Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/807

 

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ы *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305027941628 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа кузов засвар ажиллуулдаг, ам бүл 2, 9 настай охины хамт Баянзүрх дүүргийн *******, ******* ******* оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, ******* тоотыг түрээслэн түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:ОЮ*******/, ******* овогт *******ы *******

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 8 дугаар сарын 04-ний  Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны байрны зогсоол дээр тавьсан байсан хохирогч ы эзэмшлийн “Toyota Prius 30” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд ангиудыг түлхүүрээр зурж санаатай гэмтээсний улмаас бусдад нийт 470.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                   ТОДОРХОЙЛОХ нь:                                                  

Нэг: Шүүгдэгч Э.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Өглөө эрт гарах гээд эргээд зогсож байхад нэг эмэгтэй өөдөөс зогсоод зөрье гэхэд ухрахгүй байхаар нь би ухарч өгөөд гаргасан. Би гомдлоо тайлах гээд очсон чинь байхгүй байсан. Тэгээд машиныг нь түлхүүрээр зурчихсан.” гэв.

Гурав: Эрүүгийн 2305027941628 дугаартай хэргээс

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ы хохирогчоор өгсөн: “2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 11 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, байрны зогсоолоос гарч явахад нэг чигийн урсгал сөрж хар өнгийн “Mark X” маркийн УБО улсын дугаартай автомашин миний урдаас ирсэн “намайг ухар” гээд байхаар нь “би гарахгүй, чи тэмдгээ хар гэж хэлэхэд “чи ухар би хажуугаар чинь зөрөөд ард чинь юм ачих гээд байна” гэсэн зандарсан хандлагаар хэлсэн цонхоо нээлттэй байсан бөгөөд намайг маш олон үгээр хараасан. Би цонхоо хаагаад зогсоод байсан боловч тухайн машин хойшоо ухраад зам тавьж өгсөн, би хажуугаар нь зөрөөд өнгөрсөн боловч надтай уулзаж бараа хүлээлгэж өгөх ёстой байсан хүн манайх руу ирж байна гэж хэлэхээр нь би буцаад зогсоол руугаа явах үед намайг буцаад зогсоолдоо орох гэж байна гээд араас ирээд машинаас буусан хойгуур тухайн үл таних этгээд нь миний машины баруун талын жолоочийн хаалганаас хойд крыло хүртэл зураас гаргаад гэмтээсэн байсан. Тухайн өдрийн 16 цагийн үед би гэрээсээ гараад машин зурагдсан байхыг хараад тухайн зогсоолын хяналтын камерыг шүүж үзэхэд өдөр надтай маргалдсан үл таних залуу зурсан байхыг мэдсэн. Тэгээд би 16 цаг 16 минутын үед цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгч цагдаа нар ирээд надаас юу болсон талаар дэлгэрэнгүй мэдүүлэг аваад тухайн газрын хяналтын камерыг шүүж үзээд гадна зогсоолоос машин зурсан залуугийн машиныг олоод дугаараар нь залгаж цагдаагийн газар руу аваад явлаа та араас хүрээд ирээрэй гээд би цагдаагийн газар очиж уулзахад нөгөө хүмүүсийг явуулчихлаа тань руу залгатал хүлээж байгаарай гэж хэлсэн. Би гэрийнхээ үүдэнд 19 цаг 30 минутын үед хажуу байрныхаа орцны үүдэнд тухайн маргалдсан гэх үл таних залуу эхнэртэйгээ явж байсан бөгөөд намайг маш олон удаа хараалын үгээр доромжилж “чи яагаад согтуу хүн гэж дуудлага өгсөн юм, айн” гээд зандраад байсан. “Чиний машин аймар болчихсон байна гэсэн гайгүй л байна, чи ийм аргаар мөнгө олдог юм уу” гэх мэтчилэн олон удаа доромжлоод “би дахиад хүн явуулж зуруулна хараарай” гээд заналхийлэл илэрхийлсэн. ...Тухайн үл таних залуугийн зурсан газраар ямар нэгэн сэв байгаагүй бөгөөд жолоочийн хаалганы толиноос 10-15 см зайтай жижиг хонхойлт байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дэх тал)

3. Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхон 53/а байрны гадна баруун урд булангаас ертөнцийн зүгээр баруун зүгт харсан байрлалтай хяналтын камер байх бөгөөд...хар өнгийн малгайтай цамц, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай, нүүр хэсэгтэй цагаан өнгийн маск зүүж халхалсан байдалтай 165-170 см өндөртэй, 30-35 настай, баруун гартаа ямар нэгэн эд зүйл барьсан байдалтай байгаа нь тус хяналтын камерын бичлэгт бичигдсэн байв....” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 42-44 дэх тал)

4. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 25-29 дэх тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.*******гийн яллагдагчаар өгсөн: “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...уур хүрээд шаралхаад машиныг нь тавьсан байсан газрыг нь олж очсон бөгөөд машиныхаа түлхүүрээр баруун талын хаалгыг зурчихъя гэсэн санаа сэдэлтэй очоод нүүрээ хэсгээ халхаж маск зүүгээд тухайн эмэгтэйн машиныг санаатайгаар зурсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-56 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 8 дугаар сарын 04-нд Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны байрны зогсоол дээр байршуулсан хохирогч ы эзэмшлийн “Toyota Prius 30”  маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд хаалга, баруун хойд хаалга, баруун хойд крыло зэрэг эд ангиудыг түлхүүрээр зурж санаатайгаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 470.600 төгрөгийн хохирол учирсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 42-44 дэх тал), ы хохирогчоор өгсөн: “...Тухайн өдрийн 16 цагийн үед би гэрээсээ гараад машин зурагдсан байхыг хараад тухайн зогсоолын хяналтын камерыг шүүж үзэхэд өдөр надтай маргалдсан үл таних залуу зурсан байхыг мэдсэн. Тэгээд би 16 цаг 16 минутын үед цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгч цагдаа нар ирээд надаас юу болсон талаар дэлгэрэнгүй мэдүүлэг аваад тухайн газрын хяналтын камерыг шүүж үзээд гадна зогсоолоос машин зурсан залуугийн машиныг олоод дугаараар нь залгаж цагдаагийн газар руу аваад явлаа та араас хүрээд ирээрэй гээд би цагдаагийн газар очиж уулзахад нөгөө хүмүүсийг явуулчихлаа тань руу залгатал хүлээж байгаарай гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дэх тал),  “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 25-29 дэх тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн хохирогчийн эд хөрөнгийн үнэлгээнд нэрлэн заасан 470.600 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийн хохирол нь шүүгдэгч Э.*******гийн үйлдлийн улмаас үүссэн гэм буруутай үйлдэл байх ба уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

Шүүгдэгч Э.*******гийн дээрх гэмт үйлдэл нь Баянгол дүүргийн прокуророос “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв. 

Хэргийн шүүгдэгч Э.******* нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Э.*******г “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Хэргийн хохирогч ы эд хөрөнгөд учирсан 470.600 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Э.******* нь нөхөн төлсөн талаар хохирогч мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Э.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн агуулга бүхий санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэв. 

Хэрэгт Э.******* бусдад төлөх төлбөргүй, хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

     ТОГТООХ нь:           

1. ******* овогт *******ы *******г “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Хэрэгт Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ