Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2020/01378

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Э.Х-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Ш.У-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Э.Х, хариуцагч Ш.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Ш.Утай 2014 онд танилцаж, хамтран амьдарсан, бидний дундаас хүү У.Б 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, хүүгээ эцгээр нь овоглож төрсний гэрчилгээ авсан.Бид зан харилцааны таарамжгүй байдлаас болж 2019 оны 8 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Хүү У.Б надтай хамт амьдардаг, эцэг Ш.Угаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ш.У шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Э.Хтай 2014 оноос 2019 он хүртэл хамт амьдарсан, бидний хүү У.Б 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төрсөн.Хүүгээ эхийнх асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Х хариуцагч Ш.Угаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Э.Х, Ш.У нар нь 2014 оноос хамтран амьдарсан, тэдний дундаас 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Бадрал төрсөн болох нь хүүхдийн төрсний 1107001451 дугаар гэрчилгээ болон талуудын тайлбараар нотлогдож байна.

У.Б нь эх Э.Хгийнхаа асрамжид амьдарч байгаа, энэ талаар зохигчид маргахгүй байх тул У.Б-д эцгээс нь хуульд заасан хэмжээний тэтгэлгийг гаргуулан түүнийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж заасан байна.

Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул Ш.Угийн хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй байгааг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төрсөн У.Б-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байвал 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр эцэг Ш.Угаас нь тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Э.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ш.Угаас 70 200 төгрөгийг гаргуулан Э.Хд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН