| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2017/0105/03 |
| Дугаар | 128/ШШ2017/0314 |
| Огноо | 2017-04-26 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2017/0314
| 2017 оны 04 сарын 26 өдөр | Дугаар 128/ШШ2017/0314 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э ХХК,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн № ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгох тухай
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гэрч Г.Т, Г.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ХV******* дугаартай Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын ******* ******* гэдэг газар 235.32 мкв талбайг хамарсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшсэн. Компанийн зүгээс тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг хуульд заасны дагуу 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төлөх байсан болов ч тухайн үед компанийн удирдлагууд томилолтоор ажиллаж, компанийн ажилчид нийтээрээ амралттай байсантай холбогдуулан тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй.
Компанийн удирдлагууд 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод ирсэн бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтэнтэй очиж уулзаад Тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөхөд болно гэж хэлсний дагуу
тусгай зөвшөөрлийн төлбөрөө алдангийн хамт төлсөн.
Хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тул материалыг хүлээн авахгүй гэсэн хариу өгсөн. Тэгээд төрийн захиргааны байгууллагад хүндэтгэн үзэх шалтгааныг тайлбарлаж албан бичгээр удаа дараа хандсан боловч хүсэлтийг хангаагүй. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* тоот тусгай зөвшөөрөл цуцалсан тухай мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсан. Харин цуцлах тухай мэдэгдлийг 2016 оны 09 дүгээр сарын 10-ны хавьцаа шууданд хийгээд, 11-ний хавьцаа ирсэн гэж компанийн зүгээс үздэг. Тус мэдэгдлийг хүлээж аваад 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус мэдэгдлийг хүчингүй болгохыг хүссэн боловч хүсэлтийг хангах боломжгүй гэдгийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр мэдэгдсэн байгаа. Хуулийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Захиргааны хэрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7/2224 дугаартай тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдэлд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийг үндэслэн тусгай зөвшөөрөл цуцалж байна гэж дурдсан байсан. Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хуулийн эцсийн хугацаа 3 хоногоор хэтрүүлсний дараа үүнийг хүндэтгэн үзэх шалтгаантай, зөрчлийн хувьд ялимгүй байж болох нөхцөл байдал байгааг харгалзан үзэхийг хүсэж захиргааны байгууллагад хандсан. Гэтэл захиргааны байгууллага нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохиролтой шийдвэр гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад Хууль ёсны итгэлийг хамгаалах тухай үндсэн зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байгаа юм.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийн Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын ******* ******* гэдэг газрын 235 га талбайд Э ХХК-иас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасныг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээж авч хянаад 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгосон байгаа. Тусгай зөвшөөрөл олгосон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу эхний жилийн төлбөрөө төлөөд, 2 дахь жилээс эхлэн дараа жилийн төлбөрөө урьдчилаад төлөөд явах үүрэгтэй байгаа. Э ХХК нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрөө 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төлсөн байдаг. 2 дахь жилийн төлбөрийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй байсан. Гэтэл энэ хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь заалтад Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна гэж заасан байдаг ба тус хуулийн 37.7 дахь заалтад Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан байдаг.
Тэгэхээр Э ХХК-ийн хувьд төлбөр төлөх хугацаа 07 дугаар сарын 27-ны өдрөөр дуусгавар болж байгаа. Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон нэг боломж нь хэдийгээр энэ хугацаанд төлбөрөө төлж чадаагүй ч гэсэн ямар нэгэн байдлаар хүндэтгэн үзэх шалтгаантай бол 30 хоногийн хугацаанд, алдангийн хамт төлөх боломжийг олгож өгсөн байдаг ба энэ хугацаа 08 дугаар сарын 27-ны өдөр дуусаж байгаа. Гэвч энэ хугацаанд төлбөрийг төлөөгүй байдаг. 09 дүгээр сарын 02-ны өдөр Кадастрын хэлтэст албан хүсэлт ирүүлсэн байдаг.
3 хоног хэтэрсэн гэдэг нь ялимгүй зөрчил биш бөгөөд 3 хоног биш 33 хоног хэтрүүлсэн байдаг. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад хандаж 2 удаа хүсэлт ирүүлсэн байдаг. Тус хүсэлтийг хүлээн авч судалж үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаад байгаа шиг тусгай зөвшөөрлийн төлбөр төлөхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж харах ямар ч үндэслэл тогтоогдохгүй байгаа. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ хэд хэдэн төлбөрийн баримт хавсаргаж өгсөн байдаг. Энэ нь нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн төлбөр төлөхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан биш юм.
Хүндэтгэн үзэх шалтгааныг Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд заасан байдаг. Уг тогтоолын 28 дугаар зүйлд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар боломжгүй байсан байдлыг ойлгоно. Мөн Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан Дээд шүүхийн 2001 оны 15 дугаар тогтоолд хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөр тухайн газарт эвдрэл гарсан гэх мэт тухайн компаниас хамааралгүй нөхцөл байдал бий болсныг ойлгоно гэж заасан байдаг.
Өнөөдрийн нэхэмжлэгч талын дурдаад байгаа хүндэтгэн үзэх шалтгааны талаар Ашигт малтмалын газарт хандаж гаргасан бичигт хариу өгсөн байдаг. Тэгэхээр төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлж бүх ажиллагаагаа гүйцэтгэсэн ба холбогдох баримтууд хэрэгт авагдсан байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №******* дугаар шийдвэр[1]-ээр Э ХХК-ийн № ******* дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.6-д энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, 34.7-д энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийг маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу төлбөр төлөхийг сануулсан мэдэгдлийг хуульд заасан хугацааны дотор гаргаж мэдэгдээгүй, мөн компанийн удирдлага хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх хугацааг ялимгүй буюу 3 хоног хэтрүүлж төлсөн гэж тодорхойлжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэжээ.
Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 6-д хуулийн,,,,,,,, 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, 62 дугаар зүйлийн 62.6-д заасан мэдэгдэнэ гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэж тайлбарлажээ.
Мэдэгдлийг хариуцагч нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон өдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 7/259 тоот албан бичиг[2]-ээр хүргүүлсэн болох нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбар[3]-аар нотлогдож байна.
Иймд хариуцагчийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан мэдэгдлийг хуульд заасан хугацааны дотор гаргаагүй, хүргүүлээгүй гэж буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн компанийн гүйцэтгэх удирдлага хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байсан болох нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа боловч энэ нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохооргүй байна.
Учир нь нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд зааснаар 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй бөгөөд хөдөө орон нутагт томилолтоор ажиллахаасаа өмнө төлбөрийг төлөх боломжтой байжээ.
Нөгөөтэйгүүр хуулиар тусгай зөвшөөрлийн төлбөрийг биечлэн тушаахыг шаардаагүй байх бөгөөд нэхэмжлэгч нь орон нутагт ажиллаж байх хугацаандаа төлөөлөгчөөр дамжуулан эсхүл мобайл, интернэт банк ашиглан төлбөрийг төлөх боломжтой байжээ.
Мөн Монгол орны Сум, суурин газар бүр өндөр хурдны интернэтэд холбогдсон бөгөөд тус бүрд банкны салбар үйл ажиллагаа явуулж байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан Э ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс холбогдох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн № ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ