Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2026/0096

 

Б.С нарын нэхэмжлэлтэй захиргааны

                                                          хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Зоригтбаатар

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х

Нэхэмжлэгч: Б.С, С.О, П.А, Ч.Б, Б.Б

Хариуцагч: Төрийн албаны зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Хүний нөөцийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 475 дугаар тогтоолын 5, 6, 7, 8 дахь заалтыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 372 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Б.С, С.О, П.А, Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 128/2025/0079/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 372 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 49 дүгээр зүйлийн 49.2, 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.С, Б.Б, С.О, П.А, Ч.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 457 дугаар тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох 5, 6, 7, 8 дахь заалтыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

2.1. “...Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ." гэж. 30.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна" гэж, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалтад иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх... бүрэн эрхийг Зөвлөл хэрэгжүүлнэ." гэж тус тус заасны дагуу Төрийн албаны зөвлөл хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 135 дугаар тушаалаар байгуулагдсан хяналт шалгалтын ажлын хэсэг 2024 оны 09 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд ажилласан.

2.2. Тус ажлын хэсгийн хяналт, шалгалтаар 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Б.Быг Мэдээлэл, харилцаа холбооны хяналтын асуудал хариуцсан ахлах шинжээчийн албан тушаалд. Ч.Б Нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлтийн хэрэгжилт хариуцсан ахлах шинжээчийн албан тушаалд, С.Оийг Радио давтамжийн Бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан шинжээчийн албан тушаалд, Б.С-ыг Захиргааны эрх зүйн асуудал хариуцсан шинжээчийн албан тушаалд, П.Аыг Гадаадын зээл тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөрийн зохицуулалт хариуцсан шинжээчийн албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус зөрчиж томилсон болохыг тогтоож, Зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 475 дугаар тогтоолоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/82 дугаар тушаалыг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор хүчингүй болгох хугацаатай үүрэг даалгаврыг Цахим хөгжил, инновац харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргад өгсөн.

2.3. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт "Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ." гэж заасан.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "Төрийн захиргааны албан тушаалыг доор дурдсанаар ангилна." гэж, 18.1.1 дэх заалтад "тэргүүн түшмэл" 18.1.2 дахь заалтад "эрхэлсэн түшмэл", 18.1.3 дахь заалтад "ахлах түшмэл", 18.1.4 дэх заалтад "дэс түшмэл", 18.1.5 дахь заалтад "туслах түшмэл" гэж, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт "тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3. 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна" гэж хуульчилсан бөгөөд энэ зохицуулалтыг томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр үгүйсгэх боломжгүй юм.

 2.4. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаалаар Ч. Б Салбар дундын зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/82 дугаар тушаалаар төрийн албаны тусгай шалгалтгүйгээр Нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлтийн хэрэгжилт хариуцсан ахлах шинжээчийн албан тушаалд буюу урд өмнө нь ажиллаж байсан албан тушаалаас өөр албан тушаалд томилж, төрийн захиргааны Дэс түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалаас төрийн захиргааны Ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд тусгай шалгалтгүйгээр шууд томилсон.

2.5. Мөн С.О, Б.С П.А, Б.Б нарыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн "Албан тушаалд томилж, цалин хөлсийг тогтоох тухай" Б/81 дүгээр тушаалаар урьд эрхэлж байсан албан тушаалаас төлөөлж, Б/82 дугаар тушаалаар төрийн захиргааны Дэс түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалаас төрийн захиргааны Ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд тусгай шалгалтгүйгээр шууд томилсон байдаг.

Дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн болохыг Төрийн албаны зөвлөл тогтоосон.

Иймд 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0372 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

            1. Хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

            3. Нэхэмжлэгч Б.С, Б.Б, С.О, П.А, Ч.Б нараас Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Хүний нөөцийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 475 дугаар тогтоолын 5, 6, 7, 8 дахь заалтыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргажээ.

            4.  Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов.

            4.1. Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар татан буугдсанаар алба хаагчдыг орон тоо чиг үүргийн хамт Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд шилжүүлж, Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Засгийн газрын бүтцэд шинээр байгуулагдсан Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг баталж,

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар тус яамны зохион байгуулалтын нэгжийн албан тушаалын нэр, орон тоо, ангилал, зэрэглэлийг баталж, мөн өдрийн Б/01 дүгээр тушаалаар алба хаагчдыг томилсон.

4.2. Үүний дараа Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг өөрчилсөн ба тус тогтоолд нийцүүлэн Цахим хөгжил харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/02 дугаар тушаалаар тус яамны зохион байгуулалтын бүтцийн албан тушаалын нэр, орон тоо, ангиллыг шинэчилсэн байна.

Уг тушаалаар, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт нэхэмжлэгч Ч.Болор-Эрдэнийн ТЗ-8-4 ангилал, зэрэглэлээр хашиж байсан салбар дундын зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалыг нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлтийн хэрэгжилт хариуцсан ахлах шинжээч гэсэн нэршлээр 1 орон тоог ТЗ-4 ангилал, зэрэглэлээр, Сансрын холбооны хэлтэст нэхэмжлэгч С.Оийн ТЗ-8-4 ангилал, зэрэглэлээр хашиж байсан радио давтамжийн бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалыг радио давтамжийн бодлого зохицуулалт хариуцсан шинжээч гэсэн нэршлээр 1 орон тоо ТЗ-5 ангилал, зэрэглэлээр, Хуулийн хэлтэст нэхэмжлэгч Б.С-ын ТЗ-8-4 ангилал, зэрэглэлээр хашиж байсан хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалыг захиргааны эрх зүйн асуудал хариуцсан шинжээч нэршлээр 1 орон тоо ТЗ-5 ангилал, зэрэглэлээр, Гадаад хамтын ажиллагааны хэлтэст нэхэмжлэгч П.Аын ТЗ-7-5 ангилал, зэрэглэлээр хашиж байсан гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн албан тушаалыг гадаадын зээл тусламжаар хэрэгжих төсөл хөтөлбөрийн зохицуулалт хариуцсан шинжээч нэршлээр 1 орон тоо ТЗ-5 ангилал, зэрэглэлээр, татан буугдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоолоор тус яамны бүтцэд нэмэгдсэн Салбарын хяналтын газарт нэхэмжлэгч Б.Бын ТЗ-8-5 ангилал, зэрэглэлээр хашиж байсан харилцаа холбооны хяналтын улсын ахлах байцаагч албан тушаалыг мэдээлэл, харилцаа холбооны хяналтын асуудал хариуцсан ахлах шинжээч нэршлээр 1 орон тоо ТЗ-4 ангилал, зэрэглэлээр тус тус баталжээ.

            4.3. Улмаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаалаар албан хаагчдыг чөлөөлж, мөн өдрийн Б/82 дугаар тушаалаар шинэчилсэн бүтцийн дагуу батлагдсан албан тушаалд томилсон байна.

            4.4. Маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 475 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.3, 66.1.6, 66.1.7, 66.1.9, 66.1.11-д заасныг тус тус үндэслэн,

1 дэх заалтаар, төрийн захиргааны төв байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагаанд мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт тавих ажлын удирдамжийн хүрээнд ажилласан Ажлын хэсгийн тайлан, дүгнэлт, зөвлөмжийг дэмжихээр шийдвэрлэж,

2 дахь заалтаар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хүний нөөцийн үйл ажиллагаанд ... ажлын байрны шинжилгээ хийж албан тушаалын жагсаалтыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах; албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх, чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан албан тушаалын ангилал, зэрэглэлийг ялгаатай тогтоохгүй байх; захиргааны албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтыг батлан ирүүлэх арга хэмжээ тус тус авч ажиллахыг Төрийн нарийн бичгийн даргад,

3 дахь заалтаар, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааны талаар гишүүдээ чадавхжуулах, асуултын цахим сан нэвтрүүлэх, сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг яамны дэргэдэх Салбар зөвлөлд тус тус даалгасан байна.

4 дэх заалтаар, төрийн жинхэнэ албан хаагчийг томилох үйл ажиллагаанд тавих хяналтын хүрээнд төрийн захиргааны зарим удирдах, гүйцэтгэх албан тушаалд томилсон шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 44 дүгээр зүйлийн 44.1, Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэх, шилжүүлэх журам, Төрийн албаны шалгалт өгөх болзол, шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын холбогдох заалтыг тус тус зөрчсөнийг тогтоож,

5 дахь заалтаар, Төрийн албаны хууль тогтоомж зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд томилсон нэр бүхий 6 иргэн, албан хаагчийн нэр, албан тушаал, шийдвэрийн жагсаалтыг хавсралтаар баталсны 5 нь нэхэмжлэгч иргэд байна.

6 дахь заалтаар, Энэ тогтоолын хавсралтаар баталсан албан хаагчтай холбогдох зөрчлийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор хууль тогтоомжид нийцүүлэх, өөрчлөх арга хэмжээ авахыг мөн яамны Төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгож,

7 дахь заалтаар, Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлэхийг урьдчилан мэдэгдэж,

8 дахь заалтаар, Томилох эрх бүхий албан тушаалтны буруутай шийдвэр, үйл ажиллагааны улмаас хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж албан тушаалд томилсон нэр бүхий албан хаагчдад холбогдох асуудлыг тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг томилох эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосугай гэж тус тус шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нараас маргаан бүхий тогтоолын 5, 6, 7, 8 дахь заалтыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...албан тушаалын ангилал, нэршил өөрчлөгдсөн ч чиг үүрэг хэвээр, мэргэжилтнээс шинжээч, ахлах мэргэжилтнээс ахлах шинжээчээр томилж үргэлжлүүлэн ажиллуулсан нь Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчөөгүй, сул орон тоо үүсээгүй тул тусгай шалгалт өгөх шаардлага тавигдахгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, шийдвэр нь үндэслэл бүхий гараагүй...”гэж, хариуцагчаас татгалзлын үндэслэлээ “...албан тушаалын ангилал, нэршил өөрчлөгдсөнөөр сул орон тоо гэж үзнэ, тусгай шалгалтгүйгээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27.1, 33.3 дахь хэсгийг зөрчсөн...” гэж тус тус тайлбарлан маргасан.

5. Анхан шатны шүүхээс “...Шинээр баталсан бүтцийн дагуу албан тушаалын нэршил, ангилал өөрчлөгдсөн ч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсан албан хаагчдыг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны Б/82 дугаар тушаал ийнхүү үндэслэлтэй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг зөрчөөгүй, 62 дугаар зүйлийн 62.1.3-т төрийн байгууллага зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулна хэмээн заасныг зөв хэрэглэжээ...” гэж дүгнэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

6. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “"сул орон тоо" гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 33 дугаар зүйлийн 33.3-д “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна”, 62 дугаар зүйлийн 62.1.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж тус тус заасан.

7. Маргаан бүхий тохиолдолд Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг өөрчилсөн ба тус тогтоолд нийцүүлэн Цахим хөгжил харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/02 дугаар тушаалаар тус яамны зохион байгуулалтын бүтцийн албан тушаалын нэр, орон тоо, ангиллыг шинэчилсэн байх боловч нэхэмжлэгч нарийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг нэмэгдсэн, эсхүл чиг үүрэг хасагдсан өөрчлөлт ороогүй байна.  

8. Тодруулбал, хэдийгээр нэхэмжлэгч нарын хашиж байсан албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэл өөрчлөгдсөн боловч Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар батлагдсан нэхэмжлэгч нарын хашиж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго зорилт, чиг үүрэг, тусгай шаардлага нь Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн А/40 дүгээр тушаалаар баталсан албан тушаалын тодорхойлолтоор өөрчлөгдөөгүй бөгөөд нэхэмжлэгч нар нь уг албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч нарын ажлын байр нь хэвээр хадгалагдах, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдах үндэслэл бүрдсэн гэж үзнэ.

9. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан сул орон тоо гарсан гэх үндэслэл бүрдээгүй бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д заасан “...тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэх зохицуулалт хэрэглэгдэхгүй, харин хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д “...“төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” заасан баталгаагаар хангагдах юм.  

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 372 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                 ШҮҮГЧ                                               н.хонинхүү

 

            ШҮҮГЧ                                               э.зоригтбаатар

 

            ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН