Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 326

 

 

 

 

 

 

2020               3              19                                      2020/ДШМ/326

 

Т.Лт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч Т.Л, түүний өмгөөлөгч Л.Батаа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/1364 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Лын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 1908 0048 90397 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Тийн Л, 1986 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч уг хаягтаа оршин суудаггүй, /РД:.../,

Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 601 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаартай зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан;

Шүүгдэгч Т.Л нь 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... тоот дахь иргэн Ц.Огийн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтрэн 42 инчийн “Самсунг” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Т.Лын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Тийн Лыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Лыг 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лын 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 26 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лт оногдуулсан 3 жил 3 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Т.Лын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогч Ц.Од төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “Талын Сонор” ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хяналтын камерын дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

               Шүүгдэгч Т.Л гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдааны гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруугийн талаар маргаагүй, хэргээ үнэн зөвөөр хүлээсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, төлбөрөө бүрэн барагдуулсан. Миний бие 2-5 хүртэлх насны 2 хүүхэдтэй, эхнэр минь жирэмсэн мөн төрсөн эх маань тэтгэврийн өндөр настай, насанд хүрээгүй бага дүүтэй минь амьдардаг тул эдгээр гэр бүлийн гишүүд ажил хийх чадваргүй энэ байдлаас үүдэн хөдөө орон нутагт ажиллаж байх хугацаанд шүүхээс оргон зайлсан гэж үзсэн боловч би амьдралын эрхээр мөнгө олох зорилгоор ажил хийж байсан. Эдгээр ар гэрийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эрх зүйн байдлыг минь дээрдүүлж, хэргийг дахин хянан шийдвэрлэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Л нь нэг удаагийн үйлдлээр 420.000 төгрөгийн хохирол учруулсан. Хохирлоо нөхөн төлсөн. Анхан шатны шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд Т.Лт оногдуулсан 3 жил 3 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар 2 дахин багасгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Т.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 3 жил 3 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч Т.Л нь ар гэрийн байдлыг минь харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулна” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт нь 2-8 жилийн хорих ялтай. Анхан шатны шүүх шүүгдэгчийн эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд эрх хэмжээнийхээ хүрээнд 3 жил 3 сарын ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Мөн ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр болсон. Шүүгдэгч Т.Л нь урьд 4 удаа хүний өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байсан, мөн шүүхийн шатнаас оргон зайлсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруу дээрээ маргаж байсан зэргийг харгалзан үзээд ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Т.Л нь 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... тоот дахь иргэн Ц.Огийн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтрэн 42 инчийн “Самсунг” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Огийн “...2019 оны 1 дүгээр сарын 22-ны орой 20 цаг 50 минутын үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалга цоожгүй, ...гэрийн хойморт байсан зурагт хулгайд алдагдсан байсан. ...хар өнгийн Самсунг брэндийн 42 инчийн зурагт байсан. ...” гэх /1хх 42/,

гэрч Б.Эрдэнэбатын “...манай гэрээс 42 инчийн зурагтаас өөр эд зүйл алдагдаагүй. Манай гэрийн урд айлын эмэгтэй гэрээс зурагт хулгай хийсэн хүний царай болон машины дугаарыг харсан байсан. Тэгээд цагдаад хэлээд алдагдсан зурагтыг олж өгсөн юм. ...” гэх /1хх 48/,

гэрч А.Тэгшжаргалын “...2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн орчим манай гэрт Лхагваа ирээд “хоёулаа манай дүүгийнх рүү юманд яваад ирье” гэж хэлээд намайг дагуулаад бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт орчим руу 1502ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Лхагваа урд суудалд суугаад явсан. Лхагваа Тахилтын сургуулийн гэр хороолол руу явж байгаад нэг модон хашаатай айлын гадна зогсоод машинаас буусан. Машинаа гудамжны үзүүр хэсэгт эргүүлээд буцаад нөгөө Лхагваагийн буусан газар руу чиглээд явж байтал Лхагваа хашааны булан эргээд сугандаа бараан өнгийн алчуураар боосон зурагт тэврээд гараад ирсэн... Лхагваа зурагтаа тэврээд буусан...” гэх /1хх 54, 62/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ний 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 053 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 76/, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Талын Сонор” ХХК-ний хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 28-35/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 9-12/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 15-18/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 22/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Т.Лыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн түүний хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд түүнийг тухайн зүйлд зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Харин шүүгдэгч Т.Лын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан түүнд оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, анхан шатны шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 3, 4 дэх заалтууд болон шүүх хуралдааны тэмдэглэлд зөрүүтэй дугаарлагдан бичигдсэн нь техникийн шинжтэй гаргасан алдаа байх тул давж заалдах шатны шүүх энэхүү магадлалаар залруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Т.Лын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй, анхан шатны шүүхээс оногдуулсан ялын хэмжээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул шүүгдэгч Т.Лын гаргасан “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Т.Лын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/1364 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лт оногдуулсан 3 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 дэх заалт болгон тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                                  Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                                  Ц. ОЧ