртөө энэ байшинг авч, өөрийн хөрөнгөөр засварлан ашиглаж, зээлүүлсэн мөнгөндөө тооцуулан авсан. Оросын Холбооны Улсын элчин сайдын яам болон Санкт Петербург холдинг компанийн хоорондын асуудлыг би мэдэхгүй. Тухайн үед ...надад компанийн өмч гэж хэлсэн. Би өрөндөө авсан учир өөрийн өмчлөлд бүртгүүлэх нь хууль бус гэж үзэхгүй байна. Холбогдох баримтаа бүрдүүлэн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас өгсөн нэхэмжлэлийн дагуу газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 56.232.000 төгрөгийг Улаанбаатар хотын банкны ... тоот дансанд 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төлсөн. Газар эзэмжших эрхийг авахдаа тэр үеийн үнэлгээгээр 1996-2014 он хүртэлх газрын нөхөн төлбөр 5.100.480 төгрөгийг болон 2.125.200 төгрөгийг 2014 оны 9 дүгээр 03-ны өдөр төлсөн. Миний бие захиргааны хэргийн шүүхэд газрын асуудлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй. Тухайн байшин, газрын “...” ХХК-д шилжүүлсний дараа уг компанийн эрх бүхий хүмүүс шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн байдаг. Энэ шүүхийн асуудал надад огт хамаагүй. Иймд хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ хэргийн асуудлаас болж би маш их хохирч байна. Биеийн эрүүл мэндийн байдал муудаж, сэтгэл санааны хямралд орж, улмаар сахарын өвчин хүндэрсэн...”гэв.
тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...1997 онд байх Л.И. Абрамова нэг өдөр намайг дуудаад Санкт Петербург төвийн хашааны зүүн урд байрлах жижиг байшинг үзүүлсэн. Тэр байшин нь нэг давхар, дээвэргүй, хаалга, цонхгүй, дотор ханыг нураасан, эд хогшил, халаалт, цахилгааны шугам, пааруудыг нь салгаад авсан, модон шалыг нь хуулаад аваад явчихсан, дотор тал нь хүний баас, шээсээр дүүрсэн ер нь ашиглах боломжгүй нурсан байшин байсан. Тэрээр энэ байшингийн засварыг хийгээд түрээсээр ашигла, тэгээд зээлсэн мөнгөө суутгаад явъя гэсэн ба өөрсдөө засварын ажилд хөрөнгө оруулж чадахгүй гэж хэлсэн. Ингээд би байшингийн өмчлөгч “Санкт Петербург холдинг” ХХК-ийн захирал Л.И.Абрамоватай байшинг өөрийн зардлаар засаж тохижуулан, зардлын мөнгийг буцааж авах, харин компани надаас зээлж үйл ажиллагаандаа зарцуулсан мөнгийг хамтын үйл ажиллагаанаас олсон ашгаас суутгаж манай компани буцааж авахаар тохиролцсон юм. 1996 онд 15.674.150 төгрөг, 1997 онд 35.153.666 төгрөг, 1998 онд 28.035.146 төгрөг, 1999 онд 31.481.530 төгрөг, 2000 онд 45.673.127 төгрөг, 2001 онд 22.305.826 төгрөг, 2002 онд 24.900.655 төгрөг тус тус төлсөн ба нийт 203.224.100 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж засварласан. Бид дээрх хугацаанд 203.224.100 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж уг барилгын сантехник, цахилгааны шугамыг дахин татаж, дээвэр, цонх, шалыг хийж ашиглалтад оруулан, нийтийн хоолны үйлчилгээ явуулж эхэлсэн. ...Уг байшинд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн болон газар эзэмших эрхийг гэрчилгээ, холбогдох бичиг баримт байгаагүй. Нэгэнт өр авлагадаа авсан учир улсын бүртгэлд өөрийн компанийн өмчлөлд бүртгүүлж гэрчилгээг хуульд заасан журмын дагуу авсан. “Санкт Петербург холдинг” компанийн өмчлөлийн байшинг төлбөр тооцоондоо авч үйл ажиллагааг явуулж байсан. Мэдээж би энэ барилгад өөрийн ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, “Санкт Петербург холдинг” компанид зээлдүүлсэн мөнгөндөө авсан учир өөрийн өмчлөлд бүртгүүлэх нь хууль бус гэж үзэхгүй байна. Ингээд нурсан барилгыг засварласан баримт материалаа бүрдүүлэн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Мөн уг үл хөдлөх хөрөнгийн газрыг суурийн хэмжээгээр нь улсын бүртгэлд бүртгүүлж газар эзэмших эрхийг гэрчилгээгээ хуулийн дагуу авсан..." гэсэн мэдүүлэг /6хх-н 225-229/,
хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Миний бие хурлын өмнө хэргийн материалтай танилцсан. Миний зүгээс энэ хэргийн хохирогч нь Нийслэлийн газар зохион байгуулалтын алба мөн эсэх нь эргэлзээтэй байна. Дуудлага худалдааны анхны үнэ болон газар олголтын эцсийн шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргадаг бөгөөд төлбөрийг Нийслэлийн төрийн сангийн дансанд хуримтлуулдаг. Нийслэлийн өмчийн харилцааны газар нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг одоогоор Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг гэж явж байгаа. Тухайн мөнгөн дүн нь төлөгдөөгүй гэж үзэж байгаа бол энэ мөнгө нь Нийслэлийн төрийн сан руу ороод Нийслэлийн захирамж гарах ёстой. Тэгэхээр энэ хэргийн хохирогч нь Нийслэлийн газар зохион байгуулалтын алба биш Нийслэлийн Засаг дарга хохирогчоор тогтоогдох ёстой байсан гэж үзсэн. Мөн шүүгдэгчийн зүгээс газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн баримт хэрэгт авагдсан байдаг. Тоон дүн нь зөрүүтэй байгаа харагдаж байна. Мөн энэ газрын маргаан нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн байдаг. Хэрэв хэргийн хохирогчоор Нийслэлийн газар зохион байгуулалтын албыг тогтоож, дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэж үзвэл 2014 оны Нийслэлийн Засаг даргын захирамж хууль бус гэж үзэхээр байна. Үүнээс харахад газрын маргаан нь “...” ХХК-д байгаа харагдаж байна. Түүхчилсэн лавлагаанд 2014 онд “Д.И” ХХК, 2016 онд “Дэлгэрмөрөн” ХХК, 2017 онд “...” ХХК байх бөгөөд сүүлийн захирамж болох 2018 оны А/546 дугаар захирамж, үүнтэй холбоотой Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 0933 дугаар шийдвэр гарж, энэ компани газар эзэмших эрх өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байдаг. Үүнийг хүчингүй болгоно гэж үзвэл анх олгосон 2014 оны А/810 дугаар захирамжаар олгосон эрх зүйн харилцаа нь 2023 он хүртэл үргэлжилсэн байна. Дуудлага худалдааны анхны үнийг тухайн үед 5.100.000 төгрөг төлсөн гэж үзэж байгаа бол 2018 онд “...” ХХК нь 50.000.000 төгрөг шаардлагатай байна. Тэгэхээр газрын маргааныг энэ хэргээр шийдвэрлэхгүй. Мөн У.Быг яллагдагчаар татаж байгаа нь Оросын Холбооны улсын балгасны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан нь хуурамч бичиг баримт гаргасан эсэх талаар хэлж мэдэхгүй байна. 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл авагдсан захирамжууд хүчин төгөлдөр байгаа буюу үүнийг захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэх ёстой гэж үзэж байна...”гэв.
хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Эрүүгийн хэрэгт Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэнээр ахлуулсан нэр бүхий 4 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн А/138 дугаартай шинжээчийн дүгнэлт байна. Уг дүгнэлтийн 2, 3 дугаар хэсэгт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жамьян гүний гудамжинд байрлах нэгж талбарын 1406000102, 18643310379869 дугаартай 749 м.кв талбай хэмжээ бүхий газрын эзэмших эрх олгохдоо Нийслэлийн засаг даргын 2014 оны А/811 дугаар захирамжаар “Д.И” ХХК-нд үйлчилгээний зориулалтаар 322 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг үндэслэл болгоогүй буюу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлээгүй байна. Дээрх үйлчилгээний зориулалттай 322 м.кв талбайтай газрыг Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/546 тоот захирамжаар 748 м.кв талбай болгож өөрчлөлт оруулсан байна. Ингэхдээ Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг үндэслэл болгоогүй ба дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлээгүй байна гэж тус тус дүгнэсэн байна..." гэсэн мэдүүлэг /7хх-н 28/,
хохирогчийн төлөөлөгч Б.В.В мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай байгууллагын зүгээс Нийслэлийн прокурорын газарт албан хүсэлтээ гаргасан байгаа. Тухайн хүсэлтэд дурдсан захиргааны хэргийн шүүхийн процесст манай ОХУ-ын талын эрх бүхий байгууллагыг гуравдагч этгээдээр болон хариуцагчаар татан оролцуулаагүй, түүнчлэн Монгол Оросын Засгийн газрын хоорондын дэргэдэх Оросын Холбооны Улсын үл хөдлөх хөрөнгийг хариуцсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан хамтын ажиллагааны комиссын гишүүд болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Улсын бүртгэлийн газраас хүмүүсийг оролцуулалгүйгээр “Юнайтед колорс” ХХК-д хуучин В.И.Л-нийнэрэмжит клубийн объектуудын цогцолборын газрын хэсэг болох 6185 мкв бүхий газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж манай талын эрх ашгийг хохироосон гэж үзэж байна. 2012 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс манай эзэмшлийн Ленин клубийн цогцолбор барилгын өмчлөлийн эрхийг хүчингүй болгосон, үүний дараа “Ю.К” ХХК, “...” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд хэсэгчилсэн байдлаар хэрхэн яаж эзэмших болсон талаар ойлгохгүй байх тул энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү" гэсэн мэдүүлэг /6хх-н 135-136/,
Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 онд манай компани үйл ажиллагаа явуулахаар Сүхбаатар дүүргийн 1-р хороо хуучнаар Ленин клубийн хашаанд байрлах газарт 2 давхар барилгыг газрын хамт эзэмшдэг “Д.И” ХХК-аас газар, газар дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авч үйл ажиллагааг явуулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн бөгөөд барилгын суурийн ажлыг эхэлснээс хойш маргаан үүсэж барилгажилт зогсоон байдалтай байгаа. ...Болд гэх 60 орчим насны ахыг таньдаг байсан. ...2016 оны сүүлээр Болд ахтай уулзахад өөрийн дээрх хөрөнгийг зарах санаатай байна гэж ярьсан, үүний дагуу түүнтэй уулзаж ярилцаад зарах гэж байгаа газар, объектынх нь бичиг баримтуудтай нь танилцахад хууль ёсны дагуу өөрийн эзэмшилд бүртгүүлсэн гэрчилгээжсэн байсан ба худалдан авахаар тохиролцон 300 орчим мкв талбай бүхий газрыг дээрх үл хөдлөх хөрөнгийн хамт 500 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдан авч “...” ХХК-ийн нэр дээр бүртгүүлсэн. ...2020 оны 4 сард ОХУ-ын Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газрын алс, дорнодын бүс нутгийн улс орнуудыг төлөөлөгч В.В.Б ОХУ-ын өмчид хамаарах газарт хууль бусаар барилгажиж байна гэх утга бүхий асуудал үүсгэж СБД-ийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн ЗДТГ-т гомдол гаргаснаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас манай компанийн барилга барих тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлээд байна...” гэсэн мэдүүлэг /3хх-н 163/,
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Миний санаж байгаагаар 2010-2015 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчээр ажилласан. Тухайн үед бүртгэлийг хийхдээ “Д.И” ХХК-ийн эд хөрөнгийг бүртгүүлэх хүсэлт, мэдүүлэг, газрын гэрээ, гэрчилгээ, барилгын фото зураг, кадастрын зураг, план зураг зэргийг үндэслэж бүртгэлийг хийсэн байна. Тухайн аж ахуйн нэгжийн газрын гэрчилгээ, кадастрын зураг дээрх энэхүү бүртгүүлэх гэж буй объект нь байршиж байсан учраас “Д.И” ХХК-ийн барилга юм байна гэж ойлгоод бүртгэж гэрчилгээжүүлэх ажлыг хийсэн байна. Шинээр бүртгэхэд заавал шаардах албагүй, төрөөс хувьчилж авч байгаа бол дуудлага худалдаанд орсон, хувьчлалаар авч байгаатай холбоотой баримтуудыг иргэн аж ахуйн нэгж ирүүлдэг, харин гэрчилгээтэй байсан үл хөдлөх хөрөнгийг гэрээ, хэлцэл зэргийг шаардаж авдаг, мөн адил барьж гүйцэтгэсэн шинээр гэрчилгээжихээр ирж байгаа байшин барилгыг барилгын зөвшөөрөл зэрэг холбоотой баримтуудыг бүрдүүлж авдаг...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 180/,
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2014 оны 10 сарын 03-ны өдөр СБД-ийн 1-р хороо Ленин клубийн урд талд байрлах 2 давхар 644 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгын өмчлөх эрхийг “Д.И” ХХК-д улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэж гэрчилгээжүүлж улмаар дээр нэр дурдсан иргэдийн нэр дээр итгэмжлэл болон бусад нотлох баримтаар шилжүүлэгдэн явсаар 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр одоогийн “...” ХХК-ийн өмчлөлд тус тус бүртгэгдсэн байна. Манайд байгаа эд хөрөнгийн хувийн хэрэгт авагдсан баримтаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, “Д.И” ХХК-ийн 2014.10.03-ны өдрийн А04/2186 дугаартай дээрх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн албан хүсэлт, аж ахуйн нэгжийн гэрчилгээ, компанийн дүрэм, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, газрын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, үл хөдлөх хөрөнгийн давхар тус бүрийн план зураг, үл хөдлөх хөрөнгийг 4 талаас харуулсан фото зураг зэрэг нотлох баримтуудыг үндэслэж эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000358139 дугаартай гэрчилгээг улсын бүртгэгч Д.Бямбацогт нь бүртгэж олгосон байна. Хувийн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Д.И” ХХК-ийн тодорхойлсон албан бичгээс бусад байдлаар буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан 2011 оны “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-д заасан нотлох баримт авагдаагүй байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон эрх бүхий байгууллагын тогтоол шийдвэр, өмчлөх эрх шилжүүлэх авсан гэрээ, хэлцэл, хэрэв тухайн компани өөрөө барьж гүйцэтгэсэн бол улсын комиссын дүгнэлт зэргээр нотлогдоно, эдгээр баримтуудыг энэхүү журамд бүрдүүлж нотолсон байхыг шаарддаг юм. Гэтэл хувийн хэрэгт “Д.И” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэдгийг нотлоогүй, эрх бүхий байгууллагаас үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн эсэхийг бүрэн тогтоогоогүй байна. ... дээрх эд хөрөнгийг анх удаа бүртгэхдээ өмчлөх эрхийн нотлох баримтыг дутуу бүрдүүлж авсан байна. Улмаар өмчлөх эрх нь бусдын өмчлөлд гэрээгээр дамжин шилжсээр одоогийн байдлаар “...” ХХК-д бүртгэлтэй байна. Уг барилга нь өнөөдрийн байдлаар устгаж, үгүй болж “...” ХХК нь суурин дээр нь шинээр барилгажиж байгаа гэсэн мэдээлэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 184/,
Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн яамны 2020.10.13-ны өдрийн 11381н/1да дугаартай эсэргүүцлийн ноот бичиг, Гадаад хэргийн яамны 2020.10.20-ны өдрийн 09/4787 дугаартай албан бичгийн дагуу ОХУ-ын өмчийн болон газрын маргааны асуудал эцэслэн шийдэгдтэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... ХХК-д олгосон 2020.08.31-ний өдрийн 133/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тушаал гарсан өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу миний бие ... ХХК-ын барилгын талбай дээр очиж түдгэлзүүлэх шийдвэрийг гардуулж үйл ажиллагааг нь зогсоосон...” гэсэн мэдүүлэг /6хх-ийн 140/,
Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Өнгөрсөн жил хуучнаар Ленин клубын хашаан дотор барилгын ажил эхэлсэн байна, энэ ямар учиртай юм бэ гэсэн асуудал яригдсан. Тэр дагуу бид нар тухайн үед удирдлагуудад мэдээллийг өгөөд тодруулахад барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдсон байсан. ОХУ-ын Элчин сайдын яамнаас, Гадаад харилцааны яамнаас удаа дараа хүсэлт ирсэн тул зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн байгаа. Тэгээд өнгөрсөн намар зогсоосон боловч саяхан дахин барилгын ажил эхэлсэн байна гэдэг мэдээллийг аваад 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Барилгын чанарын аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Тамир тухайн газарт очиж Ерөнхий архитекторын шаардах хуудсыг өгч барилгын ажлыг зогсоох арга хэмжээ аваад байна. Мөн өнөөдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хот байгуулалт, хөгжлийн газар хамтарч зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн асуудалд шалгалт хийж байна...” гэсэн мэдүүлэг /6хх-ийн 143/,
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Газрын мэдээллийн сангаас шүүж үзэхэд Д.И ХХК-ийн гаргасан газрын 322 м.кв газар нь бүртгэгдсэн, эзэмшигч тодорхойгүй мэдээлэл бүртгэгдсэн, харин үүнийг тойроод Санктпетербург буюу Ленин клубийн барилгын газар нь тусдаа 10610 м.кв талбайтайгаар тус тус бүртгэгдсэн байсан. НИТХ-аас баталсан 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “Д.И” ХХК-ийн хүсэлт гаргасан газар нь бүртгэгдсэн эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ингээд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын барилга барилгажилтын зөвлөлийн хурлаар “Д.И” ХХК-ийн газар эзэмших хүсэлт гаргасан газрыг баталгаажуулахаар хуралд хүсэлтийг нь уламжилсан. Хурлаас нийт талбай буюу 753 мкв талбайгаар эзэмшүүлэх боломжгүй, барьсан гэж буй барилгын сууриар буюу 322 мкв талбайгаар эзэмшүүлэх боломжтой гэж шийдвэр гарч дуудлага худалдааны анхны үнэ газрын ашиглаж ирсэн хугацаанаас тухайн цаг хугацаа хүртэлх газрын төлбөрийг нөхөн төлүүлэх шийдвэр тус тус гарсан. Хурлаас гарсан шийдвэрүүдийг манай хэлтсийн ахлах мэргэжилтэн нэгтгээд НЗД-ын захирамж гаргуулахаар НЗДТГ-т хүргүүлдэг. Ингэснээр засаг даргын захирамж гарч гэрчилгээ олгогддог. ...Би өөрөөсөө шалтгаалах, тухайн үед ажлыг чиг үүргийн дагуу хийх ёстой зүйлийг хийсэн гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /6хх-ийн 150/,
Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1981 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 230 дугаартай “Барилгын байршил тогтоох тухай” тогтоол /1хх-ийн 46/,
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1981 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 262 дугаартай “Эдэлбэр газар эзэмшүүлэх тухай” тогтоол /1хх-ийн 54/,
Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 51 дүгээр тогтоол /6хх-ийн 128/,
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 1/86 дугаартай “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/811 дугаар захирамжаар Д.И ХХК-д олгосон 322 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн газар нь Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 152 дугаар тогтоолоор баталсан газрын суурь үнэлгээний дагуу 1 м.кв газрын суурь үнэ 44.0 мянган төгрөг байна. Харин дуудлага худалдааны анхны үнийг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалаар баталсан аргачлалын дагуу тооцоход үнэлгээний зэрэглэлээр 1 дүгээр бүс, засвар итгэлцүүр 0,36, дуудлага худалдааны анхны үнэ 5.100.480 төгрөг байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолоор газрын суурь үнэлгээг шинэчлэн тогтоосон. Харин Нийслэлийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжаар ... ХХК-д олгосон 426 м.кв талбай бүхий газар нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1997 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 152 дугаар тогтоолоор батлагдсан газрын суурь үнэлгээний дагуу 1 мкв газрын суурь үнэ нь 44.0 мянган төгрөг бөгөөд дуудлага худалдааны анхны үнийг Барилга хот байгуулалтын Сайдын 2018 оны 15 дугаар тушаалаар баталсан аргачлалын дагуу тооцоход үнэлгээний зэрэглэлээр 1 дүгээр бүс, итгэлцүүрийн утга 3, дуудлага худалдааны анхны үнэ 56.232.000 төгрөг байна. Дуудлага худалдааны анхны үнэ болон газрын суурь үнэлгээ, зэрэглэлийг тооцсон хүснэгтийг хавсралтаар хүргүүлэв”албан бичиг /7хх-ийн 30/,
“Д.Н” ХХК-ийн 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн А04/158 дугаартай Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргасан хүсэлт /2 хх-ийн 139/,
“Д.Н” ХХК-ийн 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А03/88 дугаартай Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргасан хүсэлт /2 хх-ийн 140/,
Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 000305260 дугаар /2 хх-ийн 146/
2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний хуулбар /2 хх-ийн 147/,
2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний хуулбар /3 хх-ийн 4/,
Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ 2016 оны 3 дүгээр сарын 31-ний өдрийн 000620901 дугаар /3 хх-ийн 3/,
Нийслэлийн засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/207 дугаартай захирамж /3 хх-ийн 9/,
2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний хуулбар /2 хх-ийн 241, 3 хх-ийн 53/,
Нийслэлийн засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/771 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамж /3 хх-ийн 58/,
2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний хуулбар /3 хх-ийн 23/,
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ...дугаартай шийдвэрийн хуулбар /3 хх-ийн 29/,
Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн /3 хх-ийн 34/,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 7/31 дугаартай “барилгын өмчлөх эрх анх 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Д.И ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэгдсэн байх бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр иргэн ...өмчлөлд, 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээгээр иргэн Д.Дэжид нэмэгдэж, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр ... ХХК-ийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн байна” албан бичиг /3 хх-ийн 63/,
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /3 хх-ийн 149/,
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/138 дугаартай “Д.И ХХК-нд барилга баригдсан үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/811 тоот захирамжаар 322 м.кв газар эзэмших эрх олгосон. Уг газар нь НИТХ-ын тогтоолоор баталсан 2014 тухайн жилийн төлөвлөгөөнд шинээр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршилд тусгагдаагүй, Газрын тухай хуулийн дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах журмаар шийдвэрлээгүй байна. ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны ...тоот шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 тоот захирамжаар талбайн хэмжээг нэмэгдүүлж 749 м.кв болгож баталгаажуулсан. Ингэж талбайн хэмжээг нэмэгдүүлэхдээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/811 тоот захирамжаар “Д.И” ХХК-д үйлчилгээний зориулалтаар 322 м2 талбайтай газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг үндэслэл болгоогүй буюу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлээгүй байна. Уг газрын дуудлага худалдааны анхны үнийг Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоол, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын Сайдын 2010 оны 206 дугаар тушаалыг үндэслэж тооцов” гэх шинжээчийн дүгнэлт /4 хх-ийн 97/,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 8/3717 дугаартай “эрхийн улсын бүртгэлийн ...дугаарын хувийн хэрэг, бүртгэлд авагдсан нотлох баримтуудыг хянан үзлээ. ...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 10 тоот хаягт байршилтай, 644 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгын өмнөх эрхийг улсын бүртгэлд анх бүртгүүлэхэд “Д.И” ХХК /2083086/-ийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан мэдүүлэг, 2014 оны А04/185, А04/186 дугаар хүсэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компаний дүрэм, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчлгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газрын байршлын кадастрын зураг, эд хөрөнгийн фото, план зураг, иргэн У.Бын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримт бичгийг үндэслэн Эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэгч Д.Бямбацогт бүртгэсэн бүртгэл байна. Улсын бүртгэгч Д.Бямбацогт нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд анхны удаа бүртгэхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж,
мөн зүйлийн 13.5.1 дэх заалтад “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг” гэж,
мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө” гэж,
мөн зүйлийн 14.1.1 дэх заалтад “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол” гэж,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4.3 дахь хэсэгт “Энэхүү журмын 4.1, 4.2-т зааснаас бусад эд хөрөнгийн өмчлөх эрхийг анхны удаа улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах зүйлийг баримтална. Үүнд:” гэж,
4.3.1 дэх заалтад “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нотлох баримт бүрдсэн байх” гэж,
4.3.2 дахь заалтад “тухайн эд хөрөнгийн оршин байгаа хаяг, зориулалт, хэмжээ, үнэ, чанар байдал, ашиглалтад орсон хугацаа, хамтран өмчлөгчдийн тоо, нэр, регистрийн дугаар, уг эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн гэрээ хэлцэл бий эсэх зэргийг тодорхой тусгасан өргөдөл, албан бичгийг авах, өмчлөгч нь иргэн бол өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн өргөдөлд өргөдөл гаргагчаар гарын үсгийг зуруулж, иргэний үнэмлэхийг хуулбарлан авч хавсарган, хуулийн этгээдийн хувьд тухайн хуулийн этгээдийн албан ёсны хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг, эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажсан байна” гэж заасныг зөрчиж улсын бүртгэл хөтөлсөн болох нь хяналт шалгалтаар тогтоогдож байна.
Тодруулбал, Д.ИХХК /2083086/-ийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан мэдүүлэгт хавсарган ирүүлсэн 2014 оны А04/185, А04/186 дугаар хүсэлт нь компанийн эзэмшлийн нийт 322 м.кв талбайтай тоосгон өрлөгтэй 64-ийн ханатай, 650.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 давхар объектыг эд хөрөнгийн бүртгэлд бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг хүссэн хүсэлт байх бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь анх бий болсон, эзэмших эрх хэрхэн үүссэн /өөрийн хөрөнгөөр барьсан эсэх, гэрээ, хэлцлээр шилжүүлэн авсан эсэх, хувьчилж авсан гэх мэт/ тухайн нотлох баримт байхгүй, мэдүүлэгт мэдүүлэг гаргагчийн гарын үсэг зурагдаагүй байна” албан бичиг /4 хх-ийн 104/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч У.Б нь Оросын холбооны улсын өмчид бүртгэлтэй В.И.Ленины нэрэмжит клубийн барилга байгууламжийн цогцолборт хамаарах уг кино сангийн барилгыг бусдын өмч гэдгийг лавтай сайн мэдэж, түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан атлаа бусдын эд хөрөнгийг Монгол Улсын улсын бүртгэлд бүртгэлгүйг далимдуулан холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өөрийн эзэмшилд авсан байгаа үйлдэл нь “залилах” гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Шүүгдэгч У.Бын дээрх үйлдэл нь хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч У.Быг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч У.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний нас, эрүүл мэндийн байдал болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч У.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч У.Быг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч У.Бод 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч У.Б нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч У.Б нь хохирогч болох Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу 1997 оны дуудлага худалдааны анхны үнэ дээр газар ашиглалтын төлбөрийн нийлбэр болох 61.322.480 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг хавтаст хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №1731 дугаар зөвшөөрлөөр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У.БЭрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан буюу хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч У.Быг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь энэ тогтоолоор оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан У.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хавтаст хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Энэ хэрэгт прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №1731 дугаар зөвшөөрлөөр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосугай.
7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР