Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 327

 

 

 

 

 

 

2020               3             19                                       2020/ДШМ/327

 

Д.Эт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бүжинлхам,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Б.Чинбат,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Эийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 1909032110294 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн Дийн Э, 1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” шивээсний газарт шивээсчин ажилтай, ам бүл 2, эцгийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:... /;

 

Д.Э нь 2019 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аса” циркийн зүүн талд ...УНМ улсын дугаартай цагаан өнгийн “Хонда Инсайт” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай 0,5 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овогт Дийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа үзүүр хэсэг нь харлаж шатсан, бор өнгийн цаастай, ороосон тамхины иш мэт зүйл, ногоон өнгийн төмөр хийц бүхий соруул, төмөр хайрцагны ёроолд байсан өвс, ургамлын үртэс, тээврийн хэрэгслийн урд хайрцагнаас хураан авсан 0,5 грамм Каннабис өвс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, AU3558090 дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Монгол банкинд шилжүүлж устгуулахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Э гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай дүүгийн найз Тамир над руу хэдэн өдрийн өмнөөс байнга уулзъя гээд залгаад байхаар нь би 2019 оны 8 дугаар сарын 19-ны өдөр ажлаа дуусгаад Циркийн хажууд Тамирын гэрийн гадаа очиж уулзсан. Гэтэл Тамир хүнтэй уулзах гэсэн юм гээд бид хоёр их дэлгүүрийн зүүн талын “Round pizza”-н гадаа очиход Тамир буугаад хүнтэй уулзах гээд явсан. Удалгүй буцаж ирэхэд нь Тамирыг хүргэж өгөх гээд гэр рүү нь явсан. Гэтэл Тамир халааснаасаа өвс гаргаж ирээд урд хайрцгийн тагийг онгойлгож байгаад өвсөө татахад бэлэн болгож ороож байсан. Би Тамирын өвс татдагийг мэддэг байсан болохоор хориглоогүй. Харин машинд битгий хог хаяарай гэсэн. Тамир надад ороосон өвснөөсөө өгөөд “Сорох уу” гэхээр нь сонирхоод 2, 3 удаа сорсон чинь хоолой хорсоод, ханиалгаад байхаар нь жолоо барьж явсан болохоор шалавчин дээрээ хаяаад гишгээд унтраачихсан. Тэгээд явж байтал циркийн хажууд замын цагдаа зогсоогоод үлээлгэж байхдаа машинаас чинь хар тамхи үнэртээд байна гээд өөр цагдаа нар дуудсан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 8 дугаар сарын 20-нд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хэлтэст Н.Батсайхан байцаагч дуудсан. Дүүргийн цагдаагийн хэсэгт очиход Тамир, түүний эцэг, эх бас нэг танихгүй хүний хамт гадаа ирчихсэн хүлээж байсан. Тамирын аав нь тэр танихгүй хүнийг Г.Сүхээ гэдэг өмгөөлөгч чамд тусална гэж танилцуулсан. Тэгээд Тамирын аав болох Н.Пүрэвсүрэн нь өөрийгөө ах нь хүч нийгэмлэгийн цагдаагийн хурандаа хүн тэтгэвэрт гараад удаагүй байна. Тамир Оросод сурдаг гэдгийг чи мэдэж байгаа одоо 9 дүгээр сард явах ёстой юм чинь явуулчихъя. Бүгдээрээ Монголдоо байгаа юм чинь ах нь зүгээр учрыг нь олчихно. Өмгөөлөгчтэй байгаа юм чинь яах ч үгүй. Мэдүүлэг өгөх үгийг чинь зааж өгнө тэрийг нь хэлчих, тэгээд хар тамхи дээр ирэхэд нь ах нь танил хүмүүс зөндөө байгаа торгуулиад л гараад явчихна санаа зоволтгүй. Ах нь энэ хүний (өмгөөлөгчийн) мөнгийг төлнө гэсэн. Тухайн үед надад өмгөөлөгчийн мөнгө байгаагүй бас Тамирын аавыг цагдаагийн хурандаа гэхээр нь итгээд Г.Сүхээ өмгөөлөгчийн “танихгүй хүнээс авсан паб ч юм уу нэг газар байсан гээрэй” гэж хэлсний дагуу байцаалт өгсөн Г.Сүхээ өмгөөлөгч дараа нь ажлынхаа өрөөнд гэрээ хийж байхдаа “хэдийг авах уу, энд 3.500.000 гээд биччих энэ хэдэн мангар өөрсдөө учраа олчихно” гээд итгэл төрүүлж, байцаалтын үеэр хэлэх үгнүүдийг минь бүгдийг нь зааж өгдөг байсан. Тамирын аав нь Г.Сүхээ өмгөөлөгчид өгсөн мөнгө нь энэ бүгдийг нотолно гэж би бодож байна. Би анх удаа санамсар болгоомжгүй байдлаасаа болж ийм хэрэгт холбогдсон ба Тамирын аав гэх Н.Пүрэвсүрэн цагдаад итгэж Г.Сүхээ өмгөөлөгчийн хэлснээр мэдүүлэг өгөөд ийм байдалд орсондоо маш их харамсаж гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Мөн миний эрүүл мэндийн байдал маш хүнд байна. 2015 онд мотоциклтой авто аваарт орж түнхний дунд чөмөгний толгойн хугаралт өвдөгний нүд бяцарсан, мөн баруун гарын эрхий хурууны хугаралт зэрэг маш хүнд гэмтэл авсны улмаас 3 удаагийн бүтэн мэдээ алдуулалттай хагалгаанд орж дунд чөмөгний толгойнд хоёр хадаас, баруун гарын эрхий хуруунд 6 хадаас тавиулсан бөгөөд хагалгааны дараа 3 сар гаран хэвтэрт, 4-5 сарын турш тэргэнцэртэй байж байгаад хөл дээрээ боссон. Одоогийн байдлаар хөдөлгөөн хязгаарлах заалттай байгаа боловч хорих ангийн хүнд, чийгтэй нөхцөлд биеийн байдал минь муудаж эмнэлгийн үйлчилгээ авч хорих ангийн эмнэлэгт хэвтсэн. Аваарт орсны улмаас 2020-оос 2021 онд дахин дунд чөмөгний толгойг солих хагалгаанд орох заалттай. Иймээс миний эрүүл мэндийн байдлыг болон хэргийн нөхцөл байдал, мөн хувийн байдлыг минь харгалзан үзээд надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тамир нь Д.Эийн машинд өвсөө ороож татаж байхад тодорхой хэмжээний өвс машинд үлдсэн байсан. Үүнийг мансууруулах бодис хадгалсан гэж үзээд Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. Учир нь, тухайн үед хэн нь хаяж, хэн нь олж ирсэн гэдгээс үл хамаарч машинд нь байсан нь тогтоогдсон. Д.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөлүүдийг хангаж байгаа тул хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Бүжинлхам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Эийн давж заалдах гомдолд дурдсан зүйл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддоггүй. Өмгөөлөгч Б.Чинбат нь прокурорын шатнаас хэргийн материалтай танилцаад мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхэлж өмгөөлөгчөөр оролцсон. Прокурорын шатанд ч мөн хэргийн зүйлчлэлийн талаар санал, хүсэлтээ хэлж байсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Г.Сүхээ өмгөөлөгчийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа, өмгөөлөгчийн ёс зүйтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй байж болохоор зүйл яригдсан. Тухайн үед үүнийг нотлох баримт байгаагүй учир гэм буруугийн шүүх хуралдаан дээр хэлэлцүүлэхээр болсон. Энэ хооронд олон хоногийн хугацаа өнгөрч байхад өмгөөлөгч Б.Чинбат хуулийн байгууллага, өмгөөлөгчдийн холбоонд хандаж үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж хийсэн ажиллагаа байдаггүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийтгэх тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Өнөөдрийн шүүх хуралдаанд ч мөн өмгөөлөгч энэ талаар үндэслэлтэй тайлбар хэлж чадахгүй, энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон үе шатаа ч буруу хэлээд байна. Үнэхээр өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой ноцтой зөрчил байгаа бол үйлчлүүлэгчийнхээ төлөө холбогдох байгууллагад нь хандаад шинэ нөхцөл байдал яригдах боломжтой. Давж заалдах шатны шүүх хуралдаанд ч мөн ямар ч баримтгүйгээр ганцхан давж заалдах гомдолдоо дурдаж байгаа учир бодитой болсон үйлдэл гэж үзэхгүй байна. Мөн давж заалдах гомдол нь нэг бол “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөөч” гээд, эсхүл “би бусдын өмнөөс хэлмэгдээд байна” гэсэн салаа утгатай байгааг анхаарч үзнэ үү. Иймд давж заалдах гомдолд дурдагдсан нөхцөл байдлууд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аса” циркийн зүүн талын замд ...УНМ улсын дугаартай цагаан өнгийн “Хонда Инсайт” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай 0,5 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч П.Тамирын “...Бид хоёрыг саатуулаад цагдаа нар ирээд бид хоёроос шээсний шинжилгээ аваад хариу нь гарахад бид хоёроос вит буюу өвс нэртэй мансууруулах бодис илэрсэн. ...Бид хоёр унаж явсан машиндаа нэг вонгоо хийгээд тэрийгээ сорж хэрэглэсэн. ...” гэх /хх 38-39/,

шүүгдэгч Д.Эийн “...Тамир тэр тамхийг асааж чадахгүй урд хэсгээс нь доторх өвсийг гаргаж урд хайрцаг руу асгаж байгаад асааж хэд хэд сорсон. Дараа нь би аваад хоёр сортол гоё санагдахгүй байсан болохоор хөл доороо гишгэж унтраагаад явж байтал Циркийн зүүн талд замын цагдаа зогсоогоод шалгасан. ...” гэх /хх 74-75/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинолын агуулга илэрч байна. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно...” гэх 4683 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 63/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн “П.Тамир УШ98030236” гэж хаягласан шээс, “Д.Э ...” гэж хаягласан шээс тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. “П.Тамир УШ98030236” гэж хаягласан шээс, “Д.Э ...” гэж хаягласан шээс тус бүр тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно. ...” гэх 4680 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 46/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн төмөр хийц бүхий соруул, төмөр хайрцгийн ёроолд байх нунтаг ургамал мэт зүйл, “AU3558090” серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт, ногоон өнгөтэй соруул, улаан судалтай гуурс, ногоон судалтай гуурс 2 ширхэг, гялгар ууттай шүдэнзтэй шүдэнзний хайрцаг, мөнгөлөг цаас 2 ширхэг, “RAISON” гэсэн нэртэй тамхи 3 ширхэг тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн төмөр хийц бүхий соруул, төмөр хайрцгийн ёроолд байх нунтаг ургамал мэт зүйл, “AU3558090” серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт тус бүрээс делта-9 тетрагидроканнабинолын агуулга илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгөтэй соруул, улаан судалтай гуурс, ногоон судалтай гуурс 2 ширхэг, гялгар ууттай шүдэнзтэй шүдэнзний хайрцаг, мөнгөлөг цаас 2 ширхэг, “RAISON” гэсэн нэртэй тамхи 3 ширхэг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрэхгүй байна. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно. 4. 5. Манай лабораторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй болно. ...” гэх 4684 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 56-58/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-17/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 21-26/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Эийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Д.Эт тухайн зүйлд зааснаар хамгийн бага ял буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Хэргийн үйл баримтын талаар гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Д.Эийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байх тул түүний “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.  

“...П.Тамирын аав болох Н.Пүрэвсүрэн нь өмгөөлөгч олж өгсөн. ...Г.Сүхээ өмгөөлөгчийн хэлснээр мэдүүлэг өгсөн нь хэргийн нөхцөл байдалд нөлөөлсөн. Хэргийг П.Тамир үйлдсэн...” гэсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулгыг судлахад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд...” шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй, гомдолд дурдсан бусад этгээд гэмт хэрэгт хамтран оролцсон, өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагааг хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүй эсэх асуудлыг энэ хэргээс тусад нь гомдол гаргаж жич шийдвэрлүүлэх боломжтой гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Эийн гаргасан “...эрүүл мэндийн байдлыг болон хэргийн нөхцөл байдал, мөн хувийн байдлыг минь харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Эийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                     ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ