| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0067/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/76 |
| Огноо | 2023-03-28 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/76
2023.03.28 2023/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2023/0067/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Д.Чулуунпүрэв,
Шүүгдэгч Р.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.М-д холбогдох эрүүгийн 2339000000120 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээрт багт байрлах А57 дугаар байрны гадна хэсэгт 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 20 цаг 40 минутын орчим батлагдсан хуваарийн чиглэлд дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу тус аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн, мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.М , тус Цагдаагийн газрын жолооч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Н нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.” мөн хуулийн 23.2 дахь хэсэгт “Нийтийн хэв журмыг зөрчсөн, зөрчиж болзошгүй согтуурсан, мансуурсан хүнийг олон нийтийн газрыг тодорхой хугацаанд орхин явахыг шаардаж болно.” гэж заасны дагуу “гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор Р.М-г “бусадтай хэрүүл, маргаан, зодоон хийх үйлдлээсээ татгалзах, “Цагдаагийн газар руу явах үйлдэл хийх” талаар тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй цохих, хэл амаар доромжпох зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн, албаны шар өнгийн гэрэлтүүлэгч хантаазыг урсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээрт багт байрлах А57 дугаар байрны гадна хэсэгт 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 20 цаг 40 минутын орчим батлагдсан хуваарийн чиглэлд дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу тус аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн, мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.М , тус Цагдаагийн газрын жолооч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Н нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй цохих, хэл амаар доромжлох зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн, албаны шар өнгийн гэрэлтүүлэгч хантаазыг урсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000120 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.М ын (хх-ийн 7-9-р хуудас), хохирогч Б.Н-ын (хх-ийн 13-15-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч Р.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Хонгорын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 042 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн -р хуудас),
Цагдаагийн газрын 2023 оны 2 дугаар сарын 21-ний өдөр эргүүлд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь, томилгоо (хх-ийн 100-104-р хуудас),
Хохирогч Б.М ын “....Р.М-д гомдол саналгүй....” гэх хүсэлт (хх-ийн 111-р хуудас),
Хохирогч Б.Н-ын “....Р.М-д гомдол санал байхгүй....” гэх хүсэлт (хх-ийн 112р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт, байнга оршин суух хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 72, 73, 74, 77-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339000000120 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Р.М нь “бусадтай хэрүүл, маргаан, зодоон хийх үйлдлээсээ татгалзах, “Цагдаагийн газар руу явах үйлдэл хийх” талаар тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй цохих, хэл амаар доромжлох зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн, албаны шар өнгийн гэрэлтүүлэгч хантаазыг урсан гэмт хэрэг үйлдсэн болох үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Р.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч Р.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...ийм хэрэг хийсэндээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Р.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээрт багт байрлах А57 дугаар байрны гадна хэсэгт 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 20 цаг 40 минутын орчим батлагдсан хуваарийн чиглэлд дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу тус аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн, мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.М , тус Цагдаагийн газрын жолооч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Н нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй цохих, хэл амаар доромжлох зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн, албаны шар өнгийн гэрэлтүүлэгч хантаазыг урсанигэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч Р.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Өмнөговь аймгийн Таван толгой гэх газарт хил хоорондын ачаа тээвэрт явдаг ба тухайн газарт эх******* хүүхдийнхээ хамт амьдардаг байсан юм. Харин 2022 оны хавраас эхлэн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт хашаа газар авч түүнээс хойш Хэнтий аймагтаа эх******* хүүхдийнхээ хамт амьдарч Өмнөговь аймаг Хэнтий хоёрын хооронд ирж очиж, амьдарч байна. Учир нь миний ажил 15 хоног ажиллаад 15 хоног амардаг болохоор ирж очин байдаг юм. Харин 2023 оны 02 дугаар сарын 21-ны өдөр Сар шинийн баяраа Хэнтий аймагт гаргасан учраас тухайн өдөр ах нарынхаараа золгочхоод орой ээжийн төрсөн дүү Батбаатар ахынд золгохоор очсон. Тэгээд ахын гэрт орж золгоод сууж байхдаа би өөрт байсан мөнгөө тэдний гэрт байсан хүүхдүүдэд бэлэг болгож өгсөн. Гэтэл миний хүүхдийн мөнгийг авчихлаа гэхээр нь яахаараа хүүхдийн мөнгө авчихдаг юм гэж чангахан дуугаар хэлээд түүнээс болж Батбаатар ахтай үл ойлголцож маргалдаад, гэрт нь хэрүүл маргаан хийхгүй гэж бодоод гэрээс нь гарч явсан. Тэгээд Батбаатар ахын гэрээс гарсныхаа дараа би хаана ямар асуудал болсныг юу хийснээ санахгүй байна. Би тухайн үед нэлээд их согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтсон байсан...Би түүнийг огт санахгүй байна. Би ахынхаа гэрээс гарч яваад л цагдаа нартай таарсан юм байх л гэж бодож байна...Батбаатар ахын гэр нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн хорооллын А57 дугаар байрны 2 давхарт байдаг юм...Би өөрийн гаргасан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Цагдаагийн газрын шуурхай удйрдлагын тасагт мэдээлэл хүлээн авагч цагдаагаар ажилладаг. Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 21-ний 16:00 цагаас 21:00 цагийн хооронд томилгоот хуваарийн дагуу Хэрлэн сумын 4 дүгээр багт явган эргүүлийн үүргийг жолооч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Н-ын хамт гүйцэтгэж байх хугацаанд “Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн хорооллын байрны гадна согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлага мэдээллийг цагдаагийн газрын жижүүрээс өгсөний дагуу тус дуудлаганд очиход А57 дугаар байрны хойд талд арав гаран хүн хоорондоо маргалдаж, муудсан байдалтай байсан ба хоёр эрэгтэй хүн барьцалдаад ноцолдож байхаар нь Б.Н бид хоёр тухайн хоёр хүнийг хоёр тийш нь болгож салгаад дагуулаад холдох үед тэнд байсан нүцгэн эрэгтэй /М / гэгч нь миний дагз хэсэгт нэг удаа гараараа цохиод ахиад цохих гэж над руу дайрч ирээд энгэрээс бариад авахаар нь би түүнийг унагааж, нэг гарыг нь ард нь гаргаад, дээрээс дарж байх үед цаана байсан хамаатан гэх хүмүүс нь бүгд ирээд намайг боль тавьчих бид нар өөрсдөө тайвшруулчихъя гэхээр нь би тэр эрэгтэйн гарыг нь тавиад босгосон юм. Гэтэл тэр залуу босч ирээд надтай ноцолдож, миний энгэрээс заамдаж, хоолой боох гэж оролдсон ба миний гадна хантаазыг урсан, хамар хэсэгт нэг удаа толгойгоороо мөргөж; толгой хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэр үед тэнд байсан /М / гэгчийн хамаатан гэх хүмүүс надаас зуураад энд тэндээс татаад байх үед М нь намайг цохиж миний биед халдсан. Харин тухайн үед жолооч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Н намайг тэр залуутай зууралдаж байх хооронд алба хаагч нэмэлтээр дуудсан, нэмэлтээр ирсэн алба хаагч хэсгийн байцаагч М.Гантогтох, жолооч цагдаа Ө.Ганбаяр нар ирж тэнд байсан эрэгтэй /М / гэгчийг эрүүлжүүлэх саатуулах байр руу албаны автомашинаар авч явсан. Ийм л асуудал болсон...Бид дуудлагад очоод тэнд ноцолдож, байсан хоёр эрэгтэйг салгаад холдуулах гэж байсан юм. Тэр үед нь тэнд байсан нүцгэн эрэгтэй /М / гэгч нь намайг ална, чи писда юу гэж гэнэт над руу уурлаж миний биед халдсан. Мөн тухайн үед дуудлаганд хамт очсон. Б.Н руу уурлаж, бидэнтэй маргалдаж, бидний өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн... Би тэр хүмүүсийг огт танихгүй түр зуур ярилцах гэсэн боловч нөгөө эрэгтэй /М / нь алба хаагчдын өөдөөс уурлаж эсэргүүцэл үзүүлээд байсан ба тэнд байсан хүмүүс ах, эгч, аав, нь гэх мэт хамаатангууд нь байсан. Тэнд байсан хүмүүсийн зарим нь нэлээн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... Миний хамар бага зэрэг хавдсан. Дээд уруулын дотор хэсэгт язарсан шарх үүссэн, толгойн дагз хэсэгт хөндүүр хөдлөхөд зовиуртай байна. Мөн албаны дүрэмт хувцас буюу гэрэлтүүлэгч хантааз урагдаж дахин ашиглагдахгүй болсон... Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 7-9-р хуудас),
Хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...биХэнтий аймгийн цагдаагийн газарт цагдаа жолооч хийдэг юм. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт цагдаа, цагдаагийн дэд ахлагч М-ын хамт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ үеэр цагдаагийн газрын шуурхай удирдлагын жижүүрийн утаснаас Хэрлэн хорооллын А57 дугаар байрны гадаа хүмүүс зодолдоод байна, яаралтай яваад оч гэж мэдээлсний дагуу уг газарт цагдаа, цагдаагийн дэд ахлагч М-ын хамт очиход А57 дугаар байрны хойд талд дээгүүрээ нүцгэн үл таних согтуу эрэгтэй хүн, улаан дээлтэй үл таних согтуу эрэгтэй хүнтэй орилж хашгиралдан зодолдож байсан бөгөөд уг улаан дээлтэй үл таних хүн нь дээгүүрээ нүцгэн үл таних хүнийг хоёр удаа өшиглөж, нэг удаа гараараа цохих шиг болсон. Тэгэхээр нь цагдаа, цагдаагийн дэд ахлагч М бид хоёр уг хүмүүс дээр гүйж очоод уг хоёр хүнийг салгаж болиулаад М дээгүүрээ нүцгэн үл таних хүнийг, би улаан дээлтэй үл таних хүнийг нь тус тус барьж биесээс нь холдуулсан. Тэгээд би уг улаан дээлтэй үл таних хүнтэй уулзаад яасан, юу болсон юм бэ гэхэд уг улаан дээлтэй хүн надад хандан бид хоёр хоорондоо муудалцсан юм аа гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг улаан дээлтэй үл таних хүнд хандан та хоёр хамаатан юм уу гэхэд уг улаан дээлтэй үл таних хүн надад хандан тиймээ бид хоёр хамаатнууд байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд байж байхад цагдаа, цагдаагийн дэд ахлагч М тай уулзаж байсан дээгүүрээ нүцгэн 30 гаран насны үл таних эрэгтэй хүн нь М-ын толгой орчим руу нь гараараа цохих шиг болохоор нь би уг улаан дээлтэй хүнээ орхиод М дээр явж очиход уг дээгүүрээ нүцгэн эрэгтэй хүн М-ын шаардлагыг нь биелүүлэхгүй, өөдөөс нь барьж авчихаад М руу дайраад байсан. Тэгэхээр нь М бид хоёр уг хүнийг болиулах гээд олон дахин та ингэж болохгүй, та цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэх ёстой гэх зэргээр хэлж ярьсан боловч уг дээгүүрээ нүцгэн хүн М бид хоёрын шаардлагыг биелүүлэхгүй, өөдөөс эсэргүүцээд ажил үүргээ гүйцэтгэхэд маань хүндрэл учруулаад М бид хоёрын шар хантаазыг маань урж, бид хоёр руу дайраад байсан учир М бид хоёр уг хүнийг гавлах гээд өчихөд уг дээгүүрээ нүцгэн залуу М-ын нүүр р үү нь шууд мөргөчихсөн бөгөөд тухайн үед М бид хоёр уг дээгүүрээ нүцгэн хүнийг гавлах гэж байхдаа цагдаагийн газрын жижүүр рүү утсаар яриад жижүүрийн машиныг дуудчихсан байсан юм...Тэгээд ингээд байж байхад жижүүрийн автомашинтай хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Гантогтох, цагдаа, цагдаагийн дэд ахлагч Хосбаяр, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Ганбаяр нар ирсэн бөгөөд бид хэд уг дээгүүрээ нүцгэн залууг урд нь гавлаад албаны автомашинд суулгаад цагдаагийн газрын эруүлжүүлэх, саатуулах байр руу согтуурлын зэргийг нь тодорхойлохоор авч явсан. Тэгээд эрүүлжүүлэх, саатуулах байран дээр ирээд уг дээгүүрээ нүцгэн залуугийн гавыг тайлаад согтуурлыг нь драгер багажаар шалгах гэхэд уг залуу би согтуурлаа шалгуулахгүй гээд бид нар руу салаавч гаргаад соггуурлаа шалгуулаагүй, тэгэхээр нь би уг дээгүүрээ нүцгэн залууд хандан би тэгвэл таныг согтуурлаа шалгуулахаас татгалзлаа гэж ойлголоо шүү гэж хэлээд согтуурал шалгах багажаа буцаагаад хайрцагт нь хийхэд уг залуу намайг хэл амаар доромжилж байснаа шууд миний толгой руу маань нэг удаа гараараа цохисон. Тэгэхэд миний өмсөж байсан малгай маань газарт ойчсон. Тэгэхээр нь би эрүүлжүүлэх, саатуулах байран дотор байсан цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Ганбаярын хамт уг залууг өчиж газар унагаагаад гавласан юм. Тухайн үед нэг ийм асуудал болсон...миний толгойны маань баруун талын хэсэг бага зэрэг овойгоод хавдчихсан байна. Өөрөөр миний биед ямар нэгэн гэмтэл шарх гэх зүйл учраагүй. Мөн энэ дээр нэг зүйлийг нэмж хэлэхэд уг дээгүүрээ нүцгэн залуу миний шар хантаазыг маань урсан... тухайн үед уг дээгүүрээ нүцгэн залууг гаднаас нь харахад нэлээн согтолттой юм шиг харагдаж байсан. Гэхдээ яг дотроо хэр согтолттой байсан болохыг нь бол хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-15-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Хонгорын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 042 дугаартай дүгнэлтэд:
Цагдаагийн газрын 2023 оны 2 дугаар сарын 21-ний өдөр эргүүлд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь, томилгоо (хх-ийн 100-104-р хуудас),
Хохирогч Б.М ын “....Р.М-д гомдол саналгүй....” гэх хүсэлт (хх-ийн 111-р хуудас),
Хохирогч Б.Н-ын “....Р.М-д гомдол санал байхгүй....” гэх хүсэлт (хх-ийн 112р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Р.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
“Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэргийг шүүгдэгч Р.М нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба хохирогч Б.М ын “....Р.М-д гомдол саналгүй....” гэх хүсэлт (хх-ийн 111-р хуудас), хохирогч Б.Н-ын “....Р.М-д гомдол санал байхгүй....” гэх хүсэлт (хх-ийн 112р хуудас)- гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Р.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Р.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Р.М нь урьд ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 72-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Р.М нь 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Р.М-г 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч Р.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2339000000120 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М г 3,500 (гурван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-д оногдуулсан 3,500 (гурван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Р.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Эрүүгийн 2339000000120 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР