Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 1487

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2020/01487

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч Баянгол дүүрэг,  дугаар хороо, Зүүн ард Аюуш гудамжны  дугаар байрны  тоотод оршин суух Тн овогт Нан Бгийн нэхэмжлэлтэй

 

       Хариуцагч Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 хаягт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад    

     

      Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Од, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Янжинлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Од нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа:

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02060 дугаартай Н.Бгаас н.Бадрахад төлбөр төлүүлэхээр гарсан шүүхийн шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн 182 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Янжинлхам шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. 

      Уг шүүхийн шийдвэртэй холбогдуулан хөндлөнгийн шинжээч томилж хөрөнгийг үнэлгээ гаргасан ба үнэлгээтэй холбоотой “Мэдэгдэл”-ийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гардаж авсан.

     Иймээс тухайн үнэлгээний тайланд гомдол гаргах үндэслэл нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үл хөдлөх хөрөнгийг үнэлсэнд байгаа юм.

     Хөрөнгийн үнэлгээ гаргасан аргачлал зарим талаар учир дутагдалтай байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргасан.

     Үнэлгээний тайлантай танилцахад ижил төсөөтэй объектуудтай харьцуулалт хийсэн байсан.

     Түүнээс нь харахад ижил үйл ажиллагаа явуулдаг объектуудтай харьцуулалт хийгээгүй, огт өөр зориулалттай объектуудтай харьцуулалт хийсэн байна.

     Мөн материалын зардал, ажиллах хүчний зардал ижил байдаг ч гол үзүүлэлт дотоод засал барилгын үнэ өртгийг илэрхийлдэг.

      Үнэлгээний багийнхан тухайн үед очиж байхад зоорийн давхарт засвар хийж байсан. Засварын ажил 70 хувьтай явж байсан бөгөөд шууд үйл ажиллагаа явуулах боломжтой байсан. Үүнийг хөрөнгийн үнэлгээнд тусгаагүй. “Ковид-19”-тэй холбоотойгоор орлогын мэдээллийг тооцоолох буюу өртгийн хандлангийн тооцоо хийх боломжгүй байсан гэж хөрөнгийн үнэлгээнд бичсэн байна.

     Үүнийг өмнөх оны мөн үе юмуу бусад сарын тайлантай харьцуулсан байдлаар хөрөнгийн үнэлгээний тайлан гаргах боломжтой байсан.

     Гэтэл үүнийг гаргаагүй. Хамгийн энгийнээр сарын түрээсийн төлбөрийг тайлангийн 15 дугаар хуудсанд 3.500.000-4.000.000 төгрөгийн түрээстэй байдаг гэж мэдээлжээ.

     Барилгын нэг метр квадратын үнэлгээ 2.200.000 төгрөг ба нийт 316.800.000 төгрөгөөр үнэлэх ёстой байсан бөгөөд 191.488.608 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлгээ гаргасныг зөвшөөрөөгүй байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Янжинлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

    Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 02060 дугаартай Шийдвэрээр Н.Бгаас 312.000.000 төгрөгийг н.Бадрахад гаргуулахаар шийдвэрлэсэн.

    Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу Н.Бд шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай “Мэдэгдэл” өгсөн ч төлбөрөө төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэл барьцаалуулсан төлбөр төлөгч Н.Бгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2205033418 дугаартай Баянгол дүүргийн 3 дугаар хороолол, 3 дугаар хороо, 48 дугаар байрны зоорийн давхарт байрлах 144 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар Тогтоолоор битүүмжилж, хураасан.

      Төлбөр төлөгч Н.Бгаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хураасан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг авахад талууд харилцан тохиролцоогүй тул 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хөндлөнгийн шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээг хийлгэхээр “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг томилж, хөрөнгийн үнэлгээг тогтооход 191.488.608 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн.

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаас талуудад 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай “Мэдэгдэл”-ээр үнэлгээний тайлангийн хамт мэдэгдэж, биечлэн гардуулан, гарын үсэг зурж тэмдэглэлээр баталгаажуулсан.

      Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар бие даан худалдан борлуулах нэг сарын хугацааг санал болгоход нэг сарын хугацаа авахгүй талаараа хүсэлтээ төлбөр төлөгч гаргасан.

     Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

     Хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн байгууллага үнэлсэн учраас үнэлгээний тайлан хуулийн дагуу хийгдсэн гэжээ.

     ҮНДЭСЛЭХ нь:

 

     Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

       

      Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02060 дугаартай Шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.Бгаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 312.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бадрахад олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Улсын бүртгэлийн Ү-2205033418 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол, 7 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамжны 48 дугаар байрны зоорийн давхарын тоот хаягт байрлалтай, 144 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан байна.

        

Улмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэгдсэн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Н.Б болох нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205033418 дугаарт бүртгэгдсэн, Улсын бүртгэлийн 000572680 дугаартай, 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсоноор нотлогдож байна.

       

        Нэхэмжлэгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөрөө сайн дураараа төлөөгүй талаар маргаагүй бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар маргаж байна.

 

         Шүүх хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13789 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” Шүүгчийн захирамжийг, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ГХ2019/01048 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудсын хамт хүргүүлэн, тус байгууллага 182 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Янжинлхамд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нээж, 20370009 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг гаргажээ.

 

       Дээрх шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын сарын 01-ны өдрийн 20370009/182 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор хариуцагч битүүмжилж,

         

      2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 20370009 дугаартай Тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг хурааж,   

         

      Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талуудад үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төлбөр төлөгч Н.Б үл хөдлөх эд хөрөнгөө 720.000.000 төгрөгөөр, төлбөр авагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 72.000.000 төгрөгөөр үнэлсэнээ 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр бичгээр ирүүлэн, үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан нь бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

      Иймээс хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгтэй нийцэж, “Мэдэгдэл”-ийн дагуу талууд үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй, үр дүнд хүрээгүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 55 дугаартай “Шинжээч томилох тухай” Тогтоолоор хөрөнгө үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчид эрх үүрэг тайлбарлан, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлджээ.

 

       Тодруулбал, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Шинжээч дүгнэлтээ ирүүлж, хариуцагч 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4/11191 дугаартай “Үнэлгээний мэдэгдэл”-ээр Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол, 7 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамжны 48 дугаар байрны зоорийн давхарын тоот хаягт байрлалтай, 144 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө 191.488.608 төгрөгөөр үнэлэгдсэнийг төлбөр төлөгчид хүргүүлсэн нь нотлогдож байна.

 

       Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлож чадаагүй, өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө шинжээчийн тогтоосон үнээс илүү үнээр зарагдах байсан гэх тайлбарыг баталсан баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч, нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж ажиллагаа явуулсан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.