| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0579/З |
| Дугаар | 221/МА2026/0102 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2026/0102
“МД” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч З.Ганзориг
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: “МД” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.А,
Нэхэмжлэгч: “МД” ХХК
Хариуцагч: Сангийн яамны ХААУБ Д.Г
Гуравдагч этгээд: ШЕЗ
Нэхэмжлэлийн шаардлага: “ХААУБ Д.Г-ын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар дүгнэлтийн 4.1, 4.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 891 дүгээр шийдвэр;
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ч
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Э нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2025/0579/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “МД” ХХК нь Сангийн яамны ХААУБ Д.Г-д холбогдуулан “ХААУБ Д.Г-ын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар дүгнэлтийн 4.1, 4.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 891 дүгээр шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.5.3, 56.6.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Нэхэмжлэгч “МД” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.А давж заалдах гомдолдоо:
3.1. “МД” ХХК нь 2024 оны 10 дугаар сард ШЕЗ-өөс зарласан Ш-ийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалтад оролцож, шалгаран ШЕЗ-ийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1992 тоот гэрээ байгуулах тухай албан бичиг ирүүлснээр гэрээг байгуулсан болно.
3.2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар төрийн (төсвийн) худалдан авах ажиллагааны оролцогч байж болохгүй тухай зөвлөмжийн хүрээнд нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын 27-нд албан ёсоор гэрээнээс татгалзах хүсэлтээ нэн даруй илгээж, өөрийн зүгээс хамаарах бүхий л арга хэмжээгээ авч зохих ёсоор мэдэгдэл албан бичгүүдийг явуулсан. Хэдийгээр дээрх хуулийг мэдээгүй нь манай шийдвэр гаргах түвшний алдаа гэлээ ч үүнийг хүлээн авсан тал огт буруугүй гэж дүгнэн цаашлаад хар жагсаалтад оруулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Манай компанийн үүсгэн байгуулагч ард түмний төлөөлөгч болон УИХ-д сонгогдсоноос хойш 3 сарын дараа, анх удаа төрийн тендерт оролцсон тул бид энэ талаар мэдээлэл мэдлэггүй байсан болно.
3.3. Тендерийн комисс болох үнэлгээний хороо нь сонгон шалгаруулалт явуулахдаа, мөн гэрээний санал илгээхдээ, гэрээг байгуулахдаа гээд 3 удаа тендер нь хуульд нийцсэн эсэхийг нягталсан байх ёстой бөгөөд хуульд заасан шаардлага шалгуур хангасан, сонирхлын зөрчлийн хоригт ороогүй эсэхийг нягтлах нь тендерийн комисс буюу үнэлгээний хорооны үүрэг билээ. Сонгон шалгаруулалтын комисс хуулийн 7-р зүйлд зааснаар оролцогчийн ерөнхий шаардлагыг магадлах бөгөөд аль нэг нөхцөл үүссэн бол ерөнхий шаардлагыг хангаагүй гэж үзэхээр заасны нэг нь дээрх хориг байна. Хуулийн байгууллага, хууль хэрэгжүүлэгч төв байгууллага нь хянах үүргээ биелүүлээгүй асуудалд хэн хариуцлага тооцох ёстой вэ гэдэг нь эргэлзээтэй хэвээр үлдлээ.
3.4. Хяналт шалгалт хийсэн улсын байцаагч Д.Г нь 13 дугаартай дүгнэлтийг гаргасан ба манай компанийг хуурамч баримт бичиг ирүүлсэн гэж үзэн, дүгнэлтийн 4.2 дахь хэсэгтээ Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг үндэслэн “МД” ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх саналыг гаргаж, Сангийн яаманд хүргүүлсэн нь үндэслэлгүй байна. Нийтэд илэрхий зүйлийн талаар хуурамч баримт бичиг ирүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл гэрээний талууд аль аль нь алдаа гаргасан, үүнийгээ засаж залруулах, эсвэл хугацаанаас нь өмнө цуцлах (эрхийн хүрээнд), аль нэг тал гэм хорыг хариуцах зэрэг хэлбэрээр гэрээний харилцаагаа зохицуулахаар байхад зөрчлийн арга хэмжээг авч хар жагсаалтад бүртгэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн гэрээний талууд үйл баримтын талаар маргаагүй, харин гэрээг цуцалж болох эсэх талаар саналууд солилцож байсан бөгөөд нэхэмжлэгч ямар нэгэн байдлаар гэрээний үүргээ зөрчөөгүй, улсын байцаагчийн шалгалтын хугацаанд талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдаагүй байсан ба анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа талууд гэрээг дүгнэж цуцалсан. Түүнчлэн нэхэмжлэгч тал даатгуулагчийн болон нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалах үүднээс дараагийн тендер зарлагдаж, бусад хуулийн этгээдтэй даатгалын гэрээг байгуулах хүртэл эрсдэлийг хамгаалж, үүргээ биелүүлж байсныг дурдах нь зүйтэй байна.
3.5. Даатгуулагч буюу гуравдагч этгээд 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 03/07 дугаар албан бичгээр гэрээний талаар чиглэл, зөвлөмж хүсэж Сангийн яаманд хандсан байдаг бөгөөд хариуцагчийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.3-т “Гэрээний үүргийн гүйцэтгэлд гарсан алдааг залруулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэх” гэж заасны дагуу аливаа гэрээтэй холбоотой асуудалд чиглэл, зөвлөмж өгөөгүйн улмаас нэхэмжлэгч мөн хуулийн 56.7-т “Энэ хуулийн 56.6.2, 56.6.3-т заасан дүгнэлт, зөвлөмжийг холбогдох эрх бүхий албан тушаалтан, байгууллагад хүргүүлснээс хойш ажлын 15 өдрийн дотор дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар улсын байцаагчид хариу мэдэгдэнэ” гэж заасны дагуу хариу мэдэгдэх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулагдаад даатгуулагчаас чиглэл, зөвлөмж хүссэн хүсэлтэд аливаа хариуг хариуцагч өгөөгүй, гэрээнээс татгалзах болон цуцлагдах хугацаа хүртэл ямар мэргэжлийн арга зүйн чиглэл, зөвлөмж, ажиллагаа явуулсан нь тодорхойгүйгээр шууд дүгнэлт гаргаж, нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах болсон шалтгааныг зөрчил гэж үзэж, өөр ажиллагааг явуулах, дутуу хийх зэргээр гэрээний талуудын эрхэд халдсан гэж үзэж байна.
3.6. Түүнчлэн гэрээг цуцалж болох эсэх санал солилцож байсан, талууд гэрээг цуцлах шийдвэр гаргасан нь гэрээний харилцааг үргэлжлүүлэхээс татгалзсан үр дагаврыг үүсгэхээс биш тендерт оролцох эрхээ хязгаарлуулах үр дагавар үүссэн эсэхийг, ямар шалтгааны улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, цаашид биелүүлэх боломжгүй болсон нөхцөлийг тогтоогоогүй атлаа гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болж гэрээг цуцлах санал гаргасны төлөө ямар үндэслэлээр хар жагсаалтад бүртгэсэн, цаашид тендерт оролцох эрхийг хязгаарлаж байгаа зэрэг нь үндэслэлгүй байна.
3.7. Өөрөөр хэлбэл, төрийн худалдан авах ажиллагааны хүрээнд байгуулагдсан гэрээ цуцлагдсан тохиолдол бүрд гүйцэтгэгч этгээдийн тендерт оролцох эрхийг хязгаарлана гэж үзэхгүй бөгөөд ХААУБ-д нөхцөл байдлыг тогтоох бүрэн эрхийг олгосон нь тендерт оролцох эрхийг хязгаарлах хариуцлага хүлээлгэхийн өмнө тухайн зөрчлийн шалтгаан нөхцөлийг шалгаж, зөвхөн буруутай тохиолдолд арга хэмжээ авахыг үүрэг болгосон байтал эдгээр үйл баримтыг тогтоогоогүй атлаа тендерт оролцох эрхээ хязгаарлуулах хуулийн этгээд гэж тогтоогоод байгаа нь үндэслэлгүй байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна гэж улсын байцаагчийн дүгнэлтийн 3.2-д тодорхойлсон хэр нь тэрхүү хуулийг зөрчсөн гэж үзэж Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.6-д зааснаар тендер шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарласан нь хууль хэрэглээний зөрчилтэй байдлыг бий болгож байгаа ба энэ талаар анхан шатны шүүх дээрх мэтгэлцээнийг шүүх хэрхэн үнэлж дүгнэсэн талаараа шийдвэртээ огт тусгаагүй мөн ойлгомжгүй байна.
3.8. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 4 дэх хэсэгт тэмдэглэсэн үүсгэн байгуулагчийн хувь эзэмшил болон тогтоолыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоосон гэх боловч эрх хязгаарлах сөрөг үйлчлэлтэй акт гаргаж буй улсын байцаагчийн хяналт шалгалтын явцад дээрх үйл баримтыг огт тогтоож шалгаагүй, магадлаагүй болно.
3.9. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.1 дэх заалтыг баримт бичгийг өөрчилсөн, худал мэдүүлсэн, мэргэжлийн алдаа гаргасан зэрэг ноцтой зөрчил оногдуулдаг шийтгэлийн нэг төрөл. Бидний хувьд гэрээ байгуулагдмагц хянуулсны дүнд зөрчилдөөн үүсэж болзошгүй нөхцөл байдал болохыг дүгнэн нэн даруй гэрээнийхээ нөгөө талд хандсан асуудлыг шийдвэрлэх бүхий л алхмыг хийсэн. Улсын байцаагч нь мэргэшсэн хуульчдад зөвлөмж хүргүүлэх, хариуцлагын асуудлыг огт дурдаагүй хэр нь хуультай зөрчилдөх нөхцөл үүсэж болзошгүй гэж санаачилга гаргасан талыг “эрхээ хязгаарлуулсан этгээдийн” хар жагсаалтад оруулахаар дүгнэлт гаргаж буй хууль тогтоомж хийгээд шударга ёсонд нийцэхгүй байна. Энэхүү жагсаалт нь 3 жилийн хугацаатай гэх боловч үйл ажиллагааны бүхий л явцад дурдагдах эрх зүйн байдлыг ноцтой дордуулсан шийтгэл юм.
3.10. Шүүхээс нотлох баримт цуглуулсан эсэх талаар болон сонсох ажиллагааны талаарх нэхэмжлэгчийн үндэслэлд огт дүгнэлт өгөөгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар захиргааны акт гаргахад сонсох болон мэдэгдэх ажиллагааг зохицуулаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасны дагуу тус хууль хэрэглэгдэхээр байна.
3.11. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан. Гэтэл ХААУБ-аас нөхцөл байдлыг тогтоож, үндэслэл бүхий шийдвэр гаргах ажиллагааг хийгээгүй, эрх нь хөндөгдөж болзошгүй компанийг оролцуулан тайлбар, санал гаргах боломжийг олгох үүргээ хэрэгжүүлээгүй, гэрээний харилцаа үргэлжилж буй эсэх талаар ч нөхцөлийг тогтоохгүйгээр ... компани буруутай мэдүүлгээс шалтгаалан гэрээнээс татгалзах санал гаргасан, үүнийг өөрсдөө мэдүүлсэн тул ... Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн эсэх талаар шалгах шаардлагагүй... гэж үзсэн нь мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.
3.12. Анхан шатны шүүх улсын байцаагчийн дүгнэлтийг нотлох гэж өөрсдөө баримт цуглуулж хэргийг шийдвэрлэж буй нь үндэслэлгүй байна. Улсын байцаагч дүгнэлтээ үнэн зөв үндэслэл бүхий гаргасан уу хийвэл зохих ажиллагааг хийсэн үү, баримт нотолгоог цуглуулсан уу, сонсох ажиллагааг хуульд заасны дагуу хийсэн үү, шийтгэл ногдуулж буй хуулийн этгээд өөрсдөө эхэлж мэдэгдэж асуудлыг тавьсан зэргийг харгалзсан уу гэх зэрэг хуульд нийцсэн шударга ёсыг хангасан эсэхэд талуудын мэтгэлцсэн асуудал огт дүгнэлт өгөлгүйгээр өөрсдийн цуглуулсан баримтаар дүгнэлтийг зөвтгөснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянав.
Маргаан бүхий үйл баримтын талаар:
4.1-т “МД” ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.5.1, 56.5.3 дахь заалтад заасан нөхцөл үүссэн гэж үзэх үндэслэлтэй
4.2-т Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.1 дэх заалтыг үндэслэн “МД” ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх саналыг санхүү,төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг мэдэгдэж байна” гэснийг нэхэмжлэгч хуулийн этгээд эс зөвшөөрч маргажээ.
Хууль хэрэглээний талаар:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ/2025/0891 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.1, 4.2.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5, 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.5.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “МД” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны ХААУБ-ийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар дүгнэлтийн 4.1, 4.2 дахь хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА