| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2023/0125/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/120 |
| Огноо | 2023-10-26 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/120
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч Ж.Э,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Ж-ын Э-ад холбогдох 2328000000180 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
...
Шүүгдэгч Ж.Э нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хур плаза”-ын урд талын автомашины зогсоолын замын хашлага дээр байсан гээгдэл эд хөрөнгө болох Б.Э-рийн хар өнгийн үүргэвч цүнх, цүнхэнд байсан эрэгтэй 38 размерын пүүз 1 ширхэг, эрэгтэй фудволк 1 ширхэг, эрэгтэй шорт 1 ширхэг, “Iphone XS” загварын гар утас, байрны түлхүүр зэрэг эд зүйлийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 801,000 /найман зуун нэг мянга/ төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ж.Э-ыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хэлэх зүйл байхгүй гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Эр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 13 цаг 15 минутын үед хичээлээсээ тараад гэртээ 13 цаг 35 минутын үед ирж, хичээл номоо хийчхээд 18 цаг 40 минутын үед 1 дүгээр сургуулийн тоглоомын талбай руу тоглох гээд гарсан. Тэгээд 20 цагийн үед хамт тоглосон хэдэн хүүхдүүдтэй Хур плазагийн урд талын автомашины зогсоол дээр бөмбөгөөр харилцаж тоглох гээд явсан. Тэнд очоод тоглохдоо би өөрийн хар өнгийн цүнхээ зогсоолын хашлага дээр тавиад тоглосон. Тэгээд 21 цагийн үед нөгөө хүүхдүүдтэйгээ хамт байрны урд сагсан бөмбөгийн талбай руу тоглох гээд явсан. Би явахдаа хар өнгийн цүнхээ авалгүй мартаад явчихсан байсан. Удалгүй 3 минутын дараа цүнхээ авах гээд буцаад ирэхэд миний цүнх байхгүй байсан. Тэр газраас бас цүнхээ хайгаад олдохгүй байхаар нь аав, ээждээ хэлээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай ээж хар өнгийн цүнх, улбар шар өнгийн пүүз, хар шар өнгийн алга фудволк, цэнхэр өнгийн шортыг 1 дүгээр сургуулиас олсон. Бусад гар утас, гэрийн түлхүүрийг олоогүй. Гар утсаа Нарлаг дэлгүүрээс 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 920,000 төгрөгөөр авч байсан. IPhone XS загварын гар утас байсан. Би гар утас болон гэрийн түлхүүрээ 930,000 мянган төгрөгөөр үнэлнэ. Гар утсаа олж авмаар байна.” /хавтаст хэргийн 10-11 дэх тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: “Манай хүү Б.Эр-ийн цүнхтэй эд зүйл алдагдсан. 2-3 хоногийн дараа нь хүүгийн маань цүнх олдож дотор нь байсан ХЅ загварын гар утас нь байхгүй бусад эд зүйл болох улбар шар өнгийн Famous гэх бичиглэлтэй пүүз, хар өнгийн шар алаг фудволк, цэнхэр, шар алаг өнгийн шорт, spurs гэх бичиглэлтэй хар өнгийн цүнх зэрэг нь байсан. Гар утсыг авсан хүнийг цагдаагийн газраас бариад ХЅ загварын гар утсыг хураан авч надад хүлээлгэн өгсөн. Алдагдсан эд зүйлсийг бүгдийн хүлээн авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 13-14 дэх тал/
Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: “2023 оны 09 дүгээр сарын 14-ний орой 21 цагийн үед Э гээд манай нэг ангид хамт сурч байсан найз ирээд надад хүн гар утас өгсөн юм чи 15.000 төгрөгөөр авах уу гээд надад хар өнгийн гар утас зарсан, би мөнгийг нь өгөөгүй байгаа. Тэрнээс хойш гар утсыг нь тоолгүй байж байтал намайг цагдаагаас дуудсан. Надад өөр хэлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 18 дахь тал/
Хөрөнгө, даатгалын Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1570 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “I Phone XS загварын гар утас, 1 ширхэг, үнэ 650,000 төгрөг /хуучин/, түлхүүр 1 ширхэг, үнэ 5000 төгрөг /хуучин/, нийт үнэ: 655,000 төгрөг” гэжээ. /хавтаст хэргийн 22-25 дахь тал/
“Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ӨЦ-23-106 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Улбар шар өнгийн Famous гэх бичигтэй, эрэгтэй, 38 размерийн пүүз, 1 ширхэг, үнэ 30,000 төгрөг, хар, шар өнгийн алаг өнгийн, эрэгтэй фудволк, 1 ширхэг, үнэ 10,000 төгрөг, цэнхэр, шар алаг өнгийн, эрэгтэй шорт 1 ширхэг, үнэ 10,000 төгрөг, Spurs гэх бичигтэй хар өнгийн, үүргэвч цүнх 1 ширхэг, үнэ 96,000 төгрөг, нийт дүн: 146,000 төгрөг.” гэжээ. /хавтаст хэргийн 36-40 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.Э-ад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ж.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ж.Э нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хур плаза”-ын урд талын автомашины зогсоолын замын хашлага дээр байсан гээгдэл эд хөрөнгө болох Б.Эр-ийн хар өнгийн үүргэвч цүнх, цүнхэнд байсан эрэгтэй 38 размерын пүүз 1 ширхэг, эрэгтэй фудволк 1 ширхэг, эрэгтэй шорт 1 ширхэг, “Iphone XS” загварын гар утас, байрны түлхүүр зэрэг эд зүйлийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 801,000 /найман зуун нэг мянга/ төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт насанд хүрээгүй хохирогч Б.Эр-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Цгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/, гэрч А.М-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/, Хөрөнгө, даатгалын Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1570 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-25 дахь тал/, “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ӨЦ-23-106 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36-40 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч, насанд хүрээгүй хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шинжээчийн үнэлгээ нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг үнэлгээг гаргасан байх тул шүүх шинжээчийн үнэлгээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.
Ийнхүү шүүгдэгч Ж.Э нь дээрх бусдын өмчид халдсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь энэхүү хуульд заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгох бөгөөд мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ж.Э-ын бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн улмаас бага хэмжээний хохирол болох 300,000 төгрөгөөс дээш 801,000 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэрэгт тооцогдохоор байх тул энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг ба харин хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар авсан, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.
Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ж.Э нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Гар утсыг авсан хүнийг цагдаагийн газраас бариад ХЅ загварын гар утсыг хураан авч надад хүлээлгэн өгсөн. Алдагдсан эд зүйлсийг бүгдийн хүлээн авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 13-14 дэх тал/ гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Ж.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч Ж.Э нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ж.Э-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эад шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв уг хугацаанд биелүүлээгүй бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Эрт эд зүйлсийг биет байдлаар буцаан төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Э-ад Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн хэдий ч шүүгдэгч цагдан хоригдоогүй болно. Энэхүү захирамжаар авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Ж-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-ад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э нь шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Эр-т эд зүйлсийг биет байдлаар буцаан төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Ж.Э-ад Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаартай шүүгчийн захирамжаар авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Э-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ