Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2017/0464

 

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2017/0464

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээг бүртгэсэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Моломжамц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А, гуравдагч этгээд Ш.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улсын бүртгэгч 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ш.Б, Н.Э нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг бүртгэхдээ хууль зөрчсөн. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-т зааснаар энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах эрхтэй бөгөөд хянах үүрэгтэй гэж заасан. Мөн үл хөдлөх хөрөнгийн барьцааг бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн эд хөрөнгийн өмчлөгч гаргахаар хуульчилсан байдаг. Гэтэл Ш.Б, Н.Э нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахад тухайн мэдүүлэгт заасан орон сууцны өмчлөгч болох Н.Б биш Н.Э нь гарын үсэг зурсан. Үүгээр мэдүүлэг гаргах эрхгүй этгээд мэдүүлэг гаргасан нь нотлогдож байна. Н.Э нь шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үүнийг хүлээн зөвшөөрсөн. Н.Б болон өмчлөгч нар мэдүүлэг гаргахад оролцоогүй гэдгийг Н.Э хэлсэн. Энэ зөрчлийг улсын бүртгэгч илрүүлэх хяналтын чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй.

Н.Эт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр олгосон итгэмжлэлээр орон сууцыг зээлийн барьцаанд тавих эрх олгосон. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж заасан. Энэ эрхээ хэтрүүлсэн бөгөөд улсын бүртгэгч хуульд заасан үүргийн дагуу уг зөрчлийг илрүүлж чадаагүй. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана гэж заасан. Өөрөөр хэлбэл өмчлөгч мөн эсэхийг бүрэн хэмжээгээр шалгалгүй бүртгэсэн.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой, энэ хуулийн 3.2-т заасан эрхийг энэ тухай талуудын байгуулсан гэрээг үндэслэн бүртгэнэ гэж заасан. Гэтэл Н.Э нь банктай бус хувь хүнтэй гэрээ байгуулсан байдаг. Улсын бүртгэгч итгэмжлэл, зээлийн гэрээ хоёрыг харьцуулж үзэж дүгнэлт хийлгүйгээр бүртгэсэн.

Үл хөдлөх хөрөнгийг банкинд барьцаанд тавиагүй, хувь хүнд барьцаанд тавьсан гэдгийг нэхэмжлэгч 2016 оны 02 дугаар сард шүүгчийн захирамж гарч, шүүхийн шийдвэр ажиллагаа явагдсаны дараа мэдсэн.

Улсын бүртгэлийг 5 сарын дараа хийсэн нь уг гэр бүлийн итгэлийг эвдэж байрыг нь барьцаанд аваад 50.000.000 төгрөгийг өгч, залилан мэхэлж улсын бүртгэлийг хууль бусаар хийлгэсэн. Өнөөдөр 4 өрөө байр 120-130 сая төгрөгийн үнэ ханштай байгаа. 2015 оны 12 дугаар сард эдгээр хүмүүсийг бүгдийг байлцуулж байгаад бүртгэлийг хийсэн бол маргах зүйлгүй. Улсын бүртгэл болон эдгээр хүмүүсийн хооронд хуйвалдаан байсан эсэх асуудлыг тус байгууллагад тавина. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн үндэслэл нь Н.Эт олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Мөн итгэмжлэл нь тодорхой байх ёстой. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д зааснаар итгэмжлэл олгосон бөгөөд итгэмжлэлээр ямар эрх эдэлж байгаагаа тодорхой заасан. Өөрөөр хэлбэл маргаан бүхий 4 өрөө орон сууцыг банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч байгаа тул зээлийн болон барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах эрхтэй гэж заасан. Барьцааны болон зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхтэй гэж заасан болохоос мэдүүлэгт гарын үсэг зурах, мөнгө авах, улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй гэсэн итгэмжлэлийг олгоогүй. Итгэмжлэлийг хувь хүн буруугаар ашиглах боломжтой тул улсын бүртгэлд мэдүүлэг гаргах эрхгүй зөвхөн зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Үгийн шууд утга нь зээлийн болон барьцааны гэрээнд төлөөлөн зөвхөн гарын үсэг зурах эрх олгосон. Итгэмжлэлтэй танилцахад агуулга нь банкны зээлийн барьцаа гэсээр байтал хувь хүнээс зээл олгосон байхад өөрийн үүргийг хэрэгжүүлж, бүртгэхээс татгалзах үүрэгтэй. Банк гэсэн үг нь алдаа биш хувь хүний хүсэл зоригийн илэрхийлэл юм.

Барьцааны гэрээ нь хуулийг зөрчсөн, бүрдүүлбэрийг хангаагүй гэж улсын бүртгэлийн байгууллагаас буцаасан байна. Үүний дагуу нотариатаар бүрдүүлбэр хангуулсан. Улсын бүртгэгч хувь хүний эрх ашиг хөндөгдөх гэж байгааг анхаарах ёстой. Барьцааны гэрээг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бүртгэж байхдаа гэрээ болон итгэмжлэлийг хуульд заасан шаардлага хангаж байгааг нягтлан шалгах үүрэгтэй.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталсан шүүгчийн захирамжид дүгнэлт хийх боломжгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу шүүх хуралдаан хийгээгүй. Иймд тус захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянагдах боломжтой юм. Улсын прокурорын ерөнхий газраас ирүүлсэн албан бичигт ...нотариатч Н.Н нь итгэмжлэлийг зөрчиж зээлийн болон барьцааны гэрээг баталсан нь тогтоогдсон байна гэсэн.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т ...гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх ба уг мэдүүлэгт дараах баримт бичгийг хавсаргана, 28.2.1-т барьцааны гэрээ болон түүний хуулбар, 28.2.2-т барьцааны гэрээнд зааж хавсралт болгосон баримт бичиг, 28.2.3-т үйлчилгээний хураамж төлсөн баримт гэж тус тус заасны дагуу хамтарсан мэдүүлгийг гаргах ёстой.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 7 дугаар зүйлийн 7.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д заасны дагуу ...барьцааны гэрээг бүртгүүлэх мэдүүлэг гаргахдаа мэдүүлэг гаргагч гэсэн хэсэгт өмчлөгчийн тухай мэдээллийг бичиж, мэдүүлэг гаргасан гэсэн хэсэгт барьцаалагч, барьцаалуулагч нар гарын үсгээ зурна, хэрэв хуулийн этгээдийн хувьд төлөөлөгч нь гарын үсгээ зурсан байна гэж заасан. Тэгэхээр мэдүүлэг хууль болон журамд заасан шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаагүй.

Иймд Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээг бүртгэсэн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...ИргэнМын нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна. Улсын бүртгэлийг судлан үзэхэд улсын бүртгэгч хууль тогтоомжийн дагуу улсын бүртгэлийг хийсэн байдаг. Улсын бүртгэлд зээлийн гэрээг бүртгэдэггүй, барьцааны эрхийг бүртгэдэг. Иргэн Н.Б хамтран өмчлөгч болохМ, Н.Д, Н.Х, Н.М нарын хууль ёсны төлөөлөгчөөс барьцаанд тавихыг зөвшөөрч Н.Эт итгэмжлэл олгож, нотариатаар гэрчлүүлсэн байна. Энэ итгэмжлэлийн үндсэн дээр Н.Э нь Ш.Б-аас зээл авч, хэлцэл хийн нотариатаар гэрчлүүлэн ирсэн. Барьцаанд тавих итгэмжлэл олгосон иргэн барьцаанд тавиулахгүй бол итгэмжлэл олгосны дараа нотариатчид хандаж, олгосон итгэмжлэлээ цуцлах эрхтэй. Одоогоор энэ итгэмжлэлийг цуцлаагүй, нотариатчидын танхимаас ямар нэгэн мэдэгдлийг манайд ирүүлээгүй. Итгэмжлэлийн хүчинтэй хугацаанд барьцааны эрхийг үүсгэсэн бүртгэлийг бүртгэхээс татгалзах хуульд заасан үндэслэл байхгүй байсан. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсоноор барьцааны эрх дуусгавар болохоор заасан. Зээлийн гэрээний хугацаа өнгөрснөөр барьцааны эрх дуусгавар болно.

Зээлдэгч тал зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс барьцаа хөрөнгөөр шаардлагаа хангуулахаар шүүхэд хандсан. Барьцаа хөрөнгөөр зээлдүүлэгчийн шаардлагыг хангах иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол гэж заасан. Баттай нотлох баримт гэдгийг итгэмжлэл гэж үзэх юм. Хамтран өмчлөгч нараас Н.Эт нотариатаар гэрчлүүлэн итгэмжлэл олгосон. Итгэмжлэлийн дагуу орон сууцыг барьцаанд тавина гэдгийг мэдэж байсан. Банкинд барьцаанд тавих эрхийг олгоно гэдэг нь манай байгууллагад бүртгэл хийлгэх эрхийг давхар олгож байна гэсэн үг.

Мэдүүлгийг өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эаас хүлээн авсан бөгөөд өмчлөгчийн оршин суугаа хаяг, утасны дугаарыг шаардлагатай тохиолдолд тусгаж болно. Бүрдүүлбэр хангагдсан учраас нэхэмжлэгчээс тодруулах шаардлагагүй. Манай байгууллага энэ гэрээ үнэн зөв, хүчин төгөлдөр мөн эсэхийг нягтлах эрх бүхий байгууллага биш бөгөөд бүрдүүлбэр хангуулан мэдүүлэг гаргасан тохиолдолд бүртгэх үүрэгтэй. Бид нотариатаар гэрчилсэн гэрээ, итгэмжлэлийг үндэслэн бүртгэсэн. Гэрээ хүчин төгөлдөр эсэх нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэнэ гэв.

Гуравдагч этгээд Ш.Б: ...2015 онд Н.Эаар дамжуулан Н.Бт 50.000.000 төгрөг зээлдүүлсэн. Н.Э нь манай нөхрийн найз. Тухайн үед манай нөхөр болон Н.Э, Н.М, Н.Б нь хоёр хүүхдээ дагуулан ажлын цаг дуусч байхад зээл авахаар ирсэн. Миний зүгээс барьцаа хөрөнгө авна гээгүй. Эдгээр хүмүүс өөрсдөө барьцааны гэрээ хийж ирсэн. Тухай өдөр нь баасан гарагийн орой байсан учраас улсын бүртгэлийн байгууллага хаасан байсан. Эдгээр хүмүүст итгэсэн учраас улсын бүртгэлд бүртгүүлээгүй. 2015 оны 09 дүгээр сарын сүүлээр Н.Э нь надад 16.000.000 төгрөг өгсөн. Барьцааны гэрээг нэхэмжлэгч талаас хүчин төгөлдөр бус гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлээ төлөхгүй байсан учраас улсын бүртгэлд бүртгүүлэхгүй бол болохгүй гэж үзээд 2015 оны 12 дугаар сард улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иргэний хэргийн шүүхэд хандаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б: ...Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэлийн гол шаардлагаа Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 07 дугаар сарын 03 тоот барьцааны гэрээг бүртгэсэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 054 тоот бүртгэлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дэмжиж өмгөөлөгч нь тайлбарлаж хэллээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо хууль зөрчсөн ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Учир нь 054 тоот бол улсын бүртгэгчийн хэрэглэдэг тэмдэг. Энэ улсын бүртгэгч тусдаа өөр дугаартай. Хэрвээ 054 тоот бүртгэлийг хүчингүй болгох юм бол тэр бүртгэгчийн бүртгэл хийх эрхийг хааж байгаа асуудал болно.

Мөн барьцааны гэрээг хүчингүй болгоно гэдэг нь бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах. Өөрөөр хэлбэл Эд, хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн барьцааны гэрээг бүртгэх заалтыг зөрчиж үү гэдэг нь нэхэмжлэлийн шаардлагын гол асуудал нь болов уу гэж бодож байна.

Нэхэмлжэгчээс итгэмжлэл хийж өгөхдөө банкны барьцаанд эд хөрөнгөө барьцаална гэж хийж өгсөн. Түүнээс хувь хүнд өгөөгүй. Энэ нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасныг зөрчиж байгаа учраас тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Барьцааны гэрээнээс үүссэн эрх зүйн үр дагавар үүсэхгүй бөгөөд барьцаалагчид барьцааны эрх үүсэхгүй гэсэн нэг үндэслэлээ ярьж байна.

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага маргаан бүхий барьцааны гэрээг бүртгэсэн нь гол асуудал 2 зүйлийг л нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

Нэгдэх асуудал нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар талуудын хооронд иргэний эрх зүйн ямар асуудал үүсч ямар үүргийн гүйцэтгэл үүсч, хаана доголдсон гэдгийг ярих хэрэггүй. Энэ нь иргэний хэргийн асуудал. Харин энэ барьцааны гэрээ Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн дагуу хүчин төгөлдөр гэж үзэхээр байна. Үүнийг Монгол Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэсэн хууль ёсны хүчин төгөлдөр гэрээ өнөөдрийн байдлаар байгаа. Үүнийг хүчингүй болгосон бичгийн нотлох баримт байхгүй. Эрх бүхий шүүхийн шийдвэр гараагүй байгаа гэдгийг тодотгож хэлмээр байна.

Нэхэмжлэгч барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хэзээ мэдсэн юм бэ? Хэзээ шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм бэ? Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасан хугацаа хаана байна вэ?

Мөн эдгээр хүмүүс барьцааны гэрээнд итгэмжлэл хийж өгөхийг мэдэж байсан. Шүүхийн шийдвэрт, хавтаст хэрэгт авагдсан прокурорын гэрчийн мэдүүлгүүд дээр байдаг.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх энэ зарчмыг бүртгэлийн байгууллага баримталж ажилладаг. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих, зохицуулах гэж заасан. Энэ бүртгэгч бүртгэсэн бүртгэлийг хуульд заасан журмын дагуу бүртгэсэн байна уу гэдгийг бүртгэлийн байгууллага дотооддоо хянадаг. Бүртгэлийн байгууллагаас өмчлөгчМад энэ бүртгэл хууль зөрчөөгүй, үнэн зөв гэдэг хариуг өгсөн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд улсын бүртгэгчийн эрх үүргийг тайлбарлаж өгсөн.

Мөн 2009 оны 11 дүгээр сард батлагдсан Эд, хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хөтлөх журмын 7 дугаар зүйлийн 7.8-т зааснаар Н.Э мэдүүлэг гаргах эрхтэй. Гэрээг нотариатч гэрчилэн, тамга дарагдан мэдүүлгээ болон тэмдэгтийн хураамж төлж хүсэл зоригоо илэрхийлсэн байхад бүртгэлийн байгууллага Эд, хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хүлээн авах үүрэгтэй.

Мөн хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах тухай тодорхой төрлийн үндэслэл байдаг. Яг энэ мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй. Учир нь Эд, хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т 14.2-т зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно гэж үүрэг болгосон.

Эд, хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлд барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэх зохицуулалтыг тусгасан. Мөн журмын 7 дугаар зүйлийн 7.8-т бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргах эрхтэй, бүртгүүлж болно гэж заасан. Иймээс улсын бүртгэлийн байгууллага Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд, хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн тогтоосон хэм хэмжээг зөрчөөгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгэн нотлох баримтаар тодорхой харагдаж байгаа.

Иймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгч Д.Я нь эмнэлэгт хэвдэн эмчлүүлж байгаа, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлттэй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өмгөөлөгч авах, шүүх хуралдааныг хойшлуулах, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг тус тус гаргаж байсан ба шүүхээс тухайн хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэсэн болно.

Харин уг шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцох Д.Я нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх боловч энэ талаарх баримт, мөн шүүх хуралдаанд оролцох болон шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтдээ нэр, хаяг тодорхойгүй, хүснэгт хавсаргасан боловч нь энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй, өмгөөлөгч Д.Я-г эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа эсэхийг нотлохгүй юм.

Зүй нь өмгөөлөгч Д.Я нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тодохиолдол эмнэлэгт хэвтсэн шалтгаан, өвчний оношийг тодорхойлсон эмчлэгч эмчийн гарын үсэг, хувийн дугаар бүхий тэмдэг дарагдсан магадлагааг шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийн хамт ирүүлэхээр байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-д зааснаар өмгөөлөгч Д.Я-г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, хэргийн бусад оролцогч нараас гаргасан шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг хүссэн хүсэлт, мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд орон нутгаас ирж оролцож байгаа зэргийг харгалзан түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 байрны 08 тоотод байрлах *******, ******* улсын бүртгэлийн гэрчилгээтэй орон сууцыг өмчлөгч Н.Б нь хамтран өмчлөгч нарын хамт банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч иргэн Р.Энхбаярт итгэмжлэл[1] олгожээ.

Иргэн Р.Э нь гуравдагч этгээд Ш.Бтай 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ[2], 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр барьцааны гэрээг[3] тус тус байгуулжээ.

Уг барьцааны гэрээг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтэст бүртгэсэн нь хуульд нийцээгүй байна.

Учир нь Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /цаашид ипотек гэх/-г бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч гаргах ба улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ, 28.2-т гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх ба уг мэдүүлэгт дараахь баримт бичгийг хавсаргана, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалаар баталсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 7 дугаар зүйлийн 7.8-д Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д заасны дагуу барьцааны гэрээг бүртгүүлэх мэдүүлэг гаргахдаа мэдүүлэг гаргагч гэсэн хэсэгт өмчлөгчийн тухай мэдээллийг бичиж, мэдүүлэг гаргасан гэсэн хэсэгт барьцаалагч, барьцаалуулагч нар гарын үсгээ зурна, хэрэв хуулийн этгээдийн хувьд төлөөлөгч нь гарын үсгээ зурсан байна гэжээ.

Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гаргаагүй, гэрч Р.Э дангаар гаргасан болох нь түүний ,,,,,мэдүүлгийн хүснэгтийг би бөглөж, гарын үсэг зурсан гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Дээрхээс дүгнэвэл үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг зөвхөн өмчлөгч эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэхээр хуульчилсан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгчээс барьцааны гэрээ байгуулах итгэмжлэл олгосон учир уг итгэмжлэлээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хийлгэх боломжтой, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн барьцаалагч мэдүүлэг гаргах эрхтэй гэх тайлбарууд үгүйсгэгдэж байна.

Нөгөөтэйгүүр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн № ******* дугаар шийдвэрээр маргаан бүхий барьцааны гэрээтэй холбоотой асуудлыг хянан хэлэлцсэн байх бөгөөд хэргийн оролцогч нараас уг захиргааны хэргийг хянан шийдвэрэлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргаагүй, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг гаргасан тул тус шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээг бүртгэсэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасныг тус тус баримтлан иргэнМын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтэст холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээг бүртгэсэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ