Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 46

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Т.Жаргалсайхан,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Загдаа,

шүүгдэгч А.Наранзул, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр /ҮД:0-162/,

шүүгдэгч Э.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр /ҮД:0-018/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Алтаннавчийн Наранзул, Боржигон овогт Энхсайханы Оюун-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 201626031199 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1.Монгол Улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 02-нд Хэнтий аймагт төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Барилгын коллежийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 97/4 дугаар байрны 47 тоотод оршин суух, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 641 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Алтаннавчийн Наранзул /РД:СК97070207/

            2.Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 07-нд Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мандах Бүртгэл дээд сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүгийн /4 настай/ хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 3-81 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Энхсайханы Оюун-Эрдэнэ /РД:УП95060701/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Наранзул нь Э.Оюун-Эрдэнэтэй бүлэглэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 70б-49 тоот байрыг 2016 оны 7 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 11-ний өдөр хүртэл түрээслэж түр амьдарч байх хугацаандаа тус байрны эзэн иргэн Д.Уранцэцэгийн цүнх буюу чемоданы цоожийг эвдэж, дотор байсан дунд гарын саарал өнгийн утаат манан хөөрөг, эмэгтэй хүний цүнх 2 ширхэг, эмэгтэй хүний жинсэн болон даавуун өмд 4 ширхэг, эмэгтэй хүний цамц 6 ширхэг, эмэгтэй хүний платье 4 ширхэг, шорт 1 ширхэг, эмэгтэй хүний гутал 2 ширхэг, эмэгтэй хүний үнэртэй ус, майк 1 ширхэг, дотуур хувцас 1 ширхэг, эмэгтэй хүний бугуйвч зэрэг нийт 3.185.000 /гурван сая нэг зуун наян таван мянга/ төгрөгийн эд зүйлийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Оюун-Эрдэнэ нь А.Наранзултай бүлэглэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 70б-49 тоот байрыг 2016 оны 7 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 11-ний өдөр хүртэл түрээслэж түр амьдарч байх хугацаандаа тус байрны эзэн иргэн Д.Уранцэцэгийн цүнх буюу чемоданы цоожийг эвдэж, дотор байсан дунд гарын саарал өнгийн утаат манан хөөрөг, эмэгтэй хүний цүнх 2 ширхэг, эмэгтэй хүний жинсэн болон даавуун өмд 4 ширхэг, эмэгтэй хүний цамц 6 ширхэг, эмэгтэй хүний платье 4 ширхэг, шорт 1 ширхэг, эмэгтэй хүний гутал 2 ширхэг, эмэгтэй хүний үнэртэй ус, майк 1 ширхэг, дотуур хувцас 1 ширхэг, эмэгтэй хүний бугуйвч зэрэг нийт 3.185.000 /гурван сая нэг зуун наян таван мянга/ төгрөгийн эд зүйлийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч А.Наранзул, Э.Оюун-Эрдэнэ нар нь найз Ч.Ганцогийн эгч болох хохирогч Д.Уранцэцэгийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ривер Таун хотхоны 70б байрны 49 тоот байрыг түрээслэн амьдарч байх хугацаандаа унтлагын өрөөнд байсан хохирогчийн цоожтой чемоданыг онгойлгон дотор нь байсан эд зүйлсийг эзэмшигчид нь мэдэгдэлгүй нууцаар сэм авч хэрэглэн өөрийн эзэмшилд оруулж, бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан болох нь:

             1. Шүүгдэгч А.Наранзулын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Шүүгдэгч Э.Оюун-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

   3. Хохирогчийн хууль ёсны төлөөгөч М.Загдаагийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Манай эхнэр буцааж өгсөн эд зүйлийг авахгүй гэсэн байр суурьтай байгаа. Хулгай хийж авсан хувцсыг өмсөөд явах уу гэсэн асуудал ярьсан байгаа. Гомдол санал байхгүй...А.Наранзулын аав 1.500.000 төгрөг өгсөн. Сая шүүх хуралдаан дээр Э.Оюун-Эрдэнийн өмгөөлөгч 500.000 төгрөг өгсөн. Нийт 2.000.000 төгрөг бэлнээр авсан...Манай эхнэр хувцсаа өөрөө хүлээж авсан болохоор сайн мэдэхгүй байна. Хүлээж авсан хувцас нь машинд явж байгаа...Манай эхнэрт  буцааж өгсөн хувцасны мөнгийг үнийн дүндээ оруулж, мөнгөн хэлбэрээр төлүүлэх хүсэлттэй байна...Комиссын үнэлгээг хүлээн зөвшөөрнө... Анх би 5 сард Хөвсгөл аймагт амралтын газар ажиллуулахаар явсан. Тэгээд засвараа хийж юм аа бэлэн болгочихоод 6 сард эхнэр хүүхдээ өөр дээрээ авсан. Тэгээд манай эхнэр “Туул эгчийн хүүхэд хотод тэмцээнтэй тэмцээнд бэлдэх гэсэн гэнэ ээ байрандаа байлгачих юм уу” гэсэн. Тэгээд би “хэдүүлээ байх юм бэ” гэсэн. Найзтайгаа хоёулаа байна гэсэн. Тэгээд “тэг тэг” гээд байрандаа байлгасан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             4. Хохирогч Б.Уранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 706 дугаар байрны 49 тоотод оршин суудаг юм. Бид нар 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймаг руу 2 сарын хугацаагаар амрахаар явсан юм. Тухайн үед өөрийн болон хүүхдийнхээ хувцас болон Lancome брендийн үнэртэй ус зэрэг зүйлсийг өөрийн ягаан өнгийн чемоданд хийгээд, уг чемоданыг жижиг шар өнгийн цоожоор цоожлоод явсан. 2016 оны 7 дугаар сарын 09-ний үеэр үеэл дүү Ганцог над руу ярьснаа сарын хугацаатай түрээслээч гэж хэлэхээр нь зөвшөөрсөн...тольтой шүүгээний шургуулганд хийж орхисон дунд гарын саарал өнгийн утаат манан хөөргийг авах гэтэл алга болсон байхаар нь гэр доторх эд зүйлээ бүртгэж үзэхэд 2 хүний цэнхэр судалтай, монгол эсгий гудас, хайруулын тавга зэрэг алга болсон байсан. Унтлагын өрөөнд хувцас хийгээд орхисон ягаан өнгийн чемоданыг үзтэл үнэртэй ус, майк, дотуур хувцас, эмэгтэй хүний цүнх, жинсэн болон даавуун өмд, цамц, эмэгтэй хүний платье, шорт, эмэгтэй хүний бугуйвч зэрэг нийт 33 нэр төрлийн 6.622.000 төгрөгийн эд зүйл алга болсон байна. Тэгэхээр нь би Ч.Ганцог руу яриад гэрээс эд зүйл алга болсон байна гэтэл тэрээр “би мэдэхгүй байна, өглөө очиж байгаад яръя” гэж хэлсэн. Ч.Ганцог манай гэрт ирэхээр нь би түүнд гэрт байсан хөөрөг, хайруулын тавга, гудас болон чемоданд байсан миний хувцаснууд алга болсон байна гэж хэлтэл тэрээр “би танай гэрт найз Энхмөнх, Хашхүү, Наранзул, Оюун-Эрдэн гэх найз нарынхаа хамтаар байсан. А.Наранзул, Э.Оюун-Эрдэнэ нар л танайхаас алдагдсан эд зүйлсийг авсан байх гэж хэлсэн. Ингээд Ч.Ганцог нь өөрийнхөө фэйсбүүк хаяг руу ороод хамт байсан хамт амьдарч байсан гэх хоёр охиныхоо зургийг надад харуулахад Наранзул нь миний Michele Corse брендийн, дээд талдаа түлхүүр, цоожны дүрстэй, хоёр талаараа цагаан өнгийн шигтгээтэй, шар төмрөн гоёлын бугуйвч, Versage брендийн цагаан өнгийн шигтгээтэй, шар төмрөн гоёлын ээмгийг зүүчихсэн, Gyess брендийн саарал өнгийн богино платье, Aldo брендийн саарал өнгийн нарийн өсгийтэй 38 размерийн зуны сандаалыг өмссөн, Оюун-Эрдэнэ нь миний Steve Madden брендийн хар өнгийн өсгийн дээрээ хар өнгийн шигтгээтэй 38 размерийн сандаалыг өмссөн байсан. Алга болсон эд зүйлсээ олж авч өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна. Өмнө өгсөн тайлбар дээр мэлхий хэлбэртэй агааржуулагч алга болсон гэж хэлсэн байгаа цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас хойш гэртээ очиж эд зүйлсээ дахин сайн бүртгэж үзэхэд агааржуулагчийг тагтан дээр машины бүтээлэг доор хийж орхисон байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний хэлсэн ярьсан зүйл үнэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22/

             5. Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл: “...саарал өнгийн богино платье 1 ширхэг, ногоон өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн эмэгтэй хүний 1 хос гутал, бор өнгийн эмэгтэй хүний 1 хос гутлыг...сэжигтэн А.Наранзулын ээж Алтаннавчаас түр хураан авав...” /хх-ийн 61/

            6. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: “...саарал өнгийн богино платье 1 ширхэг, ногоон өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн эмэгтэй хүний 1 хос гутал, бор өнгийн эмэгтэй хүний 1 хос гутал, Top shop  гэсэн бичигтэй улаан эрээн өнгийн эрээн цэцгэн судалтай, хар торон оруулгатай эмэгтэй хүний платье 1 ширхэг, Milady брендийн хар өнгийн срочкон урт цамц 1 ширхэг, MNG брендийн эмэгтэй хүний цамц 1 ширхэг, Victoria Beckham брендийн эмэгтэй хүний цүнх 1 ширхэг..” /хх-ийн 62/

            7. Эд зүйлийн үнэлгээ: “...32 нэр төрлийн...комиссийн үнэлгээний дүн...3.185.000 төгрөг...” /хх-ийн 80-82/

            8. Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолууд: “...бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэх хэргээс “...яллагдагч Э.Оюун-Эрдэнэ нь...яллагдагч А.Наранзул нь...мэлхий хэлбэртэй ногоон өнгийн хуванцар агааржуулагч, 2 хүний цэнхэр судалтай, монгол эсгий гудас, La Senza брендийн дотуур хувцас, Body Shop брендийн бор болон боронзон өнгийн тень, шар ногоон өнгийн хайруулын тавга зэрэг эд зүйлсийг хулгайлсан гэх хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай...” /хх-ийн 104-107/

             9. Гэрч Ч.Энхмөнхийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 7 дугаар  сарын эхээр байх Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцогийн эгчийн байрыг сарын 400.000 төгрөгөөр түрээслэхээр болсон. Ганцогийн эгчийн байранд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр бид нар очсон байгаа. Тэгээд бид нар байранд байж байгаад 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр наадмаар найз Билгүүний төрсөн өдөр болоод...Дархан яваад Наранзул, Оюун-Эрдэнэ хоёр байрандаа үлдсэн. Тэгээд Дарханд 4-5 хоног гэртээ байж байгаад Улаанбаатар хотод ирж бэлтгэл хийх хэрэгтэй болоод бид 3 хамтдаа ирсэн. Ирэхэд Наранзул, Оюун-Эрдэнэ хоёр байрандаа байсан. Тэгээд 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр болоод байрнаас гарсан байгаа. Байранд байхад гэрт байсан хувцас эд зүйлсийг сүүлд сонссон чинь Наранзул, Оюун-Эрдэнэ авсан гэж сонссон байгаа. Ганцогийн эгч нь цагдаад өгсөн байгаа та нар яасан гэж асууж байсан. Байр түрээслэж байхад хэний хувцас гэдгийг нь мэдэхгүй, өөрсдийн хувцсаа өмсөөд явж байна гэж ойлгосон. Тэр айлд хөөрөг байсан талаар мэдэхгүй байна. Хэн хөөргийг авсан гэдгийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36/

            10. Гэрч Ч.Ганцогийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…бид 5 хоорондоо ярилцаж байгаад байр хөлсөлж сууя гэж ярьсан. Би манай...Д.Уранчимэг /Д.Уранцэцэг/ байраа түрээслэнэ гэж хэлж байсан болохоор эгч Д.Уранчимэгтэй /Д.Уранцэцэг/ утсаар холбогдоод та байраа надад түрээслэх үү гэж асуухад хэнтэй хамт амьдрах юм бэ гэж асуухаар нь найз Энхмөнхийн хамт байна гэж хэлсэн. Тэгээд эгч Уранчимэг /Д.Уранцэцэг/ зөвшөөрөөд сарын 400.000 төгрөгөөр түрээслэхээр болоод сарын төлбөрийг нь тушаасан. Уг байранд А.Наранзул, Э.Оюун-Эрдэнэ, Энхмөнх, Хашхүү бид нар хамт амьдарч байсан...байранд А.Наранзул, Э.Оюун-Эрдэнэ хоёр үлдсэн юм...Энэ хугацаанд Э.Оюун-Эрдэнэ, А.Наранзул хоёр гэртээ хариад хувцас эд зүйлсээ авчирсан гэж хэлж байсан. Тэгээд эгч Д.Уранчимэг /Д.Уранцэцэг/ хөдөөнөөс гэртээ ирээд эд зүйлс нь алга болсон байна гэдгийг надад хэлсэн байгаа. Ингээд бид 3-ыг Дарханд байх хооронд Э.Оюун-Эрдэнэ, А.Наранзул хоёр эгчийн гэрт байсан чемоданы цоожийг эвдэлж ороод дотор нь байсан хувцсыг өмсөөд мөн хүргэн ах Загдаагийн хөөргийг авсан гэсэн. Би энэ талаар мэдэхгүй байж байгаад эгч Уранчимэгийг /Д.Уранцэцэг/ гэртээ ирсний дараа алга болсон байна гэдгийг нь мэдсэн байгаа. Хулгай хийх гэж байгаа талаар Наранзул, Оюун-Эрдэнэ нар хэлж байгаагүй. Хулгай хийх гэж байгаа талаар Энхмөнх, Хашхүү бид 3 мэдээгүй явж байсан. Анх түрээслэх гээд ороход эгчийн хувцсаа хийсэн чемодан нь цоожтой байсан. Чемодан дотор нь нөхөр Загдаагийн хөөрөг байсан гэсэн. Мөн унтлагын өрөөний толин дээр нь гоо сайхны хэрэглэл нь байж байхаар нь саванд хийгээд унтлагын өрөөнд оруулж тавьсан юм. Э.Оюун-Эрдэнэ, А.Наранзул нар нь хулгай хийх гэж байгаа талаар надад бид гуравт хэлсэн зүйл байхгүй. Анх байранд орохдоо хүний юмнууд байгаа хүрч болохгүй гэдгийг нь хэлж байсан юм. Хулгай хийх гэж байгааг нь мэдсэн бол хулгай хийлгэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25/

            11. Гэрч Б.Алтаннавчийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Манай охин Наранзул нь Эрдэнэт хот орчихоод ирье гээд найз нарынхаа хамт явсан юм. Тэгээд Эрдэнэт явсан үеэр хар нүдний шил зүүсэн охин ирээд тортой хувцас авчирч өгөөд Наранзулын хувцас гээд өгсөн. Тэгээд би үзээгүй шууд өрөөнд нь оруулаад тавьсан байгаа. Тэрнээс хэд хоногийн дараа байх хувцасны эзэн гэх эмэгтэй нөхрийн хамт ирээд Наранзулын хувцас гээд авчирч өгсөн хувцаснуудыг үзээд яваад өгсөн байгаа. Өөр бол надад мэдэх зүйл байхгүй байна. Ямар ч байсан Ганцог гээд залуу охин Наранзулыг хамт байр түрээслэж байгаа гээд хувцсыг нь аваад явсан. Байр түрээслэж байх үеэр охин Наранзул байнга гэрээсээ хоол ундны зүйлс авч явдаг байсан. Тухайн торон дотор ямар төрлийн хувцас байсан гэдгийг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/

            12. Гэрч Т.Хашхүүгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцогийн эгчийн байрыг сарын 400.000 төгрөгөөр түрээслэхээр болсон. Ингээд Ганцогийн эгчийн байранд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр бид нар очсон байгаа. Тэгээд бид нар байранд байж байгаад 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр найз Билгүүний төрсөн өдөр болоод Ганцог, Энхмөнх бид 3 хамт Дархан яваад Наранзул, Оюун-Эрдэнэ хоёр байрандаа үлдсэн. Тэгээд Дарханд 3-4 хоноод буцаад Улаанбаатар хотод ирсэн. Ирэхэд Наранзул, Оюун-Эрдэнэ хоёр байрандаа байсан. Тэгээд 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр болоод байрнаас гарсан байгаа. Тухайн үед байранд байхад гэрт байсан хувцас эд зүйлсийг хэн хэрэглэж өмсөөд авч явсан гэдгийг нь мэдэхгүй байна. Дараа нь Ганцогийн эгч нь хулгай хийсэн байна гэдгийг нь хэлээд мэдсэн байгаа. Хөөрөг хэн авсан гэдгийг нь мэдэхгүй байна. Хөөрөг байсан гэдгийг ч мэдэхгүй байна. Ганцогийн эгч нь гэртээ хувцас эд зүйлсээ үлдээсэн гэдгээ хэлээгүй учраас өөрсдийнхөө хувцсыг өмсөөд байна гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/

            13. Яллагдагч А.Наранзулын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Ч.Ганцог манай эгчийн байр хоосон байгаа сарын 400.000 төгрөгөөр түрээслье гэж хэлсэн. Тухайн үед Оюун-Эрдэнэ ар гэртээ асуудалтай гээд гэртээ нэг ч удаа харихгүй миний хувцаснаас хэрэглээд байдаг байсан...түлхүүртэй байсан чемоданыг нь Оюун-Эрдэнэ бид хоёр нээж үзсэн байгаа. Тэгээд 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байх намайг гэрт байхгүй хооронд Э.Оюун-Эрдэнэ байрнаас гэртээ харих гээд явсан байсан. Ингээд явахдаа байрны эзний ихэнхи хувцас болон гутлыг нь аваад явсан байсан. Тэгээд тэр байрнаас нь 8 дугаар сарын 12-ны өдөр гарах болоод байранд байсан юмнуудыг буцааж тавих гээд Э.Оюун-Эрдэнийг хайсан боловч утсаа найзаараа авахуулаад энд тэнд байна гээд байгаа газар нь очихоор утсаа салгаад уулзахгүй аль эсвэл хамт явж байгаа хүнээрээ утсаа авахуулдаг байсан...Ганцогийн эгч нь гэнэт над руу залгаад учир байдлаа хэлээд манай гэрээс алдагдсан эд зүйлсийг надад хэлсэн байгаа. Тэр Э.Оюун-Эрдэнэ гэж хүнээ олж өг гэж хэлсэн...14 хоногийн дараа Улаанбаатар хотод ирээд гэртээ ирсэн чинь Оюун-Эрдэнэ бүх хувцасыг гэрт аваачиж манай ээжид өгөөд ээж мэдэхгүй болохоороо миний хувцас юм байна гэж бодоод авсан байсан. Уг нь бол байрны хугацаа дуусахаас өмнө байранд нь хувцсыг нь аваачиж тавих гээд Оюун-Эрдэнийг хайсан боловч уулзахгүй зугтаад яваад байсан. Уг нь бол хулгай хийнэ гэж бодоогүй. Гэрт байгаа хувцаснуудыг нь өмсөж хэрэглэж байгаад байрнаас гарах үедээ байранд үлдээгээд тавьчихна гэж Оюун-Эрдэнэ хэлж байсан юм. Тухайн үед ямар ч асуудал үүсэхгүй гэж хэлсэн учраас өмсөөд хэрэглэж байа. Тухайн байранд амьдарч байхад шүүгээнд нь нэг ширхэг хөөрөг байсан. Тэр хөөргийг нь нэг их тоодог ч хүн байхгүй гэрт нь байдаг байсан. Тэгээд нэг өдөр би гэрт ганцаараа байж байгаад хаалганы гол нь эвдэрсэн түлхүүр цоож онгойлгодог хүн дуудуулсан. Ирээд 40.000 төгрөгөөр хаалгыг нь янзалж өгнө гэсэн. Ингээд янзуулахаас өөр арга байхгүй учраас янзлуулаад тухайн үед бэлэн мөнгө байхгүй байсан учраас орой гэрт ирээд мөнгөө авчих гэсэн чинь орой ирэх юм бол барьцаанд юм үлдээчих гэхээр нь хөөргийг өгөөд явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-53/

             14. Яллагдагч Э.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Бид нар хамт байр түрээслэхээр ярилцаж байгаад Ганцогийн эгчийн тавилгатай байрыг нэг сарын хугацаатай 400.000 төгрөгөөр түрээслэхээр болсон. Ингээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 70б байрны 49 тоот дахь Ганцогийн эгчийн байранд Хашхүү, Энхмөнх, Ганцог, Наранзул бид тав 2016 оны 7 дугаар сарын 05-ны үеэс эхлэн хамт амьдарч эхэлсэн. 2016 оны 7 дугаар сарын 10-ны үеэр Хашхүү, Энхмөнх, Ганцог нар Дархан-Уул аймагт байх гэр рүүгээ 3-4 хоногийн хугацаатай явцгаасан. Энэ хооронд Наранзул бид хоёр нөгөө байрандаа амьдарч байсан. 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Наранзул бид хоёр байрандаа байж байхад тус байрны унтлагын өрөөнд байсан ягаан өнгийн цоожтой том чемоданыг заагаад энэ чемодан дотор юу байгаа нь үзье цоожийг нь гадуур зөндөө зардаг юм, чемоданд юу байгааг үзчихээд буцаагаад цоожилно гээд байсан. Тухайн үед нь би түүнд “яах гэсэн юм бэ, хүний чемоданыг онгойлгож яах юм бэ” гэтэл тэрээр зүгээр ээ гэж хэлсэн. Ингээд би гал тогоонд хоол хийж байхад Наранзул нөгөө чемоданы цоожийг үзүүртэй юмаар цохиод онгойлгочих шиг болсон. Тэгээд намайг дуудахаар нь би унтлагын өрөөнд ортол чемоданд байсан эмэгтэй хүний хувцаснуудыг бүгдийг нь шалан дээр дэлгээд сууж байсан. Ингээд Наранзул өөрийнхөө өмсөх таалагдсан хувцаснуудаа цааш нь тавиад би очоод үзэх гэсэн чинь энэ миний хувцаснууд гэсэн. Цүнхэн дотроос бол эмэгтэй хүний хувцаснууд нилээд олон ширхэг гарч ирсэн. Ингээд би тэр хувцаснаас үзэх гэхэд миний хувцас гээд үзүүлэхгүй байсан. Ингээд чемодантай хувцаснаас өөрт нь таалагдсан хувцаснуудаа аваад өөрийнхөө хувцастай нийлүүлсэн. Тэгээд Наранзул бид хоёр хоолоо хийж дуусаад орой нь шоудах гээд гэрээс гарсан. Тэгээд бид хоёр Сүхбаатарын талбайн Лакс гээд бааранд ороод жаахан байж байгаад гараад түрээсийн байрандаа ирээд унтсан. Ингээд хоёр хоногийн дараа Наранзул, Энхмөнх, Хашхүү, Ганцог нарыг Дарханаас дуудаад ирүүлсэн байгаа. Би тэр айлаас ногоон өнгийн платье, хар өнгийн урдаа алтлаг өнгийн зурагтай цамц зэрэг эд зүйлсийг авч явсан байгаа. Би хоёр ширхэг эд зүйл авч явсан. Намайг гал тогоонд хоол хийгээд сууж байхад А.Наранзул чемоданыг нээсэн байсан. Би дотор нь юу юу байсан гэдгийг мэдэхгүй байна. А.Наранзул энэ чемоданыг нээгээд үзье гээд байхаар нь яах юм бэ үгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-60/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.Оюун-Эрдэнэ нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/-аар,

            Шүүгдэгч А.Наранзул нь 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 641 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-73, 78/-аар тус тус тогтоогдлоо.

            Шүүгдэгч А.Наранзулыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т “тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж зааснаар түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч А.Наранзул, Э.Оюун-Эрдэнэ нар нь найз Ч.Ганцогийн эгч болох хохирогч Д.Уранцэцэгийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ривер Таун хотхоны 70б байрны 49 тоот байрыг түрээслэн амьдарч байх хугацаандаа унтлагын өрөөнд байсан хохирогчийн цоожтой чемоданыг онгойлгон дотор нь байсан эд зүйлсийг эзэмшигчид нь мэдэгдэлгүй нууцаар сэм авч хэрэглэн өөрийн эзэмшилд оруулсныг бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч А.Наранзул, Э.Оюун-Эрдэнэ нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Улсын яллагчийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаартай прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг эд зүйлийн үнэлгээгээр 3.185.000 /гурван сая нэг зуун наян таван мянга/ төгрөг гэж үзсэн боловч хохирогч Д.Уранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Өмнө өгсөн тайлбар дээр мэлхий хэлбэртэй агааржуулагч алга болсон гэж хэлсэн байгаа цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас хойш гэртээ очиж эд зүйлсээ дахин сайн бүртгэж үзэхэд агааржуулагчийг тагтан дээр машины бүтээлэг доор хийж орхисон байсан...” гэсэн мэдүүлэг, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн яллагдагч нарт холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын /№269, №270/ тогтоолууд зэргийг үндэслэн улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Яллах дүгнэлтэнд нийт 3.185.000 төгрөгийн хохирол гэсэн байгаа. Зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон тогтоолд тусгагдсан эд зүйлийн үнэлгээг хасаж бичээгүй байгаа. Хасаж үзэхэд нийт хохирол нь 2.800.000 төгрөг болж байна...” гэж санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...Манай эхнэр буцааж өгсөн эд зүйлийг авахгүй гэсэн байр суурьтай байгаа. Хулгай хийж авсан хувцсыг өмсөөд явах уу гэсэн асуудал ярьсан байгаа...Манай эхнэрт  буцааж өгсөн хувцасны мөнгийг үнийн дүндээ оруулж, мөнгөн хэлбэрээр төлүүлэх хүсэлттэй байна...” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь мөрдөн байцаалтын шатанд эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 62, 66/-ээр хохирогч Б.Уранцэцэгт алдагдсан эд зүйлс болох саарал өнгийн богино платье 1 ширхэг, ногоон өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн эмэгтэй хүний 1 хос гутал, бор өнгийн эмэгтэй хүний 1 хос гутал, Top shop  гэсэн бичигтэй улаан эрээн өнгийн эрээн цэцгэн судалтай, хар торон оруулгатай эмэгтэй хүний платье 1 ширхэг, Milady брендийн хар өнгийн срочкон урт цамц 1 ширхэг, MNG брендийн эмэгтэй хүний цамц 1 ширхэг, Victoria Beckham брендийн эмэгтэй хүний цүнх 1 ширхэг...шошго дээрээ Bebe гэсэн бичиглэл бүхий ногоон өнгийн эмэгтэй хүний богино платье 1 ширхэг, шошго дээрээ Nichii гэсэн бичиглэл бүхий энгэр дээрээ шар өнгийн цэцгэн хээтэй хагас ханцуйтай хар өнгийн торон цамц 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүлээлгэн өгөхөд хохирогч Б.Уранцэцэг гарын үсэг зурж хүлээн авсан байх тул шүүгдэгч нарын төлбөл зохих 2.800.000 төгрөгийн хохирлоос 695.000 төгрөгийг хасч шийдвэрлэсэн болохыг дурдъя.

Шүүгдэгч нарын төлбөл зохих 2.105.000 төгрөгөөс шүүгдэгч А.Наранзул нь 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Э.Оюун-Эрдэнэ нь 500.000 /таван зуун мянга/ төгрөг, мөн шүүгдэгч нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 105.000 /нэг зуун таван мянга/ төгрөг буюу нийт 2.105.000 төгрөгийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Загдаад төлсөн /хх-ийн 154-156/ байх тул шүүгдэгч А.Наранзул, Э.Оюун-Эрдэнэ нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд сайн дураар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2.105.000 /хоёр сая нэг зуун таван мянга/ төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.8, 55.1.9 дэх заалтуудад заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч Э.Оюун-Эрдэнийн хувийн байдал /21 настай, эмэгтэй, Мандах Бүртгэл дээд сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, 4 настай хүүхэдтэй/, шүүгдэгч А.Наранзулын хувийн байдал /19 настай, эмэгтэй, Барилгын коллежийн 2 дугаар дамжааны оюутан, 4 сартай жирэмсэн/ зэргийг харгалзан тэдгээрт эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүр 2 жил 2 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт “...түүнчлэн онц хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдсэнээс болон онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсоноос бусад эмэгтэй ялтны хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ...” гэж зааснаар шүүгдэгч нарын эдлэх 2 жил 2 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэх нь зүйтэй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Э.Оюун-Эрдэнэд оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр, мөн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар А.Наранзулд 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Наранзул, Э.Оюун-Эрдэнэ нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,  294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Алтаннавчийн Наранзул, Боржигон овогт Энхсайханы Оюун-Эрдэнэ нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Алтаннавчийн Наранзул, Боржигон овогт Энхсайханы Оюун-Эрдэнэ нарыг эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар А.Наранзул, Э.Оюун-Эрдэнэ нарын эдлэх 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. А.Наранзул, Э.Оюун-Эрдэнэ нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Оюун-Эрдэнэд эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Наранзулд эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Наранзул, Э.Оюун-Эрдэнэ нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                            ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР