| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0350/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/358 |
| Огноо | 2023-10-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/358
з
2023 10 10 2023/ШЦТ/358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Т.Т
Хохирогч Д.М
Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Э-д холбогдох эрүүгийн 2325002650463 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
О.Э
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч О.Э нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн **-** тоотод Д.М тэй үл ялих шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Д.М мэдүүлэхдээ “Гомдолгүй, хохирлыг төлсөн. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Д.М ийн “2023 оны 06 дугаар сарын 15-ны орой 17 цагийн үед манай гэрийн ойролцоох гудамжинд байх С эгчийн гэрт найз А-тай уулзахаар очиход С гийн гэрт хүмүүс архи ууж байсан. Намайг гэрт нь орох үед С эгчийн хамтран амьдрагч эрэгтэй нь над руу дайраад чи хэн юм бэ, чи яагаад манай гэрт ороод ирсэн юм юм бэ? гэх үед найз А нь хажуунаас надтай уулзахаар ирсэн юмаа гэж хэлсэн. Энэ үед би А г гарья гэж хэлээд С эгчийн гэрээс дагуулж гараад хажуу талд нь байх А гийн гэрт ороод сууж байтал С эгч нөхөртэйгөө хамт бидний араас орж ирээд хэсэг сууж байгаад гэртээ орчихсон. Би найз А-тай хэсэг юм ярьж сууж байгаад буцаад С эгчийн гэрт орсон чинь С эгч орон дээрээ хэвтэж байсан. Хамтран амьдрагч эрэгтэй нь хоолоо хутгаж байхаар нь би ямар гоё хоол хийж байгаа юм бэ гэсэн чинь С эгчийн хамтран амьдрагч эрэгтэй яахаараа би чамайг хооллодог юм бэ гичий минь гэж хэлээд над руу дайрч миний ам хэсэг рүү гараараа цохисон. Энэ үед би айсандаа болоод гарч яваад найз А дээр очсон. Миний уруулнаас цус гараад байсан болохоор цагдаад дуудлага өгсөн юм. Миний эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гаргах санал хүсэлт байхгүй. О.Э нь надаас уучлалт гуйж гэм буруугаа хүлээн зөвшөөрч миний эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан зардалыг төлөхөөр болсон. Эхний ээлжинд надад 50.000 төгрөг өгсөн. Цаашид миний хохиролыг барагдуулахаар болсон. Надад өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 7, 10-р тал/
2. Гэрч П.С-н “Орхон аймгийн Баян-Өндөр сум, Рашаант багийн **-** тоот хаягт миний бие байшиндаа амьдардаг, манай хашаанд миний дүү А түүний нөхөр Б нар монгол гэрт амьдардаг. 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр манай дүү А гийн найз нь гэх нэг эмэгтэй дүүгийн гэрт ирсэн байсан. А уг найзынхаа хамт манай гэрт орж ирсэн. Манай гэрт миний хамтран амьдрагч Э байсан. Тухайн өдөр бид нар бүгдээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. А гийн найз нь гэх эмэгтэй манай гэрт орж ирээд тогоотой хоол руу гараа дүрэх гэх үед нь хамтран амьдрагч Э түүнийг түлхэх шиг болсон. Ингээд тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад Э гараад явчихсан. А гийн найз нь гэх эмэгтэй миний уруулыг ийм болгочихлоо гэж хэлээд амаа дараад цагдаад дуудлага өгч байсан. Удалгүй цагдаа нар ирээд А-н найзыг нь аваад явсан. Тэр өдрөөс хойш Э дахин манай гэрээр ирээгүй байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 12-р тал/
3. Гэрч П.А гийн “2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр миний найз М манай гэрт ирсэн. Энэ үед би Соёлмаа эгчийн гэрт Э нарын хамт архи уугаад сууж байсан. Найз М орж ирээд хэсэг хугацаанд хамт сууж байгаад байшингаас гараад манай гэрт орсон. Манай гэрт ороод хэсэг сууж байгаад буцаад Соёлмаа эгчийн гэрт орсон. Энэ үед Э тогоотой хоол хутгаж байсан. М тогоотой хоол руу очиж ямар гоё хоол хийсэн юм бэ гэх мэт зүйл ярьж байгаад Э тай маргалдаж, Э нь М ийг түлхэх шиг болсон. М амаа дараад Э намайг цохичихлоо гэж хэлээд амаа надад үзүүлсэн. Энэ үед М ийн уруул нь язарчихсан цус гарч байсан. М гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирэхээс өмнө Э нь гараад явчихсан. Түүнээс хойш дахиж ирээгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 14-р тал/
4. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 546 дугаартай “Д.М ийн биед дээд урууланд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтэл байна. Дээд урууланд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 17-18-р тал/
5. Яллагдагч О.Э гийн “Би он, сар, өдрийг тодорхой санахгүй байна өнгөрсөн 06 дугаар сард хамтран амьдрагч Соёлмаагийн гэрт байх үед Д М нь найз А-тай уулзахаар ирээд, тэд нар архи уусан. Энэ үед би Д М тэй маргалдаж түүний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Би хоол хийж байтал М нь миний хажууд ирээд хоол руу гараа дүрэх гээд байхаар нь би уурлаад гараараа нэг удаа нүүр лүү нь цохисон. Тухайн үед би өөрөө архи уусан согтуу байсан. Тухайн үед М цагдаа дуудна гэхээр нь би гараад явчихсан. Маргааш нь би Булган аймгийн Хутаг-Өндөр сум руу ажил хийхээр явсан. Тэрнээс хойш дахиж Орхон аймагт ирээгүй байж байгаад хэд хоногийн өмнө Орхон аймагт ирсэн. Би ирээд Д.М тэй уулзаж уучлалт гуйсан, түүнд учирсан хохирлыг барагдуулах болно. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би хохирогч Д.М ээс уучлалт гуйж түүний эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан зардалыг барагдуулж байгаа. Би эхний ээлжинд хохирогчид 150,000 өгсөн. Үлдсэн хохиролыг барагдуулах болно. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хэргээ түргэн хугацаанд шийдвэрлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 33, 35-р тал/
6. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэргийн 56-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Э нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Рашаант багийн **-** тоотод Д.М тэй үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд урууланд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.М ийн “С эгчийн хамтран амьдрагч эрэгтэй яахаараа би чамайг хооллодог юм бэ гичий минь гэж хэлээд над руу дайрч миний ам хэсэг рүү гараараа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч П.С-н “...А гийн найз нь гэх эмэгтэй манай гэрт орж ирээд тогоотой хоол руу гараа дүрэх гэх үед нь хамтран амьдрагч Э түүнийг түлхэх шиг болсон. Ингээд тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад Э гараад явчихсан” гэх мэдүүлэг, гэрч П.А гийн “Э тай маргалдаж, Э нь М ийг түлхэх шиг болсон. М амаа дараад Э намайг цохичихлоо гэж хэлээд амаа надад үзүүлсэн. Энэ үед М ийн уруул нь язарчихсан цус гарч байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 546 дугаартай дүгнэлт, яллагдагч О.Э гийн “би Д М тэй маргалдаж түүний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.Э нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн **-** тоотод Д.М тэй маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд урууланд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна
Шүүгдэгч О.Э нь санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд халдан эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Э г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас Д.М ийн биед урууланд шарх бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах тухай прокурорын санал үндэслэлтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овгийн О-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь шүүхээс оногдуулсан 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС