Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2019/03433

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2019/03433

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймагт оршин суух Б овогт Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Ж овогт  Э.Ц-д холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг тус хянан хэлэлцэв.

 

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Э.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дунгаржид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э.Ц-тай 2015 онд танилцаж, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр охин Ц.М-г төрүүлсэн. Бид өрх тусгаарлаж 1 жил хамт амьдарсан. Э.Ц ажил ихтэй болохоор бид хоёрт хайр халамжаар дутмаг байсан. Би 2019 оны 7-р сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг руу охиноо аваад явсан. Буцаж ирэхэд нөхөр маань ээжтэйгээ хамт байсан, 7 хоноогүй байхад ааш авир нь өөрчлөгдөж, миний хийх үйлдлийг хянадаг болсон. Мөн гэртээ хонодоггүй, утсаа авдаггүй, удалгүй бид хоёрыг хөөх болсон. Би 21 хоног тэвчсэн, гэтэл манай ээж, аав 2-т охиноо ирж ав гэсэн мессэжийг бичсэн байсан. Иймд цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй, эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Э.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 7-р сарын 31-ний өдөр охин Ц.М төрсөн. Надад салах шалтгаан байхгүй, хэрүүл маргаан гараагүй, эхнэртэйгээ эвлэрэх бодолтой байгаа. Миний төрсөн охин мөн учраас хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь Э.Ц-д холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн эцэг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Б.Б, Э.Ц нар нь 2018 оноос гэр бүл болох зорилгоор хамт амьдарч байгаад 2018 оны 7-р сарын 31-ний өдөр охин Ц.М-г төрүүлж өсгөжээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

Харин талууд хамт амьдарсан хугацаанд бие биедээ хүндэтгэлтэй хандаагүй, гэр бүл, үр хүүхэддээ халамжтай байгаагүй зэрэг үл ойлголцлын улмаас хоорондоо таарамжгүй харьцаатай болсон, улмаар 2019 оны 7-р сараас тусдаа амьдарч байгаа, өнгөрсөн хугацаанд охин Ц.М нь эхийн асрамжинд байгаа нь тогтоогдсон байна.

 

Охин М-д захиргааны журмаар эцэг Э.Ц бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон, хүүхдийн эцгийн талаар хариуцагч Э.Ц маргаагүй байх тул шүүхийн журмаар эцэг тогтоох шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Харин хуульд заасан журмаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж эцэг Э.Ц-аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 7-р сарын 31-ний өдөр төрсөн охин Ц.М-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Э.Ц-аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүүхдийн эцэг тогтоолгохыг хүссэн Б.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Э.Ц-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА