Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2020/01196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18-р хороо, З овогт Д.Б-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянзүрх дүүргийн 4-р хороо,Х овогт О.Б,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Б овогт Н.Бнарт холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагч О.Б, Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.С //, С.Я /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь О.Б, А.М нартай нь 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 18-р хороо,  3 өрөө сууцыг 166 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Хоорондоо төлбөр барагдуулах хэлцэл хийж, нотариатаар гэрчлүүлсэн. Орон сууцны үнээс 40 000 000 төгрөгийг н.М-ийн данс руу 2017 оны 10-р сарын 6-нд, 53-13 дугаартай автомашиныг 20 000 000 төгрөгөөр, Н машиныг 9 500 000 төгрөгөөр тус тус тооцож урьдчилгаа 71 500 000 төгрөгийг төлсөн. Үлдэх 28 500 000 төгрөгөөс 2017 оны 10-р сарын 28-ны өдөр дансаар 20 000 000 төгрөг, бэлнээр 8 500 000 төгрөгийг шилжүүлж нийт 100 000 000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Маргаан бүхий орон сууцыг Ш ХХК барьж ашиглалтад оруулсан, А.М О.Б нар нь бартераар 3 өрөө сууц авахаар тохиролцоотой, компани 2017 оны 11-р сарын 03-ны өдөр Д.Б-од баталгаа гаргаж ...энэ байрыг А.М-т барилгын материалаар худалдахаар тохирсон, урьдчилгаанд 300 тн цементийн худалдан авалт хийсэн, барилгын талбайд барилгын материал буусны дараа Д.Б-т өмчлөх эрхийн гэрчилгээ гарна гэсэн. Гэтэл Ш ХХК нь н.Б, О.Б нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулснаар Д.Б нь өмчлөх эрхийн гэрчилгээ авах боломжгүй болсон. Тухайн маргаан бүхий орон сууцыг О.Б нь банк бус санхүүгийн байгууллагад 65 200 000 төгрөгөөр тавьсан байсан, Д.Б нь 2018 оны 10-р сарын 26-ны өдөр энэ мөнгийг төлсөн, ингээд 166 500 000 төгрөгнөөс 165 200 000 төгрөг төлөгдөж үлдэгдэл 1 300 000 төгрөгийг А.М-т өгсөн. Өөрөөр хэлбэл, орон сууцны үнэ 166 500 000 төгрөг бүрэн төлөгдсөн ч Д.Б өмчлөгч болж чадаагүй. Иймд Д.Б-ыг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь төлбөр тооцоог 100 хувь төлж дууссан. Би Ш компанид барилгын материал нийлүүлж энэ байрыг бартераар авсан. Би байраа зарах хүсэлтэй байна, ордероо авъя гэхэд манайх өөрийн хүн болох Б-г хамтрагчаар оруулна, төлбөр тооцоо дуусахаар нэрийг нь татаж авна гэсэн боловч одоо болтол аваагүй, давхар намайг хохироож байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжиж өмчлөгчөөр тогтоолгоход маргах зүйлгүй гэв.

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Б-ын нэхэмжилж буй Капитал таун хотхоны А блок байрны 2-р орц, 4 давхар, 38 тоот байрыгО.Б /А.М-ийн нөхөр/-тэй хамтран эзэмшигч нь үнэн болно. Уг байрыг хамтран эзэмшигчээр орох болсон шалтгаан нь Шинэ хүч констракшн ХХК-ний захирал М хүсэлт, гуйлтаар орох болсон. Миний бие нь Шинэ хүч констракшн ХХК болон А.М, О.Б- нарын бараа материал нийлүүлэх гэрээний төлбөр тооцоо дууссан тохиолдолд уг байрыг Д.Б-ын нэр дээр шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Б-той гэрээ хийгээгүй, надад мөнгө төлөөгүй. Би байрны хамтран өмчлөгч байхад О.Б нь Д.Б миний зөвшөөрөлгүй зарсан нь хууль бус гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь О.Б, Н.Б нарт холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Д.Б нь О.Б, А.М нартай нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 18-р 3 өрөө сууцыг 166 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар төлсөн нь зохигчийн тайлбар, мөнгө хүлээн авсан тухай 2017 оны 10-р сарын 29-ний өдрийн баримт, 2018 оны 3-р сарын 29-ний өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл, Х банкны мөнгөн шилжүүлгийн 2018 оны 10-р сарын 20-ны өдрийн баримт, Л ББСБ-ын 2018-10-26-ны өдрийн зээлийн барьцааны бүртгэлээс хасуулах тухай албан бичиг, 2017-10-16-ны өдрийн мөнгө хүлээлцсэн баримт, Х банкны депозит дансны хуулга зэрэг баримтуудаар /хх 6, 10, 12-13, 35-39, 70-87/ тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Тухайн сууц нь өмчлөх эрхийн гэрчилгээгүй байсан ба хариуцагч О.Б, түүний эхнэр А.М нар нь тухай сууцыг Ш ХХК-тай арилжааны гэрээний дагуу авсан, гэрээний үүрэг биелэгдсэнээр өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Б-ын нэр дээр гаргуулахаар тохирч байсан нь зохигчийн тайлбар, хариуцагч Н.Б-ийн шүүхэд гаргасан тайлбар, Ш ХХК-ний 2017 оны 11-р сарын 03-ны өдрийн 074/17 тоот албан бичиг, 2020 оны 02-р сарын 04-ний өдрийн 003/20 тоот албан бичгээр тус тус тогтоогджээ /хх 7, 27-28/.

 

Энэ нөхцөл байдлын улмаас Ш ХХК нь өөрийн ажилтан Н.Б-г 38 тоот сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлж, Д.Б-ийн төлбөр тооцоо дууссан тохиолдолд түүнийг хамтран өмчлөгчөөс хасуулах нөхцөлтэйгээр, улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 18-р хороо,  3 өрөө сууцны өмчлөгчөөр О.Б, Н.Б нар бүртгэгдэж, 2018 оны 03-р сарын 22-ны өдөр өмчлөх эрхийн 000631635 тоот гэрчилгээ олгогдсон /хх 11, 32/ байна.

 

Хэдийгээр хариуцагч Н.Б нь сууцны өмчлөгч боловч өмчлөх эрхийг олж авахад О.Б, Д.Б болон Ш ХХК-ний өмнө ямар нэг хэлцлээр эрх эдэлж, үүрэг хүлээгээгүй байсан, харин Д.Б нь сууцны үнийг төлснөөр өмчлөх эрх үүссэн, өмчлөгчөөр бүртгүүлэх эрхтэй гэж дүгнэлээ.

 

Өмчлөгч О.Б, Н.Б нар нь нэхэмжлэгчид өмчлөх эрхээ шилжүүлэх үүрэгтэй бөгөөд гагцхүү Д.Б нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөгч болно. Иймд Д.Б-ыг дээрх сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоох нь зүйтэй.

 

Харин өмчлөх эрхийг шилжүүлэхэд Ш ХХК-ний эрх ашиг хөндөгдөхгүй бөгөөд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байх үүрэгтэй.

 

Хариуцагч нарын өмчлөх эрх нь 2018 оны 03-р сарын 22-ны өдөр гэрчилгээ олгогдсоноор үүссэн байх ба Д.Б, Д.Б нар 2017 оны 10-р сарын 16-нд хэлцэл хийсэн байна. Иймд өмчлөгчийн зөвшөөрөлгүй зарсан, хууль бус гэсэн хариуцагч Н.Б"ийн тайлбар, татгалзал үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Хэргийн 44-56 дахь талд авагдсан сууцны ашиглалтын зардал төлсөн талаарх баримтын талаар талууд маргаагүй, 66-69 дэх талд авагдсан тооцоо нийлсэн баримт нь Б, Ш ХХК-ний хоорондын гэрээтэй холбоотой, хэргийн 31 дэх талд авагдсан 2020 оны 01-р сарын 23-ны өдрийн Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад өмчлөгчид худалдах, худалдан авах гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэрээ бөгөөд энэ шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 101-р зүйлийн 101.1 дэх хэсэг, 109-р зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан З овгийн Д.Б нь Баянгол дүүргийн 18-р хороо, 3 өрөө сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 950 450 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, О.Б, Н.Б  нараас 950 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-т олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА