| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/00182/и |
| Дугаар | 1363 |
| Огноо | 2020-04-29 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 1363
2020 оны 04 сарын 29 өдөр Дугаар 102/ШШ2020/01363 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГт холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гомбожав, нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.07.24-ний өдрийн 102/ШШ2018/02303 дугаар захирамжаар надаас 226,352,595 төгрөг гаргуулж “Ханбогд капитал ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. НШШГГ-аас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж 2019.12.23-ны өдрийн 4\29779 тоот мэдэгдлээр миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018656 дугаарт бүртгэлтэй БГД, 2 хороо, 2 хороолол, 31 байр, 18 тоот, 54 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 147,576,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004941 дугаарт бүртгэлтэй БГД, 4 хороо, 2 хороолол, 4А байр, 24 тоотод байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 112,806,000 төгрөг, нийт 260,382,000 төгрөгөөр үнэлсэн байна. НШШГГ-ын 2019.12.23-ны өдрийн 4/29779 тоот мэдэгдлийг би 2019.12.26-ны өдөр хүлээн авсан. НШШГГ-аас үнэлсэн миний өмчлөлийн эд хөрөнгө нь ашигтай байрлал бүхий үйлчилгээний зориулалттай, төвлөрсөн дулаан болон цэвэр усан хангамж, бохир ус татан зайлуулах татуургын системд холбогдсон, байгалийн болон зохиомол праптүүлэг хүрэлцээтэй, гадна орчны нөхцөл байдал нэн таатай, нийт 79м.кв талбай бүхий 370,000,000 төгрөгийн үнэ бүхий үл эд хөрөнгийг 141,746,358 төгрөгөөр, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зах зээлийн жишиг үнэтэй харьцуулахад 130,000,000 төгрөгийн үнэтэй байхад 112,806,000 төгрөгөөр үнэлж миний эрхийг ноцтой зөрчсөн. Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг минь “Сэлэнгэ эстимэйт” ХХК-иар үнэлүүлсэн үнэлгээг тус шүүхийн 2019.11.04-ний өдрийн 102\ШШ2019\02930 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон. Иймд БГД, 2 хороо, 2 хороолол, 31 байр, 18 тоот, орон сууцыг 147,576,000 төгрөгөөр, БГД, 4 хороо, 2 хороолол, 4А байр, 24 тоот, орон сууцыг 112,806,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.07.04-ний өдрийн 102/ШШ2018/02303 дугаар захирамжаар Д.Ааас 226,352,595 төгрөгийг “Хан Богд капитал ББСБ” ХХК-д олгохоор, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаалсан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018656 дугаартай, Баянгол дүүрэг, 2 хороо, 2 хороолол, 31 байр, 18 тоотод байрлах 54 мкв талбайтай 3 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004941 дугаартай, Баянгол дүүргийн 4 хороо, 2 хороолол, 4а байр, 24 тоотод байрлах 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцаар гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Аы дээрх орон сууцуудыг битүүмжилжлэн, хурааж Иргэний хуулийн 177.1-д зааснаар өмчлөгч Д.А, Г.Түвшин, Ш.Сайнзаяа нараас үнийн санал авахад Д.А 630,000,000 төгрөгөөр үнэлсэн, Г.Түвшин, Г.Сайнзаяа нар нь үнийн санал өгөхөөс татгалзсан, үнэлгээг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул 2019.12.13-ны өдрийн 5 дугаар тогтоолоор хөндлөнгийн “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоон талуудад үнэлгээний мэдэгдлийг мэдэгдсэн. Нэхэмжлэлд дурдсаны дагуу тус газар хөрөнгийн үнэлгээ гаргах эрхгүй, үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй нь хуулийн үндэслэлгүй, баримтгүй байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Д.А нь НШШГт холбогдуулан “Баян модот” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Тус шүүхийн 2018.07.24-ний өдрийн 102/ШШ2018/02303 дугаар шүүгчийн захирамжаар Д.А нь 226,352,595 төгрөгийг “Ханбогд капитал ББСБ” ХХК-д төлөх, төлөөгүй тохиолдолд Д.Аы өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар эвлэрчээ.
Дээрх захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр 2018.11.16-ны өдөр бичигдсэн 1194 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлж, Баянгол дүүрэг, 2 хороо, 2 хороолол, 31 байр, 18 тоот, 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 4 хороо, 2 хороолол, 4а байр, 24 тоот, 3 өрөө орон сууцыг тус тус битүүмжилж, хураасан байна.
НШШГ нь “Сэлэнгэ эстимэйт хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг 2019.05 .22-ны өдрийн 173 дугаартай тогтоолоор томилж, дээрх хөрөнгүүдийг 141,746,358 төгрөг болон 107,851,536 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2019.11.04-ний өдрийн 102/ШШ2019/2930 дугаар шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгожээ.
Тус шүүхийн дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, шүүх шийдвэрийн үндэслэлээ шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК дээрх хоёр тусдаа 3 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 339,911,000 төгрөгөөр үнэлж ирүүлснийг талууд зөвшөөрч, хариуцагч энэ үнэлгээгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх талаар тайлбарласан гэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.
Гэтэл хариуцагч байгууллага нь энэхүү үнэлгээгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулаагүй, харин 2019.12.13-ны өдрийн 5 дугаар тогтоолоор “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх хөрөнгүүдийг 141,746,358 төгрөг болон 112,806,000 төгрөг буюу нийт 254,552,358 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч эс зөвшөөрчээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шинжээчийн дүгнэлтийг талуудад мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болохоор заасан ба нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нь дээрх 339,911,000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрсөн атлаа түүнээс хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд үнэлгээг 630,000,000 төгрөг гэж гаргасан нь үндэслэл муутай байна.
Иймд Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018656 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 хороо, 2 хороолол, 31 байр, 18 тоотод байрлах 54 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 141,746,358 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004941 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 4 хороо, 2 хороолол, 4а байр, 24 тоотод байрлах 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 112,806,000 төгрөгөөр үнэлсэн “Баян модот” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой тайлбарыг гаргаж байгаа боловч баримтыг ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудаас төлбөр авагчийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Баянгол дүүрэг, 2 хороо, 2 хороолол, 31 байр, 18 тоот 54 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 141,746,358 төгрөгөөр, Баянгол дүүрэг, 4 хороо, 2 хороолол, 4а байр, 24 тоот 40 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 112,806,000 төгрөгөөр үнэлсэн “Баян модот” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ