| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/00400/И |
| Дугаар | 102/ШШ2020/01093 |
| Огноо | 2020-04-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2020/01093
| 2020 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2020/01093 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3-р хорооны Б овогт Л.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хорооны С овогт Д.Б-д холбогдох нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.С Д.Д нар нь улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн байрыг хамтран өмчилдөг. Гэтэл Б ХХК-ний захирал У.Б гэдэг хүн байраа нэг сарын хугацаанд барьцаанд тавиад өгөөч, нөхөртөө битгий хэлээрэй, таньд 4 сая төгрөг өгье гэсэн байдаг. Б нь 2014 оны 10-р сарын 3-ны өдөр өөрийн таньдаг нотариатч Д.Б дээр дагуулж очоод байрыг барьцаанд тавих итгэмжлэл баталж өгсөн. Л.С нотариат дээр очоогүй, зөвшөөрөөгүй, ямар ч баримтад гарын үсэг зураагүй. Итгэмжлэлийн дагуу Б нь байрыг Х банкны барьцаанд тавьсан, одоо барьцаанд хураагдах болоод байна. Сонгинохайрхан
дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х банк нэхэмжлэл гаргаж, барьцаа хөрөнгөөр үргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан. Л.С нь 2019 оны 1-р сард Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст У.Б, Д.Б нарыг шалгуулахаар өргөдөл гаргасан, хэргийг шалгаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдэг үндэслэлээр хэргийг хаасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11-р сарын 18-ны өдрийн дүгнэлтээр энэхүү гарын үсэг нь Л.С-ийн гарын үсэг биш гэж гарсан. Иймд Л.С-гийн зөвшөөрөлгүйгээр, хууль зөрчиж баталсан нотариатч Д.Б 2014 оны 10-р сарын 03-ны өдрийн итгэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б шүүхэд болон шүүх
хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 10-р сарын 03-ны өдөр Л.С, Д.Д нар нь өөрсдийн өмчлөлийн 36 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг иргэн Б-д 1 жилийн хугацаанд барьцаанд тавих итгэмжлэл олгосон. Итгэмжлэл олгохдоо Д, эрэн, Б нар нь өөрсдийн биеэр ирж бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээнийхээ эх хувийг авчирч, бүртгэлийн 642 дугаарт гарын үсгээ зурсан. Нотариатын тухай хуулинд зааснаар иргэн ямар нэгэн үйлдэл хийхдээ өөрийгөө тодорхойлсон бичиг баримттай ирдэг. Эдгээр хүмүүсийг нотариатч танихгүй, Л.С, Д.Д нар нь зөвшөөрсөн учраас итгэмжлэлийг хийсэн. Нэхэмжлэгч гарын үсэг зураагүй гэж маргаж байна. Дэвтэрт зурсан гарын үсэг, итгэмжлэл дээрхи гарын үсгийг шинжилсэн юмуу. Эрүүгийн хэргийн нотлох баримт иргэний хэргийн суурь үндэс болохгүй гэж үзэж байна. У.Б, Д.Б нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол ирээгүй, зөвхөн хохирогчоор татсан тогтоол ирсэн. Мөн прокуророос удаа дараа хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Д.Б нь Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гэрчийн мэдүүлэг өгсөн, яллагдагчаар татагдаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.С нь Д.Б-д холбогдох нотариатын үйлдэл хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Баянгол дүүргийн тойргийн нотариатч Д.Б нь 2014 оны 10-р сарын 03-ны өдөр Л.С, Д.Д нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203017887 дугаарт бүртгэгдсэн С дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, 2А байрны 52 тоот 36 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг иргэн У.Б-д зээлийн барьцаанд тавих, зээлийн болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, барьцаалбарт төлөөлөх, үүргийн гүйцэтгэл хангуулах эрхийг олгосон итгэмжлэлийг /хх 30/ гэрчилжээ. Итгэмжлэл гэрчилсэн талаар хариуцагч маргаагүй байна.
Харин төлөөлүүлэгч Л.С нь итгэмжлэл гэрчлүүлэхээр нотариат дээр очоогүй, ямар ч баримтад гарын үсэг зураагүй гэж маргасан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг маргаж байгаа үндэслэлээ ...төлөөлөгч, төлөөлүүлэгч өөрсдийн биеэр ирж итгэмжлэл гэрчлүүлсэн гэж тайлбарлажээ.
Сууцны хамтран өмчлөгч Д.Д 2019 оны 1-р сарын 24-ний өдөр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст бусдад залилуулсан тухай гомдол гаргаснаар 190500615 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж дүгнэлт /хх 5-8, 49-53/ гаргуулжээ.
Шинжээчийн 2019 оны 11-р сарын 18-ны өдрийн 5267 дугаар дүгнэлтээр 2014 оны 10-р сарын 03-ны өдрийн Итгэмжлэл гэсэн баримтад зурагдсан шинжилж буй гарын үсэг харьцуулах загварт ирүүлсэн Л.С-ийн гэх гарын үсгийн загваруудтай, С гэсэн бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй болох нь /хх 9-14/ тогтоогдсон байна.
Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2019 оны 11-р сарын 22-ны өдрийн 3301 тоот тогтоолоор У.Б, Д.Д, Д.Б нарын үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн
хэргийг хаасан, тогтоол хүчин төгөлдөр /хх 15/ байна.
Хэрэг бүртгэлтийн хэрэг хааснаар Л.С нь дээрх итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгохыг шаардсан байх ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтийг үндэслэлээ болгосон байна.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8-р зүйлд зааснаар шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлсэн, шинжээчид энэ хуулийн 13, 14-р зүйлд заасан эрх үүргийг тайлбарласан, шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан тохиолдолд Эрүүгийн хуулийн 21.4-р зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг сануулж дүгнэлт гаргажээ.
Хэдийгээр шинжээчийн дүгнэлт хэрэг бүртгэлтийн ажиллагааны шатанд гарсан боловч дүгнэлтийг хариуцагч няцаагаагүй, шинжээч томилуулах, дүгнэлт гаргуулах хүсэлтийг талууд гаргаагүй, шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 41-р зүйлд зааснаар Итгэмжлэл гэрчлэхдээ төлөөлүүлэгч Л.С-г оролцуулаагүй, итгэмжлэлд гарын үсэг зуруулаагүй нь энэ хуулийн 21-р зүйлийн 21.1.1.нотариатын үйлдэл хийлгэж байгаа үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох, 21.2.1.үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлан зөвлөгөө өгөх эрх үүргээ хэрэгжүүлээгүй, 31-р зүйлийн 31.1.4.үйлчлүүлэгч нь ....эсхүл төлөөлөх эрхгүй байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзах хуулийн шаардлагыг зөрчсөн, Нотариатын үйлдэл хийх зааврын 2.3.Үйлчлүүлэгч төлөөлөгчөөрөө дамжуулан нотариатын үйлдэл хийлгэхийг хуулиар зөвшөөрсөн болон Нотариатын тухай хуулийн 5-р зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд үйлчлүүлэгч нь нотариатын байранд өөрийн биеэр ирж үйлчлүүлэх заалтыг тус тус зөрчсөн, энэ нь итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэл болно.
Түүнчлэн Иргэний хуулийн 64-р зүйлийн 64.2.1 дэх хэсэгт зааснаар бичгээр олгосон итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх шаардлагыг хангаагүй нь 64.3-т зааснаар итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нотариатын тухай хуулийн 31-р зүйлийн 31.3 дахь хэсэг, 41-р зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн тойргийн нотариатч Д.Б-ын 2014 оны 10-р сарын 3-ны өдөр гэрчилсэн төлөөлүүлэгч Л.С, Д.Д нараас төлөөлөгч У.Б-д олгосон Итгэмжлэл-ийг хүчингүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА