| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2023/0927/З |
| Дугаар | 221/МА2026/0095 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2026/0095
“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “П” ХХК
Хариуцагч Оюуны өмчийн газрын ахлах шинжээч О.О , Б.О , шинжээч Г.Б , тус газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Н
Гуравдагч этгээд: “Ж” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын ахлах шинжээч О.О , барааны тэмдгийн ахлах шинжээч Б.О , барааны тэмдгийн шинжээч Г.Б нарын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн "Ж" ХХК-ийн "Зөгийн бал, шар тос, чацарганын охьтой халбаганы иж бүрдлийн шошго савлагаа" бүтээгдэхүүний загварт патент олгохоор шийдвэрлэсэн /мэдүүлгийн дугаар 30-2021-0004219/ бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийг болон Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Н-ийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн "Ж" ХХК-ийн мэдүүлгийн 30-2021-0004219 дугаартай "Magic spoon" брэнд Зөгийн бал, шар тос, чацарганын охьтой халбаганы иж бүрдлийн шошго, савлагаа бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлтийг тус тус хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0718 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Ө.М
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У
Хариуцагч О.О , Б.Н , Г.Б
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2023/0927/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “П” ХХК-аас Оюуны өмчийн газрын ахлах шинжээч О.О , Б.О , шинжээч Г.Б , тус газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Н нарт холбогдуулан “Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын ахлах шинжээч О.О , барааны тэмдгийн ахлах шинжээч Б.О , барааны тэмдгийн шинжээч Г.Б нарын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн "Ж" ХХК-ийн "Зөгийн бал, шар тос, чацарганын охьтой халбаганы иж бүрдлийн шошго савлагаа" бүтээгдэхүүний загварт патент олгохоор шийдвэрлэсэн /мэдүүлгийн дугаар 30-2021-0004219/ бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийг болон Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Н-ийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн "Ж" ХХК-ийн мэдүүлгийн 30-2021-0004219 дугаартай "Magic spoon" брэнд Зөгийн бал, шар тос, чацарганын охьтой халбаганы иж бүрдлийн шошго, савлагаа бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлтийг тус тус хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0718 дугаар шийдвэрээр: Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 28.3, 30 дугаар зүйлийн 30.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “П” ХХК-иас Оюуны өмчийн газрын ахлах шинжээч О.О , Б.О , шинжээч Г.Б , тус газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Н-т тус тус холбогдуулан гаргасан "Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын ахлах шинжээч О.О , барааны тэмдгийн ахлах шинжээч Б.О , барааны тэмдгийн шинжээч Г.Б нарын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Ж” ХХК-ийн "Зөгийн бал, шар тос, чацарганын охьтой халбаганы иж бүрдлийн шошго савлагаа" бүтээгдэхүүний загварт патент олгохоор шийдвэрлэсэн /мэдүүлгийн дугаар 30-2021-0004219/ бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийг болон Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Н-ийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Ж” ХХК-ийн мэдүүлгийн 30-2021-0004219 дугаартай "Magic spoon" брэнд Зөгийн бал, шар тос, чацарганын охьтой халбаганы иж бүрдлийн шошго, савлагаа бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлтийг тус тус хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У давж заалдах гомдолдоо:
“...П" ХХК нь “Ж” ХХК-ийн мэдүүлэг гаргасан хугацаанаас өмнө “Халбага шар тос" нэртэй бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахаар 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Мэргэжлийн хяналтын газарт бүртгүүлж, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Скай хайпермаркет, И-март, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Номин сүлжээ гэх дэлгүүрүүдтэй гэрээ байгуулж, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн худалдаанд гаргасан болно.
Патентын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Бүтээгдэхүүний загварыг, эсхүл түүнд хамаарах мэдээллийг зохион бүтээгч буюу мэдүүлэг гаргагч өөрөө, эсхүл уг мэдээллийг шууд буюу шууд бусаар олж авсан этгээд мэдүүлэг гаргагчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд илэрхий болгосон хэдий ч мэдүүлэг гаргах эрх бүхий этгээд тэрхүү өдрөөс хойш зургаан сарын дотор уг бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлгийг оюуны өмчийн байгууллагад гаргасан бол энэ нь шинэ гэх шалгуурыг үгүйсгэх нөхцөл болохгүй бөгөөд мэдүүлэг гаргагч үүнийг нотлох үүрэгтэй" гэж заасны дагуу нэхэмжлэгч нь уг бүтээгдэхүүний загварыг нийтэд ил болгосноос хойш 3 сарын дараа буюу 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлгийг Оюуны өмчийн газарт гаргасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн бүтээгдэхүүний загвар нь гуравдагч этгээд “Ж” ХХК-ийн бүтээгдэхүүний загвараас цаг хугацааны хувьд 3 сарын өмнө нийтэд илэрхий болсон буюу Скай хайпермаркет, И-март, Номин сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлсэн буюу нийтэд илэрхий болчихсон байсан.
Гэтэл шүүхээс Патентын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасан бүтээгдэхүүнийг нийтэд илэрхий болгосноос хойш 6 сарын дотор мэдүүлэг гаргах нэхэмжлэгчийн давуу эрхэд дүгнэлт өгөлгүй, хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан.
Патентын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварт патент олгох, зохион бүтээгч, патент эзэмшигчийн эрхийн хамгаалах, патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулж, шинийг санаачлах үйл ажиллагаа болон аж үйлдвэрийн хөгжлийг дэмжихэд оршино”, 301-д “Дараах зүйлд бүтээгдэхүүний загварын патент олгохгүй", 30.1.3-д “бүтээгдэхүүний загвар нь зохиогчийн эрхийг зөрчихөөр бол" гэж тус тус заасан.
Гэтэл “Ж” ХХК-ийн “халбага шар тос" бүтээгдэхүүний сав баглаа боодол, өнгө, дүрсний хослол зэрэг нь нэхэмжлэгчийн 13170 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээгээр хамгаалагдсан халбага шар тос бүтээлийн зохиогчийн эрхийг илтэд зөрчсөн байдалд шүүхээс дүгнэлт хийлгүй орхигдуулсан.
Монгол Улсын Дээд шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0010 дугаар тогтоолд "... нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн бүтээгдэхүүнийг ямар өвөрмөц шинжээр нь бүртгэж байгаа, эдгээр хоорондоо хэрхэн ялгагдах нь тодорхойгүй, "бүтээгдэхүүний загварын шийдэл" гэдэгт нэхэмжлэгчийн патентаар хамгаалуулахыг хүссэн "халбаганд савлах" шийдэл хамаарах эсэх, “хийц” гэх ойлголтод халбаганд савласан шар тос хамаарах эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай" гэж дурдсан бөгөөд дээрх нөхцөл байдлыг хариуцагч нараас өөрсдөөр нь тайлбарлуулах замаар тодорхойлох боломжгүй гэж үзэж байгаа бөгөөд хэргийн оролцогч бус хөндлөнгийн тусгай мэдлэг бүхий шинжээчээр бүтээгдэхүүний загварт шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно" гэж зааснаар шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангалгүй орхисон буюу хэргийг дахин хэлэлцүүлгээр анхан шатны шүүхэд буцаасан нөхцөл байдлыг арилгаагүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0718 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “П” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “П” ХХК-иас Оюуны өмчийн газрын ахлах шинжээч О.О , Б.О , шинжээч Г.Б , тус газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Н нарт холбогдуулан “Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын ахлах шинжээч О.О , барааны тэмдгийн ахлах шинжээч Б.О , барааны тэмдгийн шинжээч Г.Б нарын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Ж” ХХК-ийн "Зөгийн бал, шар тос, чацарганын охьтой халбаганы иж бүрдлийн шошго савлагаа" бүтээгдэхүүний загварт патент олгохоор шийдвэрлэсэн /мэдүүлгийн дугаар 30-2021-0004219/ бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийг болон Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Н-ийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Ж” ХХК-ийн мэдүүлгийн 30-2021-0004219 дугаартай "Magic spoon" брэнд Зөгийн бал, шар тос, чацарганын охьтой халбаганы иж бүрдлийн шошго, савлагаа бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлтийг тус тус хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “П” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Халбаганд савлагаатай хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар” нэртэй 30-2021-0004248 дугаар мэдүүлгийг гаргахдаа бүтээгдэхүүний загварын 4 хувилбарыг тодорхойлж, шийдлийн хэлбэр хийц, өнгө дүрсийг тусгажээ.[1]
2.3. Тус мэдүүлэгт 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөн чанарын шүүлт хийхэд ижил төсөөтэй бүтээл илэрсэн тул “... тухайн хүнсний бүтээгдэхүүний савлагаа болох халбаганы хэлбэр, хийц нь цахим орчинд түгээмэл байх тул уг бүтээгдэхүүний халбаганы хэлбэр хийцийн загварт патент олгохоос татгалзах тухай” урьдчилсан татгалзах шийдвэр гаргаж[2], хариу тайлбар ирүүлэх талаар 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдсэн байна.[3]
2.4. Үүний дагуу 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-аас “...халбаганы хэлбэр, хийц нь цахим орчинд түгээмэл гэсэн дүгнэлтийн хувьд мэдүүлсэн бүтээл болон ишлэл бүтээл нь адилхан хэлбэр, хийцтэй халбага ашиглаж байгаа тул патентын хамгаалалтад оруулахгүйгээр мэдүүлсэн бүтээлд патент олгоно уу.” гэх хариу тайлбар ирүүлсний дагуу хариуцагч Б.Н 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр олон улсын 19-08 ангилалд “...мэдүүлсэн бүтээгдэхүүний загварын халбаганы хэлбэр, хийцийг бус уг бүтээгдэхүүний шошго болон савлагааны хэвлэмэл загварыг бүртгэхээр шийдвэрлэв. Иймд тодорхойлолтод дурдсан "Хувилбар 3" болох нэг удаагийн хүнсний зориулалттай халбаганы хэлбэр, хэмжээний талаар дурдсан шийдлийг тодорхойлолтоос хасаж” патент олгохоор шийдвэр гаргасан байна.[4]
2.5. Харин гуравдагч этгээд “Ж” ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Magic spoon брэнд-Зөгийн бал шар тос, чацарганын охьтой халбаганы иж бүрдэл” нэртэй бүтээгдэхүүний загварт патент авахаар 30-2021-0004219 дугаар мэдүүлэг гаргаж, уг мэдүүлэгт хариуцагч Б.Н мөн чанарын шүүлт хийж, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шүүлтийн дүгнэлтээр олон улсын 19-08 ангилалд “тухайн бүтээгдэхүүний загварын халбаганы хэлбэр, хийцэд бус уг бүтээгдэхүүний шошго болон савлагааны хэвлэмэл загвар”-т патент олгохоор шийдвэрлэсэн ч маргаан үүссэнтэй холбогдуулан түдгэлзсэн байна[5].
2.6. “Ж” ХХК-ийн 30-2021-0004219 дугаар мэдүүлгээр гаргасан бүтээгдэхүүний загварыг нийтэд мэдээлсний дараа нэхэмжлэгч “П” ХХК-иас 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эсэргүүцэл гаргасны дагуу Оюуны өмчийн газрын ахлах шинжээч О.О , Б.О , шинжээч Г.Б нар мөн чанарын шүүлт дахин хийж, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр "...Зөгийн бал, шар тос, чацарганын охьтой халбаганы иж бүрдлийн шошго, савлагаа" нэртэй 3 төрлийн загварыг няцаах үндэслэлгүй байх тул 4219 мэдүүлгийн дугаартай бүтээгдэхүүний загварт Патентын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д заасны дагуу патент олгох дүгнэлт гаргасан байна.[6]
2.7. Оюуны өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "оюуны өмч" гэж оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон зохиогчийн эрхийн бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объект болон аж үйлдвэрийн өмчийг”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Оюуны өмчийн дараах эрхийг хамгаална”, 5.1.1-д “зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх”, 5.1.2-т “аж үйлдвэрийн өмчийн эрх”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Аж үйлдвэрийн өмчийн эрхэд дараах зүйл хамаарна”, 7.1.3-т “бүтээгдэхүүний загвар”, Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "бүтээгдэхүүний загвар" гэж бүтээгдэхүүний гадаад харагдах байдалд хамаарах дүрс, хийц, хэлбэр, өнгө, бүтцийн болон хээ чимэглэлийн уран сайхны шийдлийг”, 25 дугаар зүйлийн 25.5-д “Дэвшүүлж байгаа шинэ бүтээлийн шийдэл нь энэ хуулийн 5, 6, 7 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан бол мөн чанарын шүүлтийн тайланг шинжээчийн дүгнэлтийн хамт мэдүүлэг гаргагчид хүргүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор оюуны өмчийн байгууллага шинэ бүтээлийн ном зүй, товч тайлбар, тодорхойлолт, томьёоллыг албан ёсны тогтмол хэвлэлд нийтэлнэ.”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Энэ хуулийн 25.5, 37.2-т заасны дагуу шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг нийтэд мэдээлсэн өдрөөс хойш гурван сарын дотор сонирхогч этгээд эсэргүүцэл гаргаагүй бол оюуны өмчийн байгууллага шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварт патент олгоно.” гэж тус тус заасан.
2.8. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "анхдагч огноо" гэж энэ хуульд заасан шаардлагыг хангасан патентын мэдүүлгийг оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүлээн авсан он, сар, өдрийг” хэлнэ гэж заасанчлан нэхэмжлэгч “П” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 30-2021-0004248 дугаар мэдүүлгийг гаргасан бол гуравдагч этгээд “Ж” ХХК нь нэхэмжлэгч компаниас 1 сар гаруй хугацааны өмнө буюу 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 30-2021-0004219 дугаар мэдүүлгийг гаргасан байна.
2.9. Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д "патент" гэж тухайн шийдэл нь шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, патент эзэмшигч нь тодорхой хугацаанд энэ хуулийн 46.2-т заасан онцгой эрхийг эдлэх эрхийг”, 3.1.15-д "патент эзэмшигч" гэж патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг өмчлөх онцгой эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан хувь хүн, хуулийн этгээдийг”, 33 дугаар зүйлийн 33.8-д “Бүтээгдэхүүний загварын тодорхойлолтод тухайн бүтээгдэхүүний загварын гадаад дүрс, хийц, хэлбэр, өнгө, бүтцийн болон хээ чимэглэлийн шинэ болон өвөрмөц шинжийг тодорхойлон бичнэ.” 47 дугаар зүйлийн 47.1-д “Патентын эрхийн хамгаалалтын хүрээг шинэ бүтээл, ашигтай загварын хувьд томьёололд зааснаар, бүтээгдэхүүний загварын хувьд тодорхойлолтод зааснаар тодорхойлно.” гэж тус тус заасан.
2.10. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн болон 6 дугаар сарын 03-ны өдрийн бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлт, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлт, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан таслах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар тогтоол зэргээр “Ж” ХХК-ийн мэдүүлсэн "Зөгийн бал, шар тос, чацарганы охьтой халбаганы иж бүрдлийн шошго, савлагаа" нэртэй бүтээгдэхүүн, “П” ХХК-ийн “Халбаганд савлагаатай хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар” нэртэй бүтээгдэхүүнүүд нь хэвлэмэл байдлын хувьд гадаад гоо зүйн өнгө, хээ, чимэглэл, дүрслэлийн шинжүүд нь өөр хоорондоо ялгаатай, хоорондоо ижил төсөөтэй харагдуулах шинж, дүрслэл байхгүй” нь бүрэн тогтоогддог.
2.11. Патентын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Бүтээгдэхүүний загвар нь шинэ болон өвөрмөц шинжийг агуулсан бол патентаар хамгаалагдана.”, 28.2-т “Бүтээгдэхүүний загварын шийдэл нь анхдагч огноо, эсхүл давамгайлах огнооноос өмнө Монгол Улсад болон гадаад улсад нийтэд илэрхий болоогүй бол шинэ гэж үзнэ.” гэж заасан.
Гэтэл “Халбаганд савлах” шийдэл нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Америкийн Нэгдсэн Улс, Арабын Нэгдсэн Эмират Улс, Бүгд Найрамдах Турк зэрэг гадаад улсуудад худалдаалагдаж нийтийн хүртээл болсон нь баримтаар тогтоогдох бөгөөд патентаар хамгаалагдахгүй гэж үзэхээр байна[7].
2.12. “П” ХХК нь “Халбага шар тос” бүтээлийг 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нийтийн хүртээл болсон хэмээн дүрслэх урлаг, уран баримал, график урлагийн бүх төрлийн бүтээл, эдгээрийн зураг төсөл бүтээлийн төрлөөр мэдүүлж, Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/101 дүгээр тушаалаар зохиогчоор Ө.М, эрх эзэмшигчээр “П” ХХК-ийг бүртгэж зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон нь аж үйлдвэрийн өмчийн эрх буюу “халбаганд савлах” шийдэл, бүтээгдэхүүний загварт патент олгосон гэх үндэслэл биш бөгөөд “Ж ХХК-ийн бүтээгдэхүүний загвар буюу сав баглаа боодлын патент “П” ХХК-ийн зохиогчийн эрхийг зөрчөөгүй байна.
2.13. Патентын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д “Бүтээгдэхүүний загварыг, эсхүл түүнд хамаарах мэдээллийг зохион бүтээгч буюу мэдүүлэг гаргагч өөрөө, эсхүл уг мэдээллийг шууд буюу шууд бусаар олж авсан этгээд мэдүүлэг гаргагчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд илэрхий болгосон хэдий ч мэдүүлэг гаргах эрх бүхий этгээд тэрхүү өдрөөс хойш зургаан сарын дотор уг бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлгийг оюуны өмчийн байгууллагад гаргасан бол энэ нь шинэ гэх шалгуурыг үгүйсгэх нөхцөл болохгүй бөгөөд мэдүүлэг гаргагч үүнийг нотлох үүрэгтэй.” гэж заасан.
Нэгэнт нэхэмжлэгч “П” ХХК-ийн бүтээгдэхүүний загварыг зөвшөөрөлгүйгээр “Ж” ХХК нийтэд илэрхий болгосон гэх үндэслэл тогтоогдохгүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...нийтэд илэрхий болгосноос хойш 6 сарын дотор мэдүүлэг гаргах нэхэмжлэгчийн давуу эрхэд дүгнэлт өгөлгүй, хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
2.14. Тодруулбал, нэхэмжлэгч “П” ХХК нь патентын мэдүүлгээ гуравдагч этгээд “Ж” ХХК-иас 1 сар гаруй хугацааны дараа гаргасан, “халбаганд савлах” шийдэл нь гадаад улсад нийтэд илэрхий болсон учраас патентаар хамгаалагдахгүй, гуравдагч этгээд “Ж” ХХК-ийн мэдүүлсэн "Зөгийн бал, шар тос, чацарганын охьтой халбаганы иж бүрдлийн шошго, савлагаа" нэртэй бүтээгдэхүүн, “П” ХХК-ийн “Халбаганд савлагаатай хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар” нэртэй бүтээгдэхүүнүүд нь хэвлэмэл байдлын хувьд гадаад гоо зүйн өнгө, хээ, чимэглэл, дүрслэлийн шинжүүд нь өөр хоорондоо ялгаатай, хоорондоо ижил төсөөтэй харагдуулах шинж, дүрслэл байхгүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдож байх тул Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын ахлах шинжээч О.О , барааны тэмдгийн ахлах шинжээч Б.О , барааны тэмдгийн шинжээч Г.Б нарын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Ж” ХХК-ийн "Зөгийн бал, шар тос, чацарганын охьтой халбаганы иж бүрдлийн шошго савлагаа" бүтээгдэхүүний загварт патент олгохоор шийдвэрлэсэн /мэдүүлгийн дугаар 30-2021-0004219/ бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийг болон Оюуны өмчийн газрын
бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Н-ийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Ж” ХХК-ийн мэдүүлгийн 30-2021-0004219 дугаартай "Magic spoon" брэнд Зөгийн бал, шар тос, чацарганын охьтой халбаганы иж бүрдлийн шошго, савлагаа бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлт нь тус тус хууль тогтоомжид нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0718 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У-аас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА